Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00052

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00052

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... байранд байрлах, ... СӨХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:... тоотод оршин суух Д...ын У... холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 1 219 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х..., хариуцагч Д.У..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тус хорооны 37 дугаар байрны 4 тоотын оршин суугч Д... овогтой У... нь 2012 оны 1 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны 1 219 740 төгрөгийг төлөөгүй байх тул дээрх мөнгийг Д.У...ээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.У... шүүхэд гаргасан тайлбартаа:Би ... СӨХ-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 37 байрны 4 тоотод 2008 оноос хойш оршин сууж байна.Бид СӨХ-ны болон ашиглалтын төлбөрөө 2012 он хүртэл цаг тухай бүрт нь гарсан тарифын дагуу төлж ирсэн боловч 2012 оноос хойш ... СӨХ-ны төлбөрийг төлөөгүй болно.2012 онд ... СӨХ-ны захирал Ө.Р... /хуучин/ болон нягтлан бодогч Д.Б.../ одоо ... СӨХ-ны дарга/ нар нь 37 дугаар байрны зоорийн давхар буюу подволыг Б....д оршин суугчдын зөвшөөрөл болон бидэнд мэдэгдэхгүйгээр ашиглуулж эхэлсэн.Б... нь 37 дугаар байрны барилгын хийцийг эвдэн манай цонхон доор хаалга гаргаж, зоорийн давхарын инженерийн шугам сүлжээг өөрчилж, үйл ажиллгаагаа явуулж эхэлсэн.Би зоорийн давхарт хаалга гаргахыг эсэргүүцэж, ... СӨХ болон Дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн газар зэрэгт гомдол гаргасан боловч ... СӨХ-ноос энэ үйл ажиллагааг зогсоох үйлдэл болон эс үйлдэл гаргаж бидэнд туслалцаа үзүүлээгүй. Харин Нийслэлийн мэргэжпийн хяналтаас Б...г энэ үйлдлээ зогсоохыг албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч, тэрээр энэ үйлдлээ үргэлжлүүлэн хийж зоорийн давхарт шинээр хаалга гаргаж, дотор инженерийн шугам сүлжээг өөрчлөн өөрийн үйл ажиллагаагаа эхэлсэн.Энэ үеэс эхлэн манай гал зуухны угаалтуураар 37 дугаар байрны оршин суугчдын бохир хальж гарч ирж бидний эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах эрхийг ноцтой зөрчиж эхэлсэн.Бид энэ талаар ямар шалтгаанаас болж бохир хальж гарч ирж байгааг тогтоохоор Баянгол дүүргийн ОСНААҮГазарт хандсан.Дээрх газрын дүгнэлтээр танай орон сууцны зоорийн давхарын бохирын шугам сүлжээг целсийн 90 градус хэмтэй өөрчилснөөс болж дээрх айлуудын бохир нь бөглөрөл үүсгэж танай гал зуухны угаалтуураар хальж гарч ирж байна гэж дүгнэлт гаргасан.Энэ талаар ... СӨХ болон иргэн Б... нарт өнөөдрийг хүртэл гомдол гаргасаар байгаа боловч шугам сүлжээг өөрчилж бидний эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангаж өгөөгүй.Эдгээр хүмүүсийн үйлдэл болон эс үйлдлийн улмаас 2015-2019 оны хооронд удаа дараа манай гэр бүл гадаад болон орон нутагт амралтаар олон хоногоор амарч явахад манай гэрийн гал зуухны бохирын ус хальснаас болж, гал зуух, коридорийн шал /паркет/ бохирын усанд автаж мөн гэрийн хэрэгсэл, хувцсанд бохирын үнэр шингэж, ашиглах боломжгүй болгосон.Б... нь 2016 онд подволын хаалга гаргасан хэсгээр манай гэрийн цонхон доор өргөтгөл хийж, барилга барьсан.Энэ талаар ... СӨХ-ны захирал Ө.Р..., нягтлан бодогч Д.Б..., Дүүргийн газрын албанд хандсан боловч ... СӨХ ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрсэн.Иймд ... СӨХ-ны өмнөх удирдлага болох Ө.Р..., одоогийн удирдлага Д.Б... нарын буруутай үйлдэл болон эс үйлдлийн улмаас бидний эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагч Д.У... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2012 он хүртэл сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө төлсөн, 2012 онд манай гал тогооны тосгуураас дээд айлуудын бохир гарч шалаар урсаж эхэлсэн.Сантехникч дуудан үзүүлэхэд манай эгц доош байх ёстой шугамыг подвалд үйл ажиллагаа эрхэлж байсан хүмүүс подвалоо тохижуулахдаа хоолойг 90 градус нугалан, буруу байрлуулснаас үүдэн дээд хэвтээ хоолойд дээд айлуудын бохир бөөгнөрч худаг руугаа орохгүй манай тосгуурт орж ирээд байгаа.Энэ тухай СӨХ-нд хандсан боловч янзалж өгөөгүй, өнөөдрийг хүртэл бохир гардаг хэвээр байна.Үүнийг янзалж өгвөл мөнгөө өгнө, манайх бохир орчинд амьдраад хэцүү байна.Дээд айлуудаас угаалгын машинаа гал тогоондоо байрлуулсан айлууд байдаг бөгөөд угаалгын машины ус шахагдан тостой хоолойноос гарч чадахгүй буцаад манайх руу ордог.Гал тогооны ус халуун ирдэггүй тул би өөрөө ус буцалгаж тосгуурт хийж, хааяа тос хайлуулах бодис хийдэг.СӨХ арга хэмжээ авч өгөхгүй байгаа тул төлбөрийг нь өгмөөргүй байна.СӨХ-ны хуучин дарга подвалыг найздаа 10 000 000 төгрөгөөр зарсан гэж сонссон.Тухайн худалдан авсан залуу подвалийн битүү ханыг цоолон хаалга гаргаж байхад нь нөхөр бид 2 болиулах гэсэн боловч хэл амаар доромжилсон тул Баянгол дүүргийн цагдаад хандсан.Цагдааг ирсний дараа тухайн үйл ажиллагаагаа зогсоон, явсных нь дараа нүдсээр байгаад хаалга гаргасан.Үүний дараа шугам сүлжээг өөрчлөн, өргөтгөл барьсан.Тухайн залууд нийтийн эзэмшлийн талбайг ашиглахдаа сантехникийг өөрчиллөө гэж шаардлага тавихаар сүрдүүлдэг.Сууц өмчлөгчдийн холбооны одоогийн дарга Буянцэцэг ч хэлж яриад хүчрэхгүй байгаа. Хэдий орон сууцаа цэвэрлэж арчилдаг ч айлуудын бохир орж ирдэг тул бохир орчинд амьдардаг.Би 10-14 насны 2 хүүхэдтэй, тэд маань төрснөөсөө хойш бохир орчинд амьдарч байгаа. Мэргэжлийн хяналтын газрын хүмүүс тухайн бохироос гардаг үнэрийн хэмжээг тогтоох боломжгүй гэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь хариуцагч Д.У...т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 1 219 740 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Д.У... нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 37 дугаар байрны 4 тоотод байршилтай орон сууцны өмчлөгч байх бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2012 оны 1 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны 1 219 740 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөрийн жагсаалт, болон зохигчдын тайлбараар баримтаар нотлогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж заасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх бөгөөд энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үздэг.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан тухайгаа баримтаар нотлоогүй бай тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар хариуцагчийн тайлбарт дурдаж байгаа үйл баримт нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Д.У... төлөхгүй байх үндэслэл болохгүй боловч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад хандах эрх нь нээлттэй байна.

Иймд Д.У...ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 426 240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 793 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Д.У...ээс 426 240 /дөрвөн зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг гаргуулан ... Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 793 500 /долоон зуун ерэн гурван мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У...ээс 13 437 /арван гурван мянга дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН