| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0417/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/426 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 16.11.2., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Б холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13.2.7-д заасан “эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас түүний төрсөн хүүхэд болох 7 настай Б.Л нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрийн хойд талын засмал зам дээр 22-57 ХӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж биед нь баруун чамархай яс болон хамар ясанд хугарал, тархины аалзавчин бүрхүүлийн дор цус харвалт, баруун зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний солийлт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 тал/, прокурорын Эд хөрөнгө битүүмлэх тухай тогтоол /хх-ийн 16 тал/, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 тал/, прокурорын Эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 21 тал/, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 тал/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай санал /хх-ийн 23 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Л түүний хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34, 192 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А-ийн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Н мэдүүлэг /хх-ийн 42 тал/, гэрч Д.С мэдүүлэг /хх-ийн 44, 49-50 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Л мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/, гэрч Ч.О мэдүүлэг /хх-ийн 56 тал/, Эрүүл мэндийн даатгалын цахим системийн лавлагаа /хх-ийн 28 тал/, гэрч Б.Ц мэдүүлэг /хх-ийн 58 тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 281 дугаартай дүгнэлт /хх-ийн 62 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1001771 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-69 тал/, Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн магадлагаа /хх-ийн 72-74 тал/, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн: “...Б.Л ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоов...” гэх маягтын загвар /хх-ийн 77 тал/, Тоёота Приус-20 маркийн 22-57 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 96 тал/, Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24/129 дугаартай дүгнэлт /хх-ийн 157-159 тал/, Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Тоёота Приус-20 маркийн 22-57 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.С хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл /хх-ийн 167 тал/, Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Механикийн их сургуулийн техникийн шинжээч нарын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 174-176 тал/, Б.Л-ын нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 193 тал/, гэрчилгээний зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч П.Б гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Лын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Л болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Н нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт ирүүлээгүй, шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Б энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч Б.Л болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Н нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Тогтох нь “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 7.440.811 төгрөгийг шүүгдэгч П.Б нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх тухай” санал хүсэлтийг гаргасан, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн нэхэмжилсэн 7.440.811 төгрөгийн хохирлыг нотлох баримт хэрэгт бүрэн авагдаагүй /амбулаториор эмчлүүлсэн эмчлүүлэгчийн өвчний түүх, холбогдох бусад баримт/ байх тул иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 7.440.811 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч П.Б иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүлийн 1, 2, 3, 4 дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эцэг, эх, асрах хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ үл биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн хэлтэс нь шүүгдэгч П.Б 7.440.811 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Б.Л, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН