| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0259/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/332 |
| Огноо | 2024-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/332
2024 07 22 2024/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч П.О
Шүүгдэгч У.Н нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Нд холбогдох эрүүгийн 2425000000224 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт У-ын Н,
Холбогдсон хэргийн талаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч У.Н нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 40 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Ц багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” хоолны газраас хохирогч П.Оын самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 366,300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:.
-шүүгдэгч У.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Хохирогч П.Оын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Утсаа л авмаар байна. Би лизингээр авч байсан гэх мэдүүлэг,
- 2425000000224 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-Орхон аймаг Баян-Өндөр сум Ц баг N үйл ажиллагаа явуулдаг “O” нэртэй хоолны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл... гэх тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р тал/
-хохирогч П.Оын мэдүүлсэн:.. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ өөрийн Самсунг А52 маркийн гар утсаа заалны ширээн дээр тавьчихсан байсан гар утсаа хулгайд алдсан юм. Тухайн үед гар утсаа хайгаад олохгүй болохоор нь байгууллагынхаа хяналтын камерыг шүүж үзэхэд гаднаас хар өнгийн хувцастай эмэгтэй орж ирээд ширээн дээр байсан гар утсыг маань аваад халаасандаа хийгээд гарч байгаа дүрс бичлэг байсан болохоор цагдаагийн байгууллагад уг эмэгтэйг олж гар утсаа авахаар гомдол гаргаж байгаа юм. Тухайн үед зааланд үйлчлүүлэгч байхгүй байсан. Хяналтын камерын бичлэгт гаднаас намхан эмэгтэй хүн орж ирээд шууд миний гар утсыг аваад буцаад гарч яваа бичлэг байсан. Миний алдсан гар утас Самсунг А52 загварын хар өнгийн гар утас. Гадуураа өнгөгүй цулгуй гэртэй байсан ба содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сайн электроник дэлгүүрээс 1,099,900 төгрөгөөр худалдаж авсан. Одоо гар утсаа 1,099,900 төгрөгөөр үнэлж байна. Өөрийн гар утсаа олж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
-Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д М 2024 оны 03-р сарын 11-ний өдрийн 34 дугаартай... 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Самсунг А52 загварын гар утасны үнэ 366,300 төгрөг... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-29-р тал/
-Шүүгдэгч У.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн: 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Ц багийн нутаг дэвсгэрт байх И байранд байх нэг хоолны газар руу ороод ширээний дээр байсан гар утсыг нь аваад буцаад гарсан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Тухайн гар утсыг авч гараад хамт архи уудаг танихгүй залууд өгсөн, тухайн залуу гар утсыг зараад архины мөнгө болгоод ирье гэж хэлээд аваад явсан буцаж ирээгүй. Би тухайн хүнийг сайн таньдаггүй, нэг, хоёр удаа архи хамт ууж байсан, царай зүсийг нь санахгүй байна. Тухайн хоолны газарт орсон чинь үүдний хэсэгт хүн байгаагүй. Энэ үед хоолны газрын ширээн дээр нэг гар утас байхаар нь би аваад гараад явсан. Уг гар утсыг зарж мөнгө болгох гэж авсан. Би ийм зүйл хийсэндээ гэмшиж байна, цаашид дахин ийм зүйл хийхгүй, хохирлыг нь барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/
-гэрч Б.Б-ийн мэдүүлсэн:.. 2024 оны 02 дугар сарын сүүлээр 03 сарын эхэнд санагдаж байна. Одоо яг он сар өдрөө нарийн сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ сууж байхад гаднаас үл таних залуу орж ирээд Самсунг А52 маркийн гар утсыг сэлбэгт өгөх гэсэн юм гэж хэлэхээр нь уг гар утсыг авч үзэхэд дэлгэц нь хагарчихсан хар өнгийн Самсунг А52 маркийн гар утас байсан. Тэгэхээр нь хэдэн төгрөгөөр өгөх гэж байгаа юм бэ гэж асуухад тэр залуу замын зардал хийх гэсэн юм энэ утас манай эгчийн гар утас байгаа юм гэж хэлтэл хажуу талд нь намхан бор царайтай эмэгтэй миний утас байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хэдэн төгрөгөөр гар утсаа өгөх талаар асуухад 80,000 төгрөг гэж хэлэхээр нь арай үнэтэй байна энэ гар утасны чинь палад ажиллахгүй бол яах юм бэ гэж хэлээд 60,000 төгрөгийг тэр намхан эмэгтэйд өгтөл тэр хоёр гараад явсан. Би уг гар утасны паладыг Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд амьдардаг гэх залуу Самсунг А52 маркийн гар утасны палад солиулах гээд орж ирэхээр нь тавиад өгөөд явуулсан.Тухайн залуу манай эгчийн гар утас байгаа хөдөө явах гэсэн чинь зардлын мөнгө дутаад байна гэж хэлээд зарсан эгч нь гэх намхан бор царайтай эмэгтэй хажуу талаас нь миний гар утас байгаа гэж хэлээд мөнгийг нь аваад явсан. Би тухайн үед төлбөрийг нь дансаар хийнэ гэж хэлтэл уг эмэгтэй бичиг баримтаа хаячихсан учраас мөнгөө дансанд хийж болохгүй байна. Бэлнээр авъя гэж хэлээд 60,000 төгрөг тоолж өгсөн. Би тухайн үед тэр эгчийн зургийг өөрийнхөө гар утсан дээр дарж авсан байгаа. Одоо тэр эмэгтэйг харвал танина. Зураг нь миний утсанд дээр байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 42-44-р тал/
-гэрч Ч.Л-ын мэдүүлсэн:.. 2024 оны 03 сарын 10-ны өдөр санагдаж байна. Надаар манай сумын хүн Самсунг А52 маркийн гар утсаа янзлуулахаар өгсөн ба уг гар утасны паладыг нь Орхон аймаг Б сум С багийн нутаг дэвсгэрт байрлах Теди гар утасны төвийн 3 давхарт суудаг гар утас засдаг залуугаас Самсунг А52 маркийн гар утасны паладыг нь авч янзлуулаад гар утсаа шалгахаар өөрийнхөө сим картыг хийж үзсэн юм. Тэгээд энэ утасны имей кодоор нь миний нэр дээр гарч ирсэн байна. Гар утас янзлуулахаар ороход засварчин залуу дэлгэц нь хагарчихсан гар утас байгаа энэ гар утасны паладыг нь тавиад өгье гэж хэлээд паладыг нь сольж өгсөн. Ямар нэгэн зүйл хэлээгүй. Надаар Самсунг А52 маркийн гар утсаа янзлуулдаг залуу Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд хөдөө байдаг залуу байгаа юм. Тэр залуугийн гар утасны дугаарыг мэдэхгүй. Хааяа сум орж ирдэг хүн байгаа юм. Би тэр залууг танина. Теди төвийн 3 давхарт суудаг залуу байгаа. Би гар утасны паладаа 90,000 төгрөгөөр солиулсан байгаа.. гэх мэдүүлэг /хх-ийн 65-р тал/
-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 274 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-68-р тал/зэрэг нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Н нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 40 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Ц багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” хоолны газарт орж заалны ширээн дээр байсан П.Оын Самсунг А52 загварын гар утсыг зөвшөөрөлгүй нууцаар авч 366,300 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, үзлэгийн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч У.Н нь бусдын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг зөвшөөрөлгүй, нууцаар авсны улмаас бусдад 366,300 төгрөгийн шууд хохирол учирсан шалтгаант холбоотой байдал дээрхи нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Шүүгдэгч У.Нгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогчид 366,300 төгрөг гаргуулан олгох саналтай гэж,
-шүүгдэгч У.Н өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байна. Хохирлоо төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоол зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрийг төлсөн, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч эрхэлсэн ажилгүй, орлогогүй байдал, шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа зөрчиж албадан ирүүлж байсан зэргийг харгалзан хуульд заасан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэж,
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж шүүх хуралдаанд: Надад санал байхгүй, архины хамааралтай болсон гэжээ.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч У.Н нь хохирогч П.Од учирсан 366,300 төгрөгийн хохирлыг төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авч хохирлыг, шинжээчид төлсөн төлбөрийн хамт төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Шүүгдэгч 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 14 хоног цагдан хоригдсон, 7 дугаар сарын 16-наас 5 хоног цагдан хоригдсон байх тул нийт 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор заалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт У-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Нгийн цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ