Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/218

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр

Хохирогч                                 Ц.Б*******

Шүүгдэгч                                 Ц.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Ц.Ц*******д холбогдох эрүүгийн 2431003250230 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*** оны 05 дугаар сарын 10-ны өдөр С**аймгийн З** суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, У** төмөр замын Замын нэгдүгээр ангид замчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт С** аймаг С** сум ** дугаар баг Барилгын ** дүгээр байрны ** тоотод оршин суух, урьд

- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б******* овгийн Ц******* Ц*******, Регистрийн дугаар: *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг Барилгын 24 дүгээр байрны 3 тоотод байрлах гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч Ц.Б*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой тус газар гараараа цохиж түүний биед баруун тохой, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зуун бугуй, баруун, зүүн гуянд цус хуралт, доод уруулын дотор салст зулгаралт, баруун доод 1-р шүдний булгаралт, баруун тохой, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц*******аас мэдүүлэг өгөхдөө...  Тэр өдөр Б*******ийг найзтайгаа гарч явна гэхээр нь би хориглосон, гэтэл өөрөө надад уурлаад миний нүүрийг урж маажаад байхаар нь би зөрүүлээд ганц нэг цохисон нь үнэн. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэхэмжилж байгаа мөнгийг нь өгнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б*******ээс ... Тухайн өдөр нь 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдөр байсан,  манай найз Мөнхдөлгөөн манай гэрт ирсэн. Тэгээд бид 2  пиво уусан. Мөнхдөлгөөн бид 2 ойр зуурын юм ярьж байтал манай нөхөр хойд өрөөнөөс орж ирээд уурлаж орилоод Мөнхдөлгөөнийг хөөж гаргасан. Тэгээд бид хоёр хоорондоо маргасан би "Чи эмэгтэй хүнтэй ингэж муухай харьцаж болохгүй" гэж хэлэхэд "Битгий хуц солиор" гээд нүүр лүү эхэлж нэг алгадсан тэгээд дараа нь гараа атгаж байгаад миний баруун доод шанаа хэсэг рүү цохисон тэгээд газарт унахад миний гар, нуруу, хөл рүү өшиглөсөн. Тэгээд би арай гэж босоод нүүр лүү нь нэг алгадсан тэгэхэд хамраас нь цус гарлаа гээд намайг дахиад зодож эхэлсэн.Миний хувьд гомдолтой байна. Мөн би найзтайгаа баранд орсон, гэтэл энэ үед найз нь бичлэг хийгээд Ц******* луу явуулсан юм шиг байгаа юм түүнийг Ц******* хүмүүст тарааж өөрөө ингэж явдаг гэж яриад 8 миний нэр төрд фейсбүүкээр  халдаад байгаад гомдолтой байна.Би Ц*******т зээлдүүлсэн 7 сая төгрөгөө,мөн  эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Б*******ийн өгсөн:"... Тухайн өдөр нь 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Мөнхдөлгөөн манай гэрт ирсэн. Тэгээд бид 2 хүний 3 лааз пиво уусан. Мөнхдөлгөөн бид 2 ойр зуурын юм ярьж байтал манай нөхөр хойд өрөөнөөс орж ирээд орилоод Мөнхдөлгөөнийг хөөж гаргасан. Тэгээд бид хоёр хоорондоо маргасан би "Чи эмэгтэй хүнтэй ингэж муухай харьцаж болохгүй" гэж хэлэхэд "Битгий хуц солиор" гээд нүүр лүү эхэлж нэг алгадсан тэгээд дараа нь гараа атгаж байгаад миний баруун доод шанаа хэсэг рүү цохисон тэгээд газарт унахад миний гар, нуруу, хөл рүү өшиглөсөн. Тэгээд би арай гэж босоод нүүр лүү нь нэг алгадсан тэгэхэд хамраас нь цус гарлаа дахиад зодож эхэлсэн. Тэгээд уурандаа бид хоёрын ууж байсан пивог ууж дуусгаад дахиад гэрт байсан 0.5 граммын архийг ууж дуусгасан. Тэгээд би гарж зугтах гэхэд намайг үснээс зулгааж хоолой боогоод гаргахгүй байсан. Ц******* архиа ууж дуусаад унтаад өгсөн би унтах гэхэд миний бие өвдөөд яс янгинаад өвдөлтийнхөө зовуурьт унтаж чадахгүй байсан. Тэгээд 05 цаг 40 минут болж байхад би гэрээсээ утас түлхүүрээ Ц*******ын халааснаас сэмээрхэн аваад гэр маань нэг давхарт байдаг учир цонхоороо гараад явсан юм. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд дараа нь цагдаагийн байгууллагад хандсан юм..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29-31 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М өгсөн:”... Би найз Б*******ийн гэрт очиж 2-3 пиво уугаад сууж байтал нөхөр нь гаднаас орж ирээд бид хоёртой юм яриад сууж байсан. Тэгээд Б******* бид 2 тоглоомоор хоёулаа гараад ганц цаг Караоке орчхоод ирье гээд юм ярьж байтал нөхөр нь хойд өрөөнөөсөө уурлаад "Юу яриад байгаа юм" тийм юм байхгүй гээд тэр 2 маргалдаад эхэлсэн. Тэгээд яв гэхээр нь би гараад явчихсан. Тэр 2 маргалдаад үлдсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн: ...гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б*******ийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчлэлээр 66,769 төгрөгийн хохирлыг гаргуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 305 дугаартай "1. Ц.Б*******ийн биед баруун тохой, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зуун бугуй,баруун, зүүн гуянд цус хуралт, доод уруулын дотор салст зулгаралт, баруун доод 1-р шүдний булгаралт, баруун тохой, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаа байх боломжтой байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ацаанд үүссэн хүний эрүүл ін 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 51 дүгээр  хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 54-57 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр  хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн болон гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших,өмчлөх эрхийн лавлагаа/хх-ийн 70 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Ц******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг Барилгын 24 дүгээр байрны 3 тоотод байрлах гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч Ц.Б*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой тус газар гараараа цохиж түүний биед баруун тохой, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зуун бугуй, баруун, зүүн гуянд цус хуралт, доод уруулын дотор салст зулгаралт, баруун доод 1-р шүдний булгаралт, баруун тохой, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 305 дугаартай дүгнэлт /46-47 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Ц*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Ц*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Ц.Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Ц******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Б******* нь  энэ гэмт хэргийн улмаас  эмчлүүлсэн тохиолдолд  нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,  Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст  66.769 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ц.Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ц.Ц******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт ... Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус  тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ц*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ц.Ц******* нь оногдуулсан 650 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Ц.Ц******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Ц.Ц*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Ц******* Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Ц******* Ц*******ыг 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ц.Ц*******т оногдуулсан 650 цагийн хугацаагаар  нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харьяалах газрын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Ц.Ц******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Ц.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас  эмчлүүлсэн тохиолдолд  нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 66.769 төгрөгийн эмчилгээний зардлыг  шүүгдэгч Ц.Ц*******аас гаргуулж олгосугай.

7. Шүүгдэгч Ц.Ц*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ