Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/шш2022/00066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулгаж тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч:...

Зээлийн гэрээний үүрэгт 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... гаргасан тайлбартаа:

Ш.... нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж авсан. Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, үндсэн зээл 1,000,000 төгрөг, 6 сарын хүү 480,000 төгрөг, 100 хоногийн алданги 500,000 төгрөг, нийт 1,980,000 төгрөгийн үүрэг үүссэн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхэд хариу тайлбараа гаргаагүй боловч сая хурал эхлэхийн өмнө шүүгчийн туслахтай утсаар холбогдохдоо нэхэмжлэлийн талаар маргаад байх зүйлгүй, эзгүйд шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Ш....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 480,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,980,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.... нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүхийн ажилтан түүний 9919-9028 дугаарын утсаар холбогдоход шүүх хурал 13 цаг 30 минутаас гэдгийг мэдэж байгаа. Маргаад байх зүйлгүй учраас эзгүйд шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн тайлбарыг хэлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 22, 29/

Шүүх дараах үндэслэлээр ... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч Ш....тэй байгуулсан Зээлийн гэрээ, .... тоот гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримт зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргасан. /хх 14, 15/

Талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр .... тоот Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлдүүлэгч ... ХХК нь 1,000,000 төгрөгийг зээлдэгч Ш....д 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн, зээлдэгч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-15/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч ... ХХК нь зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг хариуцагч Ш....д түүний Хаан банк дахь .... тоот харилцах дансаар хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан .... тоот гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримт-аар тогтоогдсон байна.

Харин хариуцагч Ш.... зээлж авсан мөнгөө гэрээнд заасан хугацааны дотор зээлдүүлэгчид буцаан төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь түүнээс үндсэн зээлийн төлбөр 1,000,000 төгрөг, 6 сарын хугацааны зээлийн хүү 480,000 төгрөг /нэг сарын зээлийн хүү 80,000 төгрөг/-ийг шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан Зээлийн гэрээний 1.7 дахь хэсэгт зээлдэгч тал үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн зээлийн өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

Нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасны дагуу алдангийг хариуцагчаас шаардахдаа 500,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусах 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг талуудын байгуулсан Зээлийн гэрээний 1.7 дахь хэсэгт заасны дагуу тооцвол нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу үндсэн зээлийн 50 хувь 500,000 төгрөгийн алданги шаардсан нь хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш....гээс 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .... төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА