| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0384/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/393 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/393
2024 09 26 2024/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2425000000326 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....................... ........................ тоотод оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Ч овгийн Б-ийн Б. /регистрийн дугаар 0000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ........................ ........................ тоотод хохирогч Т.Нийн нүүрэн тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн гарын бугуйд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Б. мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Н шөнийн 12 цагт согтуу орж ирээд хоол архи нэхээд байсан.Тэгээд маргалдаад зодолдсон.Яв гэхэд явахгүй байсан тул би хатгасан.Би бас согтуу байсан юм.Шархыг нь 3 удаа боолт хийлгэж нэмж 90,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2425000000326 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р тал/
-Хохирогч Т.Нийн мэдүүлсэн:2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шөнийн 23 цагийн орчимд ........................ ........................ тоот Б ахынд очсон. Харих замд Б ахынх гэрэлтэй болохоор нь утсаа цэнэглэх санаатай орсон. Намайг ороход Ч, О ах хоёр унтаж байсан. Б ахад гар утсаа жаахан цэнэглэе гэхэд цэнэглэгчээ өгсөн. Надад стандарт нэртэй архи хундагалж өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд би Ч ахыг сэрээгээд харьж унт гэхэд босоод надаас түрүүлээд гараад явсан. Би араас нь утсаа асаачихаад гараад явж байтал Б ах дуудсан. Эргээд харахад миний баруун талын завьж руу заазуураар зүссэн. Дахиж далайхад зүүн гараараа хамгаалахад заазуураар зүсэгдсэн. Тэгээд би шууд хашаа даваад зугтаасан. Араас “ би шорон санаатай шүү” гэсэн. Намайг цохиж зодоогүй. Заазуураар завьж болон гар зүссэн. Миний сэтгэцэд учирсан хор уршиг алга. Тиймээс тогтоолгох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-р тал/
-гэрч Т.Бийн мэдүүлсэн:.. 2024 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай төрсөн дүү ТН нь ........................ийн 18-35 тоотод ээж дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, бусдад хутгалуулсан гээд орж ирсэн. Би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаартай “..Т.Нийн биед баруун хацар, зүүн гарын бугуйд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн, тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/
-Шүүгдэгч Б.Б. яллагдагчаар мэдүүлсэн:...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ...Гэртээ орж ирээд байж байтал Ч арын хашаа даваад манайд согтуу орж ирээд надтай ганц шил архи уусан. Тэгж байгаад Ч тасраад унтаад өгсөн. Би ч бас дуг хийгээд байж байтал Н манайд ороод ирсэн. Орж ирэхэд нь би сэрсэн. Надаас хоол нэхэхээр нь би цуйван байсан болохоор халуун тогоонд байгаа халаагаад ид гэхэд хүйтнээр нь идээд байсан. Тэгээд ширээ нь дээр тал шил архи байхаар нь би Нт хийж өгсөн. Цаадах чинь согтуу байсан болохоор уухгүй байсан. Тэгснээ унтаж байсан Чг сэрээгээд гар харь гээд явуулчихсан. Тэгэхээр нь би Н өөрийг нь гар яв би хаалга үүдээ түгжмээр байна гэхэд явахгүй надаас архи нэхээд байхаар нь би хохирогчийг гарч явахад нь довжоон дээр дуудаад эргэж харахад нь заазуураар баруун талын завьж хэсэг рүү нь зүсчихсэн...Мөн гарыг нь зүсчихсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би уучлалт гуйж хохирол төлсөн. Эмчийн мөнгө төгрөг бүрэн төлж өгсөн. Хувцас хунарыг нь сольж өгсөн. Уучлалт гуйгаад намар аваарай гээд адуу өгсөн. Шөл ууг гээд нэг хонь өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31-р тал/,
-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-39-р тал/
-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-нийн өдрийн 71 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн -р тал/ зэргийг нотлох баримтаар судлав.Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ........................ ........................ тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт нь орж ирсэн Т.Нийг “унтаж байсан хүнийг сэрээлээ,хоол архи нэхлээ” гэж шалтаглан нүүрэн тус газар,гар хэсэгт нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн гарын бугуйд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Б. үйлдлийн улмаас Т.Нийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Т.Нийн мэдүүлсэн...Эргээд харахад миний баруун талын завьж руу заазуураар зүссэн. Дахиж далайхад зүүн гараараа хамгаалахад заазуураар зүсэгдсэн. Тэгээд би шууд хашаа даваад зугтаасан. Араас “ би шорон санаатай шүү” гэсэн. Намайг цохиж зодоогүй. Заазуураар завж болон гар зүссэн....гэх мэдүүлэг, гэрч Т.Бийн:.. 2024 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай төрсөн дүү ТН нь ........................ийн 18-35 тоотод ээж дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, бусдад хутгалуулсан гээд орж ирсэн …гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаартай “..Т.Нийн биед баруун хацар, зүүн гарын бугуйд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн, тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”....гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Б. хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ........................ ........................ тоотод хохирогч Т.Нийн нүүрэн тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн гарын бугуйд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,
- шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны байнгын хэрэглээ, бие хүний төлөвшилгүй байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Бийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
ялын биелэлтийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ