Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1354

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Б, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1699 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906035462226 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бгийн Б, 1992 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт;

            Шүүгдэгч Б.Б нь урьдын харилцааны явдалд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр С.Бд “байр худалдаж авахад мөнгө дутаад байна, 7 хоног зээлээч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч С.Б Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн 5047141577 дугаартай Хаан банкны данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 5.200.000 төгрөгийг 5013201129 дугаартай өөрийн данс руу шилжүүлэн авч, бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Бгийн Бг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 5.200.000 төгрөг гаргуулан хохирогч С.Бд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бгийн 11 настай хүү Б.Б, 5 настай хүү Э.Х, 2 настай охин Б.А нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 28 настай, эмэгтэй, 2-11 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Миний бие иргэн Баас 5.200.000 төгрөгийг зээлэн авч тохирсон хугацаандаа төлж барагдуулж чадаагүй. ...Өөрийн үйлдсэн хэрэгтээ туйлын их харамсаж байна. Хохирогчид өөрийн ажлын орлогоороо цувуулан төлж барагдуулъя гэсэн боловч бөөнөөр нь авна гэсэн учир цалингаасаа хуримтлал үүсгэн цуглуулж байсан. Хуулийн мэдлэггүй улмаас анхан шатны шүүх хуралд нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд надад хохирлыг барагдуулах 5 хоногийн хугацааг олголгүй 1 жил хорих ял оноосон тул гэм хорыг арилгах боломжгүй болсон. Би бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхиж, хүүгээ сургуульд явуулах боломжгүй, сургууль завсардах эрсдэл учраад байгаа, мөн гэм хорын төлбөрийг төлж барагдуулан хохирогчийг санал, гомдолгүй болгон шүүх хуралдаанд оролцож байгаа тул надад бага насны 3 хүүхдээ асран хамгаалах боломж олгон анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь хохирлоо 5-6 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлж, цалингаа бага багаар цуглуулж байгаа гэдгээ хэлсэн. Иймд өмгөөлөгчийнх нь хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх саналыг гаргасан. Мөн хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй, бага нь 2 настай учраас ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү, боломжгүй гэж үзэх юм бол ялыг нь хойшлуулж өгнө үү гэх саналыг тухайн үед гаргаж байсан. Шүүгдэгч Б.Б нь хохирлоо төлөхөөр мөнгө цуглуулж байсан. Цуглуулсан 500.000 төгрөгийг нь аваад хохирогчийн данс руу нь шилжүүлсэн баримтыг шүүхэд гарган өгч байна. Шүүгдэгч Б.Б нь анхнаасаа гэм буруугаа ойлгож, гэмшиж ирсэн. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй талаараа анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн ба бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан эрх зүйн байдлыг нь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй, зөв дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бд торгуулийн ял оногдуулах гэхээр хохирлоо төлөөгүй хүн торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 6 сарын хугацаанд хохирогчид хохирлыг барагдуулаагүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд прокуророос анхан шатны шүүх хуралдаанд хорих ялын санал гаргасан. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “байр худалдаж авахад мөнгө дутаад байна, 7 хоног зээлээч” гэж урьдын харилцааны явдалд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч С.Баас түүний “Хаан” банкны 5047141577 дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 5.200.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5013201129 дугаартай данс руу шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Бы “...Над руу утсаар яриад “танд мөнгөний боломж байвал 5.200.000 төгрөг зээлчих, би байр худалдаж авах гэж байгаа юм, байрны урьдчилгаа 25.000.000 төгрөг өгөх гэтэл 5.200.000 төгрөг дутаад байна, ... таны мөнгийг 7 хоногийн дараа 6.000.000 болгоод буцааж өгнө” гэсэн юм. Тэгээд байж байтал Б 5 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед дахин над руу утсаар яриад “та яасан бэ, мөнгөний боломжтой бол мөнгө зээлээч” гээд байхаар нь би гэртээ ... байхдаа өөрийн гар утсаараа мобайл банкны үйлчилгээг ашиглан өөрийн 5047141577 дугаартай данснаасаа Бгийн 5013201129 дугаартай данс руу 2.000.000 төгрөг, ... АТМ-г ашиглан ... 5013201129 дугаартай данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд нийт 5.200.000 төгрөгийг Бгийн данс руу шилжүүлсэн бөгөөд 5 дугаар сарын 21-ний өдөр гэхэд Б надаас авсан мөнгөө 6.000.000 болгож өгөх байсан боловч чимээгүй алга болчихсон. ...Би Бг дуудаж ... уулзахад “эгчээ манай өвөө нас барчихлаа, би Зүүнхараа руу өвөөгийнхөө ажил явдалд очоод ажил явдлыг нь дуусгаад ирнэ, тэгээд таны мөнгийг өгье” гэсэн юм. Тэгээд би түүнд итгэж явуулсан боловч 5 дугаар сарын 28-нд ирэхгүй байхаар нь түүн рүү утсаар ярихад “өө эгчээ манай ах байр зарахгүй гэнэ, би таниас авсан мөнгөө ахдаа өгсөн юм, одоо ахаасаа мөнгө авч таны мөнгийг буцааж өгнө” гэж хэлсэн. Б нь “... ах маань мөнгөөрөө эхнэртээ хэлэлгүй архи уучихсан байна лээ, би найзаасаа 2.000.000 төгрөг авах гэж байна” гэж хэлсэн. Тэгж байснаа цуг уулзаад хэд хэдэн удаа айлын хоосон хаалга очиж нүдүүлсэн, утсаар ярина, уйлна, энэ мэтээр жүжиглэж эхэлсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр алга болчихсон. ...Холбогдож чадахгүй 1 жил болж байна. Би Бгийн ах Тулгаа гэх хүнийг олж утсаар ярихад тэр Тулга гэдэг хүн байр зарна гэж яриагүй, юу яриад байгаа юм бэ гэж хэлж байсан. Мөн би Бгийн аав ээж хоёртой нь очиж уулзахад Бг хаана байгааг нь мэдэхгүй, гэртээ ирэхгүй байгаа гэж хэлсэн ба Бгийн нас барсан гэж хэлсэн өвөө нь одоо Улаанбаатар хотод амьдардаг гэсэн. Тэгэхээр Б анхнаасаа намайг залилах санаатай байсан байна. ...” /хх 26, 32/,

Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би С.Б эгчид “Манай найз байр авах гэж байгаа юм байна, би 3 хүүхэдтэйгээ тэр байранд нь орох гэж байгаа юм, та надад 5.200.000 төгрөг зээлээч, би 1 сарын хугацаатай долоо, долоо хоногоор хуваагаад төлчихье, би таны урд талд хараад зогсож байгаа юм чинь болохгүй бол би орлогоосоо өгье, та айлтгүй” гэж хэлсэн чинь С.Б эгч “эгчид нь мөнгө байгаа, Солонгос явах гэж байгаа юм, чамайг олон хүүхэдтэй юм чинь эгч нь тусалж болно” гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс мөнгө зээлэхээр болсон ба өөрийн 5013201129 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 5.200.000 төгрөг шилжүүлэн ... аваад өрөндөө өгсөн. Ингээд найз болох Ариунаатай холбогдсон чинь “Мөнгө өгч чадахааргүй болсон, манай өвөө өнгөрчихлөө” гэж хэлсэн. Тэгээд өдрийн мөнгө буюу өмнө өртэй байсан төлбөр, мөн Б эгчийн мөнгийг өгч чадахгүй юм байна гэж бодоод 2019 оны 6 дугаар сарын эхээр Бөмбөгөрт ажиллахаа больж ажлаасаа гарсан. ...” /хх 100-101/ гэх мэдүүлгүүд,

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 46-48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг хохирогч С.Быг урьдын харилцааны явдалд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Бгийн хохирогч С.Быг урьдын харилцааны явдалд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 28 настай, эмэгтэй, 2-11 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. ...Өөрийн үйлдсэн хэрэгтээ туйлын их харамсаж байна. ...Би бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхиж, хүүгээ сургуульд явуулах боломжгүй, сургууль завсардах эрсдэл учраад байгаа, мөн гэм хорын төлбөрийг төлж барагдуулан хохирогчийг санал, гомдолгүй болгон шүүх хуралдаанд оролцож байгаа тул надад бага насны 3 хүүхдээ асран хамгаалах боломж олгон анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь бага насны буюу 2-11 насны 3 хүүхэдтэй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 123-125/-аар тогтоогдож байна.

Энэ тохиолдолд Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэв.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “...хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй. ...” гэж заасан, хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. ...” гэж,

10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу гэр бүлтэйгээ нэгдэх зорилгоор ... түүний эцэг, эхээс гаргасан хүсэлтийг нааштай, энэрэнгүй, шуурхай байдлаар авч үзвэл зохино. Ийм хүсэлт нь хүсэлт гаргасан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг оролцогч улс хангана.” гэж,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Аливаа хүүхэд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ болон төрсөн байдлаар алагчлагдахгүйгээр өөрийн гэр бүл, нийгэм, төрийн зүгээс насанд хүрээгүйнхээ хувьд шаардлага бүхий хамгаалалт эдлэх эрхтэй.” гэж тус тус заасан.

Нөгөөтэйгүүр, 2017 оны 5 дугаар сарын 12-нд баталж, 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөж буй “Нялх балчир хүүхдийн хүнсний тухай” Монгол Улсын хуульд: “Нялх хүүхэд” гэж төрснөөс хойш нэг хүртэлх насны хүүхдийг; “балчир хүүхэд” гэж нэгээс гурав хүртэлх насны хүүхдийг хэлэх ба төрөөс хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого нь хүүхдийг төрсний дараа амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, зургаан сартайгаас хоёр нас хүртэл болон цаашид үргэлжлүүлэн хөхүүлэхийг дэмжих үйл ажиллагаа байна. Эх нь нас барсан, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар хүүхдийг эхийн сүүгээр хооллох боломжгүй бол хүүхдийн сүүн тэжээлийг эмнэлгийн мэргэжилтний заавраар хэрэглэж болно” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Б.Бгийн 3-11 насны 3 хүүхэдтэй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлоос тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бд анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1699 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Бд 500.200 төгрөгийг нөхөн төлсөн, тэрээр 54 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Н.Б

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ