Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00056

 


2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 102/ШШ2022/00056 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, сурагчийн ... гудамж ... тоотод оршин суух, ... овогтой ...ийн ... /РД.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхон, ... байр ... тоотод оршин суух, ... овогтой...ын ... /РД: .../-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б...., хариуцагч Г...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г....тэй 2007 онд танилцаж, ...-ны өдөр хүү ... төрсөн. Одоо хүү маань 14 настай, 9 дүгээр ангид сурдаг бөгөөд төрсөн цагаасаа хойш миний асрамжид байгаа. Би Г....ээс 2008 онд салж, түүнээс хойш тусдаа амьдрах болсон. Гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь Г.... бидний хувьд зан харьцааны хувьд таарамжгүй байдаг ба одоо Г.... өөр хүнтэй хамтран амьдардаг. Бид тусдаа амьдраад 12 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Г.... нь хүүтэйгээ уулзаж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй. Бидний хүү ... нь түнхний үеийн төрлөхийн мултралтай тул байнгын асаргаа шаардлагатай, эмчилгээ хийлгэдэг. Хүү маань хөл муутай учир хүнд зүйл өргөж, хүнд ажил хийж чадахгүй, их сургуульд сургаж дээд боловсрол эзэмшүүлнэ. Иймд тэр үед хүүхдийн сургалтын төлбөрийг Г....тэй хувааж төлнө. Манай хүү одоогоор хагалгаанд орох боломжгүй байгаа бөгөөд өсөлт нь зогссоны дараа 20 нас хүрэхээр нь үе шилжүүлэн суулгах хагалгаанд орно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг 18 нас хүртэл тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхэд сургуульд орох үед тухайн үед ярилцаад шийдэж болно. Б.... бид хоёр 2007 онд хүүхэдтэй болсноос хойш тусдаа амьдарсан. Тусдаа амьдарч байх хугацаандаа би хүүхэдтэйгээ уулзаж байгаагүй. Бидний тусдаа амьдрах болсон шалтгаан нь ар гэрийн асуудлаас болж хэрүүл маргаан үүсдэг байсан. Би одоо өөр гэр бүл, хүүхэд, ээжтэйгээ хамт амьдардаг. Одоо хамт амьдарч буй хүнтэйгээ 4 жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Б....д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гэрлэгчид болох Б...., Г.... нар нь ...-ний өдөр гэр бүл болсныг ...-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, ...-ны өдөр хүү ...ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б...., Г.... нар нь 2007 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаас гадна эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Мөн хүү ...ыг эх Б....ийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ...ыг эх Б....ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч Г....ээс тэтгэлэг гаргуулан хүү ...ыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, мөн талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... овогтой...ын ... /РД: .../, ... овогтой ...ийн ... /РД.../ нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ... өдөр төрсөн хүү ...ыг эх Б....ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар ...-ны өдөр төрсөн хүү ...од тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Г....ээс сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г....ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б....эд олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ