Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/хт2026/00167

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/02468 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2026/00036 дугаар магадлалтай,

Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

С.Ц, М.Ө, Ц.С нарт холбогдох,

Гэм хорын хохиролд хариуцагч С.Цаас 663,083,960 төгрөг, хариуцагч М.Өээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.Саас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Ц, өмгөөлөгч Э.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, түүний өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.С-э нь хариуцагч С.Ц, М.Ө, Ц.С нарт холбогдуулан гэм хорын хохиролд хариуцагч С.Ц-аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.Ө-ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.С-аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/02468 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч С.Ц, М.Ө, Ц.С нарт холбогдох “Гэм хорын хохиролд хариуцагч С.Ц-аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.Ө-ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.С-аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.                                                                                      

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2026/00036 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/02468 дугаар шийдвэрийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Цаас хохирол 663,083,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-эд олгож, хариуцагч М.Ө-ээс хохирол 26,166,600 төгрөг, хариуцагч С.С-аас хохирол 6,268,360 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дах заалтад “...чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэсний дараа хариуцагч С.Ц-аас Улсын тэмдэгтийн хураамж 3,473,470 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас 312/ШЗ2026/01855 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч С.Ц, өмгөөлөгч Э.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.19-ний өдрийн 207/МА2026/00036 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024.04.19-ний өдрийн 445 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол нь шаардах эрхийн үндэслэл болох эсэх асуудлыг зөрүүтэй байдлаар дүгнэсэн.

Анхан шатны шүүх “...Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024.04.19-ний өдрийн 445 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолыг үндэслэж хариуцагч нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй буюу нэхэмжлэгч Ц.С-ээс хариуцагч С.Ц нь 663,083,960 төгрөг залилах гэмт хэрэг үйлдэж, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч С.Ц, М.Ө, Ц.С нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна.” гэж дүгнэжээ. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч С.Ц-аас хохирол 663,083,960 төгрөг нэхэмжилж буй тохиолдолд уг мөнгийг шилжүүлэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй талаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Харин давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024.04.19-ний өдрийн 445 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолыг үндэслэж уг тогтоол нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр мэт тайлбарлаж хариуцагч С.Ц-аас хохирол 663,083,960 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, 47-р зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2 дахь хэсэгт “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоох ёстой атал прокурорын тогтоолыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон мэтээр тайлбарлаж буй нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзвэл Монгол Улсад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг прокурор тогтоох эрхтэй гэж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолыг үндэслэн үйл баримтыг нотолсон мэтээр тайлбарлан хариуцагч С.Ц-аас хохирол 663,083,960 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь цаашид шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй, прокурорын тогтоолд дурдагдсан асуудлыг бусад баримтуудыг нягтлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлаа нотолсон эсэхээс үл хамааран шийдвэрлэх жишиг тогтох нөхцөл байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэргүйгээр прокурорын тогтоолоор хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох, улмаар уг тогтоолыг үндэслэн гэм хорын хохирол нэхэмжлэх боломжийг нээх зэрэг хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой асуудал гэж ойлгохоор байна. Цаашдаа прокурорын тогтоолд дурдагдсан асуудлыг шүүх хөдөлбөргүй үнэн гэж үзэж шийдвэрлэдэг байх эсэх, шүүх эрх мэдлийг прокурор хэрэгжүүлдэг жишиг тогтох эсэх нь энэхүү хэргийн шийдлээс шалтгаалахаар байгааг анхаарч үзэх шаардлагатай. Мөн хариуцагч С.Ц-т хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг мэдэгдээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, энэ тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийдвэрийг хохирогч эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж заасны дагуу хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж тухайн ажиллагаанд гэрчээр оролцсон С.Ц-т мэдэгдээгүй тул уг тогтоолыг гардан авч, гомдол гаргах боломжгүй байсан болохыг дурдаж байна. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.19-ний өдрийн 207/MA2026/00036 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч С.Ц, өмгөөлөгч Э.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.26-ны өдрийн 001/ШХТ2026/00710 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч С.Ц, өмгөөлөгч Э.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

7. Нэхэмжлэгч Ц.С-э нь хариуцагч С.Ц-т холбогдуулан гэм хорын хохиролд 695,568,320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар М.Ө, Ц.С нарыг татаж, хариуцагч С.Ц-аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.Ө-ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.С-аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулахаар өөрчилж, үндэслэлээ “...Ц.С-э нь хариуцагч С.Ц-т 2014-2017 оны хооронд 21 удаагийн үйлдлээр мөнгө өгч залилуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.04.19-ний өдрийн 445 дугаар тогтоолоор С.Ц-ыг худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар Ц.С-ийг төөрөгдөлд оруулж ... төслүүдэд хамтарч ажиллана, хүмүүстэй уулзана, хүмүүст мөнгө өгнө гэх зэргээр удаа дараа мөнгө авч, залилах гэмт хэргийг үйлдсэн боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс хариуцагч ... нарт нийт 695,518,920 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч С.Ц, М.Ө, Ц.С нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.04.19-ний өдрийн 445 дугаартай тогтоолоор С.Ц намайг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон зүйл байхгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Гэтэл Үндсэн хуульд зааснаар гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй байхад нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа мөнгийг би хүлээж аваагүй, нэхэмжлэгч бид “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хоорондын төлбөр тооцоо байсан, залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. 2017 онд Ц.С-э нь нөхөр Г.Г-ын хамт “Х” ХХК-ийн хөрөнгийг залилан мэхэлж авсан үйлдэлдээ ял шийтгүүлсэн. ... Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан мөнгөн дүн нь энэ гэмт хэрэгт дурдагдан шийдвэрлэгдсэн. Энэ үйл баримтыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахиад шийдэх тийм хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болдог бөгөөд нэхэмжлэгч Ц.С-э нь энэ тохиолдолд гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Ц.С-э нь ийнхүү гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээдээс хохирлоо нөхөн төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...үүргээ биелүүлээгүй буюу ... хариуцагч С.Ц-т 12 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар 220,000 ам.доллар буюу 504,683,960 төгрөг, 8 удаагийн үйлдлээр 158,400,000 төгрөг, нийт 663,083,960 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. ... Хэдийгээр нэхэмжлэгч Ц.С-ээс хариуцагч М.Ө-ид 22,050,000 төгрөгийг, Ц.С-т 955,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч уг мөнгийг хариуцагч М.Ө, Ц.С нар нь нэхэмжлэгч Ц.С-ээс залилах гэмт хэргийг үйлдэж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... Түүнээс гадна Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.04.19-ний өдрийн 445 дугаартай тогтоолд үндэслэж хариуцагч С.Ц, М.Ө, Ц.С нарыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй буюу нэхэмжлэгч Ц.С-ээс хариуцагч С.Ц нь 663,083,960 төгрөг, хариуцагч М.Ө нь 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.С нь 6,268,360 төгрөг тус тус нийт 695,518,920 төгрөгийг залилах гэмт хэргийг үйлдэж, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх “...хариуцагч нь залилах гэмт хэргийг үйлдэж, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй. Нэхэмжлэгч Ц.С-э нь 2014 оны 4 дүгээр сараас эхэлж 2017 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд удаа дараагийн олон үйлдлээр өөрийн эзэмшлийн банкуудын данснаас гүйлгээ хийж бэлнээр авсан мөнгө /доллар/, бэлэн бусаар шилжүүлсэн мөнгийг аливаа этгээд өөрийн оруулсан мөнгөн хөрөнгө гэж маргаан гаргаагүй тул түүний дансанд байсан мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т зааснаар эд хөрөнгөд хамаарна. Хариуцагч С.Ц нь ... нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын №445 дугаар тогтоолоор “...гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрт учир хохиролтой гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй ... тул ... баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. ...Харин анхан шатны шүүх хариуцагч М.Ө-ээс хохирол 26,166,600 төгрөг, С.С-аас хохирол 6,238,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуульд нийцсэн байна.” гэсэн дүгнэлт хийсэн.

11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх хариуцагч нарын гэм буруугийн талаар дүгнэхдээ хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн Прокурорын тогтоолд заасан үйл баримтыг зөрүүтэй тогтоож, хуулийг ялгаатай хэрэглэж, өөр шийдэл гаргасан ба энэ талаарх хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэв.

12. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ц.С-э нь хариуцагч С.Ц-т холбогдуулан цагдаагийн байгууллагад 2020.02.27-ны өдөр залилан мэхэлж нийт 631,050,000 төгрөгийг авсан тухай гомдол гаргаж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс хэрэг бүртгэлийн 201100803 дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2024.04.01-ний өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай санал гарган, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлснийг прокурор хүлээн авч, хянаад 2024.04.19-ний өдрийн 445 дугаар тогтоолоор “... С.Ц нь худал хэлж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгосон, бодит байдлыг нуух замаар Ц.С-ийг төөрөгдөлд оруулж Эрдэнэс таван толгой хувьцаат компанид ажилладаг төслүүдэд хамтарч ажиллана, хүмүүстэй уулзана, хүмүүст мөнгө өгнө гэх зэргээр 2014 оноос 2017 оны хооронд буюу нийт 21 удаагийн үйлдлээр удаа дараа мөнгө авч, залилах гэмт хэргийг үйлдсэн боловч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... ” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн 201100803 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

13. Нэхэмжлэгч дээрх прокурорын тогтоолыг үндэслэн “...хариуцагч нар нь залилан мэхэлж нийт 695,518,920 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон...” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж, шаардлагаа тодорхойлсон.

14. Хариуцагчаас “... уг мөнгө нь нэхэмжлэгчийн хамт хувьцааг нь эзэмшдэг “Х” ХХК-ийн хөрөнгө, улмаар уг компанийн хөрөнгийг завшсан асуудлаар нэхэмжлэгч болон түүний нөхөр Г.Г нар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн, энэ эрүүгийн хэрэгт нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийн талаарх үйл баримт тогтоогдсон ...” гэж мэтгэлцжээ.

15. Улмаар хэрэгт авагдсан Орхон аймгийн цагдаагийн газраас ирүүлсэн 2025.04.21-ний өдрийн 42/07-2112 дугаартай албан бичигт “... Ц.С-э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас шалгахад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.21-ний өдрийн 956 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 18.6.2.2-т заасан гэмт хэргийн учир 2 жил зорчих эрхийг хязгаарлах, 17.4.2.1, 17.4.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгөөр торгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.1 зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгож, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.24-ний өдрийн 138 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 18.6.2.2 заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19.1.1, Эрүүгийн хуулийн 233.1 заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19.12 баримтлан хэрэгсэхгүй болгож, 17.4.2.1, 17.4.2.2 зааснаар 40,000,000 төгрөгөөр торгох болгон өөрчлөлт оруулсан байна.” гэжээ.

Мөн Ц.С-э, Г.Г нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.10-ны өдрийн 2022/ШЗ/1496 дугаар захирамж хэрэгт авагдсан боловч тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тухай дээрх албан бичигт дурдсан хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлал хэрэгт авагдаагүй байна.

16. Дээрхээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа, хариуцагчийн эс зөвшөөрч байгаа үйл баримтууд буюу хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт хангалттай тогтоогдоогүй.

Тухайлбал, нэхэмжлэгчийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хэрэгт зохигчийн маргааны зүйл болж байгаа үйл баримт хамааралтай эсэх, улмаар зохигчийн тайлбарт дурдсанчлан тэдний хувьцааг нь эзэмшдэг “Х” ХХК-ийн хөрөнгөд хамааралгүй гэж үзэхэд хангалттай баримт хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдал байгааг хоёр шатны шүүх анхаараагүй.

17. Түүнчлэн зохигчийн тайлбарт дурдсан үйл баримтууд бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эсхүл иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн мөнгөн хөрөнгөтэй холбоотой маргаан аль нь болох нь тодорхойгүй байна.

18. Иймээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй байхад давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/02468 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2026/00036 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч С.Ц-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.30-ны өдөр төлсөн 3,473,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД