Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 252

 

А.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, 1738000000034 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2017 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон, Гөрөөчин овогт А.О нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар А.О-аас 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Энхбатад олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 341 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хорих ял оногдуулахгүйгээр” гэснийг хасч, 3 дахь заалтын “ялтны” гэснийг “шүүгдэгчийн” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. А.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч түүнд эрх хасах нэмэгдэл ял хэрэглэсэн нь зөв. Харин Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх бөгөөд дээрх заалтыг баримтлан шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Мөн давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Оын үйлдлийг зүйлчлэхдээ алдаа гаргасан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч А.О нь 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, Хөх толгойн 11-11 тоотын гадаа иргэн Я.Даариймааг зодох гэсэн Ө.Энхбатын үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүнийг түлхэхдээ эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх А.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлтэй давхардуулан хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН