Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2022/0020

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П.Б,

 

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 01/1610 тоот захирамжийг биелүүлж, нэхэмжлэгчид 20 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, түүний өмгөөлөгч П.С, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэн П.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: П.Б миний бие Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газраас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан ногоон тэжээлийн зориулалттай газрын дуудлага худалдаанд оролцож ялсан бөгөөд Б сум дээр очиж "Дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээ” хийсэн. Уг гэрээний дагуу 04 дүгээр сарын 29-ний дотор газрын үнийг төл гэж заасны дагуу Б нь дуудлага худалдаанд ялаад гэрээ байгуулаад газрын төлбөрийг хаана төлөхийг лавлах үед төрийн сангийн дансанд шилжүүл гэсний дагуу 04 дүгээр сарын 23-ны өдөр зааврын дагуу 4,827,500 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Зөрүү 100,000 төгрөгийг маргааш нь буюу 04 дүгээр сарын 24-ний өдөр Б сум дээр очиж кадастрын зураг хийлгэхдээ төлөх гэтэл газрын үнэлгээ буруу тогтоосон гэдэг маргаантай байгаа тул кадастр, төлбөрөө түр хүлээж бай, болохоор эргээд хэлье гэсний дагуу төлөөгүй хүлээсэн. 2019 оны 05 дугаар сард захирамж гарах гэж байна, төлбөрийн зөрүү 100,000 төгрөгөө төл, кадастраа хийлгэ гэсний дагуу газрын төлбөрийг төлж, кадастрын зураг хийлгэж, нэг хувийг нь газрын албанд өгсөн.

Газрын даамал Мөнхбаяр нь дуудлага худалдаа хууль ёсны дагуу явагдсан бөгөөд газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлсөн, 100,000 төгрөг дутуу төлөгдсөн нь нэхэмжлэгч талаас биш засаг даргын тамгын газраас болсон гэдгийг нотолсон. Мөн энэ талаар Төв аймгийн Газрын албанаас албан тоотоор тухайн дуудлага худалдаа нь хууль ёсны дагуу явагдсан тухай албан тоот ирүүлсэн байдаг. Гэтэл тухайн үед тус сумын Засаг даргын орлогч байсан этгээд энэ газрыг хямд үнээр өгөхгүй, дуудлага худалдааг хүчингүй болгоно, би өөрөө авах байсан юм гэх мэтчилэн аашилж, Б сумын Засаг дарга Д.Ганболд нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А/415 дугаар “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг цуцлах тухай” захирамж гаргасан. Миний бие Газрын тухай хуулийн 39.1.1, 40.1.5 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.3, 11.8 дахь заалтын дагуу дуудлага худалдаанд оролцож газар авсан байтал шууд цуцлах захирамж гаргасныг эс зөвшөөрч шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бөгөөд Авилагтай тэмцэх газраас шалгах явцад Засаг дарга Д.Ганболд нь буруу захирамж гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, залруулж газар эзэмших захирамжийг гаргана гэсний дагуу асуудлыг хаасан байдаг.

 

Гэтэл Засаг дарга Д.Ганболд нь газар эзэмших захирамж гаргаагүй бөгөөд шүүхээр асуудлаа шийдүүл гэдэг хариуг газрын даамлаараа дамжуулан өгсөн, би албан ёсоор бичгээр хариу өгөхийг удаа дараа хүссэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Би Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч дээд шатны Засаг даргад хандсаны дараа шүүхэд хандах шаардлагатай болохыг дурдсанаар Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Засаг даргын тамгын газраас иргэн П.Бийн гомдлыг үндэслэн холбогдох баримт бичгүүдийг шалгаж 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №01/1610 тоот захирамжаар Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал захирамж гаргасан ба уг захирамжид "тус суманд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан Мандал 1-р баг Тасархай толгойн хэсэгт ногоон тэжээл тарих буюу газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа нь Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Дуудлага худалдаа явуулах” журмын дагуу явагдсан байна. Гэтэл сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний А/415 дугаар захирамжаар дуудлага худалдааг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн байна. Иймд уг захирамжийг хүчингүй болгож дуудлага худалдаанд ялагч болсон иргэн П.Бд 20 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гарган, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэхийг үүрэг болгож байна” гэсэн байдаг. Гэтэл сумын Засаг дарга тус шийдвэрийг одоо болтол хэрэгжүүлэхгүй иргэн намайг хохироож байгаад маш их гомдолтой байна. Мөн өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй иргэний эрхийг боомилж, Авилагтай тэмцэх газарт гомдол гаргасны хариуд 2 жил гаруй хугацаанд янз бүрийн аргаар залхааж, хясан боогдуулж байгаад маш их гомдолтой байна. Би 2 жилийн хугацаанд асуудлаа шийдүүлэх гэж тэвчээртэй хүлээсээр их хохирлоо, цаашид ч намайг үргэлжлүүлэн хохироосоор байх юм байна гэдийг ойлгож, дээд шатны Засаг дарга, хуулийг уландаа гишгэсэн албан тушаалтны өмнө дэндүү жижигхэн гэдгийг мэдэрч байна гэсэн.

 

Нэхэмжлэгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдаанд оролцож, 5,100,000 мянган төгрөгөөр ялагч болчихоод дуудлага худалдааны дараа төлбөрөө төлөх гэсэн чинь тухайн үед Засаг дарга нь байгаагүй. Засаг даргын орлогч уг дуудлага худалдаанд оролцож байсан. Тэгээд ийм хямдхан үнээр өгөхгүй, ийм хямдхан авах байсан бол өөрсдөө авах байсан юм гээд Газрын даамлаа дуудаж загнаад, Газрын даамал нь ууртай орж ирээд хоорондоо маргаад байсан. Тэгээд Газрын даамал гарч ирчихээд та байж бай, энэ асуудал дуусахаар хэлье, тэгэхээр та ирээд мөнгөө тушаачих гэж хэлсэн. Үүний дагуу яасан нь мэдэгдэхгүй бүгдээрээ ийш тийшээ яваад, би хүлээж байгаад яваад өгсөн юм. Дараа нь намайг хүрээд ир, үлдэгдэл 100,000 төгрөгөө тушаачих, кадастрын зургаа хийлгэ гээд Газрын даамал хэлсэн. Үүний дагуу 100,000 төгрөгөө төлөөд, кадастрын зургаа хийлгэсэн. 100,000 төгрөг дутуу тушаасан учир нь дуудлага худалдаа зохион байгуулсан анхны үнийг тодорхойлохдоо буруу тодорхойлсон гэдэг асуудлаас болж 100,000 төгрөг дутуу тушаасан. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр тухайн асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, тухайн сумын Газрын даамал н.Мөнхбаяр дуудлага худалдааны анхны үнийг тогтоохдоо Засгийн газрын тогтоолын дагуу тогтоосон. Анхнаасаа дуудлага худалдааны үнийг тогтоохдоо буруу дүнгээр тогтоосон гэх талаар баримт гаргаж ирсэн. Тодруулбал ялагчтай байгуулах гэрээгээ байгуулаад, тухайн дэнчингийн мөнгөө хасаж тооцуулаад хэдэн төгрөг төлөх вэ гэхэд ийм төгрөг төлнө гэж үнийн дүнг газрын даамал н.Мөнхбаяр хэлж өгсөн. Энэ асуудлаар дээд шатны Засаг даргад нь хандаад асуудлаа шийдүүлээд, энэ дагуу захиргааны шүүхэд хандсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1610 тоот захирамжийг биелүүлж, нэхэмжлэгчид 20 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл гэвэл  нэхэмжлэгчийн зүгээс Төв аймгийн Б сумын Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож, ялалт байгуулсан. Үүний дагуу ялагчтай байгуулах гэрээ байгуулж газрын дуудлага худалдааны төлбөрийг төлсөн. Газрыг дуудлага худалдааны төлбөрийг төлсний  дагуу газар эзэмшүүлэх захирамжийг гаргуулах гэж өнөөдрийг хүртэл хүлээж байна. Тус маргаантай асуудал дээр Төв аймгийн Б сумын Засаг дарга болон, Газрын албанд удаа дараа хандсан. Энэ талаар Төв аймгийн Б сумын Засаг даргын зүгээс Газрын дуудлага худалдаа хууль заасны дагуу явагдаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон гэсэн тайлбар хэлдэг. Үүнийг нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны Засаг даргад гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан ногоо, тэжээл, ургамлын зориулалттай 20 га газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны ялагч болсон П.Бийн асуудлаар Төв аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1610 дугаартай захирамж гарсан байдаг. Тухайн захирамжийн агуулга нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан Мандал 1 дүгээр баг, Тасархай толгой хэсэгт ногоо тэжээл тарих буюу газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх дуудлага худалдааг Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явагдсан байна гэж дүгнэсэн. Гэтэл сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр А/415 дугаар “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг цуцлах тухай” захирамж гаргасан нь хууль зөрчсөн байна. Иймд уг захирамжийг хүчингүй болгож, дуудлага худалдаагаар ялагч болсон иргэн П.Бд 20 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гарган, газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээжүүлэхийг үүрэг болгож байна гэсэн дээд шатны Засаг даргын захирамж гарсан. Тухайн дээд шатны Засаг даргынхаа захирамжийг биелүүлэх шаардлага, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Үүний дагуу нэхэмжлэгч талаас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Б сумын Засаг дарга н.Ганболдод өргөдөл гаргасан. Энэ өргөдөлд бүх үйл баримт, холбогдох баримтаа хавсаргасан. Үүнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Энэ талаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж өргөдөл гаргасан байдаг. Тухайн газраас 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 07/302 дугаар албан тоотоор Төв аймгийн Б сумын Засаг дарга н.Ганболдод албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт аймгийн Засаг даргын захирамжийн дагуу захирамж гарган газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээжүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг одоо хүртэл шийдээгүй байгаа нь ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй байгааг илэрхийлж байна. Иймд иргэн П.Бд уг газрыг эзэмшүүлэх захирамж гарган, газар эзэмших гэрээ байгуулж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлэх чиглэлийг хүргүүлж байна гэсэн албан бичиг явуулсан. Энэ албан бичгийн хариуг хүргүүлсэн эсэх нь тодорхой биш, өнөөдрийг хүртэл дээд шатны Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаагүй байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг асуудал үүссэнээс хойш Б сумын Засаг даргатай хэд хэдэн удаа уулзаж, олон удаа албан бичгээр хандсан. Энэ анх үүссэн асуудал нь болохоор газрын асуудлыг иргэн н.Б гээд өөр нутаг дэвсгэрт оршин суудаг хүнд өгсөн гэсэн асуудлаар ямар нэгэн аргаар цуцлах үүрэг даалгавар өгсөн байдаг. Энэ асуудлыг авлигатай тэмцэх газарт өгч шалгуулсан. Авлигатай тэмцэх газраас шалгаж үзээд Засаг дарга н.Ганболд нь хууль зөрчиж захиргааны акт гаргаж, хүчингүй болгосон байна. Гэхдээ хууль бус үйлдэл байхгүй тул шүүхийн журмаар шийдэх хариу өгсөн байдаг. Энэ талаар холбогдолтой бүх баримтыг Төв аймгийн Засаг даргад гаргасан байсан. Төв аймгийн Засаг дарга болон Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тухайн асуудлыг шалгаж үзээд газрын дуудлага худалдаа зохион байгуулсан үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байна. Иймд П.Бд газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэр гаргах нь зүйтэй гэх хариу өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул шүүхийн журмаар захиргааны акт гаргуулахыг даалгаж өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан. Түүнээс биш тухайн дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдсан эсэх асуудал нь дээд шатны байгууллагаар шалгагдаад хууль ёсны дагуу явагдсан гэдэг нь тогтоогдоод, энэ нь тухайн дээд шатны Засаг даргын тухайн албан тоотод дурдагдаад, нотлогдоод явж байгаа. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж байгаагүй. н.Мөнхбаяр гэж газрын даамал ажиллаж байсан. Энэ асуудлуудыг аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж шалгуулахтай холбогдох бүх нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Энэ асуудлыг 2019 оны 05 дугаар сараас 06 дугаар сар 20-ний өдрийг хүртэл Авлигатай тэмцэх газраас шалгаад газар дээр нь үзлэг хийгээд, нотлох баримтыг авсан байдаг. Тухайн авсан акт болон дуудлага худалдаа явуулсан тэмдэглэл, үүний дагуу Б сумын Засаг даргаас Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт дуудлага худалдаа явуулсан баримт хүчин төгөлдөр мөн эсэх талаар албан тоот явуулсан. Түүний хариу нь сумын Засаг даргад хаяглаад очсон байдаг. Бүх асуудлыг шалгаад эдгээр асуудал нь иргэн П.Бтэй ямар нэг хамааралгүй, хуульд заасны дагуу явагдсан байна, 100 000 төгрөг дутуу төлөгдсөн асуудал иргэн П.Бөөс шалтгаалаагүй гэдэг нь хэргийг шалгах үед мөн тогтоогдсон. Энэ бүх баримтыг Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргахдаа хавсаргаж өгсөн. Түүний дагуу Төв аймгийн Засаг даргаас уг албан тоот гарсан гэж үзэж байна. Төв аймгийн Засаг даргын албан тоотын эхний хэсэг дээр Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 10 дугаартай “Дуудлага худалдаа явуулах журам”-ыг дагуу явагдсан гэж дүгнээд байна. Энэ дүгнэлтийг гаргасан үндэслэл нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн бүх баримт, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шалгасан шалгалтын үр дүнгээр тодорхойлогдсон гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу манай зүгээс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр иргэн П.Бд гээд хариу хүргүүлж байсан. Сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/114 дүгээр захирамжийн дагуу Мандал 1 дүгээр баг, Тасархай толгойд 20 га газарт дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж иргэн П.Б ялагчаар тодорч, тухайн өдөр дуудлага худалдааны гэрээ байгуулж, ялсан газрын төлбөр 5 100 000 төгрөг байгаа. 5 100 000 төгрөгөөс дэнчингийн мөнгө 172 500 төгрөгийг хасаж, 4 927 500 төгрөг төлөх байсан. Гэвч уг иргэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 4 827 500 төгрөг төлсөн байдаг. Энэ дагуу 100 000 төгрөгийн асуудал гардаг. Энэ нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тушаасан болохоор Засгийн газрын 2016 оны 10 дугаартай тогтоолоор нотлогдсон дуудлага худалдааны журмыг зөрчсөн гэж хариу тайлбартаа тусгасан. 2019 оны 09 дүгээр сарны 04-ний өдрийн 01/1610 тоот захирамжийн талаар ярьж байна. Энэ захирамж биш албан бичиг байгаа. Мэдээж Төв аймгийн Засаг дарга болон болон Газрын албанд хандахдаа журам зөрчсөн гэдгээ иргэн П.Б хэлээгүй нь тодорхой. Тийм болохоор албан бичигт дурдсан хариу ирэх нь тодорхой байх гэж үзэж байна. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Дуудлага худалдааны журам”-ын 11.3-т “дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн байх ёстой” гэсэн заалт байдаг. Мөн дуудлага худалдааны ялагч нь энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг даргаас газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах, чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргана гэсэн заалт байдаг. Энэ заалтыг зөрчсөн учир Засаг дарга захирамж гаргаагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч П.Б нь Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газраас Төв аймгийн Б суманд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан ногоон тэжээлийн ургамлын зориулалттай 20 га газрыг эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаанд ялж тухайн газрыг 5,100,000 төгрөгөөр худалдан авахаар “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г[1] тус сумын Газрын даамалтай байгуулсан. Хариуцагчийн эс үйлдэхүйн асуудлаар дээд шатны Засаг даргаас асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөхгүй байна гэж,

 

Хариуцагчаас нэхэмжлэгчээс газрыг худалдан авах үнэ болох 5,100,000 төгрөгөөс /дуудлага худалдаанд оролцохдоо тавьсан дэнчин 172,500 төгрөг+4,827,500 төгрөг/ нийт 5,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн ба үлдэгдэл 100,000 төгрөгийг гэрээний хугацаа хоцорч буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.3[2], 11.4[3] дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж Төв аймгийн Б сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг цуцлах тухай” А/419 дүгээр захирамжаар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/114 дүгээр захирамжаа хүчингүй болгосон. Нэгэнт дуудлага худалдааны журмыг зөрчсөн учир газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй гэж тус тус маргажээ.

 

Энд, нэхэмжлэгчээс газрын төлбөрийг гэрээний хугацаа хожимдуулж төлсөн гэх шалтгааныг тодруулаагүй, дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн дуудлага худалдааг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмаар оролцогчдод урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй, оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн Төв аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1610 тоот албан бичгээр “Тус суманд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан Мандал 1 дүгээр баг Тасархайн толгойн хэсэгт ногоон тэжээл тарих буюу газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа нь Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан дуудлага худалдаа явуулах журмын дагуу явагдсан байна. Гэтэл сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар дуудлага худалдаа хүчингүй болгосон нь хууль зөрчсөн байна. Иймд уг захирамжийг хүчингүй болгож дуудлага худалдаагаар ялагч болсон иргэн П.Бд 20 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гарган, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэхийг үүрэг болгож байна.”[4] гэж шийдвэрлэсэн.

 

Мөн Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07/322 тоот албан бичгээр “Тус суманд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан 20 га газрыг эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны ялагч болон иргэн П.Бийн асуудлаар аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1610 дугаартай албан тоотоор газар эзэмшүүлэх захирамж гарган, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг одоо хүртэл шийдээгүй байгаа нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй байгааг илэрхийлж байна. Иймд иргэн Д.Бд тус газрыг эзэмшүүлэх захирамж гарган, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлэх чиглэлийг хүргүүлж байна. Дээрх хугацаанд асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд иргэн П.Б шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.” гэх[5] хариуг тус тус хариуцагчид хүргүүлсэн байна.

 

Маргааны үйл баримт болох 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дуудлага худалдааны асуудлыг дээд шатны Засаг дарга 2019 оны 09 дүгээр сард урьдчилан хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэжээ.

 

Үүнд, Газартай холбогдон үүссэн маргааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлд заасан Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхэд 29.1.3-н “ж”-д “Газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, 29.1.6-н “л”-д “Нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”, 30 дугаар зүйлд заасан аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд 30.1.1-д “сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах”, 30.1.9-д “сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих” гэж, улмаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус зааснаар дээд шатны Засаг дарга маргааныг шийдвэрлээд зөрчлийг арилгах арга хэмжээ авч, үүрэг өгч албан бичиг хүргүүлсэн байхад хариуцагчаас тухайн албан бичгээр гаргасан шийдвэрийг биелүүлж, зохих ажиллагааг хийж гүйцэтгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байна.

 

Дээрхээс хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг дээд шатны Засаг даргаас хуульд заасан эрх, үүргийн хүрээнд нэгэнт 2019 оны 01/1610 дугаартай албан бичгээр шийдвэрлэсэн байхад энэ шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-н “ж”, 29.1.6-н “л”, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.9, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Бийн Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 01/1610 тоот захирамжийг биелүүлж, нэхэмжлэгчид 20 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Төв аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 01/1610 албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн дуудлага худалдаанаас ялагч болсон нэхэмжлэгч П.Бд уг 20 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, үүний дагуу тухайн газрыг эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, газрын эзэмших эрхийг нь баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргад даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгосугай.

 

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЗОРИГТБААТАР

 

 

[1] Хх-ийн 9 дүгээр тал

[2] Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.3-т Дуудлага худалдааны ялаг гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2”т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө.

[3] Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.4-т Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана.

[4] Хх-ийн 3 дугаар тал

[5] Хх-ийн 6 дугаар тал