| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/03655/И |
| Дугаар | 102/ШШ2022/00053 |
| Огноо | 2021-12-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2022/00053
| 2021 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2022/00053 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:.... байрлах, ... СӨХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:... тоотод оршин суух, Н....ы А...т холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 1 931 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х..., хариуцагч Н.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тус хорооны 37 дугаар байрны 4 тоотын оршин суугч Н... овогтой А... нь 2012 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр 1 931 000 төгрөгийг төлөөгүй байгаа тул дээрхи мөнгийг Н.А...ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.А... шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Баянгол дүүргийн ... тоотод /1 давхар/ 2008 оноос хойш оршин сууж байна.Бид СӨХ-ны болон ашиглалтын төлбөрөө 2012 он хүртэл цаг тухай бүрд нь гарсан тарифын дагуу төлж ирсэн, 2012 оноос хойш ... СӨХ-ны төлбөрийг дараах үндэслэлээр төлж барагдуулаагүй болно.2012 онд ... СӨХ-ны захирал Ө.Р... /хуучин/ болон нягтлан бодогч, ... СӨХ-ны дарга нар нь 37 дугаар байрны зоорийн давхар буюу подвалийг Б...д оршин суугчдын зөвшөөрөл болон бидэнд мэдэгдэхгүйгээр ашиглуулж эхэлсэн ба Б... нь 37 дугаар байрны барилгын хийцийг эвдэн манай цонхон доор хаалга гаргаж, зоорийн давхарын инженерийн шугам сүлжээг өөрчилж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Би зоорийн давхарт хаалга гаргахыг эсэргүүцэж, ... СӨХ болон Дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн газар зэрэгт гомдол гаргасан боловч ... СӨХ-өөс энэ үйл ажиллагааг зогсоох үйлдэл болон эс үйлдэл гаргаж бидэнд туслалцаа үзүүлээгүй.Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтаас Б...г энэ үйлдлээ зогсоохыг албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч зоорийн давхарт шинээр хаалга гаргаж, дотор инженерийн шугам сүлжээг өөрчлөн өөрийн үйл ажиллагаагаа эхэлсэн.Энэ үеэс эхлэн манай гал зуухны угаалтуураар 37 дугаар байрны оршин суугчдын бохир хальж гарч ирж бидний эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах эрхийг ноцтой зөрчиж эхэлсэн.Бид энэ талаар ямар шалтгаанаас болж бохир хальж гарч ирж байгааг тогтоохоор Баянгол дүүргийн ОСНААҮГазарт хандсан.Дээрх газрын дүгнэлтээр танай орон сууцны зоорийн давхрын бохирын шугам сүлжээг целсийн 90 градус хэмтэй өөрчилснөөс болж дээрх айлуудын бохир нь бөглөрөл үүсгэж танай гал зуухны угаалтуураар хальж гарч ирж байна гэж дүгнэлт гаргасан.Энэ талаар ... СӨХ болон Б... нарт өнөөдрийг хүртэл гомдол гаргасаар байгаа боловч шугам сүлжээг өөрчилж бидний эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангаж өгөөгүй.Эдгээр хүмүүсийн үйлдэл болон эс үйлдлийн улмаас 2015-2019 оны хооронд удаа дараа манай гэр бүл гадаад болон орон нутагт амралтаар олон хоногоор амарч явахад манай гэрийн гал зуухны бохирын ус хальснаас болж, гал зуух, коридорийн шал /паркет/ бохирын усанд автаж мөн гэрийн хэрэгсэл, хувцсанд бохирын үнэр шингэж, ашиглах боломжгүй болгосон.Б... нь 2016 онд подволын хаалга гаргасан хэсгээр манай гэрийн цонхон доор өргөтгөл хийж, барилга барьсан.Энэ талаар ... СӨХ-ийн захирал Ө.Р..., нягтлан бодогч Д.Буянцэцэг, Дүүргийн газрын албанд хандсан боловч ... СӨХ арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрсэн.Иймд ... СӨХ-ийн өмнөх удирдлага болох Ө.Р..., одоогийн удирдлага Д.Буянцэцэг нарын буруутай үйлдэл болон эс үйлдлийн улмаас бидний эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.
Хариуцагч Н.А... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... тоотод 2011 оны 7 дугаар сараас эхлэн бороо, цасны ус гоожиж оршин суугч бидэнд 9 жилийн турш хохирол учирч байхад сууц өмчлөгчдийн холбооноос арга хэмжээ авч өгөөгүй, 2012 оны 7 дугаар сард өөрийн орон сууцны дээвэрт засвар хийж холбогдох баримт 360,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбооны дарга Б...д өгсөн боловч одоог хүртэл тооцооноос хасаж өгөөгүй.Дээвэрт засвар хийсний дараа 3-4 жилийн дараа дахин ус гоожсон. Хажуу талын айлууд дээвэртээ засвар хийгээгүй тул нэвчсэн байх, би тухайн байрыг түрээслүүлдэг учир түрээслэх гэж байгаа айлууд засвартай байранд ордог тул жил бүр 330,000 төгрөгөөс 350,000 төгрөгийн завсар хийдэг, 36А байрны дээврийн засварыг 2020 онд хийсэн, үүнээс хойших төлбөрийн талаар сууц өмчлөгчдийн даргатай уулзаж ярилцсан ч өмнөх төлбөрийн асуудлаас болж хоорондоо ойлголцохгүй байгаа.Иймд дээрх нөхцөл байдал болон хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь хариуцагч Н.А...т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 1 931 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Н.А... нь ... тоотод байршилтай орон сууцны өмчлөгч байх бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2012 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны 1 931 000 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөрийн жагсаалт болон зохигчдын тайлбараар баримтаар нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж заасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан тухайгаа баримтаар нотлоогүй бай тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд Н.А...ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 669 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 1 261 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Н.А...ээс 669 600 /зургаан зуун жаран есөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан ... Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 261 400 /нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А...ээс 20 616 /хорин мянга зургаан зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН