Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1355

 

 

 

 

 

 

                                                       

Б.Б, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2917 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаартай эсэргүүцлээр Б.Б, Б.Э нарт холбогдох 2006018521504 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Э овогт Бгийн Э, 1977 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Шагайн харваа холбооны нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт;

            2. Д овгийн Бгийн Б, 1983 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, Төрийн орон сууцны корпорацад Захиргаа, удирдлагын газрын дарга ажилтай, ам бүл 3;

            Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40и дүгээр байрны 44 тоотод хамтран амьдрагч Б.Бтай “гадуур явж оройтлоо, архи уулаа, удаан хүлээлээ” гэх асуудлаар маргалдаж, улмаар цохих, зууралдах, түлхэх зэргээр биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхинд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, нуруу баруун ташаанд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд, шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Б.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Ц.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, гэрч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүгдэгч Б.Эын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүгдэгч О.Бгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн хохирогчоор өгсөн, гэрч Ц.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаартай дүгнэлт зэрэг болно. ...Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан баримтаас үзэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна шүүх үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж маргаан болж, цагдаагийн байгууллагад очиж 23 цаг 40 минутаас 00 цаг 10 минут хүртэл хохирогчоор тогтоогдож мэдүүлэг авчээ. Мөн Б.Б нь урьд эрүүл мэндтэй холбогдуулан тухайн өдөр үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэхэд эргэлзээ бий болж байна. Иймд тухайн үед үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэхийг тогтоох нь зүйтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв. Мөн гэрч Батжаргал “00 өрөө цус болсон байсан, шүүгдэгч, хохирогч Б.Б удаа дараа 00 өрөөнд унасан байх магадлалтай” гэж мэдүүлж байх тул тухайн 00 өрөөнд үзлэг хийж, Б.Бд учирсан гэмтэл тухайн угаалгын өрөөнд унаснаас үүсэх боломжтой эсэх талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийж нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. ...” гэсэн үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг авч үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед хэрэглэх ёстой хуулийн зүйл заалт болох нь тодорхой, ойлгомжтой байтал, яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” 2020/ШЗ/2507 дугаартай шүүгчийн захирамж гарсны дараа товлогдсон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас дээрх хуулийн зүйл, хэсгийг баримталж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гаргах шийдвэр нь зөвхөн шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байх ёстойг хоёрдмол утгагүй, бүрэн тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хууль ёсны байх үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “...тухайн үед үнэн зөв мэдүүлэг өгч чадах чадвартай эсэхийг тогтоох нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээ хийлгэх, ... тухайн ариун цэврийн өрөөнд үзлэг хийж, Б.Бд учирсан гэмтэл тухайн угаалгын өрөөнд унаснаас үүсэх боломжтой эсэх талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийх” хэмээн дурдаж, дээрх 2 агуулгаар хэргийг прокурорт буцаах үндэслэлээ тодорхойлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг авч үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хохирогч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгай, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох зорилгоор шинжилгээ хийлгэх эрх хэмжээг хууль тогтоогчийн зүгээс шүүхэд олгосон байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийн бодит байдлыг өөрөөр тогтоож, шинжлэн судлах боломжгүй бол шүүх талуудын хүсэлтээр хэрэг гарсан газар, орон байранд талууд, гэрч, шинжээч, оролцогчийг байлцуулан үзлэг хийж болно” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Гэтэл хууль тогтоогчийн зүгээс шинжээч томилох, газар, орон байранд үзлэг хийх зэрэг ажиллагааг шүүхийн шатанд хийх бололцоог олгож хуульчилсан байтал шүүх бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өөрт олгогдсон эрх хэмжээг үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд дээрх ажиллагааг явуулах зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэвэл тухайн ажиллагааг шүүхийн шатанд явуулах, нөгөөтэйгүүр, хавтас хэрэг цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр анхан шатны журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/2917 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж байна. Би тухайн үед согтуу байсан. Намайг согтуу байсан болохыг манай найзууд гэрчилдэг. Гэмтлийн эмнэлэг дээр очоод ухаан орсон гэв. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль хэрэглэх эрх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Мөрдөгч хийх ёстой ажлаа зохих ёсоор хийгээгүйгээс болоод өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 4 дүгээр сарын 8-ны өдөр Б гэх хүн согтуу байсан. Согтуу байсан хүнээс шууд мэдүүлэг авах боломжгүй. Согтуу хүнд хохирогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөд хохирогчоор тогтоох боломж байхгүй. Тэгэхээр 4 дүгээр сарын 8-ны өдөр Бг үнэн мэдүүлэг өгсөн гэж үзээд, 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгийг нь худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Согтуу байхад нь авсан мэдүүлгээр үндэслэн яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй. Бгийн биед учирсан гэмтэл яг юунаас болж учирсан бэ гэдгийг тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгчийг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад сэтгэцийн байдлыг тогтоолгох ёстой байсан гэх асуудал яригдсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Хэрэв Б.Бг худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэзээ, хаана, яаж үйлдсэн юм бэ, энэ асуудлууд эргэлзээ бүхий байгаа болохоор сэтгэцийг нь тогтоогоод өгнө үү. Тухайн цаг хугацаанд энэ хүн согтуу байсан, ухаан алдаж унадаг нөхцөл байдлуудыг яагаад Сэтгэл судлалын эмнэлгээр дүгнэлт гаргуулж болохгүй байгаа нөхцөл байдал дээр анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс үзлэг хийх ямар ч боломж байхгүй. Мөрдөгч, хяналт тавьж буй прокурорын хийх ёстой ажил тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэрээ зодсон үйлдэл гаргаагүй. Манай эхнэр ер нь ухаан алдаж унадаг. Ухаан алдаж унахаараа 3 хоногийн өмнөх зүйлээ санадаггүй нөхцөл байдал байдаг. Эмч нар хэлэхдээ хэвийн үзэгдэл гэж хэлдэг. Эхнэр маань зүрхнээсээ болоод ухаан алдаж унадаг. Прокурор манай гэрт үзлэг хийгээд нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байсан. Учир нь, манай гэрт тухайн үеийн цус байхгүй ч эвдэрч хэмхэрсэн зүйл байгаараа байж байгаа тул одоо ч гэсэн манай гэрт очиж үзлэг хийх боломжтой. Хүнийг буруутгахдаа ултай, суурьтай хандах ёстой. Эхнэрийг маань худал мэдүүлэг өгсөн гэж, намайг хүн зодож, хүчирхийлсэн гэж яллаж байгаад гомдолтой байна. Бид хоёр хоёулаа нийгэмд хариуцлагатай ажил хийдэг хүмүүс. Ийм байдлаар хэргийг шалгаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлээд гэм буруугийн асуудал яригдахаар хэргийг бүрэн бодитой нотолсон уу, Эын үйлдлийг хөдөлшгүй баримтаар нотолсон уу, Бгийн худал мэдүүлэг өгсөн гэх үйлдлийг хөдөлшгүй нотлох баримтаар нотолсон уу гэдэг асуудал руу ороод эхлэхээр нэмж ажиллагаа хийх шаардлагатай болох нь харагддаг. Нэмж ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдсан учраас шүүх хэргийг прокурорт буцаасан. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Эыг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40и дүгээр байрны 44 тоотод хамтран амьдрагч Б.Бтай “гадуур явж оройтлоо, архи уулаа, удаан хүлээлээ” гэх асуудлаар маргалдаж, улмаар цохих, зууралдах, түлхэх зэргээр биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхинд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, нуруу баруун ташаанд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгдэгч Б.Б, Б.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “хэргийг прокурорт буцаах тухай” захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэргийг материалыг хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурор Ц.Гантулгын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, Б.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2917 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, Б.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Б, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ