Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2022/0023

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Ф с” ХХК,

 

Хариуцагч: Төв аймгийн Б сумын “Улаан-Ухаа” 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Б сумын “Улаан-Ухаа” 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг баталгаажуулж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэмдэглэл, тогтоол баталгаажуулахыг багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгах, Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тогтоол илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Ф с” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ф с” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхай кадастрын хэлтсээс ашигт малтмалын ашиглалтын MV016990 тоот тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатай авсан. 2019 онд манай компани дахин нарийвчилсан хайгуул хийж хийвэл зохих шаардлагатай судалгааг хийж гүйцэтгүүлж байгаа бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж зохих журмын дагуу Б сумын “Улаан-Ухаа” 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал авахаар тайлангаа хүргүүлсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга И.Одончимэг 4 дүгээр сарын 10-ны өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах тухай зарыг Б сумын фээсбүүк хуудсанд зарлаж, багийн иргэдэд мэдээлэл хүргүүлснээр 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сумын Соёлын төвд иргэдийн Нийтийн Хурлын ирж бүрдэж, хурал эхэлсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн:

 

  1. Хуралдааны дэг батлах тухай.
  2. Багийн иргэдийн Нийтийн хурлын зөвлөлийг байгуулах тухай
  3. Багийн Засаг даргын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын төлөвлөгөө батлах тухай
  4. “Ф с” ХХК-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай
  5. Бусад асуудал гэсэн 8 асуудал хэлэлцэхээр танилцуулсан.

 

Ингээд хэлэлцэх асуудлуудаа хэлэлцсээр дарааллын дагуу “Ф с” ХХК- ийн MV016990 тоот Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцаж, санал авах тухай асуудлаа хэлэлцээд тооллогын комиссыг Мөнх-Эрдэнэ, Эрдэнэтунгалаг, Цэрэнээ, Тунгаа гэх 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж саналаа илээр хуваахаар болж иргэд гар өргөх байдлаар саналаа өгнө гээд санал хураахад багийн Иргэдийн Нийтийн хуралд оролцсон 66 иргэнээс манай компани үйл ажиллагааг 34 иргэн гар өргөж дэмжсэн боловч өнөөдрийг хүртэл тус өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг гаргаагүй байсаар байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хууль заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүний гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээдийн гарын үсэг зурж баталгаажуулан. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүний мэдэгдсэнд тооцно гэж хуульд заасан байхад өнөөдрийг хүртэлх хугацаанд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэл, тогтоолыг бидэнд гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргахаас бусад тохиолдолд бичгээр гаргана гэснийг тус тус зөрчиж байна. Б сумын “Улаан-Ухаа” 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зарлагдаж, хурлын ирц бүрдэн хурал эхэлж, хэлэлцэх асуудлаа баталж, тооллогын комисс хуулийн дагуу томилогдож, асуудал бүрийг хэлэлцэж санал хураалт хийгдэж, иргэд саналаа өгсөн байхад хурлаас гарсан шийдвэрийг албажуулахгүй байгаа нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэснийг зөрчиж байгаа тул Төв аймгийн Б сумын “Улаан-Ухаа” 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоол гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Улаан-Ухаа” 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, тогтоол гаргахыг даалган шийдвэрлэж бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф с” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхай кадастрын хэлтсээс ашигт малтмалын ашиглалтын MV016990 тоот тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатай авсан. 2019 онд манай компани дахин нарийвчилсан хайгуул хийвэл зохих шаардлагатай судалгааг хийж гүйцэтгүүлж байгаа бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж зохих журмын дагуу Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлаас санал авахаар тайлангаа хүргүүлсэн. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга И.Одончимэг 4 дүгээр сарын 10-ны өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах тухай зарыг Б сумын фээсбүүк хуудсанд зарлаж, багийн иргэдэд мэдээлэл хүргүүлснээр 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сумын Соёлын төвд иргэдийн Нийтийн Хурлын ирж бүрдэж, хурал эхэлсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн: Хуралдааны дэг батлах тухай, Багийн иргэдийн Нийтийн хурлын зөвлөлийг байгуулах тухай, Багийн Засаг даргын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын төлөвлөгөө батлах тухай, “Ф с” ХХК-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай, Бусад асуудал гэсэн нийт 5 асуудал хэлэлцэхээр танилцуулсан. Бид яагаад хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж байна вэ гэхээр хурлын ирц бүрдээд хурал эхэлсэн. Хурлын дэг болон хэлэлцэх асуудлаа батлаад хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу хэлэлцээд “Ф с” ХХК-ийн асуудлыг хэлэлцсэн. Тооллогын комисс дүрмийн дагуу томилогдож саналыг илээр гараа өргөж авахаар зохион байгуулагдсан. Иргэд саналаа өгч, тооллогын комисс саналыг тоолсон. Санал хураалт явагдаж, Иргэдийн Нийтийн Хурал 66 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлын ирц бүрдэж хурал эхэлсэн. Уг 66 иргэнээс 34 нь хурлыг дэмжиж буюу 51,5 хувийн саналаар гараа өргөж, “Ф с” ХХК-ийн үйл ажиллагааг тухайн багийн нутаг дэвсгэрт эхлүүлэхийг зөвшөөрсөн. Иргэд олонхын саналаар гараа өргөж дэмжсэн нь нэгэнт хурлаас гарсан шийдвэр гэж харж байна. Тухайн үед багийн Засаг дарга н.Найдандорж хэлэхдээ ирцэд орчихоод саналаа өгөлгүй гараад явсан иргэдийг түдгэлзсэн санал өгсөнд тооцно гэсэн. Нэгэнт хуралд 66 иргэн ирээд, хурал хүчин төгөлдөр байна гэж тооцож эхлээд, олонхын санал буюу 51,5 хувийн санал авсан учир татгалзсан санал авах шаардлагагүй гэж үзэж байна. Тэгээд Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосон тогтоол одоо болтол гаргаагүй байгаа. Тиймээс бид уг хурлыг хүчин төгөлдөр хурал болсон гэж үзэж байна. Биднийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурал дээр яагаад өөрсдөө байсан юм бэ гэж байна. Бид 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр болсон гэж үзсэн учраас өдөр болгон Б сум руу очоод 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тогтоолыг гаргуулж хариугаа албан ёсоор авах шаардлагыг хүргүүлж байсан. Тэр өдөр манай багийн иргэд цуглачихсан байна. Та биднийг хүндэтгээд хэдэн асуултад хариулаад өгөөч гээд дуудахад нь очоод асуултад хариулсан. Тухайн үед 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг гаргах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл тэр хурал өөр зорилготой болсон гэж үзэж байна. Иргэдийн олонх нь дэмжсэн. Гэтэл олонхын саналыг хүндэтгэж тогтоол гаргахгүй байгаа нь буруу асуудал гэж бодож байна. Манай байгууллагын зүгээс 2013 оноос хайгуулын тусгай зөвшөөрлөө аваад олон жил хайгуул, судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шаардлагатай судалгаа, шинжилгээг хийгээд, байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай үнэлгээг хийлгээд, байгаль орчинд ноцтой хор хөнөөлгүй гээд ашигт малтмалын А лицензийг өгсөн байгаа. Бид энэ асуудал дээр гацчихаад байгаа тул дараагийн асуудлаа шийдвэрлэх боломжгүй болоод байна. Иймд манай хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүгч танаас хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоол илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагчийн хариу тайлбартай танилцаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Яагаад гэвэл өмнө нь болсон 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан буюу иргэд нэгэнт саналаа өгчихсөн, иргэдийн саналыг авсан хуралдаан болчихсон. Тийм учир уг хуралдааныг өнөөдрийн байдлаар хүчингүй болгосон ямар нэг тогтоол шийдвэр гараагүй байхад дараагийн хурлыг хуралдуулаад 01 тоот тогтоол гаргасан нь илт хууль бус захиргааны акт буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний хурал хүчинтэй байхад дараагийн хурлыг зарлах хууль зүйн үндэслэл байгаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар тодорхой хэмжээний асуудлыг ярилцахаар дэг тогтоод асуудал хэлэлцээд санал хураах хүртэл хурлын процесс болсон. Хариуцагчийн хариу тайлбар дээр 32 хүний санал гэдэг тоо явж байгаа. Тэгэхээр энэ хуралдаан болсон гэх тайлбарыг хариуцагчийн талбараас харж болохоор байна. Тухайн өдөр “Ф с” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжсэн, дэмжээгүй гэдэг бус 32 хүний санал автлаа хурлын процесс явагдсан байна. Мөн энэ хурал болоогүй гэх талаар ч юм уу тайлбар байхгүй. Харин 32 хүн санал өгсөн үү, 34 хүн санал өгсөн үү гэдгийг нотлох баримт шинжлэн судлахад дүрс бичлэгээс харж болно. Нэгэнт санал авах хүртэл хугацаанд үргэлжилсэн процесс ажиллагаа явагдаад дэмжээгүй гэх тогтоол гаргах бүрэн боломжтой байсан. Тэгвэл яагаад 04 дүгээр сарын 27-ны өдөр хуралдахаар болсон бэ? энэ талаар эрх ашиг нь зөрчигдөж магадгүй байгаа хуулийн этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийх процесс ажиллагаа явагдаагүй. “Ф с” ХХК албан ёсоор өргөдөл гомдол хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу өөрсдөө өргөдөл гомдлоо өгсөн. Түүнд ямар ч хариу ирүүлээгүйгээр, дараагийн хурал болох тухай товыг мэдэгдэхгүйгээр, эхний хурлаас гарсан ямар нэг шийдвэрийн талаар мэдэгдсэн гарын үсэг баримтгүйгээр дараагийн хурлыг хуралдуулсан нь хууль бус гэж маргаж байна. Хурлын дэгийн 11.2 дахь хэсэгт “олонхын санал авсан тохиолдолд” гэж тайлбарлаад байна. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад ярих юм. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлын хувьд шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. Энэ хооронд албан ёсны өргөдөл, гомдлоо багийн Иргэдийн Нийтийн Хуралд өгсөн. Харин багийн Иргэдийн Нийтийн Хурлаас хуульд заасан хугацааны дагуу ямар нэгэн хариуг эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагааг захиргааны байгууллагаас хийгээгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотлох баримтыг шинжлэн судлаад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу зарлагдаж, хэлэлцэх асуудал, дэгийг батлан асуудал хэлэлцэгдээд, “Ф с” ХХК мэргэжлийн байгууллагаар тайлан хийлгэн санал хүргүүлсэн. Иргэд гар өргөх байдлаар саналаа хэлнэ гээд 66 иргэн оролцсоноос тооллогын комиссын эцсийн дүн 18, 16 гэж тоолсноор нийт 34 иргэн гар өргөж дэмжсэн санал авсан. Дэмжсэн иргэд гараа өргөсөн тул эсрэг санал авах шаардлагагүй гэсэн байр суурь харагдаж байна. Тэгэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана гэж байгаа. Нэгэнт “Ф с” ХХК-ийн асуудал хэлэлцэгдсэн тул багийн иргэдийн нийтийн хурлын дарга баталгаажуулж тогтоол гаргаж өгөх ёстой гэх шаардлагаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараагийн асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны актыг заасан ба энэ хуулийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэл байдал тогтоогдоогүй, 25, 43.1, 43.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх сонсох ажиллагаа буюу Иргэдийн Нийтийн Хурлын 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр хариу гарсан эсэхийг мэдэгдэхгүйгээр дараагийн хурлыг хуралдуулсан байгаа. Дараагийн хурал болно гэж мэдэж байсан бол Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн компаниа аваад очих ёстой байсан байтал 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг авах гэж байна гэж бодоод л очсон. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлийг юу гэж хэлээд байна вэ гэхээр тухайн захиргааны байгууллага бүрэн эрхээ хэтрүүлэн захиргааны акт гаргасан нь илт хууль бус захиргааны акт юм гэж үзээд захиргааны илт хууль бус акт болох Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоол илт хууль бус тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дэмжсэн, дэмжээгүй саналын тухайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд тухайн компани үйл ажиллагаа явуулах гэж байгаа нутаг дэвсгэрт амьдарч байгаа ард иргэдийн дэмжсэн саналыг авч тайландаа тусгах ёстой байдаг. Энэ эрхийг зөрчих хууль зүйн үндэслэл нь 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын хууль зүйн үндэслэл дээр байгаагүй. Эхний 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан нь зорилгодоо нийцсэн, иргэдээс санал авснаар захиргааны акт гарсан. Тус захиргааны актыг дарга эрхийнхээ хүрээнд албажуулж гаргах үүрэгтэй юм. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон дүрс бичлэгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан эхний нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны хурлыг багийн Засаг дарга зарлаад хуралдсан. Энэ хуралдаанаар 5 асуудал хэлэлцэхээр тогтсон байдаг. Энэ асуудлын 5 дахь асуудал буюу бусад асуудал дээр нь “Ф с” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн асуудал орсон байдаг. Тухайн өдөр хурал эхлээд хуралдааны дэг тогтоож, хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг батлаад явсан байдаг. Асуудлуудыг хэлэлцэж байгаад хамгийн сүүлд буюу “Ф с” ХХК-ийн асуудлыг хэлэлцэж байх явцад санал тоолох процесс явагдаагүй, иргэд цаг агаар ийм байгаа тул малдаа явлаа гээд иргэд саналаа өгөлгүй гарч явсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж заасан. Шууд ардчилал гэж юу вэ гэхээр багийн Иргэдийн Нийтийн Хурал буюу шууд иргэд өөрсдөө ирээд оролцдог хурлыг хэлдэг. Тэгэхээр тухайн хуралд өөрсдөө оролцсон иргэд саналаа өгөлгүй гарч явсан процесс байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа шиг даргыг тэмдэглэл тогтоол гаргаж өгөөч, албажуулж өгөөч гээд байх шиг байна. Дарга Иргэдийн Хурлын тогтоолд гарын үсэг зурах эрхтэй байна. Тэгэхээр иргэд нь энэ саналаа дэмжиж өгөөгүй, шийдвэрлээгүй байхад дарга гаргах боломжгүй. Яагаад тогтоол гаргаагүй юм бэ гэдэг асуудал яриад байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны тогтоолыг хүчингүй болгоогүй гэж хэлээд байна. Энэ өдөр бусад 4 асуудлыг хэлэлцээд тогтоол нь гарчихсан. Ганцхан “Ф с” ХХК-ийн асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаагүй. Яагаад гэвэл дэмжсэн дэмжээгүй тогтоол гаргах боломжгүй. Яагаад гэвэл хуралд оролцож байгаа иргэд нь тухайн асуудлыг дэмжсэн эсэх нь шийдэгдээгүй байна. Тэгэхээр тогтоол албажуулах гэх шаардлагын хувьд хэрэгжих боломжгүй байна. Мөн хуралдааныг дэг тогтоосон гэж хэлсэн ба үүний 11.2 дахь хэсэгт “Хуралдаанд оролцож буй иргэдийн олонхын санал аваагүй шийдвэрийн төслийн хэсгийг шийдвэрийн төслөөс авах, тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна” гэж байгаа. Энэ юу гэж байна вэ гэхээр олонхын санал аваагүй, тухайн асуудлыг хэлэлцээгүй учир тухайн асуудлаар тогтоол буюу шийдвэр гарах боломжгүй байна. Дээрээс нь тэмдэглэл гаргахыг даргад даалгах шаардлагатай байна. Тэмдэглэлийг дарга гаргахгүй, мөн уг тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талаас гаргаж өгсөн. Тэгэхээр багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэд үүнийг дэмжээгүй учир дарга тогтоол гаргах боломжгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хэлэхэд тогтоол албажуулахыг даалгах гэж байна. Энэ нь үгийн утгаараа албаны шинжтэй болгоно гэсэн утгатай. Тэгэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж багаа ба албажуулна гэж үг байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө ойлгомжтой байх ёстой. 34 иргэн дэмжсэн гэх асуудал дээр ярих юм байна. Энэ 34 иргэн дэмжсэн гэдгийг ямар баримтаар нотлоод байна вэ? Хурлын тэмдэглэл дээр 17, 15 гээд 32 иргэн дэмжсэн асуудал яригддаг. Бичлэг дээрээ ч байсан. 66 иргэн орсон юм бол 32 иргэн гэхээр 50 хувьд хүрэхгүй. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн илт хууль бус захиргааны акт байна гэх үндэслэлээр гомдол гаргасан. Энэ 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурал 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр товлогдоод хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч тал өмнөх хурал хүчинтэй байхад дараагийн хурал зарлагдсан гэж байна. Өмнөх хурал хүчинтэй тогтоол гарсан талаар ямар ч шийдвэр гараагүй, багийн иргэд дэмжээгүй. Багийн иргэд дэмжээгүй юмыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хүчингүй, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийнх хүчинтэй гэж болохгүй. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааныг авч хэлэлцээгүй, хүчингүй болгоогүй гэж байна. Тухайн өдрийн хурлаар хэлэлцэх 5 асуудлаас 4 нь шийдэгдсэн. 1 асуудлыг шийдвэрлээгүй учир тогтоол гараагүй. Иймд үүнийг авч хэлэлцэж хүчингүй болгох боломж байхгүй. Мөн багийн Иргэдийн Нийтийн Хурлаар өмнө нь санал өгсөн иргэдийн саналыг үгүйсгэж, дураараа дахин зарлаж, эсрэг санал авах зорилготой дараагийн хурал зарласан гэж байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралд нэхэмжлэгч компани оролцсон. Тэгээд шийдвэр гаргахгүй, зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ шүүхэд хандах эрхтэй байсан. Үүнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал ч яригдана. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны хурлаа зөвшөөрөхгүй байсан бол 2022 оны 04 дүгээр сарын 27-ны хуралдаа энэ компани оролцоод бүх зүйлээ танилцуулсан. Тэгэхээр 04 дүгээр сарын 27-ны асуудлыг зөвшөөрөөд байгаа юм биш үү. Сүүлийн хурлаад дэмжигдэхгүй болохоор 04 дүгээр сарын 10-ны өдрийнх зөв байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн 1 дүгээр шаардлага хангагдсанаар ямар тогтоол гарах вэ? Дэмжсэн тогтоол гаргахыг шүүх даалгах юм уу? Энэ чинь шууд ардчиллын хүрээнд иргэд нь өөрсдөө саналаа өгдөг тогтолцоотой хурал юм. Ийм нэхэмжлэлийн шаардлага гаргах нь боломжгүй гэж үзэж байна. Сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ илт хууль бус захиргааны акт гэж байна. Энэ илт хууль бус захиргааны акт биш. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын ямар нэгэн шийдвэрийг бидэнд мэдэгдэх ёстой байсан гэж яриад байна. Тухайн хурлаас дэмжсэн эсхүл дэмжээгүй гэдэг хоёр шийдвэрийн аль нэг нь гарна. Тэгэхээр дэмжсэн дэмжээгүй гэх шийдвэрийг хурлын дарга гаргахад Иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн саналын асуудал яригдана. Тэгэхээр хурал чинь өөрөө ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй хурал болсон гэж тайлбарлаж байна. Яагаад гэвэл багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэд өөрсдөө саналаа өгөх үүрэгтэй. Тэр саналаа өгөөгүй учраас өнөөдөр багийн иргэд дэмжсэн, дэмжээгүй гээд, хурлын дарга ч гэсэн энэ талаар шийдвэр гаргах боломжгүй гэж харж байна. Тэгэхээр тооны асуудал ярьж байна. Бид хурал болсон эсэх дээр маргаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хурал болоод тооллого явагдаад 32 хүн гэж тоологдсон. Тэгэхээр энэ хуралд яг хэдэн хүн оролцсон бэ? хэргийн материалд хурлын ирцтэй холбоотой зөрүүтэй баримт байгаа. Санал өгөхөөс татгалзсан хүн нь хэд байсан бэ? Энэ асуудал тодорхойгүй байна. Иймд хурлын дарга тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах боломжгүй учир ямар нэг тогтоол гараагүй. Иймд дараагийн хурал зарлагдсан байдаг. Тэгэхээр 2 дахь хурал хуулийн дагуу хэлэлцээд, санал хураагаад дууссан асуудал байна. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны хурал хуулийн дагуу явагдсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч “Ф с” ХХК-ийн Төв аймгийн Б сумын “Улаан-Ухаа” 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг баталгаажуулж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэмдэглэл, тогтоол баталгаажуулахыг багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгах, Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тогтоол илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “Ф с” ХХК нь нэхэмжлэлээ ...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг албажуулж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэмдэглэл, тогтоол албажуулахыг багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгах...” гэсэн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг баталгаажуулж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэмдэглэл, тогтоол баталгаажуулахыг багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгах...” гэж тодруулжээ.

 

1. Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тогтоол, тэмдэглэлийг баталгаажуулж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар Хуралдааны дэг батлах тухай тогтоолын төсөл, Багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг байгуулах тухай, Багийн Засаг даргын 2022-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай, “Ф с” ХХК-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай, Бусад асуудал гэсэн 5 асуудал хэлэлцэхээр тусгажээ.[1]

 

Хариуцагч Төв аймгийн Б сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбарт “...Хурлын хуралдааны санал 32 тоологдсон ба түүнээс хойш хугацаанд эмх замбараагүй байдалд шилжсэн...” гэх[2] тайлбар,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн шүүх хуралдаанд гаргасан ”...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бусад 4 асуудлыг хэлэлцээд тогтоол нь гарчихсан.  Ганцхан “Ф с” ХХК-ийн асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаагүй. Учир нь дэмжсэн дэмжээгүй тогтоол гаргах боломжгүй, тухайн хуралд оролцсон иргэд нь тухайн асуудлыг дэмжсэн эсэх нь шийдэгдээгүй байна. ...Хурлын тэмдэглэл дээр 17, 15 гээд нийт 32 иргэн дэмжсэн асуудал яригддаг. Бичлэг дээрээ ч байсан. 66 иргэн орсон юм бол 32 иргэн гэхээр 50%-д хүрэхгүй...” гэх[3] тайлбар зэргээс уг хуралдааны ирц нэгэнт хүрч хуралдсан, 4 тогтоол гарсан, ирц маргаангүй болох нь тогтоогдож,

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бын шүүх хуралдаанд гаргасан “...хэлэлцэх асуудлын дагуу “Ф с” ХХК-ийн асуудлыг хэлэлцсэн. ...иргэд саналаа өгч тооллогын комисс саналыг тоолсон. ...иргэд олонхийн саналаар гараа өргөж дэмжсэн нь нэгэнт хурлаас гарсан шийдвэр гэж харж байна...” гэх[4] тайлбаруудаас болон 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл[5] зэргээс үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар “Ф с” ХХК-ийн асуудлыг хэлэлцэж нэгэнт хуралд оролцсон иргэдээс санал хураасан, саналын эрх бүхий иргэд саналаа өгсөн нь тогтоогдож байна.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасан байх ба 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн өдрийн багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дагуу “Ф с” ХХК-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцүүлж, тооллогын комисс хуралдаанд оролцогчдын саналыг тоолоход олонхийн санал авсан асуудлаар нь хурлын тогтоол, тэмдэглэлийг Хурлын дарга баталгаажуулж гаргах үүрэгтэй байна.

 

Гэтэл дээрхээс хариуцагч нь ямар нэгэн тогтоол гаргаагүй байгаа нь санал өгсөн иргэдийн саналыг үгүйсгэх, нөгөө талаар асуудлаа хэлэлцүүлж иргэдийн санал авсан нэхэмжлэгч аж ахуй нэгжийн эрхийг зөрчсөн эс үйлдэхүй болохын зэрэгцээ хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй хууль бус эс үйлдэхүй болж байна.

 

2. Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын тухайд:

Өмнөх дүгнэлттэй холбогдуулан үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” буюу 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд хуралдааны тогтоол, тэмдэглэл өмнө хэлэлцсэн асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааныг товлож багийн Иргэдийн Нийтийн Хурлаар дахин хэлэлцсэн гэж 01 дүгээр тогтоол[6] гаргаж, өмнө шийдвэрлэсэн асуудлаа дахин хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь илт хууль бус байна.

 

Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, 43 дугаар зүйлийн 43.1-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасан байхад Багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгч “Ф с” ХХК-д урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй,

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т “Захиргааны хууль бус актын улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар нэгэнт хэлэлцсэн асуудлаар өгсөн санал өгсөн иргэдийн саналыг харгалзан үзэлгүй, тэдний санал өгсөн эрх, ашиг сонирхлыг үгүйсгэн, дараагийн хуралдааныг товлосон нь тэдний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байна.

 

Дээрхэд үндэслэн хариуцагч багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тогтоол, тэмдэглэлийг гаргаж баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хуралдааны тогтоол тэмдэглэлийг гаргаж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоол илт хууль бусаар гарсан нь тогтоогдсон тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ф с” ХХК-иас Төв аймгийн Б сумын “Улаан-Ухаа” 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Төв аймгийн Б сумын “Улаан-Ухаа” 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг албажуулж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэмдэглэл, тогтоол албажуулахыг багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгах, Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тогтоол илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолыг хуульд заасны дагуу гаргаж, баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг гаргаж, баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгаж, Төв аймгийн Б сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай тогтоол илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ф с” ХХК-д олгосугай.

 

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЗОРИГТБААТАР

 

 

[1] Хх-ийн 35 дугаар тал

[2] Хх-ийн 35-36 дугаар тал

[3] 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-5 дугаар тал

[4] 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар тал

[5] Хх-ийн 41-47 дугаар тал

[6] Хх-ийн 53 дугаар тал