Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2022/0014

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЦБХХК,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Б сумын Засаг дарга Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ЦБХХК нь Б сумын Засаг даргад холбогдуулан Б сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/120 тоот захирамжийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Б сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/38 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар ЦБХХК-д тус сумын Улаан-Ухаа 2-р багийн нутаг, Өлзийтийн гацаа нэртэй газарт жимс жимсгэний зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлэн, газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000297886 дугаартай гэрчилгээг олгосон.

Б сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах тухай А/120 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33.1.1, 33.1.2, 33.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн Цэмц бумт ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 33.1.3 дахь заалтын дагуу газрыг дуудлага худалдааны журмаар олгоогүйг зөрчиж газар олгосон гэх үндэслэлээр тус сумын Засаг даргын 2014 оны 4 сарын 08-ны өдрийн А/38 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч ЦБХХК-иас Б сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/120 тоот захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн Засаг даргад хандан гаргаж, гомдлын хариугаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/976 тоот албан бичгээр авч, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч ЦБХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "Цэгц бумт" ХХК нь 2014 онд Б сумын Засаг даргын захирамжаар тус сумын Өлзийтийн гацаа гэх газарт 10 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшиж, хүргэн ах Ц.Алтанцолтой хамтарсан. 2018 оны 12 дугаар сард уг газраа Ц.Алтанцолд шилжүүлэхээр итгэмжлэл хийж нотариатаар баталгаажуулсан. 2019 оны сүүлчээр Ковидын хөл хорионы улмаас хамтрагч маань Төв аймгийн Газрын алба, Б сумын болон аймгийн Засаг даргад газар эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр авах хүсэлтээ баталгаат шуудангаар удаа дараа илгээж байсан боловч уг асуудлыг шийдвэрлэхгүй Газрын тухай хуулийн 8.4-т "Эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн тул Засгийн газрын иргэдийн санал гомдол хүлээн авдаг 1111 дугаарт удаа дараа холбогдож, гомдол гаргасан. 2020 оны 10 сарын 13-нд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Б сумын Засаг даргад асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу ирүүлсэн боловч 2021 оны 9 сарын 28-ныг хүртэл шийдвэрлээгүй 2 жил гаруй чирэгдүүлсэнд гомдолтой байна. Улс орон даяар тохиолдсон цар тахлын улмаас удаа дараа хөл хорио тогтоож байснаас Ц.Алтанцол нь хүсэлтээ дээрх байгууллагуудад шуудангаар илгээж байсан ба энэ хугацаанд Ц.Алтанцол нь бөөрний дутагдалд орж улмаар хараагүй болсон. Гэтэл Б сумын Засаг дарга 2021 оны 9 сарын 28-нд буюу Алтанцолыг нас барахын урьд өдрөөр огноолсон газар эзэмших эрхийг цуцалсан А/120 дугаар шийдвэр гаргасан байсан. Энэ шийдвэрийг "Цэгц бумт" ХХК-д гардуулаагүй. Тэрээр иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан атлаа Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д заасныг зөрчиж, сонсгох ажиллагаа явуулаагүй. Энэ талаар "Цэгц бумт" ХХК-д мэдэгдээгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7-д дараахь төлбөр төлөгчийг дор дурдсан газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэнийн талбай эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац авах хүртэлх хугацаанд гэж заасныг зөрчсөн. Б сумын Засаг даргын шийдвэрт тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй гэжээ. "Цэгц бумт" ХХК нь 2014 онд Нийслэлийн Үйлдвэр Хүнс хөдөө аж ахуйн газартай "Чацарганын суулгац олгох зээлийн болон барьцааны гэрээ" байгуулан өөрийн 2 давхар хувийн сууцаа барьцаалан 13,406,250 төгрөгийн үнэ бүхий 6250 ширхэг чацарганы суулгацыг зээлээр авч тариалсан. Улмаар хүргэн ах Ц.Алтанцолтой хамтран ажиллахаар болж, түүний компанийн нэр дээрхи 6,500,000 төгрөгний үнэ бүхий 2 ачааны машинаар хөрөнгө оруулснаас гадна Хөдөө аж ахуйн яамны Тариаланг дэмжих сангаас 5 сая төгрөгөөр трактор зээлээр худалдан авсан, 400,000 төгрөгөөр анжис, модны нүх ухагч 1,200,000 төгрөгөөр, 20 тн-ын контейнерыг 3,500,000 төгрөгөөр, 10 сая төгрөгөөр вагончик, жижиг оврын 1ш тракторыг иргэн Мөнхнасангаас 3,500,000 төгрөг тооцон худалдан авч уг газарт 43,506,250 төгрөгийн хөрөнгө оруулсан. Бид хоёр БНХАУ-ын Эрээн хот руу хамт явж, тариалангийн талбайн услалтын иж бүрэн системийг шланкын хамт 6,000,000 төгрөгөөр худалдан авчирч, тариалангийн талбайн газрын эргэн тойронд 2 сая гаруй төгрөгийн төмөр шон суулган, 5 сая төгрөгийн үнэ бүхий төмөр хашаагаар хашаалж, УБ хотоос 10 тн-ын ёмкост худалдан авч, ачиж авчруулан тариалангийн талбайд байрлуулан тариалалт хийсэн. Ингэхдээ 380-ын цахилгаан үүсгүүр, пад моторын хамт 3 сая төгрөгөөр худалдан авч, 13,406,250 төгрөгийн үнэ бүхий 6250 ш суулгац нэг бүрийг хөлс өгч 3,125,000 төгрөгөөр суулгуулан 19,125,000 төгрөг зарцуулсан буюу тариалангийн талбайд нийт 62,631,250 төгрөгийн зардал гаргасан. Тухайн үеийн сумын Засаг дарга тус сумын ажилгүй иргэдээс 2 хүнийг ажилд ав гэсний дагуу сумын иргэн Дорж, Иван нарыг тарьсан модоо арчлуулж, услуулах ажлаар хангаж, 2 жил гаруй 3 жил шахам цалинжуулан, амьдрах орон гэр барьж өгсөн. Уг газарт дахин хөрөнгө оруулалт хийх шаардлага гарсан тул хамтран ажиллаж байсан Ц.Алтанцолд газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Тус газарт хашаа барих, шон суулгах, суулгац тарих, ёмкост байрлуулахдаа Улаанбаатар хотоос хүмүүсийг нэмж аваачиж, гэрээгээр ажиллуулж тухай бүрд нь хөлс олгож байсан. Энд төлсөн бүх цалин хөлс, тээврийн зардлыг дээрх тооцоонд оруулж тооцоогүй болно. Дээр дурдсан нөхцөл байдлууд болон хамтран эзэмшигчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан, улс орныг хамарсан ковидийн өвчин зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан зэргийг харгалзан газрыг ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Засаг даргын захирамжийн үндэслэлд: 2014 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 33.1.3 дахь заалтын дагуу газрыг дуудлага худалдааны журмаар олгоогүй, зөрчиж олгосон гэж дурдсан нь газар эзэмшигч этгээдийн эрх хэмжээнд хамааралгүй, тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тул иргэн хуулийн этгээд буруутай албан тушаалтны гаргасан алдааг хариуцахгүй. Газрын тухай хуулийн 21.4.3-т сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулна" гэж, 23.4.1-т сумын газрын даамал, дүүргийн газрын алба нь дараах хэмжээтэй байна. "сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах" гэж тус тус хуульчилсан байх тул сумын Засаг даргын захирамжид дурдсан зөрчил нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүрэгт хамааралгүй байна. Мөн газар эзэмших эрх цуцлах тухай захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд байхгүй хуулийн заалт буюу Газрын тухай хуулийн 33.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон нь буруу болжээ. Иймээс 2019 оноос хойш улс оронд ковидын нөхцөл байдал хүндэрсэн хүндэтгэн үзэх шалтгаантай, улмаар газар эзэмших эрхийг Ц.Алтанцол нь шилжүүлэн авах талаар удаа дараа гомдол хүсэлт гаргасаар байхад энэ асуудлыг төрийн захиргааны байгууллага хүнд суртал гаргаж хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй 2 жил гаруй хугацаа өнгөрөөсөн атлаа иргэн хүний ариун шударга хөдөлмөрөөрөө бий болгосон 60,000,000 гаруй төгрөгийг зарцуулсан газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөнд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "Газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж төрөөс газрын талаар баримтлах зарчмыг тодорхойлсон бөгөөд Газрын төлбөрийн тухай хуульд шинээр тариалсан жимс жимсгэний талбай ашиглаж, анхны ургац өгөх хүртэл хугацаанд газрын төлбөрөөс анхны ургац өгөх хүртэлх хугацаанд газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэж заасан. нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн энэ заалтад нийцээгүй байна. Дээрх захирамжийг хүчингүй болгох талаар Төв аймгийн Засаг даргад хандсан боловч 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 07/976 тоотоор уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Иймд тухайн газрын эзэмших ашиглах эрхийг цуцалсан Б сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/120 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. Жич: газрын төлбөр төлөгдсөн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. ЦБХХК-ийн захирал болон Ц.Алтанцол нар газрын даамлаар газраа заалгаад эргэлтийн цэгийг нь бэхлүүлээд газраа хашаалж авсан. Түүнээс бид нар газрыг дур мэдэн хашаалж авсан зүйл байхгүй. Газраа 2 жил ашиглаагүй гэж байна. 2016 онд тухайн газартаа очоод модныхоо нүхийг ухаж чацарганаа суулгаж, сумын иргэдээс 2 хүнийг ажилд авч тарьсан модоо арчлуулж, услуулах ажлаар хангаж, 2 жил гаруй 3 жил шахам цалинжуулан байсан. 2018 онд Ц.Алтанцол нь хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн 4 жил явж байгаад нас барсан. ЦБХХК-ийн захирал нь 2018 оноос эхлээд Америк улс руу ирэн очин байдаг байсан бөгөөд тэр үедээ Ц.Алтанцолд газрынхаа эрхийг шилжүүлээд ав гэсэн тохиролцоонд хүрээд нотариатаар ороод нэрээ шилжүүлэх гэрээ хийж сум руу хүргүүлж байсан. Б сумаас Ц.Алтанцол руу залгаад газрын талаар хэлсэн болохоос ЦБХХК-нд ямар ч мэдэгдэл, албан бичиг хүргэгдсэн зүйл байхгүй. 2020 оноос эхлээд Ц.Алтанцол нь газрынхаа эрхийг шилжүүлж авъя гэснээс болж газрыг чинь цуцална гэсэн хариу ирсэн байсан. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сонсгох ажиллагааны үед Ц.Алтанцол маань 7 хоногийн 3 өдөр бөөрний аппаратад ордог байсан учраас ирээгүй, ЦБХХК-нд сонсгох ажиллагааны талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Б сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/120 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн, аж ахуйн нэгжид 0,07 га газар эзэмшүүлэх ёстой гэж хэлж байна. Гэтэл газар эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа зориулалт нь өөр байгаа. Жимс жимсгэнэ тариалах чацаргана төслийн хүрээнд газар авсан учраас 10 га газар олгогдсон. ЦБХХК-ийн хувьд 10 га газраа авснаас хойш чацарганаа тариалаад явж байсан гэдгийг хариуцагч өөрөө нотоллоо. Тухайн компанийн үйл ажиллагаа нь явж байсан бөгөөд өчнөөн төгрөгийн санхүүжилт хийчихсэн. Тоног төхөөрөмж нь хэвээрээ үйл ажиллагаа нь хэвийн явж байсан. 2019 оноос эхлээд Ковид цар тахал гарч Дэлхийн нийтээрээ цар тахалтай тэмцэж, ямар ч ажил хийх боломж нөхцөл бүрдээгүй байсан. Эрх шилжүүлэх гэрээ хийгдээд ЦБХХК-ийн захирал Америк улс руу яваад Ц.Алтанцолын хувьд эрүүл мэндийн байдлаасаа болж хүндэтгэн үзэх шалтгаантай болсон хэдий ч эрх шилжүүлэх хүсэлтээ төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа өгч байсан боловч 2 жил гаруй хугацаанд тухайн хүсэлтийг шийдэж өгөөгүй. Хариуцагч талаас тухайн газраас өөр газарт үйл ажиллагаа явуулах санал болгосон гэж хэлж байна. Эдгээр хүмүүс өөрсдөө тухайн газраа ашиглаад явж чадна гэж байгаа учраас яагаад тухайн газрыг өгч болохгүй байгаа юм бэ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэж хэлээд байна. Өмнөх засаг даргаас мэдүүлэг авахад төлөвлөгөөнд ороод тухайн газрыг олгосон, газар олгоод эдгээр хүмүүс үйл ажиллагаагаа явуулж байсан гэдгийг гэрчилсэн байгаа. Хариуцагч талаас тухайн газрын байршлыг сайн хэлж мэдэхгүй байна. Кадастрын зургийг тухайн үеийн Засаг даргын захирамжаар эрх бүхий этгээдүүдтэй очиж цэгийг тогтоож газрыг зааж өгсний дагуу хашаалж авсан талаарх нотлох баримтууд хавтаст хэрэг авагдсан байгаа. Тухайн хүчингүй болсон захирамж нь 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр мөн Засаг даргын захирамж нь анхнаасаа буруу байсан, дуудлага худалдаагаар газар төлөвлөлтийн журмаар эзэмшүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан Дүүрэнгийн гэрчийн мэдүүлэгт тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхийг ЦБХХК-нд олгосон талаар дурдсан. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд анхны үр жимсээ авсан тохиолдолд газрын төлбөрийг төлнө гэсэн учраас газрын төлбөрийн асуудлыг хөндөж захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/120 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б сумын Засаг дарга Ө.Н шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1.ЦБХХК нь 2014 онд сумын Засаг даргын А/38 тоот захирамжаар гэрчилгээ авсан. Гэтэл энэ газар нь 2013 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу Өлзийтийн гацаа гэх нэр байхгүй байна. 2.Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1.7 иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэнийн талбай эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац өгөх хүртэл хугацаанд чөлөөлнө гэсэн. Гэтэл 2014 онд гэрчилгээгээ авсан 2017-2021 он хүртэл төлбөрөө хугацаанд нь төлөөгүй буюу Сумын Засаг даргын захирамж гарснаас хойш төлбөр хийсэн. 3.Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-д заасны дагуу сонсох ажиллагаа хийх, мэдэгдэх хуудсыг Газрын даамал Ө.Алтангэрэл ЦБХХК-ийн захирал Ц.Алтанцолтой утсаар холбогдож 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр охин Аминагийн мэйл хаягаар нь явуулсан. 4.Захиргааны ерөнхий хуулийн 21.2-д заасны дагуу сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны А/120 тоот захирамжийг гаргаж охин Амина нь гарын үсэг зурж авсан байгаа. 5.Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирсэн 2021 оны 06 дугаар сарын 08-ны 07/364 тоотын хариуг хуулийн хугацаанд нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны 05/117 тоотоор явуулсан. 6.2021 оны 09 дүгээр сарын 13-ны 07/646 тоот албан бичгийн хариуг хуулийн хугацаанд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны А/120 тоот захирамжаар явуулсан. 7.Газрын тухай хуулийн 33.1.1, 33.1.2 дахь заалтаар дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэснийг зөрчиж, тухайн үеийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/38 тоот захирамжаар олгосон нь буруу болжээ. 8.ЦБХХК-ийн шүүхийн гомдлыг харгалзан үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай Цэгц бумт" ХХК-нд 10 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн захирамж гарсан. Уг газар нь газар төлөвлөлтийн зохион байгуулалтад тусгагдаагүй, Өлзийтийн гацаа гэх газар нь өөр газарт байдаг, 2014 оны 12 дугаар сард болсон хуралд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Өлзийт хайрханы ард гээд тусгагдсан байгаа. Өлзийтийн гацаа гэх газар нь Өлзийт хайрханы ард гэх газраас 3 км зайд байрладаг газар юм. Тухайн жилд ЦБХХК нь газраа авчихаад тэр хавийн газрыг хашаад чацаргана тарьсан боловч үерийн улмаас бүх тарьсан чацарганыг урсгасан гэж хэлж байсан. 10 га газар хашсанаас болж ойр орчмын айл өрхүүд маш ихээр эсэргүүцэл илэрхийлж байсан. Одоо уг газрыг сэргээгээд үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй. Миний хувьд захирамжаар цуцалсны дараа ЦБХХК-ийн төлөөлөлтэй уулзахдаа өөр байршилтай газар үйл ажиллагаа явуулах санал тавьж байсан боловч өөрсдөө тухайн газартаа тарина гэсэн саналаа илэрхийлсэн. Дорж, Иван гэх 2 иргэнийг 3 жил цалинжуулсан гэж хэлж байна. Иван нь нас барсан, Дорж нь Б сумд оршин суудаг хүн биш. Саяхан шүүхээс тухайн газарт очиж үзлэг хийе гээд их цас ороод очих боломжгүй байх үед манай тамгын газраас газар дээр очсон. Тухайн газар дээр нь очиход том ёмкос, хашаагаар нь усалгааны систем нь тарчихсан, хашаандаа анхаарал хандуулаагүй байдалтай байсан. Тухайн газрыг цуцлах болсон шалтгаан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 хугацаандаа төлбөрөө төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй, 2014 онд газар олгосноос хойшхи ковид гарах хүртэлх хугацаанд газраа ашигласан нь тодорхойгүй байгаа. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д иргэн аж ахуйн нэгжид тухайн сумын Засаг дарга 0,07 га газраас хэтрэхгүйгээр эзэмшүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл ЦБХХК-нд 10 га газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайн газрын ойр орчмын айл өрхүүд эсэргүүцэж байгаа. Шаардлагатай бол багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулаад саналыг аваад өгч болно. Эргэлтийн цэгийг тухайн үеийн газрын даамал зааж өгсөн гэж хэлж байна. Миний хувьд газрын даамал газрыг зааж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Сонсгох ажиллагаа уг нь хийсэн юм шиг байна лээ. Алтанцолын охин руу нь сонсгох ажиллагаа хийсэн талаар мэйл бичсэн чат нь байдаг. Дараа нь захирамжаа танилцуулах гэхэд ажил явдал гарсан гэж газрын даамал Алтангэрэл надад хэлж байсан. ...2 жил ашиглаагүй. 2014 онд чацаргана тариалсан нь үнэн. Үерт автуулсан нь бас үнэн. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй, газраа ашиглаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар Улаанбаатар хотоос гарах боломжгүй нөхцөл байдлынхаа талаар хэлж ярьж байгаагүй. Дахин Өлзийтийн гацаа гэдэг газарт газар эзэмшмээр байвал сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд хүсэлтээ өгөөд 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад түүний дараа багийн Иргэдийн Нийтийн Хурлаар орж зөвшөөрөл аваад цаашаа эзэмшээд явах бүрэн эрх байгаа. Тухайн газрыг өгөхгүй гээд хатуу байр суурьнаас хандаагүй байгаа. 2014 оноос хойшхи Ковид гарах хүртэлх хугацаанд тодорхой юу хийж байсан нь мэдэгдэхгүй байгаа. 2014-2019 он хүртэл тоолоход 2 жил хангалттай болж байгаа. Гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй байна. Гэрээ хувийн хэрэгт байхгүй. Газрын даамал 2021 онд ажилд орсон болохоор урьд өмнө гэрээ байгуулж байсан эсэхийг мэдэхгүй гэж хэлж байсан. Чацаргана тариалсан газарт нь манай сумын иргэдийн ихэнх адуу, мал бороо, цас, шуурганаар очиж зогсдог. Бургастай газар учраас мал бургасны нөмөрт нь зогсдог. ЦБХХК нь бургасны урд талд цоорхой сайр газрыг хашаалсан байсан. ЦБХХК нь 2014 онд буюу 1 жил чацаргана тариалаад түүнээс хойш ямар нэгэн зүйл тариагүй. 2020 оны газрын төлбөр болох 160.000 төгрөгийг төлсөн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2-оос дээш жил эзэмшээгүй, газрын төлбөрийг төлөөгүй, тухайн сумын Засаг дарга нь газрын тухай хуулиар дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулаагүй, зөрчиж олгосон гэх үндэслэлээр цуцлагдсан гэв.

Гэрч Ө.Алтангэрэл шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би Б суманд 2021 оны 06 дугаар сараас эхлэн газрын даамлаар ажиллаж байна. Хувийн хэрэг үүсээгүй тул ЦБХХК-тай газар эзэмших гэрээ байгуулаагүй. Газар эзэмших захирамж гарсны дараа гэрээ хийгддэг юм. Тухайн үед газрын даамал нь байхгүй болохоор гэрээ хийгдээгүй байх гэж бодож байна. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг батлан гаргахад газрын төлбөр төлсөн эсэхийг шалгасан. Тэр үед 2020 оны газрын төлбөрийг төлсөн ба 2014-2019, 2021 оны газрын төлбөрийг төлөөгүй байсан. Газраа 2014 онд эзэмшээд тухайн жилдээ зориулалтын дагуу ашигласан байсан. Түүнээс хойш ашиглаагүй байдаг. Тухайн компанийн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшиж байсан. Газар дээр нь очиход огт ашиглаагүй, буцаад атарших талруугаа болчихсон байсан. Тэгээд Хэрлэн голоос 2-3 метрийн зайтай хашаагаа татсан, усжуулалтын системээ хураасан зүйл байхгүй, талын нэг тараасан байдалтай байсан. Нэг ёсондоо төлөвлөгөөнд тусгагдаагүй, тэр хавийн иргэдийн өвөлжөө, хаваржааны газрыг хашчихсан байсан гэсэн үг юм. Дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр шаардаагүй. Дахин шинээр дуудлага худалдаагаар өөр газарт чацаргана тарих зориулалтаар газар эзэмшиж болох талаар санал тавихад өөрсдөө татгалзсан. ЦБХХК-тай холбоотой 2020 оны газрын төлбөр төлсөн баримт, манайхаас 2018 юм уу 2019 онд буюу өмнөх Засаг даргын үед газрыг нь цуцлах санал гаргах тухай албан тоот явуулж байсан. Энэ тоот байгаа. Талийгаач Ц.Алтанцолын газраа цуцлуулахгүй тухай гараар бичсэн өргөдөл, ЦБХХК-иас иргэн Ц.Алтанцол руу эрх шилжүүлсэн гэрээ, газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээ, хувь хүний орлогын албан татвар, төлсөн баримт, Мөнхбаяр, Алтанцол нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд суманд байгаа гэжээ.

Гэрч Г.Дүүрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би Б сумын Засаг даргаар 2004-2008 оны хооронд болон 2012-2016 оны хооронд ажиллаж байсан. Аймгаас чацаргана хөтөлбөр хэрэгжүүлж байсантай холбогдуулан жил бүр Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлахдаа чацарганы зориулалттай газар эзэмшүүлэхээр тусгаж байсан. Тухайн үед чацаргана тарихаар газар авах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж бараг ирдэггүй байсан. Тэгээд ЦБХХК ирэхээр нь газар эзэмшүүлэх захирамж гаргасан. ЦБХХК-ийн эзэмшиж байсан газар тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан. ЦБХХК нь анх газар эзэмшээд чацаргана тариад тэр жилдээ үерт автсан. Дахин тухайн газраа сэргээж чацаргана тарьсан эсэхийг мэдэхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч ЦБХХК-ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Б сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/120 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан. Үүнд:

-Цэгц бумт" ХХК нь 2014 онд Нийслэлийн Үйлдвэр ХААГ-аас өөрийн 2 давхар сууцаа барьцаалан 13,406,250 төгрөгийн үнэ бүхий 6250 ширхэг чацарганы суулгацыг зээлээр авч тариалсан. Ц.Алтанцолтой хамтран ажиллахаар болж, 6,500,000 төгрөгний үнэ бүхий 2 ачааны машинаар хөрөнгө оруулснаас гадна ...услалтын иж бүрэн системийг 6,000,000 төгрөгөөр худалдан авчирч, талбайг төмөр хашаагаар хашаалж, тариалангийн талбайд нийт 62,631 250 төгрөгийн зардал гаргасан. Тус сумын 2 хүнийг ажилд авч 3 жил шахам цалинжуулан, амьдрах орон гэр барьж өгсөн. Уг газарт дахин хөрөнгө оруулалт хийх шаардлага гарсан. 2018 оны 12 дугаар сард уг газраа Ц.Алтанцолд шилжүүлэхээр итгэмжлэл хийж нотариатаар баталгаажуулсан. Ц.Алтанцол нь шилжүүлэн авах талаар удаа дараа гомдол хүсэлт гаргасаар байхад шийдвэрлээгүй 2 жил гаруй хугацаа өнгөрөөсөн атлаа иргэн хүний ариун шударга хөдөлмөрөөрөө бий болгосон 60,000,000 гаруй төгрөгийг зарцуулсан газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,

-2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 33.1.3 дахь заалтын дагуу газрыг дуудлага худалдааны журмаар олгоогүй, зөрчиж олгосон гэж дурдсан нь газар эзэмшигч этгээдийн эрх хэмжээнд хамааралгүй, тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тул сумын Засаг даргын захирамжид дурдсан зөрчил нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүрэгт хамааралгүй, тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Дүүрэн гэрчийн мэдүүлэгтээ тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхийг ЦБХХК-нд олгосон гэсэн, газрын даамлаар газраа заалгаад эргэлтийн цэгийг нь бэхлүүлээд газраа хашаалж авсан, бид нар газрыг дур мэдэн хашаалж авсан зүйл байхгүй,

-газар эзэмших эрхийг цуцлах талаар "Цэгц бумт" ХХК-д мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй,

-Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэнийн талбай эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац авах хүртэлх хугацаанд чөлөөлнө гэж заасныг зөрчсөн, анхны үр жимсээ авсан тохиолдолд газрын төлбөрийг төлнө,

-хамтран эзэмшигчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан, улс орныг хамарсан ковидийн өвчин зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан зэргийг харгалзан газрыг ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй хэмээн маргасан байна.

3. Хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд,

3.1. Б сумын 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус сумын 2-р баг, Өлзийт хайрханы хойно таримал мод, чацаргана тариалах зориулалтаар 1 аж ахуй нэгжид 10 га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Уг төлөвлөгөөнд Өлзийт хайрханы хойно гэж заасан, харин газрын нэрийг тодорхой заагаагүй,

-Б сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/38 дугаар захирамжаар тус сумын Улаан-Ухаа 2-р багийн нутаг, Өлзийтийн гацаа нэртэй газарт жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 10 га газрыг ЦБХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Дүүрэнгийн ЦБХХК-ийн эзэмшиж байсан газар тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан...газар эзэмшээд чацаргана тариад үерт автсан гэсэн мэдүүлэг,

-нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ЦБХХК-ийн захирал, Ц.Алтанцол нар газрын даамлаар газраа заалгаад эргэлтийн цэгийг нь бэхлүүлээд газраа хашаалж авсан, бид нар газрыг дур мэдэн хашаалж авсан зүйл байхгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн Б сумын 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус сумын 2-р баг, Өлзийт хайрханы хойно гэх байршилд 10 га газрыг жимс жимсгэнэ тариалах зориулалтаар аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөсөн, маргаан бүхий 10 га газар тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байна гэж дүгнэлээ.

3.2. Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, ЦБХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 6250 ширхэг чацарганы суулгац олгосон Чацарганы суулгац олгох барьцааны гэрээ,

-хариуцагч Ө.Нын ЦБХХК нь газраа авчихаад тэр хавийн газрыг хашаад чацаргана тарьсан боловч үерийн улмаас бүх тарьсан чацарганыг урсгасан гэж хэлж байсан. ...тухайн газар дээр нь очиход том ёмкос, хашаагаар нь усалгааны систем тарчихсан, хашаандаа анхаарал хандуулаагүй байдалтай байсан... 2014 онд газар олгосноос хойшхи ковид гарах хүртэлх хугацаанд газраа ашигласан нь тодорхойгүй байгаа... гэсэн тайлбар,

-гэрч, Б сумын газрын даамал Ө.Алтангэрэлийн ЦБХХК-д хувийн хэрэг үүсээгүй тул газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, тухайн үед газрын даамал нь байхгүй болохоор гэрээ хийгдээгүй байх гэж бодож байна. Би гэрээ байгуулахаар дуудаагүй гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь 2014 онд эзэмшлийн 10 газартаа чацаргана тариалсан, хариуцагч тал, газрын даамал нь нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

3.3. Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д Дараахь төлбөр төлөгчийг дор дурдсан газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө: 1.7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэнийн талбай эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац авах хүртэлх хугацаанд гэж заажээ. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр 6250 ширхэг чацарганы суулгацыг зээлээр худалдан авч, маргаан бүхий 10 га газарт тариалсан байх тул Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар анхны ургац авах хүртэл хугацаанд газрын төлбөрөөс чөлөөлөгдөх эрхтэй байна. Нэхэмжлэгч нь байгалийн давагдашгүй хүч болох үерийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тариалсан чацарганыхаа ургацыг авах боломжгүй болсон нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх тул түүний Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар эзэмшлийн газартаа жимс жимсгэнэ тариалж анхны үр жимсээ авсан тохиолдолд газрын төлбөрийг төлнө гэсэн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй гэж буруутгах боломжгүй байна.

3.4. Хариуцагчийн сонсох ажиллагаа хийх, мэдэгдэх хуудсыг газрын даамал Ө.Алтангэрэл ЦБХХК-ийн захирал Ц.Алтанцолтой утсаар холбогдож 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр охин Аминагийн мэйл хаягаар нь явуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 21.2-д заасны дагуу сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны А/120 тоот захирамжийг гаргаж охин Амина нь гарын үсэг зурж авсан гэсэн тайлбар,

-нэхэмжлэгчээс иргэн Ц.Алтанцолд эзэмшлийн газраа шилжүүлэн өгөхөөр 2018 онд гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлэн сумын Засаг даргад хүсэлтийн хамт хүргүүлсэн баримт,

-Б сумын Засаг даргын 2021 оны 6 сарын 23-ны өдрийн 05/117 тоот газрыг цуцлах саналтай гэсэн нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичиг,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд нэр: Цэгц бумт, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл: Д.Мөнхбаяр, Ө.Ундрам гэсэн нотлох баримт зэргээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газраа Ц.Алтанцолд шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, маргаан бүхий газар ЦБХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд маргаан бүхий захирамжийг батлан гаргахаас өмнө Цэгц бумт" ХХК, захирал Д.Мөнхбаярт мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа хийгээгүй нь тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд гэж,

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т ...газрыг сумын Засаг дарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж зохион байгуулна, 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. гэж,

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.... гэж тус тус заажээ.

5. Шүүх хавтас хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн,

-хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 28-ны А/120 тоот захирамжийг батлан гаргахаас өмнө газар эзэмшигч ЦБХХК, захирал Д.Мөнхбаярт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй, шийдвэр гаргахад шаардлагатай нөхцөл байдлыг тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг зөрчсөн.

-Хууль тогтоогчоос газар эзэмших эрх бүхий этгээд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил /газар эзэмшигчтэй гэрээ байгуулсан өдрөөс хойш/ дараалан ашиглаагүй бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрлэхээр зохицуулсан. Харин хууль тогтоогчоос Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар тухайн шатны Засаг даргад иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг олгосон.

Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг эзэмших эрх бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй хэмээн буруутгасан атлаа 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдааны журмаар олгоогүй хэмээн нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй гэж түүнд газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014 оны А/38 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагч нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй гэж, мөн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж 2 өөр агуулгаар нэг шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх тусгай зарчмыг зөрчсөн.

-Б сумын 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн, нэхэмжлэгч газрыг зориулалтын дагуу эзэмшиж, чацаргана тариалсан, хариуцагч тал нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын төлбөрөөс чөлөөлөгдөх эрхтэй байх ба тэрээр хүндэтгэн үзэх шалтгаанаар тариалсан чацарганы ургацыг авах боломжгүй болсон нь нотлогдож байх тул түүний эзэмшлийн газартаа жимс жимсгэнэ тариалж анхны үр жимсээ авсан тохиолдолд газрын төлбөрийг төлнө гэсэн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эдгээр нөхцөл байдлуудаар маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасанд тус тус нийцээгүй, хууль бус болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦБХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН