Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00279

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 13 өдөр            Дугаар 102/ШШ2022/00279                     Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:... байрлах, регистр .., А...ХХК,

Хариуцагч:... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Ч...ын М...,

Хариуцагч:... тоотод оршин суух, эрэгтэй, регистр .., Б...ын Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, 17 831 828 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, хариуцагч буюу хариуцагч Ч.М...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч   А...ХХК нь Ч.М..., Б.Б... нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 831 828 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Банк нь зээлдэгч Ч.М..., Б.Б... нартай 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ... тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,160,000 төгрөгийн зээлийг жилийн 34,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар олгосон.Зээлдэгч Ч.М..., Б.Б... нар нь ... тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн.Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан ба зээлдэгчийн оршин суугаа хаяг болон холбоо барих утасны дугаар холбогдохгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэрээр эрэн сурвалжлах захирамж гарсан.Зээлдэгч Ч.М..., Б.Б... нарын зээл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ... тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,714,458.20 төгрөг, зээлийн үндсэн хүү 10,351,126.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,766,244.23 төгрөг нийт 17,831,828.92 төгрөг болсон байна.Иймд гэрээг цуцалж, 17,831,828.92 төгрөгийг гаргуулна, зээлийн барьцаа хөрөнгө болох ... улсын дугаартай, ... арлын дугаартай Тоёота Приус маркийн авто машинаар хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч тайлбартаа:Ч.М... бид хоёр ...наас авто машины зээл болох 10 000 000 орчим төгрөгийн зээлийг 2015 онд авсан, графикийн дагуу 2016 оны 8, 9 сар хүртэл цаг тухайд нь төлөөд явтал ар гэрт гачигдал гарсан учраас төлбөрөө хийх боломжгүй болсон.Эхнэр Ч.М... нь эмэгтэйчүүдийн хүнд хавдар оноштой гадаад явж эмчлүүлэх шаардлагатай болсон тул Турк руу явж, тэнд эмчилгээний зардал, байрны зардал, мөнгөө хулхитуулан, 3 дахь хоногоосоо байрнаасаа хөөгдөн гудамжинд гарч, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирээд өр зээлтэй, гэр оронгүй айлын хажуу өрөөнд амьдарч эхэлсэн.Хийдэг ажил улирлын чанартай, зөвхөн дулааны улиралд явагддаг, эхнэр маань сар болгон эмчилгээний зардалтай ба асуудлууд хүндэрч эхэлсэн тул банкны зээлийг төлөх боломжгүй болсон.Хүнд машин механизмын засварын ажил хийгээд аргаа олох гэж байтал Ковид-19 гарч ирж бүх ажил зогссон тул үндсэн зээлийг төлнө, зээлийн хүүгээс багасгаж өгөхийг хүсэж байна, авто машин осолд орж ашиглагдах боломжгүй болсон гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хурлын тогтоол, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ,  зээл хүсэгчийн талаарх мэдээлэл, эргэн төлөлтийн жагсаалт, зээлийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэр, хариуцагчаас ...анд гаргасан хүсэлт, ...ны ЭЕХ-ны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэр,  зээлийн хүүгийн тооцоолол болох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хх 4, 6, 7-8, 9-10, 11-12, 13-17, 18-32, 33, 34-35,  36, 37, 60-64/

Хариуцагч нараас:Ч.М...гийн эмчилгээний бичвэртэй амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хариуцагч нарын ..., ... паспортуудыг  шүүхэд гаргаж өгсөн.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А...ХХК-ийн хариуцагч нартай байгуулсан гэрээг цуцалж, нэхэмжлэлээс 15 739 678 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж,  2 092 150 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,714,458 төгрөг, зээлийн үндсэн хүү 10,351,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,766,244 төгрөг нийт 17,831,828 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө ... улсын дугаартай, ... арлын дугаартай 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн авто машинаас хангуулах гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр заримыг үгүйсгэсэн Үүнд:Зээл авсан, зээлийн үндсэн хүүгийн хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хурлын тогтоол, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ,  зээл хүсэгчийн талаарх мэдээлэл, эргэн төлөлтийн жагсаалт, зээлийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэр, хариуцагчаас ...анд гаргасан хүсэлт, ...ны ЭЕХ-ны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэр, зээлийн хүүгийн тооцоолол нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байна. 

Талууд энэхүү гэрээг Санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний асуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Гэрээнд зааснаар Ч.М..., Б.Б... нар нь авто машин худалдан авах зориулалтаар нэхэмжлэгч байгууллагаас 10 160 000 төгрөгийг, жилийн 34,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байна.

Хариуцагч нар гэрээний дагуу зээл авсан, эргэн төлсөн үнийн дүн, 2016 оны 10 дугаар сараас эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн үйл баримтад маргаагүй, зөвхөн ар гэрийн гачигдал, цар тахлын улмаас зээлийн төлбөрийг төлж чадаагүй, зээлийн хүүг багасгах тал дээр маргаж байна.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зээлдэгч зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийг зөрчвөл зээлдүүлэгч гэрээг өөрийн санаачилгаар цуцлахаар заасан байх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байна.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал гэж үзэж гэрээ цуцлахыг шаардах эрхтэй байна.  

Хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба  дээрх зөрчлийг мөн зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу хариуцагч нь зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үндэстэй байна.

Гэвч зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.15-д заасан үндэслэлээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх боломжгүй гэж талууд тохирсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх үндэслэлд нийцэхгүй байна.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар Засгийн газраас удаа дараа хөл хорио тогтоож, иргэд, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсныг харгалзан үзэж нэхэмжлэлийн дүнгээс 2 092 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 Хариуцагч нар нь зээлийн барьцаанд ... улсын дугаартай, ... арлын дугаартай 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн авто машиныг тавьсан болох нь талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн ... дугаартай барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Барьцааны хөрөнгө нь осолд орж ашиглагдах боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 387 510 төгрөг төлөхөөс 317 310 төгрөг төлж, 70 200 төгрөг дутуу төлсөн байгааг нөхөн төлүүлж, хариуцагч нараас 377 048 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан А...ХХК-ийн Ч.М..., Б.Б... нартай 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ... дугаартай зээлийн гэрээг цуцалж, Ч.М..., Б.Б... нараас 15 739 678 /арван таван сая долоон зуун гучин есөн мянга зургаан зуун далан найман/ төгрөгийг гаргуулан А...ХХК-д олгож, үлдсэн 2 092 150 /хоёр сая ерэн хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан Ч.М..., Б.Б... нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ... улсын дугаартай, ... арлын дугаартай 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн авто машиныг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагаас 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч нараас 377 048 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад тус тус олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                         

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН