| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/03077/И |
| Дугаар | 102/шш2022/00004 |
| Огноо | 2021-12-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 102/шш2022/00004
|
|
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Б дүүрэг, дугаар хороолол, дүгээр хороо, Х гудамжны дүгээр байрны тоотод оршин суух РД:ЛЮ00000000, Б овогт Д-ийн М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б аймаг, Г сум, дугаар баг, С нутагт оршин суух РД:ВК000000, Б овогт Б Н-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М-г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М-г нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Н-тай 2013 оноос хамтран амьдарсан.
Бидний дундаас 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр охин Н.М төрсөн.
Охиноо төрөх үед бид Б аймгийн “Г” сумын иргэний бүртгэлийн хэлтсээс гэрчилгээг авч, охин маань эцгээрээ овоглосон.
Бид зан харилцаа, архи согтууруулах ундааны асуудал болон намайг ажил хийлгэхгүй дарамтлах, гар хүрч зоддог болсноор 2016 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байна.
Одоо охин маань 2 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү, гэжээ.
Хариуцагч Б.Н- шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Миний бие Д.М-гтэй 2013 онд танилцан улмаар нэг гэрт орж, 2016 оны 08 дугаар сар хүртэл хамт амьдарсан.
Биднийг хамтран амьдрах хугацаанд буюу 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр охин Н.М төрсөн бөгөөд миний төрсөн охин мөн.
Цаашид хүүхдийн асрамжийн талаар маргахгүй бөгөөд хүүхдийн тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин өөрийн охин Н.Мтай уулзах боломжийг олгож өгнө үү.
Хөдөө, орон нутагт амьдардаг тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М-г, хариуцагч Б.Н-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид 2013 онд танилцан хамтран амьдрахдаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр охин Н.М төрсөн болох нь талуудын тайлбар, 0000000000 дугаартай хүүхдийн Төрсний гэрчилгээний хуулбар, 14 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн эмчийн “Н.М эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан”, Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн сургалтын менежер О.Цгийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Н. М 2-Ж ангид суралцдаг” гэх “Тодорхойлолт”-ууд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хүүхдийн асрамжийн тухайд талууд маргаагүй ба хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу охин Н.Мыг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар охин Н.М төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчид үүсэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг Б.Н-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Н.Мыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар “Хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар” тогтоодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин Бэгз овогт Н-ын Мыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Н-аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин Н.Мыг эх Д.М-гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Н-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА