Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/00144

 

22 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00144 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... 1 хэсэг, ... гудамж ... тоотод оршин суух ... овогтой ... ийн ... /РД:... /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... байр, ... тоотод оршин суух ... овогтой... ийн ... /РД:... /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

Хариуцагч Б.... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Б.... т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Б.... той 2020 оны 12 сарын 08-ны өдөр 6,200,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12,500,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай тус тус зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг сунгаж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл дээрх 2 зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч Б.... шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, Б.... ын Хаан банк дахь ... дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банк дахь ... дугаартай дансны хуулга, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Б.... ын оршин суух хаягийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргасан. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.... тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 18,700,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч Б.... гэрээний дагуу шилжүүлэн авсан 18,700,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч Б.... нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.... нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 6,200,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12,500,000 төгрөгийг зээлдүүлэх, хариуцагч Б.... нь шилжүүлэн авсан мөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буцаан төлж барагдуулахаар амаар харилцан тохиролцож, уг гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох Б.... 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 6,200,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12,500,000 төгрөг, нийт 18,700,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Б.... ын дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зээлдэгч тал болох Б.... шилжүүлэн авсан 18,700,000 төгрөгийг буцаан төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч Б.... нь 18,700,000 төгрөгийг зээлдэгч Б.... т шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Зээлдэгч Б.... нь Б.... аас шилжүүлэн авсан 18,700,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдүүлэгч Б.... нь зээлдэгч Б.... оос зээлийн гэрээний үүрэгт 18,700,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.... оос зээлийн гэрээний үүрэгт 18,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.... т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.... оос 18,700,000 төгрөг /арван найман сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.... т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.... оос улсын тэмдэгтийн хураамжид 251,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.... т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ