Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/404

 

 

 2024     10          04                                          202/ШЦТ/404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Төгөлдөр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхболд

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэд холбогдох эрүүгийн 2425000000533 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, М ургийн овогт Дгийн Ц /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 14 минутын орчимд 00-00 улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сум, ............................ дугаар байрны хойд талын авто авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар зорчиж явсан явган зорчигч, хохирогч А.Быг мөргөж, хохирогчийн эрүүл мэндэд “зүүн шагайн гадна ба дотор хавчаар ясны далд хугарал. зүүн бугалга, тохой, шуу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зүүн тохой, тавхайд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:   

-шүүгдэгч Д.Цийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлбөрийг бүүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан, судалснаар тооцуулсан:

-Жолоочийн согтуурлыг шалгасан тухай “0,00%” гэсэн баримт /хх-ийн 10-р тал/

-Орхон аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн №............ дугаартай дуудлагын лавлагааны хуудас, /хх-ийн 2-р тал/,

-Эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-р тал/

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай... хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг ............................арын хот доторхи авто зам дээр үзлэгийг эхлүүлэв. Үзлэгээр явган хүний гарц дээр хүн мөргөсөн гэх газрыг “А” үсгээр тэмдэглэж замын цагдаагийн албан хаагчаар хэмжилтийг хийлгэхэд “А” цэгээс үл хөдлөх цэг хүртэл 13.10 метрийн “А” цэгээс урд зүгт явган хүний гарцын төгсгөл хүртэл 3,8 метр “А” цэг... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р тал/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: ... Тус камерын бичлэгийн баруун дээд буланд 2024-08-23 07:14:00 секундэд бичлэг эхэлж байх ба зүүн доод буланд ZAM ZVVN PTZгэх бичиглэл байх бөгөөд тухайн бичлэг нь зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлийн төв замын хэсгийг хянах камер байх ба бичлэгт байгалийн гэрэл тод үзэгдэх орчин саадгүй харагдаж байх ба хөдөлгөөний урсгал сийрэг байна. 2024-08-23 07:14:08 секундэд мөнгөлөг саарал өнгийн жийп маркийн 00-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаас зүүн чиглэлд автозамын 1 дүгээр эгнээнд хөдөлгөөнд оролцож явж байх ба 1 дүгээр эгнээнд явж байсан саарал өнгийн тээврийн хэрэгслийн ар хэсэгт дугуй бэхэлсэн ачаатай тээврийн хэрэгсэл явган хүний гарцад ойртох үед зогсоох үйлдэл хийж байгаа нь тус тээврийн хэрэгслийн арын гэрэл асаж байгаагаар харагдаж, удалгүй хүйсийг тодорхойлох боломжгүй хүн урдаас хойд зүг чиглэлтэй явганы гарцаар явж байхад 1 дүгээр эгнээнд зорчиж байсан мөн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсох үйлдэл хийлгүй тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр явган зорчигчийг мөргөж байгаа бичлэг бичигдсэн байна....” гэх тэмдэглэл, /хх-н 17-18-р тал/

-хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19-р тал/

-хохирогч А.Бын”... 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өглөө би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг .......... тоотоос гараад өөрийн ажилладаг цэцэрлэгт очиж анги янзлах гээд ................. явган хүний гарцаар урд зүгээс хойд зүгийг чиглээд явж байгаад гарцаар гарч байсан чинь мөнгөлөг саарал өнгийн том жийп машин ирээд ямар ч зогсолт хийлгүй шууд ирээд намайг мөргөчихсөн. Намайг харах үед болохоор тухайн машин маш хурдан ирж байхыг нь хараад за би ямар ч байсан мөргүүлэх юм байна даа гэж оодож байсан. Тэгээд л намайг мөргөсөн. Мөргүүлээд газарт уначихсан байхад хүйтэн мэдрэмж аваад эргэн тойрноо харсан чинь миний цүнх ойрхон байхаар нь охиноо дуудах гээд утсаа авч байснаа санаж байна. Яг хаана яаж өвдөөд байгааг ерөөсөө ойлгохгүй байсан. Тэгээд газарт хэвтэж байхад миний хөл даараад байхаар нь жолооч ахад хандаад миний хөл даараад байна та миний гутлыг авчраад өгөөч гэхэд жолооч ах миний гутлыг машиныхаа доороос авчраад өмсүүлж байсан. Тэр үед миний гутлыг өмсүүлэхэд хөл өвдөөд байсан. Тэр үед надаас жолооч таны хөл аль хэсгээрээ өвдөж байна гээд асууж байсан санагдаж байна. Зүүн хөлийн шагай хэсгээр хугарсан мөн шивнүүр яс нь хугарсан. Баруун хөлийн өвдөгний яс цуурсан, шагай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын тохойн урд хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл ихтэй байгаа. Гарцаар гарч явахад эхлээд нэг саарал өнгийн том жийп машин зогсоод би гарцаар гарч явсан гэхээр 2 дугаар эгнээнд байсан гэсэн үг байна. 1 дүгээр эгнээнд явж байсан машин болохоор гарцад дөхөж ирээд зогссон... Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй учраас Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх шаардлагагүй. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг мөргөсөн жолооч байнга намайг эргэж тойрч эм тариа юу байдаг бүх зүйлийг гаргаж байгаа болохоор би тэр хүнээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р тал/,

-гэрч Д.Бгийн мэдүүлсэн:.. 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний гэр бүлийн эзэмшлийн “АН ЭРД” ХХК-ны нэр дээр байдаг машин байгаа юм. Энэ машиныг ер нь манай нөхөр өөрөө унадаг. Мөн хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 754 дугаартай: “...А.Бын биед зүүн шагай гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, зүүн бугалга, тохой, шуу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зүүн тохой, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32-р тал/,

-Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн хошууч Б.Бийн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №08 дугаартай“..12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна....” гэх магадалгаа, /хх-н 35-36-р тал/

-Шүүгдэгч Д.Цийн сэжигтнээр мэдүүлсэн... Би тухайн өдрийг өглөө би зуслангаасаа ажил руугаа явж байсан юм. Тэгээд ................. арын төв замаар явж байж байсан чинь гэнэт явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн машины баруун талын буланд үзэгдэх шиг болохоор зүүн гар тийш дарж эсрэг урсгалд ороод зогссон. Ингээд машинаас буугаад харсан чинь газарт гарцаар явж байсан эмэгтэй чинь байсан би уул нь дөнгөж шүргэсэн байх гэж бодсон чинь мөргөчихсөн байсан. Тэгээд нөгөө эмэгтэй дээр очтол нилээд өвдөлттэй байгаа бололтой ёолоод байсан. Тэр үед нөгөө эмэгтэй миний хөл даараад байна гутал өмсүүлээд өгөөч гэхээр нь гутлыг нь хайж үзсэн чинь миний машины доор уначихсан байсныг аваад гутлыг нь өмсүүлсэн чинь хөл эвгүй гэмтчихсэн харагдсан. Тэгээд би эмнэлэг рүү явахгүй бол болохгүй юм байна гэж бодоод эхлээд эмнэлэгт дуудлага өгөөд дараа нь цагдаагийн газарт хоёр удаа дуудлага өгсөн. Ингээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд нөгөө эмэгтэйг аваад явахаар нь би араас нь дагаад явсан. Эмнэлэг дээр очсон чинь тухайн эмэгтэйн хөлийн шагай хугарчихсан байна гэж байсан. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсангэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

-Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 64-65-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 14 минутын орчимд 00-00 улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт ................. хойд талын төв авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар зорчиж явсан явган зорчигч А.Быг мөргөж, хохирогчийн эрүүл мэндэд “зүүн шагайн гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, зүүн бугалга, тохой, шуу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зүүн тохой, тавхайд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.Цийн үйлдлийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч А.Бын.... 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өглөө би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ............... тоотоос гараад өөрийн ажилладаг цэцэрлэгт очиж анги янзлах гээд ................. явган хүний гарцаар урд зүгээс хойд зүгийг чиглээд явж байгаад гарцаар гарч байсан чинь мөнгөлөг саарал өнгийн том жийп машин ирээд ямар ч зогсолт хийлгүй шууд ирээд намайг мөргөчихсөн.....гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 754 дугаартай: “...А.Бын биед зүүн шагай гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, зүүн бугалга, тохой, шуу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зүүн тохой, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэх шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн хошууч Б.Б 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №08 дугаартай...Жолооч 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна гэх мөрдөгчийн магадлагаа, Эрх бүхий албан тушаалтны Зам тээрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Ц нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.1 дэх заалтыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Д.Цийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондхи шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба  шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл болгоомжгүй хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохиролыг мөнгөн хэлбэрээр төлбөр төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр сайн дураараа хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялын агуулгыг ойлгож, зөвшөөрсөн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх,шүүгдэгч Д.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдууллаа.      

3.Хохирол төлбөр,бусад асуудлын талаар:

Хохирогч А.Бын эрүүл мэндэд учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд нийт 23,000,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байх ба хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ургийн овогт Д-ийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр мянга долоон зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасаж,торгох ял оногдуулсан тогтоолын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ноёныхон ургийн овогт Эрдэнэжав Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ..... / ./ жилийн хугацаагаар хасаж, .......... /........../ сар/жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батболдод шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Э.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батболдоос нийт .....................төгрөг гаргуулж, хохирогч Б.Батсүмбэрт олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ