Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/00386

 


 

 

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дугаар 102/ШШ2022/00386 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... байрны 3 орц, 0 тоотод байрлах ... Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овогтой ... ын ... /РД: ... /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 392,780, хохирол 3,500 төгрөг, нийт 396,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Атарцэцэг

 

Хариуцагч Б.... т шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.... т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 396,280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.... нь ... дүүргийн ... хороо, 4 хороолол, 14 дүгээр байрны 31 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал 392,780 төгрөгийг төлөөгүй. Мөн шүүхэд гаргасан нотлох баримтыг нотариатаар батлуулсан зардалд 3,500 төгрөг шаардсан гэв.

 

2. Хариуцагч Б.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлын үндэслэлээ 2016 оны 2 дугаар сар, 2020 оны 06 дугаар саруудад орон сууцны дээврээс ус алдаж эд хөрөнгөд хохирол учруулсан, мөн орон сууцны орцны жижүүр ажилладаггүй, орцны хаалга түгжээгүй зэргээр сууц өмчлөгчдийн холбооны ажиллагаа хангалтгүй байдаг гэж тайлбарласан байна.

 

3. Нэхэмжлэгч талаас сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, удирдах зөвлөлийн даргын 2019 оны 0... сарын 13-ны өдрийн 3 дугаартай тогтоол, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, ... дүүргийн ... хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, ... дүүргийн ... хороо 14 байр 31 тоот орон сууцны 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал, засвар үйлчилгээний зардлын нэхэмжлэх, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт, баримтын зардал зэрэг төлбөрийн хэмжээ тодорхойлох баримтыг, хариуцагч Б.... ээс хариу тайлбар, фото зураг зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б.... нь өөрийн өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ сууц өмчлөгчдийн холбоо хангалтгүй ажилладаг бөгөөд ...  Сууц өмчлөгчдийн холбооны буруутай үйл ажиллагааны улмаас ус алдаж эд хөрөнгөд хохирол учирсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

... Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... тоот гэрчилгээ авч, Г.... ыг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2019 оны 0... сарын 13-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор томилсон байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

 

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.

 

6. Хариуцагч талаас ... дүүрэг, ... хороо, 14 дүгээр байрны 31 тоот орон сууцны өмчлөгч этгээдийн талаар болон тус орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой маргаан бүхий төлбөрийн хэмжээ, түүнийг төлөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй. 

 

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Б.... ээс 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 392,780 төгрөг /22,790*9 сар + 27,790*1 сар + 22,840*7 сар/-ийг гаргуулан нэхэмжлэгч ...  Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж нотариатын үйлчилгээний зардалд 3,500 төгрөг төлсөн болох нь төлбөрийн баримтаар /хэргийн 5 тал/ тогтоогдож байх бөгөөд энэ зардлыг хариуцагч Б.... ийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ...  Сууц өмчлөгчдийн холбооноос гарсан зайлшгүй зардал гэж үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд тооцох үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.... ээс өөрийн өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 392,780 төгрөг, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс бусдад учруулсан хохирол 3,500 төгрөг, нийт 396,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...  Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин сууц өмчлөгчдийн холбоо нь үйл ажиллагааны буруугаас сууц өмчлөгчид хохирол учруулсан бол сууц өмчлөгч энэ талаар тусдаа шаардлага гаргах боломжтой бөгөөд энэ нь сууц өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

7. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11... зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Б.... ээс 396,280 төгрөг /гурван зуун ерэн зургаан мянга хоёр зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.... ээс улсын тэмдэгтийн хураамжид 12,540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ