Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 001/хт2026/00158

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11705 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00508 дугаар магадлалтай,

А.А-ийн нэхэмжлэлтэй,

“М” төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/-д холбогдох,

Өндөр насны тэтгэвэрт гарсны тэтгэмжид 9 сарын цалинтай тэнцэх 11,188,933.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарсны тэтгэмжид 9 сарын цалинтай тэнцэх 11,188,933.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11705 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4-т зааснаар хариуцагч “М” ТӨХК-аас 6,216,073.85 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,972,859.45 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,407.18 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00508 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ...

4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.09-ний өдрийн 210/МА2026/00508 дугаар магадлал болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.17-ны өдрийн 191/ШШ2025/11705 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.1 дэх хэсэгт “... Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-82.1.4 дэх заалт тухайн байгууллага гэж заасан байна. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд нэг удаа гэдэг нь харилцаа дуусгавар болсон тухайн цаг хугацаанд хамаарах бөгөөд харин дахин харилцаа үүсэж, дуусгавар болж байгаа тохиолдолд өмнө олгосон тэтгэмжийг сүүлд дуусгавар болж буй харилцааны хувьд олгох тэтгэмжтэй хамтадган тооцох үндэслэлгүй гэж үзлээ. Иймд нийт ажилласан хугацааг нэгтгэж тооцох нь зүйтэй юм...” гэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

1999 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж заасан.

Гэтэл шинээр баталсан 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 82 дугаар зүйлийн 82.1-д “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно...”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно.” гэж заасан буюу ажилтныг тухайн байгууллагад ажилласан нийт хугацаанд ногдох тэтгэмжийг нэг удаа л олгохоор тухайлан заасан байхад дахин хөдөлмөрийн харилцаа үүсэж, дуусгавар болгох бүрд өмнө олгосон тэтгэмжийг сүүлд дуусгавар болж буй харилцааны хувьд олгох тэтгэмжтэй хамтатган тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна. Иргэн нь хөдөлмөр эрхлэх нийт хугацаандаа тухайн байгууллагад хэдэн ч удаа ажилд томилогдож, ажил олгогчийн санаачилгаар болон талууд харилцан тохиролцсон гэх мэт үндэслэлээр чөлөөлөгдөх бүрд хэдэн ч удаа тэтгэмж авах нөхцөл төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн нэгж байгууллагад ихээр байгаа тул хууль тогтоогчийн баталсан 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн “нэг удаа” гэх ойлголт нь хөдөлмөрийн харилцаанд хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой юм.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны тойргийн шүүхэд 2025.09.19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн 1.2 дахь хэсэгт “Би 2022.02.11-ний өдөр орон тооны цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2025.04.07-ны өдөр Хэнтий аймгийн Х газарт дахин ажилд орсон”, нэхэмжлэлийн 1.3 дахь хэсэгт “2025 оны 06 дугаар сард өгсөн миний өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Х газрын захирал Х.М 2025.06.30-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025.06.30-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн гэж бичсэн”.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;”, 4.1.3-т “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, 4.1.9-д “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог” гэсэн утгаар ойлгоно гэж. Дээрх хуулийн тайлбараас иргэн А.А нь Хэнтий аймгийн Х газрын захирал Х.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шинээр үүсгэсэн байхад “М” ТӨХК-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тэтгэмжийг ажилласан хугацаанд нэг удаа олгохоор зохицуулсан тул “Хамтын гэрээ”-нд заасны дагуу 2022 онд 9 сарын, 2025 онд 3 сарын, нийт 2 удаагийн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгч талд бүрэн олгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.09-ний өдрийн 210/MA2026/00508 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.14-ний өдрийн 001/ШХТ2026/00624 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.  

7. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарсны тэтгэмжид 9 сарын цалинтай тэнцэх 11,188,933.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Би Хэнтий аймгийн Х газарт 1995.02.02-ны өдөр ахлах нягтлан бодогчоор ажилд орж, уг байгууллагад нийт 27 жил, 7 сар ажилласан. 2022.02.11-ний өдөр орон тооны цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн. 2025.04.07-ны өдөр Хэнтий аймгийн Х газарт дахин ажилд орж, 2025.06.30-ны өдрийн Б/11 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тус өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Уг тушаалд надад 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох тухай зааж, 2025.07.09-ний өдөр 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 3,729.644.30 төгрөгийг “Өндөр настны тэтгэмж” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. “М” ТӨХК-ийн 2024-2025 онд хэрэгжүүлэх 2024.06.07-ны өдрийн Хамтын гэрээний 2.1.4.9-д “Ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан бол компанид ажилласан жилийг харгалзан 1-12 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг дараах байдлаар бодож олгоно. Үүнд: 26-аас дээш жил ажилласан бол 12 сараар тооцож олгоно” гэж заасны ... дагуу 12 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхтэй байна. Нэг сарын дундаж цалин хөлсийг ... тооцохдоо сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр дүн 3,729,644.33 төгрөгийг 3-т хувааж, 1,243,214.8 төгрөгөөр бодсон тул ... 12 сарын дундаж цалин болох 14,918,577.6 төгрөгөөс надад олгосон 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 3,729,644,30 төгрөгийг хасаж, үлдэгдэл 9 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 11,188,933.3 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “М” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…А.А 2025.03.31-ний өдөр Хэнтий аймгийн Х газрын захиралд “2025 оны 09 дүгээр сар хүртэл ажиллах тухай хүсэлт” гаргасны дагуу захирлын 2025.04.03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар тухайн өдрөөс тус Х газрын ахлах инженерийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа шинээр үүссэн. Улмаар 2 сар, 27 хоногийн дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тухай 2025.06.04-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлтээ гаргасан. Энэ хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5, 82.1.1, болон хамтын гэрээний 2.9-д зааснаар компанид 6 сараас дээш хугацаанд ажиллаагүй, тэтгэмж авах эрх үүсээгүй ч ажилтны өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажил олгогч Хэнтий аймгийн Х газрын захирлын 2025 оны Б/11 дүгээр тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх 3,729,644.30 төгрөгийн тэтгэмжийг 2025.07.09-ний өдөр шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... ажил олгогч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн ба ... нэхэмжлэл хууль болон хамтын гэрээний шаардлагад нийцэхгүй байна. А.А нь “М” ТӨХК-д 25 жил, 02 сар, 25 өдөр ажилласан бөгөөд 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.1.4.9-т заасны дагуу 8 сарын тэтгэмжээс 2022 онд 9 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийн 7,719,376 төгрөгийн, 2025 онд 3 сарын цалинтай тэнцэх 3,729,644.30 төгрөг, нийт 2 удаагийн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг А.А-т олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй. ... Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд тэрээр ажлаас чөлөөлөгдсөний дараа өөр байгууллагад ажиллаж байсан ба ... эхний 22 жилийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь өөрөөс шалтгаалаагүй боловч дуусгавар болсон. Улмаар дараа нь Хэнтий аймгийн Х газрын захирлын 2025.04.03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-82.1.4-т тухайн байгууллага гэж, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д нэг удаа гэж зааснаас үзэхэд харилцаа дуусгавар болсон тухайн цаг хугацаанд хамаарах бөгөөд харин дахин харилцаа үүсэж, дуусгавар болж байгаа тохиолдолд өмнө олгосон тэтгэмжийг сүүлд дуусгавар болж буй харилцааны хувьд олгох тэтгэмжтэй хамтатган тооцох үндэслэлгүй тул нийт ажилласан хугацааг нэгтгэж тооцох нь зүйтэй юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дээрх ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгч нь эхлээд 22 жил, 2 сар, дараа нь 3 сар тухайн байгууллагад ажиллажээ. Нэхэмжлэгчийн маргаж буй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2025 онд дуусгавар болсон тул 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.1.4.9-д зааснаар 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна. Ийнхүү ажлаас чөлөөлөгдөхдөө 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 3,729,644.30 төгрөг олгосон ... тул 1 сарын тэтгэмжид 1,243,214.77 төгрөг олгогдсон, ... олгогдоогүй 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 6,216,073.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн. ... нэхэмжлэгч нь “М” ТӨХК-д 25 жил, 7 сар ажилласан бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон байх тул түүнийг хамтын гэрээний 2.1.4.9-д зааснаар 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хариуцагчаас 5 сарын цалинтай тэнцэх дутуу олгогдсон тэтгэмжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг тус компанид өмнө ажиллаж байх хугацаанд буюу 2022.02.11-ний өдөр Х газрын менежерийн ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд тэтгэмж олгох үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох үндэслэлийг заасан ба ажилтан тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнтэй холбогдуулан тэтгэмж авсан нь дараа дахин хуульд заасан өөр үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбогдуулан тэтгэмж авах эрхийг хязгаарлахгүй. ...” гэсэн дүгнэсэн.

11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.5-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох зохицуулалт, тэтгэмжийн хэмжээний талаар зөрүүгүй дүгнэж, адил шийдэл гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохицуулалтыг хэрэглэх талаар нэгдмэл байдлыг хангах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд хамаарах дээрх хуулийн зохицуулалтыг зөрүүгүй тайлбарлан хэрэглэсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг нэг ажилтанд нэг ажил олгогчоос 2 удаа олгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг удаа олгох нөхцөлд хамаарах эсэх, улмаар тэтгэмжийн хэмжээг тооцохдоо тухайн байгууллагад ажилласан хугацааг хэрхэн авч үзэх зэрэг асуудлыг шийдвэр, магадлалыг хянан үзэх замаар, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй гэж үзсэн болно.

12. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.А нь “М” ТӨХК-ийн Хэнтий аймгийн Х газарт 1995.02.02-ны өдөр ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ба Хэнтий аймгийн Х газрын захирлын 2022.02.11-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар Х газрын менежерийн ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, хамтын гэрээнд заасны дагуу 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 7,719,376 төгрөгийг олгосон, улмаар нэхэмжлэгч нь уг байгууллагын захирлын 2025.04.03-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ахлах инженерээр томилогдон ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өөрийн хүсэлтийг үндэслэн 2025.06.30-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчоос түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 3,729,644.30 төгрөгийг олгосон тухай үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.

13. Өмнө нь нэг удаа нэхэмжлэгч А.А-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр цуцалж, тэтгэмжийг олгосон хэдий ч тэрээр тухайн байгууллагад ажилд дахин орсон тул хоёр дахь удаагийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны тэтгэмжийг уг байгууллагад нийт ажилласан жилээр тооцож тэтгэмжийг олгох ёстой гэж үзсэн бол хариуцагч хоёр тусдаа хөдөлмөрийн харилцаа гэж үзэж тэтгэмжийн хэмжээг нийт ажилласан жилээр тооцохоос татгалзсан нь маргааны зүйл болжээ.

Тодруулбал, хариуцагч нь ажил олгогчоос 2022.02.11-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа тухайн байгууллагын 2012-2013 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ болон 2012-2013 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.6.5-д заасны дагуу 25-аас дээш жил ажилласан үндэслэлээр 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, үүний дараа нэхэмжлэгч тухайн байгууллагад дахин ажилд орсон боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр дахин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажил олгогчоос 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.4.1.9-д заасны дагуу 6 сараас дээш хугацаанд ажиллаагүй, тэтгэмж авах эрх үүсээгүй ч 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон болохоо тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, зохигч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн хэмжээний талаар маргахдаа ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход өмнө өөр үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үед тухайн байгууллагад ажилласан хугацаа нь нийт ажилласан жилд хамаарах эсэхээс шалтгаалж, тэтгэмжийн хэмжээ өөр байх эсэх асуудлаар мэтгэлцсэн.

14. Хоёр шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажилтанд өмнө нь тэтгэмж олгосон нь түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болгоход ажилтанд тэтгэмж олгох үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй, дахин шинэ харилцаа үүсэж, дуусгавар болж байгаа тохиолдолд өмнө олгосон тэтгэмжийг сүүлд дуусгавар болж буй харилцааны хувьд олгох тэтгэмжтэй хамтатган тооцох үндэслэлгүй тул нийт ажилласан хугацааг нэгтгэж тооцох нь зүйтэй гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2, 82.5-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн тул залруулна.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.”

Ингэхдээ тухайн байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч тэтгэмжийн хэмжээ өөр байж болох бөгөөд хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.

Хэргийн тогтоогдсон үйл баримтаас үзэхэд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эхлүүлсэн, дуусгавар болгосон нь хоёр өөр цаг хугацаанд хоёр өөр үндэслэлээр боловч ажил олгогч нь нэг байна.

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмжийг олгохдоо 82.2-т заасан хугацааг хэрхэн тогтоож, тэтгэмжийн хэмжээг тооцоолохыг хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн дүгнэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч эхний удаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах үед тухайн байгууллагад 26 жил, 09 сар, 12 хоног, дараа дахин ажилд орж өндөр насны тэтгэвэрт гарах үед 2 сар 27 хоног ажилласан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасан хугацааны зохицуулалт нь хуулийн 82.1-д заасан нэг удаа олгох гэсэнтэй уялдаа, холбоотой гэж үзнэ.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2-т тус тус зааснаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд тэтгэмжийг олгохдоо ажилласан жилээс хамаарч нэг удаа олгох буюу хугацааны шалгуурт суурилж тэтгэмжийг давхардуулахгүй олгох агуулгатай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан “энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т” заасан үндэслэлээр болон 82.5-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ажилтанд хугацааны адил шалгуур тогтоож, үүнээс шалтгаалж тэтгэмжийн хэмжээг тогтоохоор байгаагаас үзвэл 1 ажилтан 1 байгууллагад ажилласан хугацаанд 2 тэтгэмжийг давхардуулан олгохгүй байх зарчим хэрэгжих ба хугацааны үзүүлэлт давхардах боломжгүй болно.

16. Тэгэхээр энэ хэргийн тохиолдолд ажилтанд 2 удаа тэтгэмж олгохдоо 1 хугацаанд суурилж байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчид өмнө 9 сарын хугацааны цалинтай тэнцэх тэтгэмж, дараа нь 3 сарын хугацааны цалинтай тэнцэх тэтгэмж тус тус олгосон, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т зааснаар хамтын гэрээгээр нэмэгдүүлэн олгох нөхцөлд нийцсэн.

Хариуцагч “М” ТӨХК-ийн 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.1.4.9-д “ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан бол компанид ажилласан жилийг харгалзан 1-12 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг дараах байдлаар бодож олгоно. Үүнд: ... 26-аас дээш жил ажилласан бол 12 сараар ... тооцох ...”-оор заасныг ажил олгогч хэрэгжүүлсэн байна.

17. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11705 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00508 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2, 82.5-д зааснаар хариуцагч “М” ХК-д холбогдох хөдөлмөр эрхлэлтийн эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 11,188,933.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “М” ТӨХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.17-ны өдөр төлсөн 114,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Э.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                           Д.ЦОЛМОН