Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00210

 


2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00210 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ...  дугаар хороо ... гудамж, ... тоотод байрлах ... ХХК /РД:... /

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, .гудамж, ... байрлах ... ХХК /РД:... /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 5,748,435 төгрөг, алданги 2,356,858 төгрөг, нийт 8,105,293 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,

Хариуцагчийн төлөөлөгч: ...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК нь ... ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 5,748,435 төгрөг, алданги 2,356,858 төгрөг, нийт 8,105,293 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Гүйцэтгэгч тал болох ... ХХК гэрээнд заасан ...ын зочид буудлын барилгын С2 хэсэг 14 давхарт ... загварын 4 ширхэг цонх үйлдвэрлэн угсарч суурилуулах, захиалагчийн 2 ширхэг цонхыг суурилуулах болон 1 ширхэг метал хаалга үйлдвэрлэн угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр алданги гаргуулахаар шаардаж байна.

 

2. Хариуцагч ... ХХК-аас гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хийлгэсэн шилний пормат нь том хэмжээтэй, зардаг газруудаас асуухаар байхгүй байсан материалын хомсдолд ороод хийх гэж хугацаа алдсан. Бидний зүгээс бэлэн мөнгө гаргаж өгөх боломжгүй байна, нэхэмжлэгчийн захиалсан цонх, хаалга нь бэлэн болсон. Тэдгээрийг зарагдахаар төлбөрийг нь буцааж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагын алдангийг хасаж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ... ХХК болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ... ХХК-аас ... ХХК-нд 5,748,435 төгрөгийг 21-1377 тоот гэрээний урьдчилгаа санхүүжилт гүйлгээний утгаар шилжүүлсэн цахим гүйлгээний баримт, алдангийн тооцоо, ... ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21/248 дугаартай ... ХХК-нд шаардлага хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагчаас ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.                Хариуцагч ... ХХК-аас 5,748,858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,356,858 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.                Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гүйцэтгэгч тал болох ... ХХК нь ...ын зочид буудлын барилгын С2 хэсэг 14 давхарт ... загварын 4 ширхэг цонх үйлдвэрлэн угсарч суурилуулах, захиалагчийн 2 ширхэг цонхыг суурилуулах болон 1 ширхэг метал хаалга үйлдвэрлэн угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 5,748,858 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д зааснаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн алданги 2,356,858 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.                Хариуцагч ... ХХК ажлын үр дүнг захиалагчид шилжүүлээгүйтэй маргаагүй, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй шалтгаанаа тухайн үед материалын хомсдолд үүссэн, мөн алданги төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

4.                Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд ... өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч тал болох ... ХХК Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын зочид буудлын барилгын С2 хэсэг 14 давхарт ... загварын 4 ширхэг цонх үйлдвэрлэн угсарч суурилуулах, захиалагчийн 2 ширхэг цонхыг суурилуулах болон 1 ширхэг метал хаалга үйлдвэрлэн угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал болох ... ХХК нь ажлын хөлс 11,496,870 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь гэрээ, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Нэхэмжлэгч ... ХХК дээрх гэрээний 3.3.1-т зааснаар урьдчилгаа төлбөрт 5,748,435 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч ... ХХК гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй шалтгаанаар гэрээнээс татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид шилжүүлээгүйтэй холбогдуулан ... ХХК-аас гэрээг цуцлах талаар ... ХХК-нд мэдэгдсэн болох нь ... ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21/248 дугаартай ... ХХК-нд шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч ... ХХК нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 5,748,435 төгрөгийг хариуцагч ... ХХК-аас буцаан шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний 5.1-т Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасан тул алданги гаргуулах шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ. Хуульд зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүргийн биелэлтийг шаардаж байгаа тохиолдолд тэрхүү гүйцэтгэгдээгүй үнийн дүнгээс тооцохоор хуульчилсан.

Нэхэмжлэгч ... ХХК нь гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд энэ нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаа явдал юм. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д заасан алданги шаардах зохицуулалт нь дээрх хуульд заасны дагуу гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардлагатай холбоотой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, харин гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги тооцож нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ... ХХК-аас ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 5,748,858 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 2,356,858 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ... ХХК-аас 5,748,858 /таван сая долоон зуун дөчин найман мянга найман зуун тавин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,356,858 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,635 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 106,925 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ