Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00494

 


2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 102/ШШ2022/00494 Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ..., өөрийн байранд байрлах, ... ХХК /РД:... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ... овогтой ... гийн ... /РД: ... /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 34,716,392.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., Ц.Шүрэнцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ...

Хариуцагч Х.... ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Х.... д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,716,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Х.... тай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөг, ... -ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг, 2019 оны 0... сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлдэгч Х.... нь 13,100,000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 23,900,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 23,900,000 төгрөг, зээлийн хүү 10,816,392 төгрөг, нийт 34,716,392 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээс гадна Х.... д 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг орон сууцны дэмжлэг болгож өгсөн. Мөн ... ХХК нь ажлын хэрэгцээнд автомашинаар хангаагүй, тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд автомашин зайлшгүй шаардлагатай тул ... -ны өдөр шилжүүлэн авсан 15,000,000 төгрөгөөр хувьдаа автомашин худалдан авч, уг автомашиныг ажлын хэрэгцээнд ашиглаж, 13,100,000 төгрөгийг сар бүрийн цалингаасаа суутгуулах замаар төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, цалингийн зээлийн хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, 2,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Х.... аас ... ХХК-нд захиргаанд гаргасан өргөдөл, ... ХХКийн 15,000,000 төгрөгийн зарлагын баримт, Х.... ын иргэний үнэмлэхний лавлагаа, зээлийн тооцооллын баримт, ... ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, ... ХХК-ийн техникийн сэлбэг, засвар үйлчилгээний зардлын баримт, фото зураг, ... ХХК-ийн дүрэм, Х.... ын цалингийн дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргасан. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х.... тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 37,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлдэгч Х.... гэрээний дагуу 13,100,000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 23,900,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй, мөн зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу 2021 оны 0... сараас 2024 оны ... сарын дуустал хугацааны 23,900,000 төгрөгийн сарын 2 хувийн хүү 10,816,392 төгрөг, нийт 34,716,392 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Х.... нь ... ХХК-аас шилжүүлэн авсан 15,000,000 төгрөгөөр автомашин худалдан авч, уг автомашиныг ажлын хэрэгцээнд ашигласнаас гадна 13,100,000 төгрөгийг буцаан төлж барагдуулсан, мөн ... ХХК-аас 20,000,000 төгрөгийг орон байрны дэмжлэгт өгсөн, ... ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ /хэргийн 11-14/, цалингийн зээлийн хуулга /хэргийн 15 тал/, ... ХХК-ийн 20,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, ... ХХК-аас Х.... д 2,000,000 төгрөг шилжүүлгийн баримт, Х.... аас ... ХХК-нд хандаж гаргасан ... хүүхэд 10 сард сэвлэг үргээх болсон тул цалингийн урьдчилгаа 2,000,000 төгрөг шийдэж өгнө үү гэх хүсэлт, ... ХХК-ийн 15,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Х.... аас ... ХХК-нд гаргасан ... машины үнэ болох 15,000,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа зээл болгож шийдэж өгнө үү. Уг авсан зээлээ сар бүрийн 20-нд 300,000 төгрөг суутгуулж төлөх хүсэлтэй байна гэсэн хүсэлт зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг талаас ... ХХК, нөгөө талаас Х.... ... -ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох ...  ХХК нь 15,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч тал болох Х.... сар бүрийн 20-ны өдөр 300,000 төгрөгөөр цалингаас суутгуулах замаар төлж барагдуулахаар,

2019 оны 0... сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох ...  ХХК нь 2,000,000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч тал болох Х.... нь сар бүрийн цалингаас 300,000 төгрөгөөр суутгуулах замаар төлж барагдуулахаар,

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох ... ХХК нь 20,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, зээлдэгч тал болох Х.... сар бүрийн цалингаас 500,000 төгрөг суутгуулах замаар төлж барагдуулах, зээлдэгч зээлээ эргүүлэн төлөхөөс татгалзсан, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд ажлаасаа гарсан тохиолдолд зээлийг сарын 2 хувийн хүүтэй олгосонд тооцох бөгөөд зээлдэгч үндсэн зээлийг, алдангийн хамт 2 хоногийн дотор төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцсон байна.

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч ... ХХК нь 37,000,000 төгрөгийг зээлдэгч Х.... д шилжүүлсэн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Зээлдэгч Х.... нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэн авсан 20,000,000 төгрөгөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс сар бүр цалингаасаа 500,000 төгрөг суутгуулах замаар төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Х.... ын цалингийн дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд тэрээр 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарыг дуустал сар бүр цалингаас 500,000 төгрөгөөр суутгуулах замаар нийт 6,500,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 13,500,000 төгрөгийг төлөөгүй,

... -ны өдөр шилжүүлэн авсан 15,000,000 төгрөг, 2019 оны 0... сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан 2,000,000 төгрөгийг тус тус ... -ны өдрөөс сар бүрийн цалингаас 300,000 төгрөгийг суутгуулах замаар төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Х.... ын цалингийн дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд тэрээр 2018 оны 04 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарыг дуустал сар бүр цалингаас 300,000 төгрөгөөр суутгуулах замаар нийт 6,600,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 10,400,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч талаас энэ тооцооллын талаар маргаагүй.

 

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч Х.... нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буюу гэрээний 5.2-т зааснаар ажлаасаа гарсан тохиолдолд 2 хоногийн дотор буцаан төлөх үүрэг хүлээсэн байх тул зээлдүүлэгч ... ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 23,900,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

9. Нэхэмжлэгчээс 2021 оны 0... сараас 2024 оны ... сарыг дуустал хугацааны зээлийн хүү тооцож 10,816,392 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 5.2-т зээлдэгч зээлээ эргүүлэн төлөхөөс татгалзсан, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд ажлаасаа гарсан тохиолдолд зээлийг сарын 2 хувийн хүүтэй олгосонд тооцох бөгөөд зээлдэгч үндсэн зээлийг, алдангийн хамт 2 хоногийн дотор төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд ... ХХК нь ажилтнуудаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүгүй зээл олгож, хэрэв тухайн ажилтан ажлаас гарсан тохиолдолд сарын 2 хувийн зээлийн хүү тооцохоор тохиролцсон гэж тайлбарлаж байна.

 

10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан бөгөөд 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.

 

Талуудын зээлийн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 18... зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцжээ.

 

11. Зээлийн хүүгийн тооцооллын хувьд, хариуцагч Х.... ... -ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан /хэргийн 22 тал/ байх бөгөөд энэ өдрөөр тасалбар болгож ажлаасаа чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэгчээс тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй, бичгээр байгуулсан зээлийн гэрээний 5.2-т зааснаар Х.... нь ажлаасаа чөлөөлөгдөхөөс өмнөх цаг хугацаанд зээлийн хүү төлөх үүрэг хүлээгээгүй байхаас гадна нэхэмжлэгч талаас 2021 оны 0... сараас эхлэн зээлийн хүү тооцож шаардсан тул нэхэмжлэлийн хүрээнд талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 13,500,000 төгрөгөөс сарын 2 хувиар 2021 оны 0... сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 0... сарын 28-ны өдөр хүртэл 28 хоногийн зээлийн хүү 252,000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч ... ХХК нь 2021 оны 0... сарын 28-ны өдрөөс хойш 2024 оны ... сарыг дуустал хугацааны зээлийн хүү 10,564,392 төгрөгийг шаардах эрхгүй.

 

12. Хариуцагч талаас ... ХХК нь орон байрны дэмжлэгт буцалтгүй тусламж болгож 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй, харин хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга, түүний цалингаасаа зээлийн төлбөрийг төлж байсан баримт зэргээр хариуцагчийн татгалзлын үндэслэл няцаагдаж байна. Мөн хариуцагч өөрийн хувийн автомашиныг ажлын хэрэгцээнд ашигласнаар зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх буюу талууд харилцан тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Х.... аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,900,000 төгрөг, зээлийн хүү 252,000 төгрөг, нийт 24,152,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,564,392 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасныг баримтлан хариуцагч Х.... аас 24,152,000 төгрөг /хорин дөрвөн сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,564,392 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,532 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.... аас улсын тэмдэгтийн хураамжид 278,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 11... зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ