Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 150

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од /21-70/,

            шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Банзрагчийн Нандин-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201719000189 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 05 дүгээр сарын 08-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын харьяат, 1979 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, “Дисковер Монголиа трэйвел” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 23 дугаар хороо 8-220 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Орос овогт Банзрагчийн Нандин-Эрдэнэ /РД:РЕ79041079/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Ногоон дов” гэх газрын 193/82 дахь километрийн хатуу хучилттай асфальтан замд 71-06 УНЗ дугаартай “Мицүбүши Делика” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Америкийн нэгдсэн улсын иргэн Марселла Кай Леатон Шлегель /Schelegel Marcella Key Leaton/, -ны бие махбодид хүнд гэмтэл, Майкл Жи Шлегель /Micheal Gene Schelege/ -ийн бие махбодид хөнгөн гэмтэл, Нэткапитал Финанс Корпораци ББСБ-д 2054400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөө Дундговь аймгаас цай уугаад 09 цагийн үед хөдлөөд наашаа явж байсан. Гэтэл зам дээр мөс байсан түүн дээр машин гулгаад онхолдсон гэв.

Мөн эрүүгийн 201719000189 тоот хэргээс:

            Хохирогч Марселла Кай Леатон Шлегель /Schelegel Marcella Key Leaton/ мөрдөн байцаалтын шатанд: “Би өөрийн нөхрийн хамт 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад тэмээний баяр үзэх гэж ирсэн юм. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дундговь гэх аймгаас тэмээний баяр үзэж дуусаад өглөөний 08 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу “Делика” маркийн машинтай орчуулагч Ганболд болон жолооч Нандин-Эрдэнэ нарын хамт гарсан юм. Тэгээд би машины голын суудалд суугаад нөхөр маань арын суудалд суугаад явж байсан чинь машин маань замын мөсөн дээр гулгаад гулгасан чигээрэй явсаар эсрэг урсгал руу орж замаас гарч нэг удаа бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ тогтсон юм. Болсон асуудал гэвэл ердөө энэ юм. Замын нөхцөл байдал өгсүүр байсан болохоор машин нэг их хурдан яваагүй би голд сууж явсан болохоор хурдны заалтыг хараагүй юм. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан юм. Миний үзэж байгаагаар осол нь зам дээр тогтсон мөснөөс болж үүссэн гэж би үзэж байгаа. Мөс замын өнгөтэй адил болохоор харагдаагүй байх. Миний биеийн байдал зүгээр болж эдгэрч байгаа. Надад тус “Discover Mongolia” компани болон Б.Нандин-Эрдэнээс гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй байна. Би хэргийн материалтай танилцаж шүүх хуралд суухгүй” гэжээ /хх-42-43 тал/,

 

            Иргэний нэхэмжлэгч Майкл Жи Шлегель /Micheal Gene Schelege/ мөрдөн байцаалтын шатанд: “Би өөрийн эхнэр Марселла кай Лейтоны хамт АНУ-аас 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад ирсэн юм. Ингээд эхнэрийн хамт Дундговь аймагт болсон тэмээний баярыг үзээд 2017 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед “Митцүбүши делика” маркийн машинтай орчуулагч Ганболд жолооч Нандин-Эрдэнэ нарын хамт Улаанбаатар хот руу явж байсан. Тухайн үед би машины арын суудалд ном уншаад явж байсан чинь сууж явж байсан машин маань хөндөлсөж ирээд эргэхээр нь би уншиж байгаа номоо тавиад машины цонхоор гадагш харсан гадаа орчины байдал цастай зам мөстсөн байсан ба машин замаас гарч эсрэг урсгалын хөвөө рүү унаад нэг эргээд дөрвөн дугуйн дээрээ унасан. Миний мэдэхээр Нандин-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би арын суудалд зорчиж явсан болохоор хурдны заалтыг харж чадаагүй, ослын өмнө манай машиныг машин гүйцэж түрүүлсэн болохоор миний сууж явсан машин нэг их хурдтай яваагүй. Миний биед гэмтэл учруугүй надад гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй болно. Учирсан гэмтэл маань хүнд гэмтэл биш юм” гэжээ /хх-56 тал/,

           

            Иргэний нэхэмжлэгч Г.Гантулга мөрдөн байцаалтын шатанд: “Манай байгууллагын үйлчлүүлэгч Б.Нандин-Эрдэнэ нь 71-06 УНЗ улсын дугаартай “Митцүбиши делика” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орж эрүүгийн хэрэг үүссэн тул манай байгууллагаас 71-06 УНЗ улсын дугаартай “Митцүбиши Делика” маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан үнийн дү болох 2200000 төгрөгийн 2054400 төгрөгийг нь нэхэмжилж байгаа тул иргэний нэхэмжлэгчээр тогтоож байцаалт өгч байгааг ойлгож байна. Б.Нандин-Эрдэнэ нь 71-06 УНЗ улсын дугаартай “Митцүбиши делика” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12 сарын хугацаатай 2200000 төгрөгийн барьцаанд тавьж шинээр бизнесийн зээл авч байсан юм. Б.Нандин-Эрдэний зүгээс манайд төлөгдөх 2054400 төгрөгийг төлчихвөл манай байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй” гэжээ /хх-52 тал/,

 

            Гэрч Э.Ганболд мөрдөн байцаалтын шатанд: “Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгаас АНУ-ын 2 иргэн болон “Дисковор Монголиа” ХХК-ны жолооч Нандин-Эрдэнэ нарын хамт Нандин-Эрдэнийн 71-06 УНЗ улсын дугаартай “Митцүбиши Делика” тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу явж байсан юм. Тухайн үед би машины урд талын суудалд суугаад дунд талын суудалд эмэгтэй жуулчин болох Марселла Кай Лейтон суугаад хамгийн ард талын суудалд эрэгтэй жуулчин болох Майкалл жене суугаад Төв аймгийн нутагт явж байсан чинь машин гэнэт замын эсрэг урсгал руу ороод замаас гараад шороон дээр нэг бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ унасан байгаа. Машин дөрвөн дугуйн дээрээ унасан болохоор би хаалгаа онгойлгож гараад дунд хаалгаа онгойлгосон чинь эмэгтэй жуулчин маань машины голд шалан дээр нөхөр нь арын суудлын урд шалан дээр хэвтэж байсан юм. Биеийнхэн байдлыг асуухад эмэгтэй нь дуугарч чадахгүй амьсгалахад хүндрэлтэй байсан. Тэгээд машин зогсоогоод хоёр жуулчингаа суулгаад явуулсан ба дараа нь Нандин-Эрдэнэ бид хоёр машинаа цаснаас гаргаад машинтайгаа Төв аймгийн төв рүү чиглэлтэй явж байсан чинь эмнэлгийн машин явж байхаар нь би суугаад Улаанбаатар хот руу орсон байгаа. Би ном уншаад явж байсан ба хурдны заалтыг хараагүй дунджаар 70-80км цагийн хурдтай явж байсан юм. Зам жаахан өгсүүр уул даваагаар хүрээлэгдсэн цастай орчин нөхцөлтэй байсан. Тухайн үед зохих байгууллагад мэдэгдэх гэхэд сүлжээ барихгүй, машин зогсохгүй байсан болохоор сүлжээтэй газар хайгаад машинаа хөдөлгөсөн байгаа. Тухайн осол болсны дараа Марселла Кай Лейтоны цээж нь зовиурлаж байгаа бололтой амьсгалж чадахгүй байсан юм. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй” гэжээ /хх-58-59 тал/,

 

            Гэрч Д.Тунгалаг мөрдөн байцаалын шатанд: “2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг 30 минутын үед Төв аймгийн нутагт аваарт орсон гэх АНУ-ын иргэн Marcella Key Leaton, Micheal gene гэх хоёр эхнэр нөхөр ирсэнийг жижүүрийн эмч Батцоож дуудлагаар очиж үзлэг хийж авчирсан Schlegel Key Leaton  65 настай эмэгтэй биеийн байдал нь хүндэвтэр цээжний баруун хэсгээр нь өвдөнө, амьсгалахад төвөгтэй зовиуртай байсан. Үзлэгт цээжийг чагнахад баруун хэсэгтээ сул сонсогдож эмзэглэлтэй байсан. Цээжний рентгэн зурагт олон хавирганы хугаралтай цээжний хий хуралттай байсан юм. Ингээд эмчилгээ хийгдсэн юм. Би мэргэжилээрээ 20 жил ажиллаж байгаа. Би эмнэлгийн англи хэлийг 2004 оноос 2009 оныг хүртэл АНУ-ын Денвер Колорада мужуудад амьдарч тэндээ сурч ажилласан байгаа. Манай SOS медиа олон улсын эмнэлэг нь мэргэжлийн англи хэлтэй байх шаардлага тавьдаг бөгөөд би 2010 оноос ерөнхий эмчээр нь ажиллаж байгаа” гэжээ /хх-60-61 тал/,

 

             Гэрч Б.Нандинбаяр мөрдөн байцаалтын шатанд: “Миний төрсөн дүү Нандин-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1979 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр айлын 3 дахь хүүхэд болж төрсөн манайх эхээс тавуулаа. Бага балчир насаа Жаргалант сумандаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 7 настайдаа сургуульд орж 1996 онд 10 жилийн сургуулиа төгссөн 1997-1998 оны хооронд Зүүнбаянгийн 131-р цэргийн ангид алба хааж 1998 оноос 2000 оныг хүртэл Эрдэнэт хотод амьдарсан байгаа. 2001 оноос эхнэр Отгонжаргалтайгаа сууж Хөвсгөл аймгийн Жаргалант сумандаа амьдарч байгаад 2007 онд Улаанбаатар хотод шилжин ирж амьдарсан. 2009 оноос хойш одоог хүртэл “Дисковер Монголиа” компанид аялалын жолоочоор ажиллаж байгаа. Зан байдлын хувьд миний дүү төлөв даруу, архи, тамхи хэрэглэдэггүй хүнтэй эвсэг найрсаг зантай хүн байгаа юм. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэжээ /хх-62 тал/,

 

            Шинжээч Б.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд: “Би 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалын шинжээч томилсон тогтоолын дагуу  SOS медика эмнэлэг дээр очин АНУ-ын иргэн Марселла Кай Лейтоны биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Тухайн үед орчуулагч хэлмэрч томилсон тогтоолын дагуу тус эмнэлгийн ерөнхий эмч Тунгалаг надад орчуулга хийсэн ба үзлэгээр хохирогч эмэгтэйн цээжний баруун хөндийд гуурс тавигдсан гуурсаар улаан хүрэн өнгийн шингэн бага хэмжээгээр гарсан байдалтай байсан ба  SOS медиа эмнэлгийн бичиг баримтаас судлахад цээжний рентгенд баруун талд олон хавирганы хугаралтай, пневиоторакстай 1 цээжний хөндийд хий хуралттай, 2,3,4-р хавирганы хугарал, цээжний хөндийд их хэмжээний хийтэй .....цээжний хөндийд хатгалт хийж агаарыг соруулав,  ...гуурс байрлуулж цээжний хананд бөхлөв. Онош олон хавирганы хугарал, пневиоторакс гэсэн байсан ба 2017 оны 03 дугаар сарын 08-ны цээжний рентген зурагт: баруун 3,4 дүгээр хавирга суганы урд 5 дугаар хавирга эгэмний дунд шугамаар зөрүү багатай ташуу болон хөндлөн хугаралтай, цээжний хөндийд гуурс байрлуулсан, гялтанд сул хий, шингэнгүй, баруун уушигны агааржилт буурсан, авчилтгүй. Гуурс тавихаас өмнө авахуулсан рентген зурагт: баруун уушги авчилттай, гялтанд сул хийтэй гэсэн байсан. Иймд дээрх үзлэг хийсэн онош SOS медика эмнэлгийн бичиг баримт, рентген зураг уншсан тайлбар зэргээс хохирогч Марселла Кай Лейтон Шлегелын биед хавирганы хугаралуудаас болоод цээжний хөндийд хий хуралт үүссэн байсан ба хий хуралтаас болж уушиг авчилт яаралтай гуурс тавьж хийг соруулаагүй бол хохирогч үхэж болох аюултай байсан тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамааралтай байсан тул уг дүгнэлтийг гаргасан байгаа” гэжээ /хх-102-103 тал/,

 

            Иргэний хариуцагч Ц.Гантулга мөрдөн байцаалтын шатанд: “Манай “Дисковер Монголиа трэйвел” аялал жуулчлалын компани нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны хооронд Америкийн нэгдсэн улсын иргэд болох Шлегел Майкл Жене, Шлегел Марселла Кай Лейтон нарын хоёр иргэнтэй гэрээ байгуулж тус иргэд маань 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатарт ирж 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу ирж яваад Төв аймгийн нутагт зорчиж явсан машин нь онхолдож эмэгтэй жуулчин болох Шлегел Марселла Кай Лейтон нь биедээ хүнд гэмтэл авсан байгаа. Манай байгууллага нь 2009 оноос жил болгон гэрээ байгуулж Нандин-Эрдэнэтай хамтран ажилладаг юм” гэжээ /хх-112 тал/,

 

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-07 тал/,

-зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08 тал/,

-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09 тал/,

-зам тээврийн ослын хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14 тал/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх15 тал/,

-“Делика” маркийн 71-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-28 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-29 тал/,

-71-06 УНЗ автомашины зураг /хх-30 тал/,

-эд зүйлийн үнэлгээ  /хх-32 тал/,

-эд зүйл хураан авах тогтоол /хх-33 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-34 тал/,

-орчуулагч, хэлмэрчийг эрүүгийн хэрэгт томилон оролцуулах тухай тогтоол /хх-35 тал/,

-“Net Capital” ХХК-ны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг /хх-44 тал/,

-хохирлын үнэлгээ /хх-64 тал/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №3792 дугаар шинжээчийн дүгнэлтэд / хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ/

1. Э.Ганболдын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ /хх-70 тал/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3601 дугаар шинжээчийн дүгнэлтэд /хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ/

1.Marcella Kay Schlegel-ийн биед баруун талын 3,4,5-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийн хий хуралдалт, дух, баруун хөмсгөний зулгаралт, баруун тохой, шууны зөөлөн эдийн няцрал зулгаралт, шарх, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд нэг зэрэг үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх баруун талын 3,4,5-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийн хий хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ /хх-74 тал/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3602 дугаар шинжээчийн дүгнэлтэд /хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ/

1.Michael Gene Schlegel-ийн биед баруун дал, нурууны шарх /3ш/, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хэвлийн цус хуралт, зүүн гарын сарвууны зулгаралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд, нэг зэрэг үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ /хх-84 тал/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №3719 дугаар шинжээчийн дүгнэлтэд / хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ/

1. Б.Нандин-Эрдэнийн биед баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ /хх-93 тал/,

 

-2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №00000021 дугаар шинжээчийн дүгнэлтэд /хх-95 тал/,

1.Хариулт 1: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 71-06 УНЗ дугаарын “Мицүбиши Делика” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Банзрагч овогтой Нандин-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж үзэв.

2.Хариулт 2: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол гарсан замын байдлыг асфальт, өгсүүр, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам гэжээ. Уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон цаг, агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.

3. Хариулт 3: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 71-06 УНЗ дугаарын “Мицүбиши Делика” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Банзрагч овогтой Нандин-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

4. Хариулт 4:  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шинжилгээний явцад асуултанд дурьдаагүй нөхцөл байдал шинээр илрээгүй гэж үзэв гэжээ /хх-95 тал/,

-“Discover Mongolia” ХХК-аас ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17/009 дугаар албан тоот /хх-110 тал/,

-хохирогч Марселла Кай Леатон Шлегель болон иргэний нэхэмжлэгч Майкл Жи Шлегель нараас ирүүлсэн тодорхойлолт /хх-146-151 тал/,

 

-“Net Capital” ХХК-ны 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07/79 дугаар тээврийн хэрэгсэл /хх-154 тал/,

 

            -шүүгдэгч Б.Нандин-Эрдэнийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх- 114 тал/,

 

- шүүгдэгч Б.Нандин-Эрдэнийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх-107 тал/, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хх-109 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

           

            Үүнд: Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Ногоон дов” гэх газрын 193/82 дахь километрийн хатуу хучилттай асфальтан замд 71-06 УНЗ дугаартай “Мицүбүши Делика” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Америкийн нэгдсэн улсын иргэн Марселла Кай Леатон Шлегель /Schelegel Marcella Key Leaton/, -ны бие махбодид хүнд гэмтэл, Майкл Жи Шлегель /Micheal Gene Schelege/ -ийн бие махбодид хөнгөн гэмтэл, Нэткапитал Финанс Корпораци ББСБ-д 2054400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  мөрдөн байцаалтын шатанд хохирогч Марселла Кай Леатон Шлегель /Schelegel Marcella Key Leaton/ “Тэгээд би машины голын суудалд суугаад нөхөр маань арын суудалд суугаад явж байсан чинь машин маань замын мөсөн дээр гулгаад гулгасан чигээрэй явсаар эсрэг урсгал руу орж замаас гарч нэг удаа бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ тогтсон юм” гэх мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч Майкл Жи Шлегель /Micheal Gene Schelege/ “..Тухайн үед би машины арын суудалд ном уншаад явж байсан чинь сууж явж байсан машин маань хөндөлсөж ирээд эргэхээр нь би уншиж байгаа номоо тавиад машины цонхоор гадагш харсан гадаа орчины байдал цастай зам мөстсөн байсан ба машин замаас гарч эсрэг урсгалын хөвөө рүү унаад нэг эргээд дөрвөн дугуйн дээрээ унасан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Гантулгын “Б.Нандин-Эрдэнэ нь 71-06 УНЗ улсын дугаартай “Митцүбиши делика” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12 сарын хугацаатай 2200000 төгрөгийн барьцаанд тавьж шинээр бизнесийн зээл авч байсан юм. Б.Нандин-Эрдэний зүгээс манайд төлөгдөх 2054400 төгрөгийг төлчихвөл манай байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй” гэх мэдүүлэг, гэрч Э.Ганболдын “..Төв аймгийн нутагт явж байсан чинь машин гэнэт замын эсрэг урсгал руу ороод замаас гараад шороон дээр нэг бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ унасан байгаа. Машин дөрвөн дугуйн дээрээ унасан болохоор би хаалгаа онгойлгож гараад дунд хаалгаа онгойлгосон чинь эмэгтэй жуулчин маань машины голд шалан дээр нөхөр нь арын суудлын урд шалан дээр хэвтэж байсан юм. Биеийнхэн байдлыг асуухад эмэгтэй нь дуугарч чадахгүй амьсгалахад хүндрэлтэй байсан. ..Тухайн осол болсны дараа Марселла Кай Лейтоны цээж нь зовиурлаж байгаа бололтой амьсгалж чадахгүй байсан юм. Миний биед гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-07 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09 тал/, зам тээврийн ослын хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх15 тал/, “Делика” маркийн 71-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17 тал/, хохирлын үнэлгээ /хх-64 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3601 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-74 тал/, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3602 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-84 тал/, 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №00000021 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-95 тал/,  шүүгдэгч Б.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                               

Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 55.1.3 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан,  55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” гэж тус тус заасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

             

Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

.

Хохирлын талаар:

Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон хураагдсан иргэний бичиг баримтын талаар:

Энэ хэрэгт “Митцүбүши Делика” маркийн 71-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураагдан ирсэн 71-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01445272 дугаар бүхий гэрчилгээг Б.Нандин-Эрдэнэд буцаан олгож, №262018 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Орос овогт Банзрагчийн Нандин-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Нандин-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1  /нэг/  жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Нандин-Эрдэнэд оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Нандин-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Митцүбүши Делика” маркийн 71-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дах хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 71-06 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01445272 дугаартай дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Нандин-Эрдэнэд буцаан олгож, №262018 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан Б.Нандин-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нандин-Эрдэнэд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дах хэсэгт зааснаар ялтан Б.Нандин-Эрдэнийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Б.Нандин-Эрдэнэ нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Б.Нандин-Эрдэнэд сануулсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Нандин-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ