| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/03369/И |
| Дугаар | 102/ШШ2022/00277 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/00277
2022 оны 01 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2022/00277 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:... тоот хаягт бүртгэлтэй боловч, ... тоотод оршин суух, регистр ..., М.. овогт Б...ийн А...,
Хариуцагч:... тоотод оршин суух, регистр .., Х... овогт Б....ийн Г...,
6 600 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А..., түүний өмгөөлөгч Д.Б..., хариуцагч Б.Г...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А... нь хариуцагч Б.Г...тод холбогдуулан 6 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б.Г...той уулзаж, 1 сарын 500 000 төгрөгөөр 12 сарын хугацаатайгаар орон сууц түрээслэхээр болж урьдчилгаанд 900 000 төгрөг өгч, сар бүр 500 000 төгрөг төлөхөөр тохирсон. Хариуцагч байранд 13 сар амьдарсан, энэ нь 6 500 000 төгрөг болж байна, үүнээс төлсөн 1 100 000 төгрөгийг хассан, 5 400 000 төгрөгийг авах ёстой боловч 1 200 000 төгрөгийг зардалд тооцон нийт 6 600 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч Б.Г...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С...:Б.Г... нь Б.А...оос зээл аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь нотлогдохгүй байна.Гэрчийн мэдүүлгээр сарын 450 000 төгрөгөөр тохирч, 1 жилийн хугацаанд тухайн орон сууцанд суусан, энэ хугацааны төлбөр нь нийт 5 400 000 төгрөг болсон.Уг төлбөрөөс анх байр түрээслэхдээ 900 000 төгрөг, дансаар 200 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард хариуцагч Б.Г... 600 000 төгрөг бэлнээр, 2020 оны 3 дугаар сард хариуцагчийн эх А.П... 300 000 төгрөг бэлнээр буюу нийт 2 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан.
Хариуцагчаас:А.П..., Б.П... нарын төрөл садангийн лавлагаа, Төрийн банканд хэрэглээний төлбөр төлсөн баримтууд, Э.А...ийн Хаан банк дахь дансны хуулга, А.П...ийн Хаан банк дахь дансны хуулга, Хаан банкны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд өгсөн./хх 13, 14, 15-19, 20, 21-25, 59/
Шүүх хариуцагчийн хүсэлтээр А.П.., Б.П... нарыг гэрчээр асуусан тэмдэглэл байна./хх 65, 66/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А...ын хариуцагч Б.Г...т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 4 600 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хуулийн 287 дугаар зүйлд зааснаар орон сууц хөлслөх хэлцлийн дагуу сарын 500 000 төгрөг төлж суухаар тохирсон, энэхүү гэрээний үүрэгт 6 600 000 төгрөг гаргуулна гэж шаардаж байна.
Хариуцагч нь сарын 450 000 төгрөгөөр тохирч, 1 жилийн хугацаанд тухайн орон сууцанд суусан, нийт 2 000 000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанд мэдүүлсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн орон сууцыг хөлслөн амьдарч байсан тухай үйл баримтад талаар маргаагүй, харин сарын төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч 500 000 төгрөг гэж шаардаж байхад, хариуцагч 450 000 төгрөг гэж, мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 1 100 000 төгрөг авсан гэж байхад хариуцагч нь нэхэмжлэгчид 2 000 000 төгрөг төлсөн гэж, уг байранд хариуцагч 12 сарын хугацаанд суусан гэж маргаж байна.
Хариуцагч нь Б.А...ын өмчлөлийн орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд хөлсөлсөн, сарын төлбөрийг 500 000 төгрөгөөр тохирсон гэж үзэхээр байна.
Б.Г... нь тухайн орон сууцыг 13 сарын хугацаанд эзэмшсэн гэх тайлбараа нэхэмжлэгч тал, сарын төлбөр нь 450 000 төгрөгөөр тохирсон гэх тайлбараа хариуцагч тал тус тус баримтаар нотлоогүй байх тул 12 сарын төлбөр нь 6 000 000 төгрөг гэж үзэхээр байна.
Үүнээс нэхэмжлэгч нь 1 100 000 төгрөгийг авсан гэж тайлбарласан, мөн гэрчүүд 300 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид өгсөн гэж мэдүүлсэн байх тул нийт 1 400 000 төгрөгийг хариуцагч төлсөн байна.
Иймд хариуцагчаас 4 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.А...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Г...оос 88 550 төгрөгийг гаргуулан Б.А...од олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан Б.Г...оос 4 600 000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан Б.А...од олгож, үлдсэн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.А...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Г...оос 88 550 /наян найман мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Б.А...од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН