Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00016

 

  Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух РД: ЗЮ00000000, Х овогт Э-н О нэхэмжлэлтэй

 

Хариуцагч 0 дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0 гудамжны  0 дүгээр байрны 0 тоотод оршин суух РД: НГ00000000, М овогт Ц-н У

 

Хариуцагч 0 дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0 гудамжны 0 дүгээр байрны тоотод байрлах У ХХК-д холбогдох 0 маркийн 00-00, маркийн 00-00 улсын дугаартай автомашины үнэ 140.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад    

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэг Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Ц.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Э.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2005 онд Ц.У--тай танилцсан.

Тухайн үед Ц.У- нь У ХХК-ийн захирал байсан бөгөөд Энхтайваны гүүрний доор автомашин зардаг байсан.

Би Ц.У-гийн эгч, дүү хоёртой найзууд. Тэр өдөр эгч А нь уулзаж машинаа зарах тухайгаа хэлэхээр гэрт нь очиж явах замд Ц.У-  тааралдаад учир байдлаа хэлэхэд “А хэлээд хэрэггүй. Би машиныг чинь авъя. “Гацуурт” тосгонд ашиглалтад орох гэж байгаа миний хаус бий түүнээс та ав” гээд бид хоёр тохиролцоод гэрээ байгуулсан.

Ингээд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Автомашин, үл хөдлөх эд хөрөнгөөр солилцох гэрээ” байгуулахад Ц.У- “....автомашин зарахад чиний “Итгэмжлэл” хэрэгтэй. Автомашиныхаа нэгийг миний нэр дээр “Итгэмжлэл” хийж өгөөд, харин нэгийг манай компанийн нягтлан Б.Ж нэр дээр шилжүүлчих” гэхээр нь Хан-Уул дүүргийн нотариат орж өөрийн эзэмшлийн маркийн 00-00 улсын дугаартай, цагаан өнгийн автомашины захиран зарцуулах эрхийг Ц.У-д өгч, харин маркийн 00-00 улсын дугаартай, автомашинаа “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-гээр компанийн нягтлан Б.Ж нэр дээр шилжүүлж өгсөн.

Ц.У машин хаана байгаа бэ? гэхэд би “Н” ХХК-ийн хашаанд байгаа, автомашинаа авахдаа хүлээлцсэн акт үйлдэнэ шүү” гэж хэлээд автомашиныхаа түлхүүрийг түүнд өгөөд БНСУ руу эмчилгээнд яваад иртэл Ц.У- надад хэлэхгүй манаачаас намайг гэсэн гээд “Итгэмжлэл” үзүүлээд 2 автомашиныг авч явсан байсан.

           Ингээд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болж нөгөө байшин баригдаж дуусахгүй болохоор “Г”-д очиж үзэхэд Д.Н гэх залуу байсан.

Түүнтэй уулзаж “энэ байшин хэзээ баригдаж дуусах бэ? би У ХХК-ийн Ц.У- гэх хүнээс авч байгаа юмаа” гэхэд “манай энэ барилга У ХХК-тай ямар ч хамаагүй” гэхэд Ц.У-тай холбогдож энэ талаар хэлэхэд “наад хаус чинь бүтэхээ байсан. Би чамд сар бүр 20.000.000 төгрөг өгөөд 140.000.000 төгрөгийг төлж дуусгана” гэхэд итгэж зөвшөөрсөн.

Гэтэл Ц.У- нэг ч төгрөг төлөөгүй, автомашин ч байхгүй, өөрөө ямар ч холбоогүй, Япон гараад алга болсныг сонсоод залилан мэхлүүлснээ ойлгосон.

Энэ тухайгаа эгч, дүүд хэлэхэд “ та одоо У-д яагаад итгэж юмаа өгч байгаа юм бэ? бид наадахыг чинь ачигдаж явахаас нь салгаад авч байна. 700 сая төгрөг төллөө. Одоо цагдаад өгөхгүй байж байгаач. Гаднаас ирэхээр нь хэлье гэхэд зөвшөөрөөд цагдаад хандаагүй. Ингээд байж байтал гаднаас ирлээ гэхээр нь очоод уулзахад одоо өгнө мөнгө орж ирнэ гэсэн. Бас итгэсэн.

           Гэтэл дахиад алга болохоор нь сураглатал хятад руу гараад явсан байсан.

           Ингээд 2016-2017 онд Ц.У- олдохгүй байж байгаад 2018 онд Ц.У-г олж уулзахад “өгнө” гэхээр нь хүлээлгээд байсан байдаггүй.

           Арга барагдаад 2018 онд Хан-Уул дүүргийн цагдаад хандахад хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаа руу автомашин шилжүүлсэн газрын харьяаллаар шилжүүлсэн гэсэн.

           Цагдаагийн байгууллага хэлэхдээ Ц.У-г эрэн сурвалжилж байгаа эсвэл хилээр гараад орж ирээгүй байна, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна” гэх олон шалтгаанаар удааширсаар цагдаа дээр 2 жилийн хугацаа өнгөрч, Ц.У-г эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 0000 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” Тогтоол гарч, маш их хугацаа алдсаны эцэст иргэний журмаар нэхэмжлэл гаргахад хүрсэн.

          2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.У- над руу утсаар яриад “чи намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаад өгсөн байна.

           Би мөнгийг чинь өгөх гэж байна, өргөдлөө буцаагаад авчих. Хятадаас мөнгө авах гээд байна” гэж хэлээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 140.000.000 төгрөгийг төлнө гэж бичгээр баталгаа хийж өгөөд бас гэрчийн мэдүүлэгтээ энэ тухай хэлсэн байдаг.

           Үүнээс хойш бид 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ц.У-г хүлээсэн боловч мөнгөө өгөлгүй алга болсон.

           2020 оны 06 дугаар сард мөрдөн байцаагч Ц.У- руу залгахад Ц.У- “манай хүргэн ах УИХ-н сонгууль нэр дэвшиж байгаа, сонгуулийн ажилд явж байгаа болохоор удахгүй цалин мөнгөтэй болно. Тэгэхээр мөнгийг чинь шийднэ“ гэж хэлж байсан.

           Сонгууль дуусаад н.Батжаргал ах нь төв аймгаас сонгогдож УИХ-н гишүүн болсон боловч Ц.У- дахиад мөнгөө өгөөгүй бөгөөд цагдаад өөрийнхөө регистрийн дугаарыг хүртэл буруу бичиж өгсөн байсан.

           Үүний дараа цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ нэг автомашиныг 35.000.000 төгрөгөөр зарсан гэж бичсэн байгаа боловч энэ нь худлаа.

           З байрладаг 180 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцаар автомашинуудыг сольсон байсан. Энэ талаарх баримтыг цагдаагийн газар олж тогтоосон.

         Хариуцагч гэрээ хийхэд “Ц.У- төлбөрийг барагдуулсан.75.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гээд бичье, тэгэхгүй бол болохгүй” гэж хэлээд гэрээнд худал зүйл бичсэн талаар цагдаагийн мэдүүлэгт хэлсэн.

           Иймээс намайг анхнаасаа хууран, залилан мэхлэх зорилгоор гэрээ байгуулж, миний эзэмшлийн хоёр автомашиныг өөртөө авсан тул  маркийн 00-00, 00-00 улсын дугаартай автомашины үнэ 140.000.000 төгрөгийг Ц.У-гаас гаргуулж өгнө үү.

          Мөн У ХХК дампуурсан тул холбогдох шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.

 

           Хариуцагч Ц.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Миний бие өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна.

           Мөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар дээр нэмэлт тайлбар хэлье.   

         Хариуцагчийн төлөөлөгч Ц.У- У ХХК-иар дамжуулж Э.О-тай гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд ажил явагдаж байсан талаар талууд маргаагүй:

           Э.О-н барилгын ажил хийгдэж байхад очсон талаар тайлбартаа хэлсэн.      

           Түүнчлэн Н гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд гэрчийн мэдүүлэгтээ “Ц.У-тай Н хаус бариулах гэрээ байгуулсан нь үнэн. Хауснаас Э.О-нд өгөхөөр тохирсон үнэн. 06 дугаар сарын 01-ний өдөр барилга дээр Э.О-н очиж үзсэн, барилга баригдаагүй байсан” гэж хэлсэн байдаг.

           Нэхэмжлэгч Э.О-н “гэрээ биелэгдэх боломжгүй болсон, автомашиныг эргүүлж авах боломжгүй учир би мөнгөө авъя” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

           Хууль зүйн хүрээнд гэрээ хүчинтэй байсан ба талууд үүнийг хожим мэдээд хүлээн зөвшөөрч татгалзаагүй.

           Хавтас хэрэгт “мөнгө өгнө” гэх баримт байхгүй бөгөөд Цагдаагийн газар, Прокурорын газраас ирсэн баримтууд хуулбар үнэн дардастай баримт байна.

           Гэвч Э.О-нд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 140.000.000 төгрөгийг өгнө гэх тайлбартай бичиг, хуулбар үнэн гэх дардас дарагдаагүй.

           Өөрөөр хэлбэл тэр бичиг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтаар ирээгүй байна.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ямар хуулийн зохицуулалтаар шаардаж байгаа нь ойлгомжгүй.

           Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу шаардах гэхээр 56 дугаар зүйлд гэрээнээс учирсан гэм хорын шаардлагатай холбоотой зохицуулалт.

           Нэхэмжлэгч аль хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэлээ гаргаж байгаа нь тодорхой бус хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэлтэй тайлбар өгөхөд төвөгтэй нөхцөл үүсэж байна.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодруулах үүрэгтэй буюу үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч үүнийг тайлбарлах эрх, үүрэг байхгүй.

           Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож, хуульд заасан үндэслэлийн дагуу харилцаанд оролцох ёстой.

           Үүний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хуульд заасан хэм хэмжээний дагуу тайлбараа гаргаж шүүх хуралдаанд оролцож байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

           Ц.У- автомашиныг өөрөө аваагүй, нягтлан бодогч Ж-р дамжуулж авсан.

           Н.Ж нь У ХХК-ийн нягтлан бодогч бөгөөд автомашин компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан уу, үгүй юу мэдэхгүй.

           Мөн цагдаагийн газарт өгсөн тайлбараас харахад автомашиныг 35.000.000 төгрөгөөр зарсан гэх цагдаагийн дүгнэлтээс харвал автомашины зах зээлийн үнэ 35.000.000 төгрөг байсан байдаг гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О-н, хариуцагч Ц.У-, У ХХК-д холбогдуулан 140.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

           Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

           Нэхэмжлэгч Э.О-н, хариуцагч У ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.У-тай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 00/00 дугаартай “Автомашин, үл хөдлөх хөрөнгөөр солилцох гэрээ”-г байгуулж, БНХАУ-ын  үйлдвэрт 2013 онд үйлдвэрлэгдсэн, 0000 загварын, цагаан өнгөтэй, бохир ус зөөвөрлөх зориулалттай, вакум сорогчтой, 000 маркийн улсын 00-00, арлын 00000000, улсын 00-00, арлын 000000 дугаартай 2 ширхэг цистернийн нэг бүрийн үнэ 70.000.000 төгрөг нийт 140.000.000 төгрөгөөр үнэлэн, нөгөө талаас Баянзүрх дүүрэг, “Г” тосгоны “Г" гарден”-д баригдаж байгаа эдэлбэр газартай, бүрэн цутгамал, 120 метр квадрат талбайтай, амины орон сууцыг 140.000.000 төгрөгөөр үнэлж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн ашиглалтад оруулж, түлхүүр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна.

 

           Мөн нэхэмжлэгч 2015 оны 09 дүгээр сарын 07, 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Ж-тай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-гээр дээрх 2 цистернийг худалдахаар байгуулсан байна.

 

           Улмаар нэхэмжлэгч Э.О-н 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр НГ00000000 регистрийн дугаартай Ц.У-д олгосон “Итгэмжлэл”-дээ 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 30 минутаас эхлэн 1 сарын хугацаанд хүчинтэй байхаар, “Итгэмжлэл”-ийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр, 000000 маркийн улсын 00-00 дугаартай цистернийг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх, төлбөр тооцоо хийхийг зөвшөөрч, өөрийгөө төлөөлж гарын үсэг зурах, гэрээ хийх, төлбөрийг хүлээн авах бүрэн эрхийг олгожээ.

 

           Иймээс Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд “Арилжааны гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0000 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоолд “...Ц.У- 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.О-нг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Э.О-нгийн эзэмшлийн цистерн маркийн бохир ус зөөвөрлөх 2 ширхэг тээврийн хэрэгслийг авч, Баянзүрх дүүргийн “Гацуурт” тосгонд баригдаж байгаа 120 метр квадрат талбайтай хувийн орон сууцыг өгнө гэж гэрээгээр халхавчлан залилсан болох нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасугай” гэжээ.

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/00000 дугаартай Шийдвэрээр У ХХК-ийн хүсэлттэй дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн хэргийг хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу У ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан шийдвэрийг хүсэлт гаргагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 000 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

            Иймээс Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь хэсэгт хариуцагчийн дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж зааснаар У ХХК 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дампуурах хүсэлтээ гаргасныг, тус шүүх хүлээн аваад, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дампуурлын хэрэг үүсгэсэн Шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэгч Э.О-нтай, хариуцагч У ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Ц.У- 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/15 дугаартай “Автомашин, үл хөдлөх хөрөнгөөр солилцох гэрээ”-г байгуулсан нь бичгийн баримтаар тогтоогдсон тул зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

         

           Түүнчлэн нэхэмжлэгч Э.О-н, иргэн Б.Ж нарын хооронд байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний тухайд нэхэмжлэгч “энэ өдөр Ц.У- өөрөө байхгүй манай нягтлан бодогч Б.Ж гэрээгээ байгуулаарай гэж хэлсэн учраас хийсэн. Б.Ж-д машин тэрэг өгөөгүй. Сүүлд Б.Ж хүний өмнөөс хэлсний дагуу гэрээг хийгээд их муухай зүйл боллоо. Би энэ хүнээс болж олон хүнд загнуулж байна” гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч баримт болон тайлбараа үгүйсгэж, татгалзаж чадаагүй ба дээрх гэрээний зүйл бодиттойгоор Б.Ж-д шилжээгүй болох нь хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

           Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/00000 дугаартай Шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 000 дугаартай “Магадлал”-аар У ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байна.

           Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.У- “...би Э.О-нгаас авсан 2 ширхэг тээврийн хэрэгслийг 2016 оны 06 дугаар сард танихгүй хүнд 35.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгийг хэрэглээд дууссан” гэх эрх бүхий хуулийн байгууллагад хууль сануулж өгсөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлж, тээврийн хэрэгслийг буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал бий болсон үйл баримт нотлогдож, хариуцагч, нэхэмжлэгчид учруулсан хохирлоо төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

                

           Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 857.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн         115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.У-гаас автомашины үнэ 140.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.О-нд олгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.О-н, хариуцагч У ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.        

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 857.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АРИУНАА