Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 154

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

Шүүгдэгч  Д.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дэнзэнгийн Отгонсүрэнд холбогдох эрүүгийн 201719000207 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1992 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо 2-117 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Дэнзэнгийн Отгонсүрэн /РД:НТ92112804/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Отгонсүрэн нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд 2017 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01 цаг 00 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз У.Саранчимэгийн нүүрийг маажлаа гэж өмөөрөн иргэн Б.Наранчимэгтэй маргалдаж улмаар үсдэлцэж нүүрийг маажиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд

Шүүгдэгч Д.Отгонсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 2 найзтайгаа Төв аймгийн Хайлааст багт байрлах бааранд Алтанзул, Сарантуяа 2-той хамт бүжиглэх гээд орсон. Алтанзул, Шинэцэцэг 2 хоорондоо маргалдахаар нь би салгаад эргэсэн чинь Сарантуяа, Наранчимэг 2 маргалдаад зодолдож байсан. Тэгээд би гэрлүүгээ харих замд Наранчимэгтэй тааралдаад чи яахаараа зүгээр байсан хүнийг маажиж байгаа юм бэ гээд бид 2 маргалдаж би Наранчимэгийн биед гэмтэл учруулсан. Одоо би хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байгаа гэв.

 

Хохирогч Д.Наранчимэг хэрэг бүртгэлтэнд:  “.. Би 2017 оны 03-р сарын 05-06-нд шилжих шөнө 23:00 цагийн орчим Заамар сумын хайлааст 3 дугаар багийн төвд үйл ажиллагаа явуулах Орхон түшээ бааранд найз Шинэцэцэг, Азбаяр нарын хамт орж бид гурав 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч хувааж уусан юм. Архи уугаад сууж байтал Азбаяр түрүүлээд баарнаас гараад явчихсан. Тэгээд манай найз залуу Машбаяр намайг гэрт хүргэж өгөхөөр ирэхээр нь би баарнаас гартал Машбаяр ирээгүй байсан. Тухайн үед баар хаах болчихсон байсан болохоор Шинэцэцэг миний араас гарч ирчихсэн байсан. Тэгээд би Шинэцэцэгрүү очих гээд явж байхад баарны гадаа Шинэцэцэг, Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нар хоорондоо зодолдож байх шиг байхаар нь очиж салгаад гэрлүү нь Шинэцэцэгийг явуулсан. Тэгээд манай найз залуу Машбаяр ирээд бид хоёр гэрлүүгээ явж байхад Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нар араас ирээд намайг нэг нь зодсон учир цагдаагийн байгууллагад өргөдел гаргасан. Миний нүүр хэсэгт 5-6 хэсэг газар майжиж шалбарсан, тархинд хавантсан гэсэн оноштой байна. Өөр гэмтэлгүй. Тэрийг нь би сайн мэдэхгүй. Шинэцэцэг, Алтанзул нар эхлэж маргалдаж муудалцсан гэсэн. Сүүлд тэгж сонссон. Яг учир шалтгааныг нь би сайн мэдэхгүй. Намайг хэн зодсоныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Алтанзул, Сарантуяа, Отгонсүрэн нар гурвуулаа ирээд нэг нь намайг маажаад үснээс зулгаагаад газар унагаасан. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор яг хэн ирж намайг цохьсоныг сайн мэдэхгүй бас харанхуй байсан учраас харж амжаагүй. Намайг зодуулж байхыг манай найз залуу болох Машбаяр болон Алтанзул, Сарантуяа, Отгонсүрэн нар мэдэж байгаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад учирсан гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би гомдол санал байхгүй гэж өөрийн биеэр бичиж өгч байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-50 тал/,

Гэрч Х.Алтанзул хэрэг бүртгэлтэнд: Би 2017 оны 03 дугаар сарын 05-ны орой 00:00 цагийн орчим Заамар сумын хайлааст гуравдугаар багийн төвд үйл ажиллагаа явуулдаг. Орхон түшээ бааранд найз болох Отгонсүрэн, Сарантуяа нарын хамт бүжиглэхээр орж, пиво авч уугаад сууж байхад баар хаах цаг болсон архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гээд хүмүүс нь тарж байсан. Бид гурав ч гэсэн баарнаас гарахаар болтол Сарантуяа би бие засчаад араас чинь гараад очье гэхээр нь Отгонсүрэн бид хоёр баарнаас гартал Шинэцэцэгтэй таарч, өмнө нь эгч Хишигсүрэнгийн нөхөр Алтансүхтэй хувийн харьцаа үүсгэж гэр бүл салгаж тусдаа амдьдрах болон хэрүүл маргаан үүсгэж байсан нь санагдаж, тэрийг хэлмээр санагдаад байхаар Шинэцэцэгийг дуудаж уулзаад яагаад хүний амьдралд гай болоод байгаа юм бэ гэж хэлэхэд гичий минь харьцах хүн нь надтай харьцана шүү гэж хэлэхээр нь би гичий юм бол чи юу юм бэ гэж хэлээд Шинэцэцэгийг заамдаад автал Отгонсүрэн дундуур орж ирээд салгасан. Тэгсэн чинь Шинээ бид хоёр салцгаасан чинь Наранчимэгтэй Сарантуяа хэрэлдчихсэн муудалцаад зогсож байснаа салцгаагаад Наранчимэг, Шинэцэцэг нар яваад өгсөн. Шинэцэцэг, Наранчимэг хоёр явсны дараа Сарантуяа, Отгонсүрэн бид гурав такси дуудаад гэр рүүгээ явж байтал замд Наранчимэг, Машбаяр хоёр явж байгаа харагдахаар нь гурвуулаа уулзъя гэж хоорондоо ярилцаад машины жолоочийг зогс гэж хэлэн зогсоогоод бид гурав бууж Наранчимэг, Машбаяр нартаа уулзахаар очтол Отгонсүрэн Наранчимэгийг чи яагаад Сарантуяаг зүгээр байхад нь зодож нүүрийг нь маажсан юм бэ гэж хэлээд Наранчимэгийн үснээс зулгаасан. Тэр хоёр газар унахаар нь Машбаяр, Сарантуяа бид гурав Наранчимэг Отгонсүрэн хоер салгаад хоёр тийш ээ салцгаасан. Тэгсэн чинь эргүүлийн хоёр цагдаа ирээд бид нарыг бүгдийг нь авч яваад цагдаагийн хэлтэс дээр аваачин согтуурал шалгах багажаар шалгаад жижүүрийн хяналтанд хонуулсан. Өмнө нь Шинэцэцэг гэх эмэгтэй миний эгч Хишигсүрэнгийн нөхөр Алтансүхтэй хувийн харьцаа үүсгэж гэр бүлийг нь салгаж, тус тусдаа амьдрах, хэрүүл маргаан үүсэгсэн нь санагдаж, тэрийг нь хэлмээр санагдан хэрүүл маргааныг би эхэлсэн. Маргаан хэрүүл эхэлсэн нь миний буруу. Ийм асуудал болно гэж бодоогүй. Уг нь би Шинэцэцэгтэй маргалдсан чинь Наранчимэг, Сарантуяагийн нүүрийг маажсан байсан. Тэгээд Сарантуяаг өмөөрч Отгонсүрэн, Наранчимэгтэй муудалцсан. Бид гурав бааранд сууж байхдаа пиво ууцгасан. Цагдаагийн хэлтэс дээр ирж согтуурал шалгах багажаар намайг үлээлгэхэд 0.28 хувьтай гарсан. Отгонсүрэнг үлээлгэхэд 0.35 хувьтай гарсан. Сарантуяа 1.10 хувьтай, Наранчимэг нь 1.19 хувьтай, Шинэцэцэг 0.73 хувийн согтолттой гарсан. Наранчимэгийн   нүүрийг  үснээс  зулгааж  зууралдан   газар  унахдаа Отгонсүрэн маажсан байх” гэжээ /хх-53-54 тал/,

Гэрч У.Сарантуяа хэрэг бүртгэлтэнд: Би 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00:00 цагийн орчим Заамар сумын хайлааст гуравдугаар багийн төвд үйл ажиллагаа явуулдаг Орхон түшээ бааранд найз болох Отгонсүрэн, Алтанзул нарын хамт бүжиглэхээр орж, пиво авч уугаад сууж байхад баар хаах цаг болсон архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гээд хүмүүс нь тарж байсан. Бид гурав ч гэсэн баарнаас гарахаар болтол би бие засчаад гартал Алтанзул, Отгонсүрэн, Шинэцэцэг нар заамдалцчихсан зогсож байхаар нь яваад очтол Наранчимэг ирээд миний нүүрийг майжсан. Тэгсэнээ Наранчимэг, Шинэцэцэг хоёр яваад өгсөн. Наранчимэг, Шинэцэцэг хоёр явсны дараа Алтанзул, Отгонсүрэн бид гурав такси дуудаад гэр рүүгээ явж байтал замд Наранчимэг Машбаяр хоёр явж байгаа харагдахаар нь машины жолоочийг зогс гэж хэлэн зогсоогоод бид гурав бууж Наранчимэг, Машбаяр нартай уулзахаар очтол Отгонсүрэн, Наранчимэгийг чи яагаад Сарантуяаг зүгээр байхад нь зодож нүүрийг нь маажсан юм бэ гэж хэлээд Наранчимэгийн үснээс зулгааж газар унагаас Машбаяр, Алтанзул бид гурав Наранчимэг, Отгонсүрэн хоёрыг салгаад хоёр тийш ээ салцгаасан. Тэгсэн чинь эргүүлийн хоёр цагдаа ирээд бид нарыг бүгдийг нь авч яваад цагдаагийн хэлтэс дээр аваачин согтуурал шалгах багажаар шалгаад жижүүрийн хяналтанд хонуулсан. Маргаан юунаас болсныг нь би мэдэхгүй байна. Цагдаагийн хэлтэс дээр очиж согтуурал шалгах багажаар намайг үлээлгэхэд нэг бүхэл хувьтай гарсан. Бусдыг нь үлээлгэж байсан. Алтанзул 0.28 хувьтай, Отгонсүрэнг үлээлгэхэд 0.35 хувьтай гарсан. Миний нүүрийг Наранчимэг маажсан. Гэхдээ надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би Наранчимэгийн нүүрийг Отгонсүрэн маажсан байх. Учир нь Отгонсүрэн Наранчимэгийг үсдэж аваад газар унаж байсан. Тэгэхдээ маажсан байх. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-55-56 тал/,

Гэрч А.Наранхүү хэрэг бүртгэлтэнд: Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд "Эврест" караоке, зоогийн газрын үйл ажиллагааг хувиараа эрхлэн явуулдаг. Наранчимэг манайд ажиллаж байсан. Хүмүүстэй маргаж   зодолдсоноос хойш ажиллаагүй. Одоо ажиллаагүй. Манайд нэг жил гаран ажилласан. Ажилдаа гайгүй. Хүнтэй эвтэй харьцадаг юм. Манайд хамгийн удаан ажиллаж байсан хүн юм. Байнга ажиллахаар ярьж байсан. Гэрээ байгуулсан байх. Анх барименаар ажиллаж байхад 400.000-450.000 төгрөгний цалинтай байсан. Тийм юм байхгүй. Буруу зуршилтай хүн бол биш юм аа” гэжээ /хх-57 тал/,

Гэрч П.Энхдэмбэрэл хэрэг бүртгэлтэнд:  2017 оны 03-рсарын 05-ны 00:00 цагийн орчим Заамар сумын Хайлааст 3-р багийн төвд үйл ажиллагаа явуулах Орхон түшээ гэдэг нэртэй баарны гаднаас Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нарыг авч гэрт нь хүргэж өгсөн. Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нар гэр рүүгээ хүргүүлэх замдаа намайг гэж хэлж зогсоогоод бууж яваад арав гаран минутын дараа буцаж ирсэнээ цагдаагийн машинд суугаад явчихсан. Би гайхаад үлдсэн. Тэд нар машинд суухад архи уусан нь мэдэгдэхгүй, үнэртэхгүй байсан. Бааранд ороод ганц ч пиво ууж чадсангүй, хүнтэй маргаж муудалцаад нүүрээ майжуулчихлаа гэж байсан. Би тэрийг нь сайн мэдэхгүй. Машинд 2 эмэгтэй хүнтэй муудсан талаар ярьж байсан.Би учрыг нь мэдэхгүй болохоор ярианд нь оролцоогүй” гэжээ /хх-58 тал/,

Гэрч Ц.Машбаяр хэрэг бүртгэлтэнд:  Би 2017 оны 03-р сарын 05-ны орой 00:00 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн төвд үйл ажиллагаа явуулах "Орхон түшээ" баарнаас найз охин Наранчимэгийг авахаар баарны гадаа очоод хамт гэр рүүгээ явсан. Гэр рүү явах замд Наранчимэг надад Шинэцэцэг, Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нар хоорондоо маргаж зодолдож байхаар нь би салгаад Шинэцэцэгийг гэр рүү нь явуулчихлаа гэж ярьж байсан. Наранчимэг бид хоёрыг юм яриад харих гээд явж байтал Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нар араас машинтай ирээд бууж ирснээ Отгонсүрэн гэдэг эмэгтэй нь Наранчимэгт хандаад чи манай найз Сарантуяаг зодсон байна гэж хэлээд үсдэж аваад газар унагаасан. Би тэгэхээр нь салгаад Наранчимэгийг аваад явсан” гэжээ /хх-59 тал/,

Гэрч Э.Шинэцэцэг хэрэг бүртгэлтэнд: Би 2017 оны 03-р сарын 05-ны орой 00:00 цагийн орчим Төв аймгийн Заамар Хайлааст 3-р багийн төвд үйл ажиллагаа явуулах "Орхон түшээ" бааранд найз Наранчимэг, Азбаяр нарын хамт орж сууж байгаад баар хааж гарч явахад Алтанзул баарны үүдэн дээрээс заамдаж аваад гудчин чирж, чамтай ярих юу байна гэсэн тэхээр нь тавьчих би өөрөө алахчъя юу ярих гээд байгаа юм бэ? гэхэд чи явалддаг залуугийн эхнэрийнх нь дүү байна гэж хэлсэн. Тэгэхээр би тэр чинь учир зүйгээ олоод өнгөрсөн хэрэг гэсэн тэгсэн чинь, янхан минь гэж хэлсэн чинь өөдөөс намайг баруун гараараа хацарлуу алгадсан. Би өөдөөс нь өрвөлцөх гэсэн чинь намайг Алтанзул үсдэж доошоо тонгойлгож дараад хажуунаас Отгоо бөөр гуялуу өшиглөж, тэp хоёр хаана хамаагүй л цохиж зодсон тэгээд тэр хоёрын нэг нь намайг майжсан. Цаанаас нь Сараа гэх эмэгтэй гарч ирээд, бас надруу дайраад, би өөдөөс нь дайрч, үсдэж дарсан тэгээд ноцолдож байх үед нүүрийг нь майжсан байх. Тэгээд маргаж муудалцаж байгаад нөхөр ирээд чирэгдээд гэрлүүгээ явсан. Намайг явсан хойгуур Наранчимэг орилж гарч ирсэн чинь цохиж авсан юм шиг байна лээ. Би тэр талаар мэдэхгүй. Би Наранчимэгтэй 2016 оны 04-р сарын үеэр нэг газар ажилд орж найзууд болсон. Би Алтанзул гэх эмэгтэй нь, миний утсаар харилцаж байсан Алтансүх гэх хүний эхнэрийнх нь дүү гэж хэлсэн. Тэгээд гэр бүл салгах гэлээ гэсэн байдлаар дайрч маргаан зодоон үүссэн. Тухайн үед маргаан хэрүүлийг Алтанзул гэх эмэгтэй эхэлсэн юм. Тухайн үед надад гэмтэл шарх учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн юм. Одоо шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна.

Би байгаагүй. Тэр үед гэрлүүгээ явсан байсан. Наранчимэг найз залуу Машбаяртай явсан. Би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-60 тал/,

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-Б.Наранчимэгийн гаргасан өргөдөл /хх-03 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3581 тоот актад

1. Б.Наранчимэгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу ба хажуу хэсэг, баруун, зүүн шанаа, хацар, уруулын хажуу хэсэг, баруун гарын алганы олон тооны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ /хх-14 тал/,

 

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-29 тал/,

 

            -Д.Отгонсүрэнг 2017 оны 04 сарын 14-ний өдөр сэжигтнээр /хх-67  тал/, 2017 оны 04 сарын 18-ны өдөр яллагдагчаар /хх-71 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

            -Д.Отгонсүрэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-26 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Отгонсүрэн нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд 2017 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01 цаг 00 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “найз У.Саранчимэгийн нүүрийг маажлаа гэж” өмөөрөн иргэн Б.Наранчимэгтэй маргалдаж улмаар үсдэлцэж нүүрийг маажиж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Д.Наранчимэгийн “..Тэгээд манай найз залуу Машбаяр ирээд бид хоёр гэрлүүгээ явж байхад Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нар араас ирээд намайг нэг нь зодсон учир цагдаагийн байгууллагад өргөдел гаргасан. Миний нүүр хэсэгт 5-6 хэсэг газар майжиж шалбарсан, тархинд хавантсан гэсэн оноштой байна” гэх, гэрч Х.Алтанзулын “..Шинэцэцэг, Наранчимэг хоёр явсны дараа Сарантуяа, Отгонсүрэн бид гурав такси дуудаад гэр рүүгээ явж байтал замд Наранчимэг, Машбаяр хоёр явж байгаа харагдахаар нь гурвуулаа уулзъя гэж хоорондоо ярилцаад машины жолоочийг зогс гэж хэлэн зогсоогоод бид гурав бууж Наранчимэг, Машбаяр нартаа уулзахаар очтол Отгонсүрэн Наранчимэгийг чи яагаад Сарантуяаг зүгээр байхад нь зодож нүүрийг нь маажсан юм бэ гэж хэлээд Наранчимэгийн үснээс зулгаасан. Тэр хоёр газар унахаар нь Машбаяр, Сарантуяа бид гурав Наранчимэг Отгонсүрэн хоерыг салгаад хоёр тийш ээ салцгаасан” гэх,  гэрч У.Сарантуяагийн “..бид гурав бууж Наранчимэг, Машбаяр нартай уулзахаар очтол Отгонсүрэн, Наранчимэгийг чи яагаад Сарантуяаг зүгээр байхад нь зодож нүүрийг нь маажсан юм бэ гэж хэлээд Наранчимэгийн үснээс зулгааж газар унагаас Машбаяр, Алтанзул бид гурав Наранчимэг, Отгонсүрэн хоёрыг салгаад хоёр тийш ээ салцгаасан” гэх, гэрч Ц.Машбаярын “Гэр рүү явах замд Наранчимэг надад Шинэцэцэг, Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нар хоорондоо маргаж зодолдож байхаар нь би салгаад Шинэцэцэгийг гэр рүү нь явуулчихлаа гэж ярьж байсан. Наранчимэг бид хоёрыг юм яриад харих гээд явж байтал Алтанзул, Отгонсүрэн, Сарантуяа нар араас машинтай ирээд бууж ирснээ Отгонсүрэн гэдэг эмэгтэй нь Наранчимэгт хандаад чи манай найз Сарантуяаг зодсон байна гэж хэлээд үсдэж аваад газар унагаасан” гэх мэдүүлгүүд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын11-ний өдрийн №3581 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч Д.Отгонсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Д.Отгонсүрэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Отгонсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар

            Хохирогч Б.Наранчимэг нь шүүгдэгч Д.Отгонсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.Отгонсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Алаг адуу овогт Дэнзэнгийн Отгонсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Отгонсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Отгонсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.Д.Отгонсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Отгонсүрэнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ