| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/05205/И |
| Дугаар | 001/хт2026/00157 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/хт2026/00157
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01256 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2026/00633 дугаар магадлалтай,
Ажилд эгүүлэн тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01256 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч М.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2026/00633 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-г урьд эрхэлж байсан “Р” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Р” ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 57,100,991.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “Р” ХХК-д даалгасугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн *** тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид, хариуцагч “Р” ХХК-аас 513,655 /70,200+443,455/ төгрөгийг гаргуулж Төрийн сангийн *** тоот дансанд оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Б.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.23-ны өдрийн 210/МА2026/00633 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж заасан үндэслэлээр хянуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй буюу хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Б-г байгууллагын эд зүйлийг авахаар завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч М.Б-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 57,100,991 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг мөн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан сонгож хэрэглэхийг, шийдвэрийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргах боломжтой талаар тус тус заасан байна.
Тодруулбал, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг болон шийтгэл ногдуулахдаа ажилтанд мэдэгдэж, түүний тайлбарыг сонсож, улмаар гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэж, шийтгэл ногдуулсан шийдвэрийг танилцуулж, хувийг хүлээлгэн өгөх журмыг хуулиар тогтоосон байна.
Хэрэгт авагдсан баримтаар, “Р” ХХК маргаан бүхий 2025.04.18-ны өдрийн Б/32 дугаар тушаал гаргах болсон үндэслэл нь түгээлтийн жолооч Ш.М, худалдааны төлөөлөгч Х.Т нараас 2025.03.28, 31-ний өдөр бичгээр гаргасан мэдээллийн дагуу М.Б байгууллагын үйл ажиллагаатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор компани байгуулсан эсэх, компанийн ажиллах хүч, авто машин, бензин тосыг ашиглан өөр хувьдаа ашиг олох санаа зорилго байсан эсэхийг тус тус тогтоох зорилгоор гүйцэтгэх захирлын 2025.03.28-ны өдрийн А/2 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсгийн 2025.04.07-ны өдрийн дүгнэлтээр “М.Б нь компаниас импортоор оруулж буй архи, виски зэрэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн үүсгэн байгуулсан “Г” ХХК-аар нууцаар оруулж ирэх, улмаар харилцагч худалдааны төвүүдэд “Р” ХХК-ийн борлуулж буй үнээс илүү хямд үнээр зарах, архи виски зэрэг бүтээгдэхүүнийг зарахдаа хариуцагч “Р” ХХК-ийн ажиллах хүч болох түгээлтийн жолооч Ш.М, худалдааны төлөөлөгч Х.Т, компанийн түгээлтийн авто машин болон бензин тосыг ашиглан өөрийн компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж ашиг олох зорилготой байсан болон уг үйлдэл хүсэл зориг түүний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар зогссон нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл компанийн эд хөрөнгө, ажиллах хүчийг ашиглан хамтран ажиллах саналыг өөрийн шууд удирдлагад байгаа доод албан тушаалтан болох түгээлтийн жолооч Ш.М, худалдааны төлөөлөгч Х.Т нарт удаа дараа тавьсан нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т заасан зөрчил бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагчаар дуусгавар болгох үндэслэл болсон.
Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нэг биш удаа уулзалт зохион байгуулж, уулзалтад түгээлтийн жолооч Ш.М, худалдааны төлөөлөгч Х.Т нараас гадна нэхэмжлэгч буюу борлуулалтын албаны дарга М.Б-г дуудан оролцуулсан болох нь хэрэгт авагдсан 2025.04.04-ний өдрийн 17:20 цагийн М.Б-тай уулзсан уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байгаа болно. Уулзалтад нэхэмжлэгч М.Б “Би уг асуудлаар мэдэхгүй, намайг гүтгэж байна, нэмэлт тайлбар өгөхгүй. Шаардлагатай тохиолдолд би өмгөөлөгчтэйгөө ирж тайлбар өгнө” хэмээн тайлбарласан. Энэхүү тайлбар уулзалтын тэмдэглэлээр хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан үүргээ биелүүлсэн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.1-д “ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гэж /ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь нөлөөлсөн сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгоно/ тооцон ажил олгогчийн санаачилгаар энэхүү гэрээг цуцална”, 7.1.2-т “байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг санаатай авсан, авахаар завдсан, эсвэл бусдад авах нөхцөлүүдийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон” гэж заасан бөгөөд М.Б-гийн дээрх хууль бус үйлдэл нь талуудын харилцан тохиролцсон ноцтой зөрчил тул түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогч талын санаачилгаар цуцлах хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагч тал өөрийн татгалзлыг нотлох зорилгоор гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, ажлын хэсгээс түгээлтийн жолооч Ш.М, худалдааны төлөөлөгч Х.Т, нэхэмжлэгч М.Б нартай уулзсан уулзалтын тэмдэглэл, Ш.М, Х.Т нарын бичгээр өгсөн тайлбар, нэхэмжлэгч нь Борлуулалтын албаны даргын ажилд томилогдсоноос хойш 3 сарын дараа “Г” ХХК-г үүсгэн байгуулсан талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, М.Б-гийн Ш.М-тэй ярьсан ярианы бичлэгээс буулгасан ярианы тэмдэглэл зэргийг нотлох баримтаар өгсөн ба дээрх үйл баримтууд мөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.
Гэвч, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5.2-т “...дээрх баримтаар нэхэмжлэгч М.Б-гийн байгууллагын эд зүйлийг авахаар завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч “Р” ХХК болон М.Б-гийн үүсгэн байгуулсан “Г” ХХК-уудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаанд дурдагдсан 46100 код бүхий төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэл адил байх боловч үүнд хариуцагч компанийн оруулж ирдэг нэр бүхий 3 төрлийн архи, согтууруулах ундааны зүйл багтсан гэх баримтгүй. ... зөвхөн ажил олгогчтой ашиг сонирхол нэгдмэл этгээд болох түгээлтийн жолооч болон худалдааны төлөөлөгч нарын өгсөн тайлбарыг үндэслэсэн нь тушаалын хууль зүйн үндэслэлийг хамгаалах боломжийг хязгаарлаж байна” гэж дүгнэсэн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох ба “Р” ХХК-ийн хүсэлтээр түгээлтийн жолооч Ш.М-г, М.Б-гийн хүсэлтээр худалдааны төлөөлөгч Х.Т нарыг шүүх гэрчээр асуухдаа зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг оролцуулсан, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг гэрч нарт сануулсан байна. Эдгээр гэрч нь бусдаас дамжуулж мэдсэн зүйлээ ярьсан бус, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд мэдэх буюу өөрийн үзсэн, сонссон М.Б-тай хамт байсан үйл баримтыг шууд гэрчилсэн байдаг. Гэтэл, давж заалдах шатны шүүхээс эдгээр гэрчүүдийг “...зөвхөн ажил олгогчтой ашиг сонирхол нэгдмэл этгээд” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь эх сурвалж тодорхой гэрч нарын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх өөр баримтаар давхар нотлогдох агуулгатай дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 43 дугаар зүйлийг зөрсөн гэж үзнэ. Учир нь хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Ш.М, Х.Т нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж үзэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрч нарт хууль сануулсан бөгөөд гэрчүүдийн хэрэгт авагдсан баримтын хүрээнд эргэлзээтэй зүйл тогтоогдоогүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх ажил олгогчтой ашиг сонирхол нэгдмэл этгээд гэх үндэслэлээр гэрчүүдийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болжээ. Мөн гэрч Х.Т гэрчээр мэдүүлэг өгөх үед хариуцагч компанид ажиллахаа больсон гэдгээ мэдүүлж байхад давж заалдах шатны шүүх хариуцагчтай ашиг сонирхол нэгдмэл хэмээн дүгнэж байгаа нь шүүх хэргийг шударгаар шийдвэрлэх хүсэл зориг байсан эсэхэд эргэлзэх эргэлзээг төрүүлж байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч М.Б хариуцагч компанид борлуулалтын албаны даргаар ажиллаж байж ижил төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор хариуцагчтай адил 46100 гэх кодтой “Г” ХХК-г үүсгэн байгуулсан нь гэрчүүдийн мэдүүлэг үнэн болохыг илтгэж байна. Мөн нэхэмжлэгч М.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа хариуцагч компанийн түгээлтийн жолооч Ш.М, худалдааны төлөөлөгч Х.Т нарт ажлын хэсгийн тэмдэглэлд дурдсан архи, виски худалдан борлуулах талаар мөрөөдлөө ярьсан хэмээн тайлбарладаг. Гэвч энэ нь түүний хэлснээр мөрөөдөл байгаагүй гэдэг нь гэрчийн мэдүүлэг, ажлын хэсгийн дүгнэлт, хариуцагчийн явуулж буй 46100 код бүхий төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлтэй адил үйл ажиллагаа явуулах зорилгоор “Г” ХХК-г үүсгэн болох нь нэхэмжлэгч хариуцагчийн эд хөрөнгийг авахаар завдсан болохыг хөтөлбөргүй нотолж байна. Иймд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.23-ны өдрийн 210/MA2026/00633 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.01.28-ны өдрийн 192/ШШ2026/01256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.21-ний өдрийн 001/ШХТ2026/00700 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Ерөнхий менежерээс ... компанийн бараатай ойролцоо нэр бүхий бараануудыг ярьсан, хувьдаа ашиг олохдоо компанийн дата бааз, хүн хүч, машин тэрэг, бензин тосыг ашиглахаар яриа гаргаж, түгээлтийн ажилтанд санал тавьж, хувьдаа ашиг олох санаатай байсан ...таныг ажлаас халахаар боллоо, шийдвэр гарсан...” гэж хэлсэн. ... “Г” ХХК-ийг үүсгэн байгуулсан гэж намайг буруутгасан. Гэтэл тус компани үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ямар нэгэн байдлаар өрсөлдөөн үүсгэж, борлуулалт хийж хохирол учруулаагүй. ... Үүнд Хөдөлмөрийн гэрээний 7.1.2-т заасан зохицуулалт хамаарахгүй.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Р” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Гэрээний хугацаанд М.Б- нь компаниас импортоор оруулж буй архи, виски зэрэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн үүсгэн байгуулсан “Г” ХХК-аар нууцаар оруулж ирэх, улмаар харилцагч худалдааны төвүүдэд “Р” ХХК-ийн борлуулж буй үнээс илүү хямд үнээр зарах, архи, виски зэрэг бүтээгдэхүүнийг зарахдаа “Р” ХХК-ийн хөрөнгийг буюу түгээлт, ажиллах хүчийг ашиглах саналыг өөрийн удирдах доод албан тушаалтан түгээлтийн жолооч Ш.М, худалдааны төлөөлөгч Х.Т нарт удаа дараа тавьсан энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т заасныг тус тус зөрчсөн бөгөөд энэ нь ажлын хэсгийн дүгнэлтээр дээрх хууль бус үйлдлийг гаргасныг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “...“Р” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.04.18-ны өдрийн Б/32 дугаар Ажлаас чөлөөлөх тухай ... тушаалын үндэслэлийг үзвэл, “... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дах хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, Хөдөлмөрийн гэрээний 6.1.7-д гэрээг аль нэг талын санаачилгаар цуцалсан. 7.1.2-т “Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг санаалтай авсан, авахаар завдсан, эсвэл бусдад авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон” гэж заасныг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Учир нь: Ажил олгогчоос 2025.03.28-ны өдрийн А/2 дугаар Ажилтны ашиг сонирхлын зөрчил тогтоох ажлын хэсэг томилох тухай тушаалаар томилогдсон 2025.04.07-ны өдрийн “Ажлын хэсгийн дүгнэлт” ..., 2025.03.28-ны өдрийн Ажлын хэсгийн тэмдэглэл ... , гэрч Х.Т, Ш.М нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай, ... хөдөлмөрийн гэрээний ... Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг авахаар завдсан гэх үгийн шууд утга нь хариуцагч байгууллагын тээврийн хэрэгсэл болон ажилтныг өөрийн хувьцаа эзэмшдэг ... компанийн үйл ажиллагаанд ашиглахаар санаа гаргаж, оролдсон боловч бодитоор хэрэгжүүлж чадаагүй буюу завдсан болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна. Түүнчлэн, ... тэрээр “Р” ХХК-д ажиллаж байх хугацаанд буюу 2024.08.29-ний өдөр “Г” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч М.Б-, гүйцэтгэх захирал М.Б-, үйл ажиллагааны код 46100, үйл ажиллагааны чиглэлийг Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэж бүртгүүлсэн нь ... хариуцагч байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээний 4.2.8-д Үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад зэрэгцэн ажиллах бол үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авахаар заасан байх боловч нэхэмжлэгчээс уг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлж ажил олгогчоос зөвшөөрөл авсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ... заасан М.Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн ажил олгогч “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.04.18-ны өдрийн Б/32 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “… Хэргийн баримтаар нэхэмжлэгч М.Б-гийн байгууллагын эд зүйлийг авахаар завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Сахилгын зөрчил гаргасан ажилтны зөрчил нь баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хариуцагч “Р” ХХК болон М.Б-гийн үүсгэн байгуулсан “Г” ХХК-уудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаанд дурдагдсан 46100 код бүхий төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэл адил байх боловч үүнд хариуцагч компанийн оруулж ирдэг нэр бүхий 3 төрлийн архи, согтууруулах ундааны зүйл багтсан гэх баримтгүй. Мөн харилцагчдаас хямд үнэтэй бараа нийлүүлэхээр болсон эсэхийг лавлан асуусан гэх хариуцагчийн тайлбар ямар этгээдүүдээс уг зүйлийг лавлан асуусан болох, нэр бүхий ямар харилцагч нар тухайн мэдээллийг хэнээс, хэрхэн авсныг шалгаж, тогтоохгүйгээр зөвхөн ажил олгогчтой ашиг сонирхол нэгдмэл этгээд болох түгээлтийн жолооч болон худалдааны төлөөлөгч нарын өгсөн тайлбарыг үндэслэсэн нь тушаалын хууль зүйн үндэслэлийг хамгаалах боломжийг хязгаарлаж байна. Нэхэмжлэгч М.Б- болон хариуцагч “Р” ХХК-ийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэгт заасан үл өрсөлдөх нөхцөл тусгагдаагүй. Харин гэрээний 4.2.8 дахь хэсэгт “Үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж байгууллагад зэрэгцэн ажиллах бол үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах” гэж заасан байх боловч хэргийн баримтаар М.Б нь үндсэн ажил олгогчдоо мэдэгдэхгүйгээр зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт мөн тогтоогдсонгүй. Ийнхүү хэргийн баримтаар дээрх үйл баримтууд тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх ажилтан ноцтой зөрчил гаргасан эсэх асуудлаар зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.
12. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “Р” ХХК-ийн 2024.12.26-ны өдрийн Б/1 дүгээр тушаалаар тус компанид логистикийн албаны даргаар томилогдсон, 2025.04.18-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6.1.7, 7.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч М.Б-г ажил олгогчийн дээрх 2024.12.26-ны өдрийн тушаалаар логистикийн албаны даргаар томилсон боловч тэрээр хариуцагч “Р” ХХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан талаар зохигч маргаагүй, ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа уг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор энэ тухай шийдвэрт заасан байна.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан.
Хариуцагчаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлээ нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ноцтой зөрчил гаргасан буюу энэ нь хөдөлмөрийн гэрээний 7.1.2 дах хэсэгт заасан “Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг санаатай авсан, авахаар завдсан, эсвэл бусдад авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон” гэснийг үндэслэл болгон ажилд томилогдсоны дараа 2024.08.29-нд “Г” ХХК-ийг байгуулж, компанийн оруулж ирдэг импортын бараа бүтээгдэхүүнтэй ижил төстэй төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, ингэхдээ компанийн хөрөнгийг /түгээлт, ажиллах хүч/ ашиглан зарж борлуулах зорилготой байсан нь компанийн үйл ажиллагааны эсрэг ашиг сонирхлын зөрчил гаргахаар завдсан гэж мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч нь “Г” ХХК-ийг 2024.08.29-ний өдөр үүсгэн байгуулсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд уг компанийн үйл ажиллагааны чиглэл нь хариуцагч “Р” ХХК-тай ижил төрлийн буюу 46100 үйл ажиллагааны кодтой “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа” болох талаар тусгагдсан, улмаар “Р” ХХК-ийн ажилтнууд болох Х.Т, Ш.М нарын гэрчийн мэдүүлэг болон хариуцагчаас ирүүлсэн 2025.03.28-ны өдрийн “Ажлын хэсгийн тэмдэглэл”, 2025.04.07-ны өдрийн “Ажлын хэсгийн дүгнэлт” зэрэг нотлох баримтаар компанийн оруулж ирдэг импортын бараа бүтээгдэхүүнтэй ижил төстэй төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилготой байсан гэж үзэх нөхцөл байдал үгүйсгэгдээгүй.
Гэвч энэ нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1.2-т заасан “байгууллагын эд хөрөнгийг ... авахаар завдсан ...” ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
14. Энэ талаар анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг тайлбарлах замаар нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журамд нийцээгүйн гадна маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулсныг зөв гэж үзнэ.
Учир нь, ажил олгогч хөдөлмөрийн гэрээний 7.1.2-т заасныг ажилтан зөрчсөн гэж үзэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4-т заасан “ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх” үүрэгт хамааралтай гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-т заасантай нийцээгүй.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.” гэж заасан.
Энд зааснаас үзвэл ажил олгогчийн ажилтныг буруутгаж буй зөрчил нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байхаас гадна талууд уг зөрчлийг сахилгын зөрчил болох талаар тохиролцсон байх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд уг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод тусгаж тохиролцсон бол сахилгын зөрчилд тооцох учиртай.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл … хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болохоор зааснаас гадна мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болохоор заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд үл өрсөлдөх нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд нэмэлтээр тохиролцох, эсхүл хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болохоор заасан нь талуудын хүсэл зоригоос хамаарах агуулгатай хэдий ч уг нөхцөлийг зөрчсөн нь сахилгын зөрчил гэж талууд тохиролцсон тохиолдолд зайлшгүй гэрээ байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д нийцнэ.
16. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.8-д “Үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж байгууллагад зэрэгцэн ажиллах бол үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах”-аар заасан боловч уг нөхцөл нь дээрх хуульд заасан үл өрсөлдөх талаар зохицуулсан агуулгагүй, зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахад үндсэн ажил олгогчид мэдэгдэх үүргийг л ажилтанд хүлээлгэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаас үзэхэд талууд гэрээндээ өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэрэг нөхцөлийг тохиролцож тусгасан тохиолдолд үл өрсөлдөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.
Гэтэл зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд дээрх агуулга тусгагдаагүй, талууд уг нөхцөлийг тохироогүй байна.
Иймээс энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул магадлалыг шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.
17. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоож, түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох нь зүйтэй бөгөөд энэ тохиолдолд уг шийдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан агуулгад нийцсэн байх учиртай тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2026/00633 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-г урьд эрхэлж байсан “Р” ХХК-ийн Борлуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 57,100,991.54 төгрөгийг хариуцагч “Р” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагч “Р” ХХК-д даалгасугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Р” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 513,655 /70,200+443,455/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Р” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.01-ний өдөр төлсөн 513,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН