Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/229

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Г.Амартүвшин

Шүүгдэгч                                  Ц.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц******* А*******од холбогдох эрүүгийн 2331000000250 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 13 дугаар баг 31 дүгээр байр 21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дархад ван ургийн овгийн Ц******* А*******,

Регистрийн дугаар: *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А******* нь 2024 оны 09 дүгэр сарын 11-ний өдөр Хьюндай 3000ЛС-7 загварын экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сум 03 дугаар баг Бугант тосгон "Жаргалантын Ам" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 269,94 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 361,020 төгрөгийн шууд хохирол, 838,315 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А******* мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2024 оны 09 дүгэр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны "Жаргалантын Ам" гэх нэршилтэй газар хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-22 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 27-38 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Э******* "... Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дархан Уул аймагт гэртээ байж байтал манай хамаатны дүү болох А******* нь манай гэрт ирээд сонин сайхан у байна ажил төрөл хийж байгаа юу гэх мэтээр яриа өрнүүлж байгаад намайг та маргааш надтай цуг Бугант руу явж ажил хийж болно шүү би ээжтэй ярилцаад экскаваторыг хэсэгтээ хэрэглэхээр болсон та цуг яваад туслахаар ажиллаад өгөөч би Бугантын Жаргалант гээд газарт алт ухах гэж байгаа гэсэн би тухайн үед цалин хөлсөө тохирч байж л явахгүй бол гэж хэлтэл тэгнээ хоёулаа ахаа танд өдрийн 100.000 /нэг зуун мянган төгрөг/ өгнө гэж хэлсэн тэгээд би бодож байгаад ажилгүй байгаа юм чинь тохироод явахаар болж хэзээ явах талаар асуухад маргааш өглөө эртхэн гарна шүү гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө намайг гэрийн гаднаас өөрийнхөө prius-41 маркийн тээврийн хэрэгслээр ирж авсан бид хоёр шууд Бугант руу гарч өдөр 13 цагийн үед очсон байх тэгээд А*******ын ээж, аавынд нь очиход Энхжаргал эгч гэртээ ганцаараа байсан хашаанд нь Hyundai Robex 2900LC-3 маркийн шар өнгийн экскаватор байсан би А*******той асааж шалгаж үзээд колонкоос 400 литр дизель түлш хуванцар тус бүртээ 200 литрийн багтаамжтай саваар авч экскаваторын банкийг нь дүүргэсэн тэгээд бас тэр хашаанд нь алт угаах төхөөрөмж гээд төмөр гитаран буу байсан тухайн үед А******* энэ минийх хүнээс авч байсан, бас усны помп, шланк бүгд байгаа ахаа явахад бэлэн гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой 23 цаг нэлээд өнгөрсөн байхад бид А******* нөгөө экскаватораа асааж өөрөө жолоодож, алт угаах төхөөрөмжийг шанаганаас нь өлгөж би Toyota Land -80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож цуг араас нь дагаж явсан Жаргалант газар луу би мэдэхгүй болохоор А*******ыг дагаад л явсан 4-5 цаг яваад л очсон тийм хол газар байгаагүй шөнө очсон яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна гадаа яг үүр цайрч гэгээ орж байсан тэгээд тэр газраа экскаватор, гитаран буу бусад эд зүйлүүдийг нууж үлдээчхээд буцаад Бугантын төв рүү буцаж очоод өдөр болтол унтаж амарсан... А******* хоол хүнс, ойр зуурын хэрэглэх хөнжил гудасаа бэлдээд орой харанхуй болохоор гараад тэгээд очоод шууд ажиллая ахаа гэсэн тухайн үед би хаана хонож амрах юм гэсэн чинь машиндаа л унтъя нэг хэсэгтээ тэгж байгаад майхан барьчихъя гэж хэлсэн орой харанхуй болонгуут бид хоёр нөгөө А*******ын Toyota Land -80 маркийн тээврийн хэрэгслээр Жаргалантын Ам гэх газар луу явсан оройны 22 цаг л болж байсан байх би цаг хараагүй А******* дүү өөрөө нөгөө Hyundai Robex 2900LC-3 маркийн экскаваторыг нуусан газраасаа жолоодож гаргаж ирээд бас алт угаах төхөөрөмж гитаран бууг чирээд нэг газарт байрлуулсан тэгээд намайг 2 ширхэг ус татах насос помпоо гаргаж ирээд голын эрэг дээр тавьчих бас шланкуудаа холбочих түлхүүр багажаа авч яваад гэж хэлсэн би тухайн үед хэлснээр нь хийсэн. Харин А******* өөрөө нөгөө Hyundai Robex 2900LC-3 маркийн экскаватораар газар ухаж эхэлсэн хөрсийг нь хуулаадахъя эхлээд тэгээд алтны баяжмалтай шороог гаргаж ирээд угааж эхэлье гэж хэлээд бараг 1 цаг гаран хугацаанд экскаватораар тасралтгүй ухсан 2 хэсэг газарт ухсан тэгээд байж байтал экскаваторын баруун талын явах эд анги болох гинж мултарч гахай пүрш нь хугарчихсан тэгээд дөнгөж А******* бид хоёр янзлаад байж байтал цагдаа бас байгаль орчны алба хаагчид ирээд хууль бусаар газар ухаж алт олборлож байна гээд зогсоосон... Үгүй ээ надад Бугант тосгоны Жаргалантын Ам гээд газарт тэгж алт олборлох ухах тусгай зөвшөөрөл байхгүй. А******* намайг цугтаа дагуулж явсан байгаа эсэхийг нь мэдэхгүй байна... Дээрх Бугант тосгоны Жаргалантын Ам гээд газарт ашигт малтмал алт олборлох хууль бус үйлдлийг А******* өөрөө зохион байгуулсан. Миний хувьд гуйж цугтаа яваад өгөөч цалин өгнө гэхлээр нь явсан хууль бусаар ухаж алт олборлох гэж байсныг нь мэдээгүй. Мөн Бугантын Жаргалантын Ам гээд газарт хууль бусаар ашигт малтмал алт олборлоход, газар ухахад ашигласан Hyundai Robex 2900LC-3 маркийн экскаваторыг А******* надад хэлэхдээ манай ээж Эх, бусад алт угаах төхөөрөмж гитаран буу, ус татах насос помп зэрэг эд зүйлүүдийг би өөрөө хүнээс авсан минийх гэж ярьж байсан... Жаргалантын Ам гэх газарт хууль бусаар ашигт малтмал алт олборлох зорилгоор газар экскаватораар ухсан хүн бол А******* дүү өөрөө байсан бас зохион байгуулсан... Үгүй ээ тухайн үед зөвхөн А******* дүү Hyundai Robex 2900LC-3 маркийн экскаватораар газар ухсан хөрсийг нь хуулж хоёр тийш нь шидээд байсан бас экскаваторынхаа урд талд овоолоод байсан. Харин алт угаах төхөөрөмж гитаран бууг ашиглаж угаалга хийж амжаагүй байсан алт гарах шороондоо хүрээгүй байна гэж А******* хэлж байсан экскаваторт эвдрэл гарсан болохоор засаж байсан. Хэрэв экскаватор эвдрээгүй байсан бол ухаж байгаад угаалгаа эхлэх байсан би бүгдийн ажиллахад нь бэлэн болгоод холбочихсон байсан. Мөн алт олоогүй угаалга хийгээгүй байсан" гэх мэдүүлэг,/хх-ийн 55-57 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Э өгсөн:’’.... Тиймээ надад экскаватор байгаа Hyundai Robex 2900LC-3 маркийн шар өнгийн экскаватор байдаг. Миний эзэмшлийн Hyundai Robex 2900LC-3 маркийн экскаваторын бичиг баримт нь бол байхгүй хуучны дээр үеийн экскаватор би 2018 онд худалдаж авч байсан. Улаанбаатар хотоос тухайн үед бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагааa явуулах зорилгоор авч байсан. Би Бугант Баян Уул нэртэй бичил уурхайн нөхөрлөлийн гишүүнээр үйл ажиллагаа явуулж байсан гэвч бичил уурхайг Монгол Улсын засгийн газраас 2019 онд болиулсан цагаас хойш хашаандаа байлгаж байгаа. Мөн арлын дугаар нь намайг худалдаж авахад л байгаагүй хуучин эвдрэл ихтэй, бичиг баримтгүй экскаватор байсан. Тиймээ миний төрсөн хүү Ц.А******* нь Бугант тосгоны Жаргалантын Ам гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон газар ухсан гэдгийг би цагдаад баригддаг өдрийн маргааш нь мэдсэн өөрөө надад болсон асуудлыг хэлсэн. Манай хүү Ц.А******* нь миний эзэмшлийн Hyundai Robex 2900LC-3 маркийн экскаваторыг сарын өмнөөс бараг над руу залгаад гуйж эхэлсэн хөдөө уурхайд түрээслүүлье би өөрөө жолоочийг нь хийчихнэ ээж гээд байсан би ч тухайн үед шийдтэй хариу өгөөгүй байж байгаад сая 09 дүгээр сарын 08-ны өдөр байх уурхайд түрээслүүлэх юм бол тэгээ түрээс мөнгөө сайн тохироорой гэж хэлээд авсан. Тэгээд би хэзээ ирж авч явахын гэсэн чинь маргааш цуг уурхайд ажиллах манай хадмын талын хамаатны хүнээ аваад очин ажиллагаа хэвийн байгаа юу ээж гэхлээр нь тиймээ зүгээр л ажиллаж байсан даа гэж хэлсэн. Тэгээд маргааш танихгүй нэг залуутай ирсэн Дархан Уул аймгаас нөгөө миний экскаваторыг асааж үзээд бас түлш авчирч хийгээд уурхай руу оройдоо явна хэлээд тухайн өдрийнхөө орой шөнө экскаватораа асаагаад явсан би яг хаана аль уурхайд түрээслэх талаар нь асуугаагүй нь миний буруу болсон байна ядаж гэрээ хийх талаар нь асууж цугтаа явж тодруулдаг байж гэж сүүлд нь бодсон бас тэр шөнөө буцаад нөгөө хүнтэйгээ ирсэн манай хүү А******* нөгөө танихгүй залуутай. Маргааш нь өглөө нь унтаж байгаад өдөр сэрсэн байх би хүү А*******оос юу болсон уурхай дээрээ аваачаад тавьчихсан юм уу гэж асуухад тиймээ ээж орой явна ойр зуурын зүйлээ бэлдчихээд гэж хэлсэн би манай нөхөр Цогбадрах нь бүдүүн гэдэсний түгжрэл болоод хагалгаанд ороод эмнэлгээр явж байгаа болохоор хүү А*******оос хаашаа хаана түрээсэлсэн гэж нарын юм асуугаагүй нь буруу юм болсон байна. Би тэгж хууль бусаар алт олборлоно гэдгийг нь мэдсэн бол хэзээ ч хүү А*******од өгч явуулахгүй байсан зөндөө уйлж хүүгээ буруутгасан аав нь хүнд өвчтэй хагалгаанд орчихсон эмнэлэгт Зайхад надад бас нэг дарамт үүсгэж байна. Мөн би үнэхээр хууль бусаар тэр Жаргалантын Ам гээд газарт ажиллах гэж байсныг нь мэдээгүй. Би хаанаас тэр алт угаах төхөөрөмж гитаран бууг авсан талаар нь мэдэхгүй байна. Би 2018 онд худалдаж авахдаа 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянган төгрөгт/ авч байсан. Тэгэхдээ одоо бол хуучирч муудсан миний 2018 онд худалдаж авсан үнэнд хүрэхгүй байх. Мөн би худалдаж авахдаа тэгж худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй авч байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Б өгсөн: “...Би Монгол алт нэртэй газарт найз Чинзоригийн хүсэлтийн дагуу түүний экскаваторыг янзлах зорилготой энэ оны 07 дугаар сарын 17-ны өдөр очсон. 07 дугаар сарын 18-ны өдөр бүтэн өдөржингөө техник янзалж өнжсөн. Тэгээд бид нар байрлаж байсан вагончигноос зүүн хойно 100 орчим метр зайд байрлах газрыг ухсан. Ухсан шороогоо алт угаах төхөөрөмж ашиглан 1 удаа ялган авсан ба тухайн газраас хэд орчим грамм алт угаасан талаар мэдэхгүй байна. Би алт угаах тэр үйл ажиллагааг сайн мэддэггүй. Тэгээд тухайн газраас дахин алт ялган авах зорилгоор газар ухаж ухсан ашигт малтмалаа боловсруулж байх үед цагдаа нар ирсэн. Чинзориг бүх ажиллагааг зохион байгуулж байсан.Н.Чинзориг экскаватор жолоодсон, Энх-Отгон бид хоёр бусад үйл ажиллагаанд тусалж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Э өгсөн: “... Миний нэр дээр "Hyundai robex 3000-LC-7" загварын экскаватор тээврийн хэрэгсэл байхгүй. Уг экскаваторыг би бүртгэлтэй байдаг. Өөр бүртгэлтэй 2018 онд Улаанбаатар хотоос хувь хүнээс 28 гаруй сая төгрөгөөр худалдан авч байсан санагдаж байна. Яг хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө экскаваторын бичиг баримт байхгүй гэж мэдүүлсэн. Би тухайн үед бичиг баримтаа хайгаад олохгүй байсан болохоор намайг олж ирээрээ гэхээр нь би гэрчилгээгээ олсон. Миний нэр дээр дээрх мэдүүлсэн "Hyundai robex 3000-LC-7" загварын экскаватор ганцхан ширхэг байгаа. Надад өөр ямар нэгэн экскаватор байхгүй. Би танд бичиг баримтаа одоо хуулбарлаж өгнө. Миний экскаватор нь гадна талаас харахад будаг нь халцарсан хуучирсан бичгүүд нь муудаж арилсан арлын дугаар нь унаад номер нь бас алга болсон. Өмнө нь би экскаватороо уурхайд түрээслүүлэхэд нэлээд хуучирч муудсан. Уг экскаваторыг дунд хүү Ц.А******* намайг байхгүй хооронд хашаанаас ирээд аваад явсан байсан. Өмнө нь мэдүүлэг дээр андуураад "Hyundai robex 2900" гэж буруу хэлсэн байна лээ. Би ч гэрчилгээгээ хараад буруу хэлсэн байна гэдгээ мэдсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 67 дугаар хуудас/,

Ашид билгүүн" ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТXY-824/10842 дугаартай шинжээчийн "Хьюндай 3000ЛС-7 загварын экскаватор 8,250,000 төгрөг, алт угааp төхөөрөмж буюу гитаран буу 500,000 төгрөг, ус татах насос 2 ширхэг 500,000 төгрөг, 40 метр шаланк 140,000 төгрөг нийт 9,530,000 төгрөг" гэх үнэлгээ, /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

"Нуман алтай" ХХК-ны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/66 дугаартай экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 269,94 м2 бүхий талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 302,208 төгрөг, эдэлбэр газарт 214 төгрөг, хөрсний бүрхэвчинд 2,719 төгрөг, ургамлын нөмрөгт 28,880 төгрөг нийт 361,020 төгрөгийн хохирол учруулсан байна.Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 532,728 төгрөг гарсан болно" гэх экологи эдийн засаг хохирлын үнэлгээ, /хх-ийн 85-116 дугаар хуудас/,

Улсын байцаагчийн акт /хх-ийн 121 дүгээр хуудас/,

Хьюндай робекс 3000ЛС-7 загварын экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 134 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 125 дугаар хуудас/,

Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 128 дугаар хуудас/,

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 129 дүгээр хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 130 дугаар хуудас/,

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 150 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 158-159  дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч гэмт хэрэг Ц.А******* нь 2024 оны 09 дүгэр сарын 11-ний өдөр Хьюндай 3000ЛС-7 загварын экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сум 03 дугаар баг Бугант тосгон "Жаргалантын Ам" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 269,94 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 361,020 төгрөгийн шууд хохирол, 838,315 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Э******* өгсөн мэдүүлэг, /хх-55-57  дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Э өгсөн мэдүүлэг, /хх-60-62 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Э өгсөн мэдүүлэг, /хх-ийн 67 дугаар хуудас/,

Ашид билгүүн" ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТXY-824/10842 дугаартай шинжээчийн үнэлгээ, /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

"Нуман алтай" ХХК-ны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/66 дугаартай экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 86-116 дугаар хуудас/,

Улсын байцаагчийн акт,/хх-ийн 121 дүгээр хуудас/,

Хьюндай робекс 3000ЛС-7 загварын экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 134 дүгээр хуудас/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А*******ын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.А******* нь үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно, мөн хуулийн 7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч Ц.А******* нь тус тус зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч Ц.А*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж , байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна. Иймд шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Ц.А******* нь байгаль экологид 361,020 төгрөгийн хохирол, 838,315 төгрөгийн хор уршиг, нөхөн сэргээх ажлын зардал болох 532,728 төгрөгийн хохирол учруулсныг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Ц.А******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ Хьюндай робекс 3000ЛС-7 загварын экскаватор,  алт угаах төхөөрөмж, ус татах насос буюу помп, усны шланк зэргийг ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд дээрх экскаватор нь иргэний нэхэмжлэгч Ц.Э эзэмшлийнх болох нь Авто тээврийн газрын лавлагаагаар нотлогдож байна.

Иймд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Ц.А*******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, үнэлгээний байгууллагаар 8,250,000 төгрөгөөр үнэлэгдсэн Ц.Э өмчлөлийн Хьюндай робекс 3000ЛС-7 загварын экскаваторыг эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнэ 8,250,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн үнэлгээний байгууллагаар 500,000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж 1 ширхэг, 500,000 /250,000*2/ төгрөгөөр үнэлэгдсэн ус татах насос буюу помп 2 ширхэг, 280,000 /140,000*2/ төгрөгөөр үнэлэгдсэн усны шланк 2 ширхэг зэргийг битүүмжлэлээс чөлөөлж тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.А******* нь  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ц.А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” -ын дагуу, шүүгдэгч Ц.А******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Ц.А*******од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзсэн боловч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд учруулсан хохирол нь байгаль орчинд нөхөгдөшгүй хохирол, хор уршиг гэж дүгнэсэн учир хөнгөрүүлэх нөхцөлд тооцоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал учруулсан хохирол, хор уршгийг төлсөн зэргийг харгалзан Ц.А*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 1 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай робекс 3000ЛС-7 загварын экскаватор, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос буюу помп 2 ширхэг, усны шланк 2 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10,  36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархад ван ургийн овогт Ц******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц******* А*******ыг  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/ таван сая  дөрвөн зуун нэгж / төгрөгийн торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.А*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 12 сар буюу 1 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.А******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Ц.А*******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, Ц.Э өмчлөлийн Хьюндай робекс 3000ЛС-7 маркийн экскаваторын үнэлгээний байгууллагаар буюу шинжээчээр үнэлэгдсэн үнэ 8,250,000 төгрөгийг, мөн  үнэлгээний байгууллагаар 500,000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж 1 ширхэг, нэг бүрийн үнэ 250.000  төгрөгөөр үнэлэгдсэн  ус татах насос буюу помп 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 140.000 төгрөг үнэлэгдсэн  үнэлэгдсэн усны шланк 2 ширхэг зэргийг тус тус  хураан авч улсын орлогод оруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн Хьюндай робекс 3000ЛС-7 маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Ц.Энхжаргалд буцаан олгосугай.                                              

7.Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай робекс 3000ЛС-7 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос буюу помп 2 ширхэг, усны шланк 2 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Ц.А*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгч Ц.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А*******  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ