| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0393/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/417 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/417
2024 10 09 2024/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох эрүүгийн 2425001640466 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, Х овогт Б.Н /РД:0000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч Б.Нийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Уртцагааны орчимд Нэгдсэн үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 112 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй ургамлыг Б.Н, И.Ит нарт 10,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Нийн мэдүүлсэн: Гэрээс олдсон зүйлүүд минийх биш. Өөр хүний иргэний үнэмлэх, түүний хажууд өвс байсан. Би Итгэл, Н нарт өвс өгөөгүй. Би бэлтгэлээс гараад хэдэн хүнээс хоолны мөнгө асуугаад чат бичсэн байсан чинь Н чатыг уншчихаад чиний данс руу мөнгө хийсэн шүү гэсэн. Би энэ хэргийг үйлдээгүй гэх мэдүүлэг,
-Эрүүгийн 2425001640466 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан:
- орон байранд үзлэг нэгжлэг хийх тухай 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 154 дугаартай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 4-р тал/
-нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-31-р тал/
-гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 32-35-р тал/
-Б.Нийн 5217226198 дугаар Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-р тал/
-гэрч Иийн мэдүүлсэн:.. Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Нийн 5217226198 дугаарын хаан банкны данс руу 10,000 төгрөг шилжүүлээгүй. Тэр өдөр надаас Б.Н хоолны мөнгө төгрөг гуйж аваагүй. Би Б.Нт мөнгө төгрөг шилжүүлсэн гэх зүйл яриагүй. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н манайд надтай байж байхдаа Нтэй гар утсаар яриад өвс худалдаж авахаар болоод Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Уртцагаан дээр уулзсан. Тухайн үед би цуг явж очсон. Тэгээд Нээс өвс аваад зөрүүлээд данс руу нь 10,000 төгрөг Н өөрийнхөө данснаас шилжүүлсэн би хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 38-39-р тал/
-гэрч Б.Н мэдүүлсэн:...Би 2023 оны 10 дугаар сарын дундуур Улаанбаатар хотоос ирээд найз Иийн гэрт очсон. Иийн гэрт очиход И гэртээ ганцаараа байсан. Намайг тэдний гэрт байхад И, Нтэй фейсбүүк чатаар харьцаж байсан. Тухайн чат дээр Н, Иэд өвс өгнө гэсэн чинь И 10,000 төгрөгөөр авъя гэж бичсэн байсан. Чат бичиж байгаад И бид хоёр гэрээс нь гараад Нтэй Уртцагаанд уулзсан. Эхлээд И, Н хоёр надаас жоохон зайтай уулзаж байгаад хоёулаа ирээд И надад “ийшээ 10,000 төгрөг шилжүүлчихээч” гэж хэлээд Нээс гялгар ууттай өвс авсан. Би өөрийнхөө Хаан банкны 0000000000 дугаарын данснаас 10,000 төгрөгийг Нийн хэлсэн данс руу шилүүлж өгсөн. И бид хоёр эргэж гэрт нь ороод би гэрт нь үлдээд И нэг найзтайгаа болон эхнэрийнх нь хамт Ж сум руу өвс түүнэ гээд явсан. Гэрээсээ гарч яваад 2-3 цагийн дараа эргэж ирсэн. Тэгэхдээ И бага хэмжээтэй өвс авч ирсэн байсан. Иийн гэрт байж байгаад түүнтэй хэрүүл хийгээд гарч явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 47-48-р тал/
-гэрч Ө.Т мэдүүлсэн:.. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай найз Б.Н намайг шон суулгаад өг гэж намайг Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун дэнж, ......... тоот гэртээ дуудсан. Намайг очиход гэрт нь хүн байхгүй, Б.Нийн амьдардаг байшин нь онгорхой байхаар нь би дотор нь ороод хүлээж байгаад яаралтай эмнэлгээс дуудахаар нь яваад өгсөн...яарсандаа үлдээгээд мартаад явчихсан байсан. Би Б.Н болон найз охиных нь хамт 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дэнж багийн уулан дээр хамт хэрэглэсэн. Хамт хэрэглэдэг...” гэх мэдүүлэг, /хх-н 52-р тал/
-Б.Нд холбогдох хэргийн, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-86-р тал/
- Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 87-95-р тал/
-Б.Нийн 00000000 дугаар Хаан банкны дансны хуулга /хх-ийн 112-130-р тал/,дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-ийн 36-р талд/
-Б.Нийн эзэмшлийн 00000000, 00000000утасны дугааруудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 153-167-р тал/
-хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 192-193-р тал/
-хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 194-р тал/
-мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 195-198-р тал/
- шүүгдэгч Б.Нийн яллагдагчаар мэдүүлсэн ...Намайг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, Уртцагааны орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “...Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвекц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 112 грамм жинтэй дельта-9 тетрагидоканнабинол / Delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг Б.Н, И.Ит нарт 10,000 төгрөгөөр худалдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Н, И.Ит нарын өгсөн мэдүүлэг худлаа байна. Яагаад гэвэл 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр суманд байгаагүй. Улаанбаатар хотод бэлтгэл дээрээ байсан. Бэлтгэлээ тарж яваад хүмүүс рүү залгаж хоолны мөнгө гуйсан боловч И над руу арав билүү хорин мянган төгрөг өөрийнхөө хаан банкны 5217226198 дугаарын дансаар авсан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Н, И.И нарт 10,000 төгрөгөөр өвс худалдсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны едөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Уртцагааны орчимд Нэгдсэн үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 112 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй ургамлыг Б.Н, И.Ит нарт 10,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг Хаан банкин дахь өөрийн 5217226198 дугаарын дансаар Б.Н эзэмшлийн 0000000000 дугаарын данснаас шилжүүлэн авсан байна. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор, Б.Нэс хураасан, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл хадгалсан 112гр “өвс” гэх нэршилтэй ургамлаас шинжилгээгээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан ”дельта-9 тетрагидроканнабинол”гэх бодис илэрсэн болох нь тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, яллагдагчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтууд, үзлэгийн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан ”дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох өвсийг бусдад худалдсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Н нь мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, Б.Н Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн талаархи шийтгэх тогтоолын хуулбар, шүүх хуралдааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мансууруулах эм,...сэтгэцэд нөлөөт бодис,тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар... худалдсан... бол... ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулиар хамгаалсан, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдлийг санаатай үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хориглосон... сэтгэцэд нөлөөт бодис” гэдгийг,
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар,
“сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэж тодорхойлсон. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.
Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг, 3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно” гэж тус тус заасан.
Мөн хуулийн 13.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно” гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.
Шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн ч, гэрч Б.Н, И.И нарын мэдүүлгийг мөнгө шилжүүлсэн баримт давхар баталсан ба Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл хугацаанд Б.Нээс авсан 112 гр жинтэй ”дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай “өвс” гэх нэршилтэй ургамлыг олж авсан, хадгалсан гэмт хэрэгт шийтгүүлж, тогтоол хүчин төгөлдөр болсон байдал нь нотолсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,”
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй хэргийн байдал нотлогдохгүй байна гэж дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.
Шүүх, шинжлэн судалсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж бэхжүүлэхдээ хууль зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй, тогтоогдсон нөхцөл байдлыг нотолж буй баримтуудыг няцаах, эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал, баримт тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Нийн үйлдэл нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуулиар хориглосон нийгэмд аюултай үйлдлийг санаатай хийсэн гэм буруугийн шинжтэй байх тул, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ,нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж нээоттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Улсын яллагч шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т: хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэж ,
-шүүгдэгч Б.Н: Анх удаа хэрэгт холбогдлоо. Би өвс худалдаагүй. Мөрөөдлийнхөө төлөө би явж байгаа, байнга бэлтгэлтэй байгаа. Үнэн илрэх байхаа гэж тус тус санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болох хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.
3.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг заалаа.
Б.Нт, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай захирамжаар хувийн баталгаа гаргах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Нийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ