| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2022/03508/И |
| Дугаар | 001/хт2026/00166 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/хт2026/00166
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01428 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2026/00799 дүгээр магадлалтай,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.МЖ, М.МЗ нар оролцсон
Ж.М-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 79.56 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911***, 99***, 99***, 99***, 95*** дугаарууд, мөн “Х” ХК дахь харилцах дансанд байсан 120,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс тус тус өөрт ногдох хэсгийг гаргуулах, нотариатч Б.Б-гийн нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Б, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г-ийн өмгөөлөгч Б.Б, Г.Г, хариуцагч Б.БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г, О.Н нар нь хариуцагч Б.Б, Б.БА нарт холбогдуулан Ж.М-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 79.56 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911***, 99***, 99***, 99***, 95*** дугаарууд, мөн “Х” ХК дахь харилцах дансанд байсан 120,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс тус тус өөрт ногдох хэсгийг гаргуулах, нотариатч Б.Б-гийн нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01428 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б.БА нарт холбогдуулан талийгаач Ж.М-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, *** тоот, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв 3 өрөө байр, Мобикомын 9911***, 99***, 99***, 99***, 95*** дугаарууд, Х-ны харилцах дансанд байсан 120,000,000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Б.Б нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч М.Г, О.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г, О.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,581,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2026/00799 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 108 дугаар зүйлийн 108.8, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б-гийн 2022.07.19, 20-ны өдрүүдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Н, М.Г нарыг Ж.М-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, хариуцагч Б.БА-аас 190,609,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Н, М.Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,619,038.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,581,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.БА-аас 1,110,996 төгрөг, хариуцагч Б.Б-гээс 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Б.БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Давж заалдах шатны шүүх … Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсгийг мөн буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн нотариатч П.М мэдүүлэхдээ “2022.07.18-ны өдөр ирсэн, өвлөх эрхийн гэрчилгээ авна гэж ирснээс биш, хүсэлтдээ бүртгүүлнэ гэж ирээгүй.” гэсэн мэдүүлгийг мушгин тайлбарлаж хүсэлт гаргасантай адилтгаж үзнэ хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
4.1. Хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, ... 528 дугаар зүйлийн 528.2-т хуульд заасан шаардлагын дагуу насанд хүрээгүй өвлөгч М.МЖ, М.МЗ нарыг төлөөлж, эх Б.БА нь 2022.06.10-ны өдөр нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэлд өв хүлээн авах хүсэлт гарган бүртгүүлсэн. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д ... заасны дагуу өв нээгдсэнээс хойш нэг жил нэг хоног /2022.07.19/, нэг жил, хоёр хоног /2022.07.20/-ийн дараа насанд хүрээгүй хууль ёсны өвлөгч М.МЖ, М.МЗ нарыг төлөөлж эх Б.БА нийслэлийн тойргийн нотариатч Б.Б-д өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргахдаа нотариатчаас шаардсан холбогдох бичиг баримт, тодорхойлолт, төрөл, садангийн лавлагааг гарган өгсөн бөгөөд нотариатчийн зүгээс дээрх бичиг баримт, тодорхойлолт, лавлагаанууд болон бусад хууль ёсны өвлөгч нараас өв хүлээн авах хүсэлтийг зохих этгээдэд гаргаж бүртгүүлсэн эсэх мэдээллийг нягтлан шалгаж үзсэний үндсэн дээр 0068, 0072 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.
Харин нэхэмжлэгч буюу талийгаачийн хууль ёсны эхнэр О.Н-ын зүгээс 2021.08.30-ны өдөр нийслэлийн тойргийн нотариатч Б.А-ид, талийгаачийн төрсөн охин М.Г-ийн зүгээс нийслэлийн тойргийн нотариатч П.М-д 2022.07.18-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг бичгээр гаргасан зүйл байдаггүй бөгөөд гагцхүү нотариатчаас эрх зүйн зөвлөгөө авч байсан байдаг. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар хууль ёсны өвлөгч О.Н, М.Г нарын дээрх нотариатч нараас эрх зүйн зөвлөгөө авч байсан үйл баримтыг “өв хүлээн авах хүсэл зоригтой байгаагаа илэрхийлж буй нь өвлөх хүсэлтээ бүртгүүлэх агуулгаар давхар илэрхийлэгдэнэ” хэмээн дүгнэж өв хүлээн авах хүсэлтийг бичгээр гаргасантай адилтгаж үзэж буй нь үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзан гэж үзнэ.” Иймээс нэхэмжлэгч нар нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу өв хүлээн авах хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаагүй тул дээр дурдсан хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нарыг өвлөхөөс татгалцан гэж үзэх үндэслэлтэй талаарх хийсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болсон.
Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Б.Б-гийн 2022.07.19-ний өдрийн 0068 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, мөн оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0072 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосонд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсгийг өөр өөрөөр тайлбарлан хууль хэрэглэсэн зөрүүтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул хууль хэрэглээний зөрүүг арилгаж өгнө үү.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд: Хариуцагчаар татагдсан нотариатч Б.Б-гийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлүүдийг хүчингүй болгосонтой холбогдуулан хариуцагч Б.БА-аас 190,609,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Н, М.Г нарт олгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарч уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрдсэн.
Нэхэмжлэгч М.Г нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж өмгөөлөгч Б.Б-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Б өмгөөлөгчтэй оролцдог бол нэхэмжлэгч О.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцдог. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч М.Г-ийн өмгөөлөгч Б.Б бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэгч О.Н-ын зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч Б.БА-ыг насанд хүрээгүй хүүхдүүдийн эх гэдэг үндэслэлээр хариуцагчаар тодорхойлж татсан бөгөөд 0068, 0072 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр өв гагцхүү насанд хүрээгүй хүүхдүүд буюу М.МЖ, М.МЗ нар дээр нээгдсэн. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд буюу өв хүлээн авагч М.МЖ нь 2024.10.13-ны өдөр насанд хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болсон байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө эрх зүйн бүрэн чадамжтай болсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М.МЖ-ыг нэхэмжлэгч нарын зүгээс хамтран хариуцагчаар татаагүй байхад давж заалдах шатны шүүх эл нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хариуцагч Б.БА-аас 190,609,150 төгрөгийг гаргуулж шийдэж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч О.Н давж заалдах журмаар гомдол гаргаагүй байхад түүнд ногдох өвийн хэмжээг 95,304,575 төгрөгөөр тогтоож, түүнд олгохоор шийдвэрлэж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд хариуцагч Б.БА-ын зүгээс насан хүрээгүй өвлөгч буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай М.МЗ-гийн өвлөх эд хөрөнгийн өвийн хэмжээгээр эрх зүйн үр дагавар үүсэх ёстой. Үүнээс гадна өвлүүлэгчийн бусдад төлөх өр төлбөр болох 310,000 юанийн өв төлбөрийг өвлөгч М.МЖ, М.МЗ нарын өвлөгдсөн 120,000,000 төгрөгийн өв хөрөнгөөр төлж барагдуулсан үйл баримтад давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийхгүйгээр өвлөгдөн ирсэн мөнгөн хөрөнгийг хуваарилж шийдвэрлэж буйд гомдолтой байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч Б.БА-ын өмгөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ...
5.1. ... Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах журмыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний зөрүүг арилгаж, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.Г, О.Н нарыг “хамт амьдраагүй өвлөгч” гэж, харин М.МЖ, М.МЗ нарыг “хамт амьдарч байсан өвлөгч учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зөв дүгнэсэн учраас 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсгийг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ. Харин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй өвлөгч, өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан, нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан, өргөдлийг нэг жилийн дотор бичгээр гаргасан байхаар хуульчилж өгчээ.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 3 буюу “өвлөхөөс татгалзах” хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд “528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага этгээдэд бичгээр гаргаагүй бол өвлөхөөс татгалзсан” гэж үзэхээр зохицуулсан байна. Дээрх Иргэний хуулийн зохицуулалтууд болоод Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх заавраар өв хүлээн авах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт зэрэг нь “бичгээр” үйлдэгдсэн байхыг шаардахаар байна.
Анхан шатны шүүх дээрх хуулийн агуулгаар буюу нэхэмжлэгч нарын хувьд нэг жилийн дотор бичгээр хүсэлт гаргасан эсэхийг үнэлж хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна. ... Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “хамт амьдраагүй бусад өвлөгч О.Н, М.Г нарын хувьд 2022.07.15-ны өдрийн дотор өв хүлээн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан бол өвлөх эрхээсээ татгалзаагүй гэж үзнэ” гэж дүгнэсэн байх ба ингэхдээ нотариатч Б.А-ийн банкинд хүргүүлсэн гэх албан тоот, “...бичгээр гаргасан зүйл ерөөсөө байхгүй" гэж мэдүүлсэн гэрч П.М нарын няцаан үгүйсгэсэн мэдүүлгийг үндэслэл болгожээ.
Нэхэмжлэгч М.Г, О.Н нар нь нотариатч нартай уулзаж байсан үйл баримтыг давж заалдах шатны шүүх хуульд заасан хэлбэрээр өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлөн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж дүгнэж байгаа нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүйг харуулж байна. Хуульд заасан журмын дагуу өв хүлээн авах хүсэлтээ бичгээр гарган Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн санд бүртгүүлээгүй байгаа үйл баримтыг зөв үнэлж дүгнэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийн зохицуулалтыг хэт өргөжүүлэн тайлбарлаж хэрэглэсэн зэрэг алдаа гаргасан байна. ... О.Н, М.Г нарыг хуульд заасан журмын дагуу хүсэлтээ бичгээр гаргаж, Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн санд хүсэлтээ бүртгүүлээгүй үйл баримтыг зөвшөөрсөн агуулгатай болжээ.
Харин хүсэлтээ бичгээр гаргаагүй байгаа үйл баримт нь нотариатчидын эс үйлдэхүйгээс болсон мэтээр буруутгасан нь үндэслэлгүй юм. Нотариатч П.М нь М.Г-ийг ирж уулзахад нь дутуу материалаа бүрдүүлээд ирэхийг зөвлөөд явуулсан байдаг ба харин нэхэмжлэгчийн хувьд бүрдлээ хангаад хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаагүй үйл баримт нотлогдсон. Нэхэмжлэгч нарын хувьд хүсэлтээ хуульд заасан хугацаанд, бүрдүүлбэр ханган дахин гаргаагүй үйл баримтаа ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан зааж тайлбарлаж, мэтгэлцдэггүй ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунгуулахаар шүүхэд хандаж байгаагүй байдаг.
Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т “Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ”, мөн өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо 8.2.11-д “өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/, 8.2.13-д “өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа зэргийг шаардахаар байна. Ийнхүү Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааварт заасан шаардлага тавьсан нотариатч нарыг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д “нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх” үүргийг үйлчлүүлэгч хүлээдэг болно.
Магадлалд “... Б.Б нь өвлөгч М.МЖ, М.МЗ нараас гадна талийгаач Ж.М-ад хууль ёсны өөр өвлөгч байдаг эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон” гээд энэ нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.1, 8.2.2-т заасантай нийцээгүй гэжээ. Гэтэл зааврын дээрх заалтууд нь өв хүлээн авах хүсэлт болоод өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтээ хуульд заасан журмын дагуу хугацаандаа бичгээр өгсөн өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо шаардах баримтуудын жагсаалт юм. Өвлөгч М.МЖ, М.МЗ нарын хувьд хууль болон зааврын 8.2-т заасан баримтуудыг бүрдүүлэн өгсөн учраас Нотариатын үйлдэл хийх зааврын 8.8-д “Өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрхийн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны төлөөлөгч болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ” гэсний дагуу насанд хүрээгүй өвлөгч нарын хууль ёсны төлөөлөгч болох ээж Б.БА-д 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгсөн байдаг.
Давж заалдах шатны шүүх М.МЖ, М.МЗ нарыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар “өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан өвлөгч нар гэж дүгнэн, өвийг хүлээн авсан” гэж дүгнэсэн атлаа өвлөгч нарын хууль ёсны төлөөлөгч Б.БА нь Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1, 530.2.3-т заасан оршуулгын зардал, өвлүүлэгчийн бусдад төлөх төлбөрийг төлснийг үйл баримт, нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 531 дүгээр зүйлийн 531.1 дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарыг өвлөхөөс татгалзсан, М.МЗ, М.МЖ нарын хууль ёсны төлөөлөгчид 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг нь хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нь дээрх хуулийн заалтуудыг “өв хүлээн авах хүсэлтийг бичгээр гаргаж, Нотариатын танхимын нэгдсэн санд бүртгүүлээгүй ч нотариаттай уулзаад зөвлөгөө аваад явсан үйл баримтыг өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ илэрхийлсэн гэж үзнэ” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг шүүхүүд зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх ойлголтод хамаарч байна. ... Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.04.13-ны өдрийн 210/МА2026/00799 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.02.02-ны өдрийн 192/ШШ2026/01428 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
6. Хариуцагч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ...
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэсэн үндэслэл байгаа тухайд хувийн эрх зүйн харилцаа гагцхүү хувь этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэлд тулгуурладаг. Өв залгамжлалын харилцаа үүний нэг тод илрэл бөгөөд өвлүүлэгчийн хөрөнгийг өвлөх эрх бүхий этгээд хүсэл зоригоо илэрхийлж байж, түүнийгээ хуульд заасан хэлбэрээр бэхжүүлж өвлөх эрхээ хэрэгжүүлнэ. Монгол Улсын Иргэний хуулиудад маш тогтвортойгоор өвлөгчийг дотор нь 2 ангилж, нас барагчтай хамт амьдарч байсан, хамтын амьдралтай өвлөгчид, хамт амьдардаггүй байсан бусад өвлөгчид гэж ангилж ирсэн. Дээрх 2 өвлөгчид нь зарчмын хувьд хоёр өөр эрх зүйн дэглэмээр өв хүлээж авдаг буюу хамт амьдарч байсан хүмүүсийн хувьд өрхийн хамтын амьдрал, өрхийн хамтын аж ахуй, сэтгэл зүйн ойр дотно холбоостой байдгаараа онцлог. Тиймээс өвлөхөөс татгалзаагүй бол өвийг автоматаар хүлээн авсанд тооцогддог бол тусдаа амьдралтай өвлөгчийн хувьд нас барснаас нь хойш нэг жилийн хугацаанд ямар хөрөнгө дээр нь хамтран өвлөх хүсэлтэй байгаагаа тодорхой, бодит хүсэл зориг, бодит үйлдэл гаргаж байж өвлөж авдаг эрх зүйн дэглэмтэй. Өмнөх бүх Иргэний хуульд яг л ийм ангиллаар нэг жилийн хугацааг хамт амьдардаггүй өвлөгч нарт олгож иржээ. Өвийн харилцаанд олон арван жилийн хугацаанд, хамт амьдардаг өвлөгчид, түүний дотор насанд хүрээгүй хүүхдүүд нь өвийг хүлээн авсанд тооцогдож ирсэн, хамт амьдардаггүй өвлөгчид нотариатчид хандан хүсэл зоригоо бодитоор, хангалттай тодорхой илэрхийлсний үндсэн дээр нэг жилийн хугацаагаар хязгаарлагдаж, өвийг хүлээж авдаг тогтсон практик, хууль хэрэглээний тогтсон соёлтой болж хэвшсэн. Тиймээс ч нотариатчид нэг жил өнгөрөөгүй байхад өв нээхээс татгалздаг нь, бүтэн жилийн хугацаанд хамт амьдардаггүй өвлөгчид хүсэл зоригоо илэрхийлэх хууль зүйн боломжийг нь хааж болохгүй учраас тэр юм.
Анхан шатны шүүх хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, түүн дээрх урт хугацааны бүртгэл, мэдээлэл, цахим системд үндэслэн хамт амьдардаг байсан М.МЗ, М.МЖ /хоёулаа насанд хүрээгүй/ нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хуульд нийцсэн, хуулийн дагуу хийгдсэн нотариатын үйлдэл гэж дүгнэсэн. Энд яригдаж буй хоёр охины орон гэрийн тухайд авч үзвэл, эдгээр нь тухайн хууль ёсны өвлөгч нарын эрхлэн удирдаж эзэмдэн авсан буюу хуульд зааснаар өвийг хүлээн авсанд тооцогдох этгээдүүдийн хөрөнгө болохыг нотолсон анхан шатны эх хувь баримтууд авагдсан.
Харин давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хуулиар тогтоосон дэглэмийг өөрчилж, тус улсад огт байхгүй цоо шинэ, хуульд харшилсан эрх зүйн дэглэм бий болгосон. Тодруулбал, нас барагч Ж.М-тай хамт амьдарч байгаагүй, гэр бүл биш болоод 30 жил болсон О.Н, М.Г нар нас барсныг нь мэдээд, бүтэн жилийн хугацаанд ямар нэг хүсэлт гаргаагүй, өвлөх хүсэлт илэрхийлж бүртгүүлээгүй байхад, ингэж бүртгүүлсэн эсхүл бүртгүүлэх ёстой байсан мэтээр шүүх диспозитив зарчмаас гадуур, маш ойлгомжгүй дүгнэлт хийсэн.
М.Г нотариатч М, нотариатч А нартай уулзаж бүртгүүлэх гэхэд, бүртгэж аваагүй эс үйлдэхүй гаргасан мэтээр хуулийг буруу ойлгож буруу тайлбарласан. 2021.07.15-нд нас барж, 2022.07.15-нд нэг жилийн хугацаа өнгөрсний дараа 07 сарын 20, 08 сарын 9, 30-нд М.Г гэнэт нотариатч нараар явж эхэлсэн, нотариатч нар ч нэг жилийн хугацаа өнгөрсний дараа ямар ч хүсэлт авч бүртгэх боломжгүй, хэрэв ямар ч хүсэлт гараагүй бол, бүх өвлөгч татгалзсанд тооцогдож, шууд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдох талаар хэлж зөвлөсөн нь гэрчийн мэдүүлэгт авагджээ. Давж заалдах шатны шүүх нэг жилийн дотор хүсэлт гаргаж бүртгүүлэх, жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандах хоёр өөр ойлголтыг хольж хутгаж ойлгосон байдал харагддаг.
Улаанбаатар хот, *** тоот орон сууцны оногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хүчин төгөлдөр бөгөөд 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт гуравдагч этгээдүүд болох М.МЗ, М.МЖ, Б нар 2017 оноос эхлэн бүртгэлтэй байсан, үүгээрээ нас барагчийн өвлөгчид болох 2 охин нь хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон. Энэ факттай хэн нэгэн этгээд маргаагүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүд нь нас барагчтай хамт амьдарч байсан, өөр этгээд хамтын амьдралтай байгаагүй болох нь бүрэн нотлогдсон. Нэхэмжлэгч О.Н, М.Г нарын хэн нь ч нас барагчтай нэг хаягт, нэг дор хамтын амьдралтай байгаагүй, эсрэгээрээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 101/ШШ2022/01375 дугаартай шийдвэрээр Б.БА нь нас барагчтай 2003 оны 11 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. 2014 оноос хойш бол нас барагч нь М.МЗ, М.МЖ хоёр охины хамтаар хамтын амьдралтай байсныг эндээс дүгнэж болохоор байдаг. Товчхондоо нэхэмжлэгч нартай 2003 оноос хойш ямар нэг хамтын амьдрал байхгүй, гэр бүлийн харилцаагүй болсон байсан нөхцөл байдлыг анхаараагүй. Шүүхэд олон жил нэгэнт тогтсон маш ойлгомжтой тогтвортой хууль хэрэглээний хэвшмэл тогтсон хэрэглээг эвдсэн, түүний эсрэг, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй ийм хууль хэрэглээг бий болгосон нь эрх зүйн тогтвортой байдалд сөрөг үр дагавар бий болгосон, эрх зүйн тогтвортой байдал бүрэн алдагдсан кейс болсон.
Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх талд авагдсанаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга оршин суугаа тухай тодорхойлолт гаргахдаа Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.3, Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус иргэнийг харьяалагдан бүртгүүлсэн Засаг захиргаа нутаг бүртгэлийн 1110521410180 тоот дэвтрийг үндэслэн үйлдсэн болно гэснээс дүгнэхэд оршин суугаа хаягийн тодорхойлолт нь одоо цагт хэн нэг этгээдийн хүсэлт төдийгөөр хийгдэхгүй, харин өрхийн хүн амын бүртгэл нь тодорхой урт хугацааны туршид, байнга баталгаажуулж давтамжтай хийгддэг бүртгэл, газар дээр нь очиж биечлэн шалгаж ирсэн үзлэг гээд урт хугацаанд үргэлжилсэн үйл явцыг Хаатр системд бүртгэж цахимаар оруулж ирсэн, үл маргах шинжтэй баримт бичиг юм. О.Н, М.Г нарын нэхэмжлэгчид хамтын амьдралтай байгаагүй, үүгээрээ хамтын өрх, төсөв хамтын амьдрал байгаагүй. Нэхэмжлэгч нарт хамаарах зохицуулалт нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэсэн зохицуулалтад хамааралтай байна.
Нас барагчтай хамт амьдардаггүй бусад өвлөгчид буюу М.Г, гэрлэлтийн батлахаа салгаагүй байгаа гэдгээрээ О.Н нар 2021.07.15-2022.07.15-ны хооронд нэг жилийн хугацаанд нас барагчийн нэр дээрх хөрөнгийг өвлөх хүсэлтээ нотариатад хандаж хүсэл зоригоо илэрхийлэх ёстой байсан ч ямар нэг хүсэлт илэрхийлээгүй, нотариатаар гэрчлэгдээгүй. ... Хуулийн үүднээс хүсэлтээ гаргаагүй этгээдийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Энэ нь сонголт олгосон зохицуулалт биш, заавал үйлчлэх норм байхад энэхүү зохицуулалтыг шүүх зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэжээ. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт ... зааснаас үзэхэд, хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт ногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй зохицуулалт үйлчилж байна. Нас барагчтай хамт амьдарч байсан хүүхдүүд болох М.МЖ, М.МЗ, тэдгээрийн эх Б.БА нар нь өв хүлээн авахаас татгалзах ямар нэг татгалзал илэрхийлээгүй тул өвийг хүлээн авсан. Тусдаа амьдралтай өвлөгчид болох О.Н, М.Г нарт хамаарахгүй заалт буюу тусдаа хаягт тусдаа амьдралаар сүүлийн 20 жил амьдарсан нэхэмжлэгч нарын хувьд 528 дугаар зүйлийн 1 дэх хэсэг үйлчлэхгүй тул 528.2 дахь хэсэг л хамааралтай байна.
1-р хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэгт, хамтран өмчлөгчдөөр нийт 4 иргэн байхаар мэдүүлсэн баримт авагдсан. Энэ тохиолдолд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд ногдох хэсэг нь ямар хэмжээтэй болохыг шүүх үнэн зөвөөр тогтоож, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй хэлбэрээр тусгагдсан эсэх үйл баримтыг тогтоохгүйгээр шууд хуваарилах шийдлийг хийх боломжгүй юм. Энэ хэргийн хувьд хэрэв шүүх шууд ийнхүү хуваарилалт хийх тохиолдолд, өв ба өрийн хэмжээг бүрэн гүйцэд тодорхойлох шаардлагатай, давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасан “ногдох хэсгийнхээ үнийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шууд ийм шаардлага гаргасантай адилтгаж шийдвэрлэсэн, гуравдагч этгээд М.МЖ, М.МЗ нараас гадна хэдийгээр гэрлэлт бүртгүүлээгүй байх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход шууд оролцсон, дундын эд хөрөнгөд эрх ашиг нь тусгагдсан Б.БАд ногдох хувийг тодорхой үнэлж дүгнээгүй байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа тухайд хариуцагчаар нэхэмжлэгч нар нь Нийслэлийн тойргийн нотариатчийг татах нэхэмжлэлээ гаргасан байх ба зөвхөн нотариатчийг хариуцагчаар татаж иргэний хэрэг үүсгэсэн захирамж 2022.08.11-нд гарсан. 2022-08-22-нд хариуцагч нотариатч гардаж авсан байхад мөн өдөр гуравдагч этгээд Б.БА гардаж авсан байдаг юм байна. Гэтэл хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлт 2022 оны 10 дугаар сард гарсан байдаг. Гэтэл гуравдагч этгээдээр оролцуулах тухай шүүгчийн захирамж 2022.10.26-нд гарсан ба 183/ШЗ2022/17842 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр Б.БА, М.МЖ, М.МЗ нарыг энэ өдрөөс оролцуулж эхэлсэн. Мөн өдрийн дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн 17843 тоот захирамжаар Б.БА-ыг хамтран хариуцагчаар оролцуулж эхэлсэн. Хариуцагч Б.БА нь Т.У-т хариуцагчийг төлөөлөх итгэмжлэлийг 2 сарын хугацаатай олгосон. 2022 оноос хойш 2025 оныг хүртэл бүтэн 2 жил 10 сарын хугацаанд итгэмжлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явсан нь ноцтой зөрчилд тооцогдоно.
Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээр шүүгчийн захирамжаар гурван этгээдийг татсан нь Б.БА, М.МЖ, М.МЗ нар юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэн зэрэг хариуцагч болон гуравдагч этгээдээр оролцож явах нь ойлгомжгүй байх тул нэг гуравдагч этгээдээр татсан захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй хэвээр үлдээсэн. Гэвч гуравдагч этгээд Б.БА-ыг гуравдагч этгээд гэсэн агуулгаар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, зөвхөн хариуцагчаар оролцуулж явахдаа ч 2023.01.02-2025.03.09 хүртэл итгэмжлэлгүйгээр оролцуулж байжээ.
2025.10.23-ны өдөр нэхэмжлэгч О.Н нь нийслэлийн тойргийн нотариатч Б.А холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Нэмэгдүүлсэн шаардлага нь “нотариатч Б.А-ийн О.Н-ын өвлөх эрхийн хүсэлтийг бүртгээгүй эс үйлдэхүйг тогтоолгож, өв хүлээн авах хугацааг сунгуулах нэхэмжлэл гаргасныг шүүх 2025.10.27-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт хариуцагчаар татагдан оруулаагүй, Б.Б бус, өөр хоёр нотариатчийн үйл ажиллагааг тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр эзгүйд нь тэдгээр нотариатчийн үйл ажиллагааг хууль зөрчсөн тухай дүгнэлт хийж, тухайн дүгнэлтдээ үндэслэн нотариатч Б.Б-гийн үйлдлийг хүчингүйд тооцох нэгээхэн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагчийн тухай зохицуулалт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрх зэргийг зөрчсөн. Эдгээр нотариатч нар нь өөрсдийнх нь эзгүйд өөрсдийнх нь үйлдлийн хуульд нийцсэн, нийцээгүй эсэх асуудлыг шийдвэрлэж байгаатай холбоотойгоор мэтгэлцэх, хэргийн оролцогчийн эдэлбэл зохих эрхийг эдлээгүй байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын хувьд хууль дээдлэх зарчмыг тогтоосон манай улсын хувьд зөвшөөрөгдөх боломжгүй буруу жишгийг бий болгохуйц байна. Нөгөөтээгүүр Б.Б нотариатч нь тухайн нэр дурдагдан, өөрсдийнх нь эзгүйд үйл ажиллагаа нь шүүхээр буруутгагдах болсон хоёр нотариатчийн үйл ажиллагааг давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “хянах” боломж хууль зүйн хувьд болон бодит байдал дээр байхгүй байхад ийм байдлаар хуулийг буруу хэрэглэж, өөр нотариатчидын үйл ажиллагааг өөр нотариатчийг буруутгах үндэслэл болгох хариуцлагыг халдаан ногдуулж байгааг хяналтын журмаар хянан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
6.3. ... Өвтэй холбоотойгоор өвлөгчийн өөрийн эдэлж хэрэгжүүлж болох эрх, бүрэн эрхээс гадна, зайлшгүй хэрэгжүүлэх зохицуулалттай үүрэг, хариуцлага гэж үзэж байна. Уг хэргийн хувьд өвийг хуваарилахдаа, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт ... зааснаар өвлүүлэгчийн өрийг Б.БА бүхэлд нь хариуцан барагдуулсан байхад өвлүүлэгчийн өв, хөрөнгийг хуваарилахдаа энэхүү үүргийг хэрэгжүүлээгүй этгээдүүдэд шууд хуваарилсан нь цаашид дараах агуулгаар хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой байна. Өвлүүлэгчийн өвийг эхэлж хуваарилаад өр, хариуцлагыг хуваарилах асуудлыг цаг хугацааны хувьд хожим, тусад нь шийдвэрлэх боломжтой эсэх, өвлүүлэгчийн өвийг хуваарилах шийдвэрийг шүүх гаргахдаа, өр, хариуцлагыг хувь тэнцүүлэн хуваарилах асуудлыг нэгэн зэрэг, тухайн цаг хугацаанд хамааралтай үйл баримтын хувьд хамтатган шийдвэрлэх нь зохистой эсэх, өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу илэрхийлээгүй этгээдүүдэд үүсэх үр дагаврын тухайд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” зохицуулалт үйлчлэх, эсхүл үйлчлэхгүй байх эсэх. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
7. Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.04.13-ны өдрийн 210/MA2026/00799 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасны дагуу хянуулахаар дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүх М.Г, О.Н нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хуулийг илтэд зөрүүтэй хэрэглэсний улмаас гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдсөн тул гомдолтой байгаа болно.
О.Н нь Ж.М-тай 1989.10.19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, охин М.Г нь 1991.11.28-ны өдөр төрсөн цагаас хамт амьдраагүй, нас барах хүртэлх 29 жилийн хугацаанд огт харилцаа, холбоотой байгаагүй, тус тусын амьдралаар амьдарч ирсэн нь баримтаар тогтоогдож байхад гэрлэлтээ цуцлаагүй бол эхнэр нөхөр хэвээр байсан ... гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй,
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө, 126.2.1 дэх заалтад “...Гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч” байхаар хуульчилсан тул гэрлэснээс хойш 29 жилийн хугацаанд огт хамтран амьдраагүй, хамтын хөдөлмөр эрхэлж, орлого олж гэр бүлдээ зарцуулаагүй нь нотлогдон тогтоогддог. Иймээс магадлалд “О.Н нь Ж.М-ын бусадтай хамтран амьдарсан хугацаандаа бий болгосон хөрөнгө болон хамтран амьдарч байсан хүнийх нь хөрөнгийг хүртэл өвлөх эрхтэй" гэж дурдан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Тухайлбал:
Хариуцагч Б.БА нь “Д” ХХК-тай “Орон сууц захиалах. захиалгаа гүйцэтгэх тухай” гэрээг 2012.01.25-ны өдөр байгуулан *** тоотод байрлах 76.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 119,340,000 төгрөгөөр худалдан авч, өөрийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байдаг. Хариуцагч Б.БА нь Ж.М-тай 2003 оны 11 сараас 2019 оны 11 сар хүртэл 11 жилийн хугацаанд хамтын амьдралтай байж, хамтын хөдөлмөр эрхлэн охин М.МЖ-ыг 2008.10.13-ны өдөр, охин М.МЗ-г 2008.10.27-ны өдөр төрүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 01345 дугаартай шийдвэрээр нотлогддог. Ж.М хариуцагч Б.БА-аас салаад 2014 оноос бусадтай амьдарч байх хугацаандаа өр төлбөрт орж, зээлийн барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй байна гэж гуйсны дагуу өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох *** тоот орон сууцны өмчлөлийн 50 хувийг Ж.М-ад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээнд 2018.04.30-ны өдөр хамтран өмчлөгчөөр нэрийг нь оруулсан байдаг. Гэтэл Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 20 дугаартай “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд 127.1.2-т заасан “Бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх”-д хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэр бүл болоход нь зориулж бусдаас бэлэглэсэн мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эрх үл хамаарна” гэж заасныг зөрчин Б.БА, Ж.М-ыг бэлэглэлийн гэрээгээр өмчлөгчөөр оруулсан *** тоотыг үнэлүүлж өвлөгч гэж үзэн О.Н-д 39,454,575 төгрөгийг өвлүүлж шийдвэрлэсэн.
Магадлалд Ж.М-ын Х дахь *** тоот харилцах дансанд байсан 120,000,000 төгрөгийг Ж.М, Б.БА нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцох үндэслэлгүй гэж дүгнэн 4 өвлөгчид тэнцүү хуваахад нэг хүний 30,000,000 төгрөг болж байх бөгөөд О.Н, М.Г нарт ногдох хэсэг 60,000,000 төгрөг болж байна” гэж шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтыг зөрчиж, гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой хохироосонд гомдолтой байна. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар Ж.М-Б.БА нар нь БНХАУ-ын иргэн Ж-тэй удаан хугацаанд хамтран ажиллаж арьс шир зээлээр авч ирсэн нь нотлогддог бөгөөд нас барахынхаа өмнө зээлээр авсан арьс ширнийхээ мөнгийг төлөөгүй 290,986 юанийн өртэй байсныг хариуцагч Б.БА төлсөн болох нь шүүхээс 2025.12.18-ны өдрийн CD болон Вичат /Wechat/ зурвас, Ж.М-ын хөтөлж байсан дэвтэрт үзлэг хийсэн баримтаар нотлогддог.
Б.БА 9911*** дугаарын вичатаас Ж-ийн вичат рүү 2021.08.04-ний өдрийн 19:59 минутад явуулсан зурваст “2021.05.30-ны өдрийн тооцоо нийлсэн баримтыг зургаар ирүүлсэн, 2021.08.23-ны өдрийн 10:05 минутад 2290081 дугаартай тооцооны баримтын зургийг илгээсний дагуу хариуцагч Б.БА-аас Ж.М-ын өр төлбөрт 2021.08.27-ны өдөр 230,000 юань буюу 103,500,000 төгрөг, 2021.09.11-нд 61,000 юань буюу 27,450,000 төгрөг шилжүүлж, нийт 291,000 юань буюу 130,950,000 төгрөгийг Ж.М-ын данснаас авсан мөнгөн дээр 10,950,000 төгрөг нэмж өрийг нь төлсөн нь тогтоогддог.
Мөн уг данснаас авсан мөнгө нь тухайн өдөр аав нь нас барахад түүний 2 охин нь тэрэлжид амралтад байсан учир тус амралтын төлбөрт 4,000,000 төгрөг, талийгаачид зориулж суваргад 5,000,000 төгрөг, мөн оршуулгын бусад зардалд охин М.МЗ-гийн сургалтын төлбөрийн үлдэгдэлд 7,000,000 төгрөг зарцуулагдсан нь дансны гүйлгээгээр батлагддаг. Нэхэмжлэгч нар нь оршуулгын зардалд нэг ч төгрөг гаргаагүй, бүх зардлыг хариуцагч Б.БА дангаар хариуцсан байдаг. Гэтэл магадлалд эдгээр нотлох баримтуудыг яагаад үнэлж дүгнээгүй талаар дурдаагүй ба зарлагдаад дууссан 120,000,000 төгрөгийг 4 хувааж 60,000,000 төгрөгийг хариуцагч Б.БА-аар гаргуулан О.Н, М.Г-д олгохоор шийдэж буй нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар нь Ж.М-ын хөрөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэдэг боловч иргэний хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021.12.22-ны 0220600031 дугаартай прокурорын тогтоол, Дамно хөрөнгө үнэлгээний 2022 оны 03 сарын тайланд “*** орцонд хууль бусаар 2021.12.14-ний өдөр нэвтрэн М.Г 3 хүний хамт дайрч ороод 612,641,500 төгрөгийн арьс ширийг булаан авч хэрэглээд дуусгасан нь нотлогддог. Уг баримтаар О.Н, М.Г нар дайрч аваад хувьдаа завшсан 612,641,500 төгрөг, магадлалаар тогтоосон 190,000,000 төгрөг, нийт 802,641,500 төгрөг авч байгаа болно. Гэтэл амьдралыг нь залгуулж, хүүхдүүдээ тэжээж байсан арьс ширийг авч явснаас үүдэн М.МЖ, М.МЗ нар сургуулийн төлбөрөө төлж чадахгүй болж сургуулиасаа гарч, өөр сургуульд шилжсэн, дугуйлан, сургалтад явах боломжгүй болж хүнд нөхцөлтэй байсан.
7.2. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зорчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн гомдолтой байна. Нэхэмжлэгч О.Н нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байхад магадлалд түүнд ногдох өвийг 95,304,575 төгрөгөөр тогтоон хариуцагч Б.БА-аас гаргуулахаар шийдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Гуравдагч этгээд М.МЖ Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж заасны дагуу 18 насанд хүрсэн байхад нэхэмжлэгч нар хамтран хариуцагчаар М.МЖ-ыг татаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх насанд хүрсэн М.МЖ-ын өмнөөс хариуцагч Б.БА-аас мөнгө гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.04.13-ны өдрийн 210/МА2026/00799 дугаартай магадлалыг хүчингүй болгож Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.02.02-ны 192/ШШ2026/01428 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
8. Хариуцагч Б.БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Б, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.О нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.26-ны өдрийн 001/ШХТ2026/00709 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9. Хариуцагч Б.БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Б, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч М.Г, О.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн гаргажээ. Үүнд:
10.1. Хариуцагч Б.Б-д холбогдуулан өв залгамжлалыг бүртгэсэн нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911*** дугаарыг хууль ёсны өвлөгч М.Г өвийг хүлээн авсанд тооцуулах, Нийслэлийн *** тоот, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв, 3 өрөө байрнаас нэхэмжлэгч нарт оногдох хэсгийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
10.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.БА-ыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн *** тоот, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв, 3 өрөө байрнаас нэхэмжлэгч нарт оногдох хэсгийг шилжүүлэхийг хариуцагч Б.БА-д даалгах, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911*** дугаарыг Б.БА нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдлийг хүчингүй болгуулахыг Б.БА-д даалгах гэж нэмэгдүүлсэн,
10.3. Нэхэмжлэгч нь 2023.11.13-ны өдөр хариуцагч Б.Б, Б.БА нарт холбогдуулан Ж.М-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, *** тоот, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911***, 99***, 99***, 99***, 95*** дугаарууд, Х-ны харилцах дансанд байсан 120,000,000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, нийт 214,450,000 төгрөгийг гаргуулах, өв залгамжлалыг бүртгэсэн Б.Б нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгох гэж,
10.4. Анхан шатны шүүх хуралдаанд 2026.02.02-ны өдөр өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэгт гаргуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 315,363,600 төгрөгөөс ногдох хэсэгт 78,840,900 төгрөг, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний дугаарын үнэ 103,400,000 төгрөгөөс ногдох хэсэгт 51,700,000 төгрөг, Х-ны харилцах дансны үлдэгдэл 125,374,577 төгрөгөөс ногдох хэсэгт 62,687,288.5 төгрөг, нийт 193,228,188.5 төгрөг гэж багасгаж өөрчилсөн.
11. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ:
11.1. Нэхэмжлэгч О.Н нь Ж.М-тай 1986.04.06-ны өдөр гэр бүл болж, 1989.10.19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний 086 дугаарт бүртгэлд бүртгүүлсэн нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. О.Н, Ж.М- нарын дундаас 1991.11.04-ний өдөр охин М.Г төрсөн. Ж.М нь 2021.07.15-ны өдөр нас барсан тул түүний эхнэр О.Н, охин М.Г нар хууль ёсны өвлөгч юм. ... О.Н нь 2021.08.30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ илэрхийлж байсан. Мөн М.Г нь 2022.07.18-ны өдөр Баянгол тойргийн нотариатчид ... өв хүлээн авах хүсэлтээ илэрхийлэн очиход өвийн маргаантай гэдэг үндэслэлээр өв хүлээн авах хүсэлтийг хүлээн аваагүй байдаг. ... Нотариатч хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг буруу олгосноос үүдэн хууль ёсны өвлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хохирсон.
11.2. Нотариатч Б.Б нь өвлүүлэгч Ж.М-ын охин М.МЖ, М.МЗ нарын ээж Б.БАд өвлөгдөх хөрөнгийг өвлүүлэхээр 0068, 0072 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо ... 0068 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгч биш этгээд Б.БАд өвлүүлэгчийн өмчлөлд байсан *** тоот хаягт байршилтай, 79.56 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, өвийг өвлөгч биш Б.БА ганцаараа авах боломжтой болсон.
11.3. ... Мөн 2022.07.20-ны өдөр олгосон 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгч биш этгээд Б.БАд өвлүүлэгчийн ашиглалтад байсан гэх “М” ХХК-ийн 9911***, 99***, 99088110, ***, 95*** дугааруудыг тус тус өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Өвлөгч М.МЗ нь 2022.04.13-ны өдөр гадаад улс руу явсан бөгөөд нотариатч М.МЗг эзгүйд нь өвлөх эрхээс нь татгалзах татгалзал авалгүйгээр шууд хасаж нэг хүнд өвлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Түүнчлэн нотариатч Б.Б нь нь 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо ... өвлүүлэх хөрөнгө болох утасны дугааруудаас аль дугаарыг өв нээгдсэнээс хойш хэн эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан талаар тодруулалгүйгээр гэрчилгээг олгосноос өвлөгч М.Г-ийн хууль ёсны өвлөх эрх ноцтой зөрчигдсөн. Учир нь М.Г нь аав Ж.М-ыг нас барсных нь дараа түүний эзэмшиж байсан “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911*** дугаарыг ... авч өөрийн бизнесийн түнш болон бусад иргэд аж ахуйн нэгж байгууллагатай энэ дугаараас харилцаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг байсан төдийгүй ашиглалтын төлбөрийг төлж байсан. Энэхүү 9911*** дугаарыг 2021.07.15-ны өдрөөс одоог хүртэл барьж ашиглаж байгаа болно.
11.4. Ж.М нас барсны дараа түүний хэрэглэж байсан банкны картыг Б.БА нь авч банкны АТМ-с 5 удаагийн гүйлгээгээр нийт 120,000,000 төгрөгийг авсан. ...” гэж тус тус тодорхойлжээ.
12. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Ж.М- нь 2021.07.15-ны өдөр нас барсан бөгөөд түүний төрсөн хүүхэд болох М.Г хууль ёсны эхнэр О.Н нар хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргасан эсэхийг 2022.07.20-ны өдрийн байдлаар Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага болон этгээдэд гаргаагүй, өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн. Өвлүүлэгч Ж.М-ын хууль ёсны өвлөгчид болох төрсөн хүүхдүүд М.МЖ, М.МЗ нарыг төлөөлж эх Б.БА нь 2022.06.10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэлд өв хүлээн авах хүсэлт гаргасныг 187 дугаарт бүртгэсэн байсан. Ж.М-ын эзэмшдэг байсан “М” ХХК-ийн 9911***, ***, 99088110, 99***, 95114466 гэсэн дугаарыг хууль ёсны өвлөгч болох төрсөн охин М.МЗ-г төлөөлж эх Б.БА нь 2022.07.20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Иймд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг М.МЗд олгосон болно. Мөн Ү-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны өмчлөгч нь Ж.М-, Б.БА нар байсан бөгөөд өвлүүлэгчид ногдох хэсгийг хууль ёсны өвлөгчид болох М.МЗ, Мөнхжаргал нарт өвлүүлэхээр 0068 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн. ...”гэж маргажээ.
13. Хариуцагч Б.БА нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Талийгаач Ж.М- бид хоёр 2003 оноос 2014 оны 11 сар хүртэл хамтын амьдралтай байсан ба ...хоёр хүүхдийн ээж, аав болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч О.Н, М.Г нартай огт хамт амьдарч байгаагүй, харилцаа холбоо ч байгаагүй. Анхны охиныг төрөхөд бид хоёр гэрлэлтээ батлуулах гэтэл өмнөх гэрлэлт цуцлагдаагүй байна гээд О.Н-аас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах гэсэн боловч хаяг, утсыг мэдэхгүй, хаана амьдарч байгааг нь огт мэдэхгүй байсан учраас энэ асуудлыг тухайн үед шийдвэрлэж чадаагүй. М.Г-ийн хувьд 2015 онд анх удаа Ж.М- дээр ирсэн боловч ... холбоо харилцаагүй байсан. ... 2018 онд талийгаач нь хамт амьдарч байсан эмэгтэйгээсээ салсан, мөн их хэмжээний өрөнд орж, өөрт байсан эд хөрөнгүүдээ зарж, өр ширэндээ өгсөн тул түүний гуйснаар би 2018.04.30-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн байрны 50 хувийг талийгаач Ж.М-ад шилжүүлж, ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Ж.М- бид хоёрын нэр дээр болсон. Гэтэл миний өөрийн өмчлөлийн, дангаар худалдан авсан эд хөрөнгөөс надтай огт хамааралгүй, таньж мэдэхгүй хүмүүс болох О.Н, М.Г нар нь үл хөдлөх эд хөрөнгөөс өөрсдөдөө оногдох ёстой гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах хүсэлтээ Иргэний хуульд заасан 1 жилийн хугацаанд гаргаагүй тул нотариатч хууль болон зааварт заасны дагуу Нотариатчдын танхимын цахим бүртгэлээс лавлаж үзсэний үндсэн дээр талийгаачийг нас барах өдрийг хүртэл хамт амьдарч байсан, түүний төрсөн хүүхдүүд болох хууль ёсны өвлөгчид М.МЖ, М.МЗ нарт өвлүүлэгчид оногдох 50 хувийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн..” гэж маргажээ.
14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.МЖ, М.МЗ нар хариуцагч Б.БА-ын тайлбарыг дэмжиж оролцсон.
15. Анхан шатны шүүх “...Хуульд заасан шаардлагын дагуу насанд хүрээгүй өвлөгч М.МЖ, М.МЗ нарыг төлөөлж, эх Б.БА нь 2022.06.10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэлд Өв хүлээн авах хүсэлт гарган бүртгүүлж, улмаар эх Б.БА нь Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б-д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргаж, 2022.07.19, 20-ны өдөр №0068, №0072 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Харин нэхэмжлэгч нар талийгаач Ж.М-ын өвийг хүлээн авах хүсэлтийг нотариатч П.М-д амаар гаргаж байсан талаар тайлбарласан боловч гэрч П.Мөнх-Эрдэнийн ... мэдүүлгээр нэхэмжлэгч нарыг хуульд заасан журмын дагуу өв нээлгэх хүсэлтийг гаргасан гэж үзэхээргүй байна. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нар нь хэрэгт нотариатч Б.А-ийн 2021.08.30-ны өдрийн Хас банк, Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн дансны мэдээлэл авах тухай бичгийг хэрэгт баримтаар ирүүлсэн байх боловч энэ нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нарыг бичгээр гаргасан хүсэлт гэх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч М.Г нь талийгаач эцэг Ж.М-тай нас барах хүртэл нь нэг гэрт амьдарч байсан ... гэж тайлбарласан боловч хэргийн баримт, талуудын тайлбар зэргээр дээрх тайлбар үндэслэлгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэснээр нэхэмжлэгч нарыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. Эдгээрээс үзэхэд насанд хүрээгүй өвлөгч М.МЖ, М.МЗ нарыг төлөөлж, эх Б.БА нь 2022.06.10-ны өдөр хуульд заасан хугацаанд Өв хүлээн авах хүсэлтийг гарган бүртгүүлж, улмаар эх Б.БА нь Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б-д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргаж, ... №0068, №0072 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
16. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба магадлалд “... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна. Үүнд:
16.1. Хэргийн баримтаар М.Г, М.МЖ, М.МЗ нар талийгаач Ж.М-ын төрсөн хүүхдүүд ... тул тэд өвлүүлэгчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөн авах эрхтэй. Хэдийгээр нэхэмжлэгч О.Н нь Ж.М-тай 2003 оны 11 дүгээр сараас хойш түүнийг нас барах хүртэлх хугацаанд хамт амьдарч байгаагүй боловч гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулаагүй байх тул тэдгээрийг эхнэр, нөхөр хэвээр байсан гэж үзэх ба тусдаа амьдарч байсан нь гэрлэлтийн харилцаатай байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй. Тиймээс нэхэмжлэгч О.Н, М.Г нар бусад өвлөгч болох М.МЖ, М.МЗ нарын хууль ёсны төлөөлөгч /төрсөн эх/ хариуцагч Б.БА, нотариатч Б.Б нарт холбогдуулан өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.
16.2. ... талийгаач Ж.М-ыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч М.МЖ, М.МЗ нар ... Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д ... зааснаар эцгийгээ нас барсан 2021.07.15-ны өдрөөс 2021.10.15-ны өдрийн дотор өв хүлээн авахаас татгалзах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй бол тэдгээрийг өвийг хүлээн авсанд тооцох бол, хамт амьдраагүй бусад өвлөгч О.Н, М.Г нарын хувьд 2022.07.15-ны өдрийн дотор өв хүлээн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан бол өвлөх эрхээсээ татгалзаагүй гэж үзнэ. Зохигч өвлөгч М.МЖ, М.МЗ нарыг өвлүүлэгч Ж.М-ыг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон өв хүлээн авахаас татгалзсан эсэх талаар маргаагүй, харин О.Н, М.Г нарыг өвлөх эрхээсээ татгалзсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
16.3. ...Хэргийн баримтаар өвлөгч О.Н нь нотариатч Б.А хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасныг тус нотариатч 2021.08.30-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХК болон “Хас банк” ХК-д “...Ж.М-ын өвлөгч О.Н нь өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй байгаа тул Ж.М-ын эзэмшиж байгаа дансны дугаарууд болон үлдэгдэл, дансны хуулгын талаарх мэдээллийг ирүүлнэ үү...” гэх бичгийг хүргүүлж байсан, мөн гэрчээр оролцсон нотариатч П.Мөнх-Эрдэнийн ... мэдүүлгээс тус тус үзвэл нэхэмжлэгч О.Н, М.Г нар өвлүүлэгч Ж.М-ын өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлөн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх тул тэдгээрийг өв хүлээн авахаас татгалзсан гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай.
16.4. ... Өвлөгч О.Н нь дээр дурдсанаар өвлүүлэгч Ж.М-ыг нас барсан өдөр /2021.07.15/-өөс нэг жилийн дотор буюу 2021.08.30-ны өдөр нотариатч Б.А- хандсан бол, М.Г нь 2022.07.15-ны өдөр нь Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр буюу Баасан гараг байсан тул дараагийн ажлын эхний өдөр буюу 2022.07.18-ны өдөр нотариатч П.М-д өв хүлээн авах хүсэлт гаргасан нь хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна. ... Тодруулбал, нотариатч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг этгээд болохын хувьд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар үйлчлүүлэгчид иргэний эрх зүйн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус шинжтэй харилцаанд ороход зөвлөх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчийн хүлээх эрх, үүрэг, хариуцлага, гарч болох эрсдэлийн талаар тайлбарлаж, таниулах учиртай. Гэтэл өвлөгч О.Н, М.Г нараас нотариатч П.М, Б.А- нарт тус тус хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн байхад эдгээр нотариатч нар тийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгоход Монголын Нотариатчидын танхимын өвийн нэгдсэн санд бүртгэх ажиллагаа хийгддэг талаар тайлбарлаж, ойлгуулаагүй эс үйлдэхүйд өвлөгч нарыг буруутай гэж дүгнэж болохгүй.
16.5. Энэ тохиолдолд өвлөгч нар өв хүлээн авах хүсэл зоригтой байгаагаа эрх бүхий этгээд /нотариатч/-д илэрхийлсэн байх нь хангалттай бөгөөд нэхэмжлэгч нарын өвлөх эрхийн гэрчилгээ авна гэсэн нь өвлөх хүсэлтээ бүртгүүлэх агуулгыг давхар илэрхийлнэ. Энэ талаар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “...өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ...” гэж заасан тул нэхэмжлэгч О.Н, М.Г нар өв хүлээн авах эрхээсээ татгалзаагүй, хуульд заасан өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.
16.6. ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны хувьд Б.БА болон Ж.М- нарын нэр дээр бүртгэлтэй боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д ... зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох боломжгүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д “Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй” гэсэн зохицуулалт үйлчлэхгүй. Тиймээс талийгаач Ж.М-ын ногдох хувийг 50 хувь гэж тооцож, үүнээс түүний өвлөгч нарт тэнцүү хэмжээгээр ногдох хэсэг 4/1-ийг хуваарилна.
16.7. Зохигч Ж.М-ын “Х” ХК-ийн *** тоот харилцах дансанд 125,374,577.71 төгрөг байсан, үүнийг хариуцагч Б.БА нь авсан талаар маргаагүй. Хэргийн баримтаар тухайн данс дахь мөнгөн хөрөнгийг хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн /Иргэний хуулийн 126.1/, аль эсхүл тодорхой гэрээ, хэлэлцээр /Иргэний хуулийн 108.1/-ийн үндсэн дээр Ж.М, Б.БА нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул 120,000,000 төгрөгөөс өвлөгч нарт тэнцүү хэмжээгээр ногдох хэсэг 4/1-ийг хуваарилна.
16.8. Хэрэгт авагдсан “М” ХХК-ийн 2022.07.19-ний өдрийн албан бичгээс үзвэл Ж.М нь 9911***, 99***, 99***, 99***, 95*** дугааруудыг эзэмшиж байсан болох нь тогтоогдсон. Харилцаан холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, Харилцаан холбооны зохицуулах хорооны 2021.12.17-ны өдрийн 74 тоот тогтоолоор баталсан Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэлтэй холбогдсон журмын 3 дугаар зүйлийн 3.1.4-т тус тус зааснаар утасны дугаар нь хэрэглэгчийн таних код болохын хувьд эзэмших эрхэд хамаарна. Түүнээс гадна Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ... зааснаар утасны дугаар нь хувь хүний хувийн захидал харилцааны мэдээллийг дамжуулахад ашиглагдах хэрэгсэл болохын хувьд гагцхүү Ж.М-ыг эзэмшдэг байсан гэж үзнэ. Тиймээс маргаан бүхий гар утасны дугааруудын үнэлгээнээс өвлөгч нарт тэнцүү хэмжээгээр ногдох хэсэг 4/1-ийг хуваарилна.
16.9. ... Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д “Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэж заасан. Өвлөгч О.Н, М.Г, М.МЖ, М.МЗ нар өвлүүлэгч Ж.М-ын эд хөрөнгө, эрхийг тэнцүү хэмжээгээр өвлөн авах эрхтэй хэдий ч утасны дугаарын хэрэглээний онцлогоос хамаарч хамтран ашиглах боломжгүй, орон сууцыг хамтран өмчлөх /хэсгээр өмчлөх/ боломжтой бол хариуцагч Б.БА нь талийгаач Ж.М-ын данс дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулжээ. Түүнээс гадна нэхэмжлэгч О.Н, М.Г нар өөрт ногдох хэсгийг мөнгөөр гаргуулахыг шаардсан учир өвлөгч М.МЖ, М.МЗ нарт 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний дугааруудыг үлдээнэ. Энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д ... заасантай нийцнэ.
16.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х” ХХК-ийн 2025.02.05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэгт байрлах 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 315,363,600 төгрөгөөр, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний дугааруудыг нийт 103,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Үүнээс:
16.10.1. Баянзүрх дүүрэгт байрлах 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас Ж.М-ын ногдох хэсэг болох 157,818,300 төгрөг /315,363,600 : 2/-ийг хууль ёсны өвлөгч нарт хуваахад нэг хүнд ногдох хэсэг 39,454,575 төгрөг /157,818,300 : 4/ болох бөгөөд нэхэмжлэгч О.Н, М.Г нарт ногдох хэсэг 78,909,150 төгрөг /39,454,575 х 2/ байна.
16.10.2 “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний дугааруудын үнэлгээгээр тогтоогдсон 103,400,000 төгрөгийг 4 өвлөгчид хуваахад нэг хүний 25,850,000 төгрөг /103,400,000 : 4/ болох ба нэхэмжлэгч О.Н, М.Г нарт ногдох хэсэг 51,700,000 төгрөг болно.
16.10.3. Зохигч Ж.М-ын “Х” ХК дахь *** тоот дансны үлдэгдлийг 120,000,000 төгрөг гэж тодорхойлсон учир 4 өвлөгчид тэнцүү хуваахад нэг хүний 30,000,000 төгрөг /120,000,000 : 4/ болох бөгөөд үүнээс О.Н, М.Г нарт ногдох хэсэг 60,000,000 төгрөг болж байна.
16.10.4. Дээрхийг нэгтгээд хариуцагч Б.БА-аас 190,609,150 төгрөг /78,909,150 + 51,700,000 + 60,000,000/-ийг гаргуулж нэхэмжлэгч О.Н, М.Г нарт нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
16.11. Нотариатч Б.Б-гийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэдийгээр тэрээр нотариатч П.М, Б.А нар өвлөгч О.Н, М.Г нарт өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлэх талаар зөвлөгөө, тайлбар өгөөгүйд буруугүй боловч Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт заасан шалгах, нягтлах үүргээ биелүүлээгүй байна. Учир нь хэргийн баримтаар нотариатч Б.Б нь өвлөгч М.МЖ, М.МЗ нараас гадна талийгаач Ж.М-ад хууль ёсны өөр өвлөгч байдаг эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон, ийнхүү лавлах, шалгах үүргээ биелүүлэхгүйгээр бусад өвлөгч нарыг өвлөх эрхээсээ татгалзсан гэж шууд үзэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй. Энэ нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-т заасныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох гэсэнтэй нийцээгүй. Түүнчлэн нотариатч Б.Б-гийн М.МЖ, М.МЗ нарт 2022.07.19, 20-ны өдрүүдэд олгосон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн хэвээр байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.” гэсэн дүгнэлт хийжээ.
17. Дээрх байдлаар хоёр шатны шүүх өвлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаантай холбоотой эрх зүйн дүгнэлтийг хийхдээ өвлөгч нарын өв хүлээн авах болон өв хүлээн авахаас татгалзах, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийн талаарх хуулийг зөрүүтэй хэрэглэж, өөр шийдэл гаргасан ба энэ талаарх хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэв.
18. Нэхэмжлэгч О.Н, М.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэхээр 2022.08.04-ний өдөр Ц.Мөнхцэцэгт 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон, 2023.08.07-ны өдөр М.Г нь өмгөөлөгчөөр Б.Б-ийг сонгож, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан, Б.Мөнхбаярт нэхэмжлэгч М.Г 2023.11.14-ний өдөр, нэхэмжлэгч О.Н 2024.01.31-ний өдөр тус тус 2 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон, улмаар нэхэмжлэгч нар 2026.02.02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр Б.Б-ийг оролцуулахаар хүсэлт /2хх-220/ гаргасан байна.
Хариуцагч Б.БА нь 2022.11.02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцуулахаар 2022.11.02-ны өдөр Т.Ут 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон, мөн өдөр хариуцагчийг төлөөлүүлэх итгэмжлэлийг 2 сарын хугацаатай олгосон, 2022.12.12-ны өдөр хариуцагч Б.БА нь Т.Утай, Т.У нь өмгөөлөгч Ц.Б-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр сонгон авсан, улмаар хариуцагч Б.БА-аас Т.У-т 2025.03.21-ний өдөр 1 жилийн хугацаатай, 2026.04.08-ны өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг тус тус олгосон нь тогтоогдсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.БА нь 2022.09.20-ны өдөр гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.26-ны өдрийн 183/ШЗ2022/17842 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр Б.БА, М.МЖ, М.МЗ нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нар нь 2022.10.17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Б.БА-ыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.26-ны өдрийн 183/ШЗ2022/17843 дугаар шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар Б.БАыг оролцуулахаар шийдвэрлэсэн.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Б.БА-ыг хариуцагч гэж заасан бөгөөд Б.БА нь насанд хүрээгүй өвлөгч нарын төрсөн эх буюу хууль ёсны төлөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсныг буруутгах үндэслэлгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчөөгүй.
Насанд хүрээгүй өвлөгч М.МЖ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024.10.13-ны өдөр насанд хүрсэн хэдий ч хууль ёсны төлөөлөгч нь эрх ашгийг нь төлөөлж оролцсон тул түүнийг хариуцагчаар оролцуулаагүйгээр эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Б.БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.О, хариуцагч Б.Б нарын энэ талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай гомдол үндэслэлгүй.
19. Хэргийн баримтаар нэхэмжлэгч О.Н болон Ж.М нар нь 1986.04.06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1991.11.04-ний өдөр М.Г төрсөн, хариуцагч Б.БА, Ж.М- нар нь 2003 оны 11 дүгээр сараас 2014 оны 11 сар хүртэл хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2006.10.13-ны өдөр охин М.МЖ, 2008.10.27-ны өдөр охин М.МЗ нар төрсөн, Ж.М- нь 2021.07.15-ны өдөр нас барсан, Ж.М- нь Нийслэлийн *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 79,56 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.БА-тай хамтран өмчилдөг, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911***, 99***, 99***, 99***, 95*** дугааруудыг эзэмшиж байсан, түүний эзэмшлийн “Х” ХК-ийн *** тоот харилцах дансанд 2021.07.15-ны өдрийн байдлаар 125,374,577.71 төгрөг байсан, хариуцагч Б.БА нь охин М.МЖ, М.МЗ нарын хууль ёсны төлөөлөгчийн хувиар 2022.06.10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэлд өв хүлээн авах хүсэлт гаргасныг 0187 дугаарт бүртгэсэн, нотариатч Б.Б “М” ХХК-ийн үйлчилгээний дугаарыг охин М.МЗ-д өвлүүлэхээр 0072 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгч Ж.М-ад ногдох хэсгийг охин М.МЗ, М.МЖ нарт өвлүүлэхээр 0068 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тухай үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.
20. Зохигч өв хүлээн авах болон үүнтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хүчинтэй эсэх, өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийн талаар тус тус маргажээ.
21. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг өв хүлээн авах хүсэлт гаргаагүй буюу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргаагүйгээс өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
22. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өв хүлээн авах талаар нотариатчид хандаж байсан үйл баримтыг үндэслэн тэднийг өв хүлээн авахаас татгалзаагүй гэж үзсэн нь зөв боловч өвийг хуваарилахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, гуравдагч этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь буруу байна.
23. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрсөн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвчлөгч болно.
Хоёр шатны шүүх нэхэмжлэгч О.Н, М.Г, гуравдагч этгээд М.МЖ, М.МЗ нарыг Ж.М-ын хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй.
Харин өвлүүлэгч Ж.М-тай хамт амьдарч байсан эсэхээс шалтгаалж, өв хүлээн авах хүсэлт гаргах, өв хүлээн авахаас татгалзсан эсэх үйл баримт маргаанд ач холбогдолтой.
Учир нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэх бол 528.2-т зааснаар ... бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгч О.Н, М.Г нар нь өвлүүлэгч Ж.М-тай хамт амьдардаггүй өвлөгч байх тул дээрх хуульд зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Өвлүүлэгч Ж.М нь 2021.07.15-ны өдөр нас барсан тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар уг өдрөөс өв нээгдсэн гэж үзэх бөгөөд үүнээс хойш 1 жилийн дараа буюу Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар нэхэмжлэгч нар 2022.07.15-ны өдрийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргах ёстой.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч О.Н нь 2021.08.30-ны өдөр нотариатч Б.А, нэхэмжлэгч М.Г нь 2022.07.17-18-ны үед нотариатч П.М-д тус тус хандаж өв хүлээн авах хүсэлтийг илэрхийлж байсан нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүх уг үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгч нарыг өв хүлээн авахаас татгалзаагүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасантай нийцсэн.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч М.Г нь 2022.07.17-18-ны үед нотариатч П.М-д хандсан хэдий ч уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүд үргэлжилж, улмаар 2022.07.18-ны өдөр нь дараагийн ажлын эхний өдөр тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-т заасан хугацаа тоолох журмыг хэрэглэж, өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.
Иймээс нэхэмжлэгч нар нь хуульд заасан 1 жилийн дотор өв хүлээн авахаар дээрх байдлаар нотариатчид хандаж байсан ба тэд өв хүлээн авах хүсэл зоригийг илэрхийлсэн, өв хүлээн авахаас татгалзаагүй байна.
24. Түүнчлэн өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзсан гэж үзэхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримтаар хязгаарлагдах эсэх нь зохигчийн маргааны зүйл болсон.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т өвийг хүлээн авсан гэж үзэхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байхаар заасан боловч ийнхүү гэрчилгээ олгоогүйг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэхэд өвлөгч хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байх явдал бөгөөд нэхэмжлэгч нарыг ийнхүү өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хүсэлтээ гаргаагүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
25. Өвлүүлэгч Ж.М-ын хууль ёсны өвлөгч гуравдагч этгээд М.МЖ, М.МЗ нарын хууль ёсны төлөөлөгч Б.БА-ын хувьд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаж, улмаар Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б-гээс эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн Ж.М-ад ногдох хэсгийг М.МЖ, М.МЗ нарыг төлөөлж, эх Б.БА-д өвлүүлэхээр өвлөх эрхийн 0068 дугаартай гэрчилгээг, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911***, 99088110, 99***, ***, 95*** дугааруудыг өвлөгч М.МЗ-г төлөөлж эх Б.БА-д өвлүүлэхээр өвлөх эрхийн 0072 дугаартай гэрчилгээг тус тус олгосон.
Зохигч эдгээр өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо нотариатч хууль зөрчсөн эсэх асуудлаар маргасан ба анхан шатны шүүх нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасныг зөрчөөгүй гэсэн атлаа Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт заасан шалгах, нягтлах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу байна.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг сумын Засаг даргад гаргах бөгөөд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.
Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгох талаар Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан бөгөөд өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт бичгийг үндэслэхийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2-т тус тус заажээ.
Гуравдагч этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгч Б.БА-аас Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б-д өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргах үед өөр өвлөгчөөс өв хүлээн авах хүсэлт Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан болох нь зохигчийн тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч Б.Б нь Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийг үндэслэсэн болохоо тайлбарлажээ.
Энэ нь Нотариатын тухай хуулийн 251 дугаар зүйлийн 251.1, 251.2-т тус тус зааснаар /2019.05.30-ны өдрийн хуулиар нэмсэн/ “Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, мэдээллийн цахим санг бүрдүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй мэдээ, мэдээллийг улсын бүртгэл, татварын болон бусад холбогдох байгууллагад цахим хэлбэрээр дамжуулж, харилцан мэдээлэл солилцоно.”, “Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ.” гэж заасныг зөрчөөгүй.
Улмаар хариуцагч Б.Б өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2-т заасан баримт бичгийг үндэслээгүй, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үүргээ биелүүлээгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, хариуцагч нь Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн мэдээлэлд үндэслэж, хуульд заасан хугацаа өнгөрсний дараа, холбогдох баримтыг үндэслэж өвлүүлэгчийн төрсөн охин М.МЖ, М.МЗ нарт тэдний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ тус тус олгосон нь дээрх хууль болон Нотариатын үйлдэл хийх зааварт нийцсэн гэж үзнэ.
Харин энэхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу энэ тогтоолыг үндэслэн нотариатч нь дээрх байдлаар олгосон өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах үүрэгтэй гэж үзнэ.
26. Өвлүүлэгч Ж.М- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.БА-тай хамтран өмчилдөг, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911***, 99***, 99***, 99***, 95*** дугааруудыг эзэмшиж байсан, түүний эзэмшлийн “Х” ХК-ийн *** тоот харилцах дансанд 125,374,577.71 төгрөг байсан, эдгээр нь өвлөгдөх эд хөрөнгө болох бөгөөд үүнээс гуравдагч этгээдүүд банкны дансанд байсан мөнгөн хөрөнгийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, тэдний хууль ёсны төлөөлөгч Б.БА захиран, зарцуулсан нь тус тус тогтоогдсон.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн 2025.02.05-ны өдрийн үнэлгээний тайланг үндэслэн өвлөгч нарт өвлөгдөх хөрөнгийг тэнцүү хэмжээгээр олгохоор шийдвэрлэсэн боловч 2025 оны 02 сарын байдлаарх үнэлгээг үндэслэсэн, мөн өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаар дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг залруулна.
27. Өвлүүлэгч Ж.М 2021.07.15-ны өдөр нас барсан тул өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг өв хүлээн авах үеийн буюу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараах үеийн байдлаар тооцох нь Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.3, 528 дугаар зүйлийн 528.3-т нийцэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.БА-тай хамтран өмчилдөг байсан тул нийт үнэ 256,953,100 төгрөгөөс Ж.М-ад ногдох хэсгийн дүн 128,476,550 төгрөг, гар утасны дугаар нийт 91,700,000 төгрөг, банк дахь дансны үлдэгдэл 125,374,577.71 төгрөг, өвийн зүйлийн нийт үнэ 345,551,127.71 төгрөг байна.
Үүнээс 4 өвлөгчид адил хэмжээгээр тооцоход нэг өвлөгч 86,387,781.9 төгрөг өвлөх эрхтэй байна.
Хариуцагч Б.БА нь өвлүүлэгчийн банк дахь дансанд байсан 125,374,577.71 төгрөгийг захиран зарцуулсан талаарх тайлбартаа уг мөнгөн хөрөнгийг өвлүүлэгчийн бусдад төлөх төлбөрт өгсөн гэснийг нэхэмжлэгч нар үгүйсгэж, няцаасан баримтыг гаргаагүй, улмаар “Оорцгийн хөндий банк бус санхүүгийн байгууллага”-ын мөнгөн шилжүүлгийн баримт, Х-ны шилжүүлгийн мэдээлэл баримтаар 2021.08.27-ны өдөр БНХАУ-ын мөнгөн тэмдэгтээр 230,000 юань буюу нийт 103,104,800 төгрөгийг /55,104,800+48,000,000/ төлбөрийн зориулалтад “гутал, арьс шир материал М гэж тэмдэглэгдсэн, мөн 2021.09.11-ний өдөр 61,000 юанийг /ханшийг 2021.09.11-ний өдрийн Монголбанкны албан ёсны ханшаар бодоход 26,981,520 /61,000х442.32/ төгрөг/ төлбөрийн зориулалтад “гутал, туслах материал М” гэж тэмдэглэгдсэн зэргээс үзэхэд хариуцагч Б.БА-ын тайлбар үндэслэлтэй.
Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.26-ны өдрийн 102/ШШ2024/01549 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Г нь зээлийн гэрээний үүрэгт “Х” ХК-д 65,346,503.03 төгрөг төлөх бөгөөд уг зээлийн гэрээний үүрэгт өвлүүлэгч Ж.М-тай хамтран үүрэг гүйцэтгэгчид байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар уг зээлийн гэрээний хувьд тэдгээрийн үүрэг тэнцүү буюу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 32,673,251.5 төгрөг гэж үзнэ.
Дээрх байдлаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг нэгтгэн тооцвол 162,759,571.5 төгрөг /130,086,320+32,673,251.5/ болох ба Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1, 531.2-т зааснаар өв хүлээн авсан өвлөгч өвлүүлэгчийн үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ба хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээх тул өвлөгч тус бүр 40,689,892.8 төгрөгийн хэмжээнд өвийн зүйлд ногдох үүргийг хүлээх учиртай.
Иймээс өвлөгч тус бүрийн өвлөх хөрөнгийн хэмжээ болох нийт 86,387,781.9 төгрөгөөс өвлүүлэгчийн үүрэгт тус бүр 40,689,892.8 төгрөгийг хасвал, нэг өвлөгч 45,697,889.1 төгрөгийг өвлөх эрхтэй.
28. Харин өвлүүлэгчийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих үүргийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч М.Г бүхэлд нь төлөхөөр үүрэг хүлээсэн тул өвлүүлэгчийн хариуцах зээлийн гэрээний үүргийг бусад өвлөгч буюу О.Н, М.МЗ, М.МЖ нарт ногдох хэсэг болох 24,504,938.4 /нэг өвлөгчийн хүлээх хариуцлага 8,168,312.8 төгрөг /32,673,251.5:4х3// төгрөгийг нэхэмжлэгч М.Г төлөх үр дагавар үүссэн нөхцөл байдлыг харгалзан бусад 3 өвлөгчийн өвлөх хөрөнгийг энэ дүнгээр багасгаж, өвлөгч М.Г-ийн өвлөх хөрөнгийг нэмэгдүүлбэл зохино.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Б.БА-аас нийт 107,732,403.7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Н-д нийт 37,529,576.2 төгрөг /45,697,889.1-8,168,312.8/, М.Гд нийт 70,202,827.5 төгрөг /45,697,889.1+24,504,938.4/-ийг олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д нийцнэ.
Улмаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарыг өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг мөнгөөр шаардсан үндэслэлээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил болон гар утасны дугаарыг эзэмших эрхийг гуравдагч этгээд М.МЗ, М.МЖ нарт үлдээсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчөөгүй.
Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2, 530.2.1, 530.2.2-т зааснаар эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч тухайн эд хөрөнгөөс оршуулахад гарсан зардал, өвлүүлэгчийн асрамжид байсан буюу өвлүүлэгчээс тэтгэвэр авах эрхтэй этгээдийг асран тэтгэсний зардлыг гаргах эрхтэй боловч хэргийн баримтаар ийнхүү дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч болон гуравдагч этгээдийн оршуулгын зардал, хүүхдийн сургуулийн төлбөрийг өвлөгдөх хөрөнгөөс хасч тооцох үндэслэлгүй байна.
29. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
30. Хариуцагч Б.БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.О нар хяналтын журмаар гомдол гаргаж, улмаар хариуцагч Б.БА-аас улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.11-ний өдөр 1,181,195 төгрөгийг, 2026.05.12-ны өдөр 1,181,195 төгрөг, 2026.05.20-ны өдөр 1,181,196 төгрөгийг тус тус төлсөн байна.
Хариуцагч Б.БА нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч, гуравдагч этгээдийн эрх зүйн байдалтай оролцсон тул хяналтын журмаар гаргасан гомдолд улсын тэмдэгтийн хураамжийг энэ журмаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 173 дугаар зүйлийн 173.3-т нийцэх тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 1,181,195 төгрөгийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2026/00799 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Н, М.Г нарыг Ж.М-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, хариуцагч Б.БА-аас нийт 107,732,403 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Н-д 37,529,576.2 төгрөг, М.Г-д 70,202,827.5 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,495,785.5 төгрөгийг болон нотариатч Б.Б-гийн нотариатын үйлдэл, түүний олгосон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 79.56 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.БА, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.МЖ, М.МЗ нарын, “М” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9911***, 99***, 99***, 99***, 95*** дугааруудыг хариуцагч Б.БА-ын эзэмшилд тус тус үлдээсүгэй.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,581,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.БА-аас 696,612 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.О, хариуцагч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б-гийн 2026.05.19-ний өдөр төлсөн нийт 140,400 /70,200+70,200/ төгрөг, хариуцагч Б.БА-ын төлсөн 2026.05.11-ний өдрийн 1,181,195 төгрөг, 2026.05.20-ны өдрийн 1,181,196 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2026.05.12-ны өдрийн 1,181,195 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Х.ЭРДЭНЭСУВД