| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0225/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/219 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/219
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э******* Б*******од холбогдох эрүүгийн 2431003290239 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын ***-ны өдөр С** аймгийн Ш*** суманд төрсөн,** настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, С** аймаг Ш** сум Д**, ** дүгээр баг *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д******* овогт Э******* Б******* (РД: *******)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б******* нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/Ш3/181 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 43 минутын үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 03 дугаар баг Дулаанхан тосгоны нутаг дэвсгэрт олон улсын чанартай А0402 дугаартай авто Замаар тоёота Приус 30 загварын 57-49 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.М******* нь Э.Б*******ыг alcotest-6820 багажаар согтуурлыг шалгахад 2,04 хувийн согтолттой байсан болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.М*******ын....Тус өдөр би Сэлэнгэ аймаг Шаамар сумын 3-р баг Дулаанхаан тосгон Дөрвөн замын цагдаагийн постонд 24 цагийн хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан юм аа. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 14 цагийн үед 4 замын пост орчим 57-49 УАМ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч нь Э.Б******* гэх иргэн байсан бөгөөд бичиг баримтыг нь шалгах явцад түүнээс бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн учир нь согтуурлыг нь шалгах зорилгоор постны байранд согтуурал шалгах АЛКОТЕСТ-6820 багажаар Э.Б*******ыг үлээлгэн шалгаж үзэхэд 2.04 хувийн согтолттой гэж заасан. Э.Б******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учирсан цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж оруулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар Э.Б*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/181 дугаартай шийтгэвэр /хх-ийн 36-38-р хуудас/, зэрэг бичиг баримтуудыг цуглуулсан байна.
Дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Э.Б******* нь урьд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа дахин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэрчийн мэдүүлэг болон материалд авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 43-45 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.М******* нь Э.Б*******ыг alcotest-6820 багажаар согтуурлыг шалгахад 2,04 хувийн согтолттой байсан болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.М*******ын өгсөн мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар Э.Б*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/181 дугаартай шийтгэвэр /хх-ийн 36-38-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 43-45 дугаар хуудас/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Э.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Э.Б******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/Ш3/181 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 43 минутын үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 03 дугаар баг Дулаанхан тосгоны нутаг дэвсгэрт олон улсын чанартай А0402 дугаартай авто Замаар тоёота Приус 30 загварын 57-49 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.Б*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.
Гэм хорын хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Э.Б******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Э.Б*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Б******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Б*******ын Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д******* овогт Э******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Б*******ыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Б*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ