Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/399

 

 

2024      10         02                                           2024/ШЦТ/399

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч  Г.Анх-Ирээдүй

 Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лид холбогдох эрүүгийн 2425000000448 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овогт Б.Л, регистрийн дугаар: (000000000).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд 00000 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт

           -шүүгдэгч Б.Лийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. гэх мэдүүлэг,

    - эрүүгийн 2425000000448 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Б.Лийн согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 7-р тал/

- Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-р тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-р тал/

-гэрч Б.Мы мэдүүлсэн:..Цагдаагийн газрын 7035102 дугаарын утаснаас Баян-Өндөр мед эмнэлгийн арын гэрлийн шонг мөргөчхөөд явсан байна гэх дуудлагын дагуу шалгах үед тус эмнэлгийн арын замын гэрлийн шонг тээврийн хэрэгсэл мөргөж гэмтээсэн байдалтай байсан ба мөргөсөн тээврийн хэрэгсэл нь байхгүй байсан. Ингээд ойр орчимд нь шалгалт хийхэд 00000 улсын дугаартай Тоёота Акуа тээврийн хэрэгслийн урд талын гупер байхгүй болохоор нь зогсоож шалгахад Баярмагнайн Л гэх жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгейр багажаар шалгаж үзэхэд 1,39 хувийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

-гэрч Ж.Н мэдүүлсэн:...2024 оны 07 сарын 20-ны өдөр 15 цагийн үед гэртээ байхад найз залуу Б.Л архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, гартаа том савтай шар айраг барьчихсан ирсэн. Ингээд гэрт авчирсан шар айргаа уугаад 19 цаг хүртэл суусан. Би гадуур гарах ажил гараад гэрээсээ гарлаа, чи яв гэхэд хэнтэй явах гээд байгаа юм гээд гэрээс гаргахгүй хардаж түлхээд байсан. Би гарах гэтэл миний гар утас, машины түлхүүр, гэрийн түлхүүрийг аваад гарчихсан байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Гэрээс гарахад хажуу талын орцны үүдэнд хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Ингээд би очиж машины түлхүүр, гэрийн түлхүүрээ авахад намайг хэд хэд цохисон. Намайг машинд суулгаад Л өөрөө машинаа бариад Баян-Өндөр мед эмнэлгээс хойш уул руу явж байхдаа буцаж дэлгүүр орно гээд явж байгаад замын хажуу талын шон мөргөөд зогссон. Удалгүй цагдаа нар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/739 дугаартай шийтгэврээр И овгийн Б.Л /........../-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 400,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар /хх-ийн 18-19-р тал/

-жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 20-р тал/

-Шүүгдэгч Б.Лийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гадуур явж байгаад найз охин Н-ын гэрт очсон. Ингэхдээ замаараа нэг том савтай шар айраг аваад гэрт нь орсон. Намайг гэрт нь ороход Н нь ганцаараа байсан ба би авч орсон шар айргаа Нтай хамт хувааж уусан. Тухайн үед Н нь утсаараа хүнтэй яриад байхаар нь би хэнтэй ярьж байгаа талаар асуусан чинь манай хамаатны хүн ирчихсэн байна одоо гарч тэд нартай явна гэж хэлсэн. Хэзээ ирэх талаар асуусан чинь маргааш өглөө ирнэ гэж хэлсэн. Энэ үед би гар утсыг нь аваад харсан чинь хамаатны хүн биш байсан. Ингээд бид хоёр муудалцаж Н гарна гээд байхаар нь би гаргахгүй гээд зогсож байсан чинь намайг алгадсан. Энэ үед би уурлаад түүнийг түлхээд түүний гар утас, машины түлхүүрийг нь аваад гараад явчихсан. Ингээд байрнаас нь гараад байрны хажуу талын орцны хажууд нэлээн удаан зогсож байсан чинь Н гарч ирсэн. Ныг гарч ирэхээр нь би түүнд гар утас, түлхүүрийг нь өгсөн чинь буцаад гэр лүүгээ орчихсон хэсэг хугацааны дараа буцаад гарч ирээд машиндаа суугаад явна гэхээр нь би явуулахгүй гэж хэлээд дахин хоорондоо маргалдсан. Энэ үед хүмүүс хараад байхаар нь өөр газар очиж ярилцъя гэсэн чинь намайг машин бариад явчих гэхээр нь би машиныг нь бариад явсан. Ингээд машиныг нь бариад Баян-Өндөр мед эмнэлгээс хойш нь шороон замаар салаад явж байсан чинь Н нь нэг шар айраг авчихъя гэхээр нь буцаад дэлгүүр рүү явж байх замдаа маргалдаж байгаад замын хажуу талын шон мөргөсөн. Энэ үед машиных нь урд гупер нь салаад унахаар нь түүнийг аваад хойд суудал дээр тавиад, цааш яваад дэлгүүр ороод нэг том савтай шар айраг аваад буцаад явж байсан чинь цагдаагийн алба хаагч нар тааралдаж зогсоож шалгасан. Ингээд миний бичиг баримтыг шалгаж цагдаагийн газар руу авч явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд 00000 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг, зөрчлийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд 00000 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж хийсэн санаатай хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэж тус тус дүгнэлт, санал гаргасан

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,3000 нэгжтэй  тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

3.Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Шүүгдэгч машинаараа мөргөсөн гэрлийн шонг хэвийн байдалд нь оруулсан талаар  шүүх хуралдаанд мэдүүлсэн,иргэний нэхэмжлэгч тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-н Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Лид шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ