Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/00114

 

      Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч 0 аймаг, 0 сумын 0-ын багийн 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ФБ00000000, 0 овогт 0-н 0-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ФБ00000000, 0 овогт 0-ийн 0-д холбогдох хүүхдийн асрамж өөрчлөх тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

           Нэхэмжлэгч Ш.Э нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Миний бие 0 аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэрээр Б.А-аас гэрлэлтээ цуцлуулж, охин Э.М-г эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэсэн.

           Энэ 3 жил 5 сарын хугацаанд миний зүгээс охинтойгоо байнга холбоотой байж, хүүхдийн тэтгэлгийг цаг хугацаанд нь төлж байсан боловч тухайн тэтгэлгийг ээж нь өөртөө зориулж охинд зарцуулахгүй байгааг мэдсэн.

           2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би охиноо өөр дээрээ авч 2 сар болгоод буцаахдаа хувцас хунар, хичээлийн хэрэгсэл зэргийг бүрэн бэлдээд явуулахад тэдгээрийн дагавар охин авч хэрэглэснийг Б.А юм хэлэхгүй охиныг минь загнасан талаар над руу утасдаж хэлсэн.

           Миний охин хичээлээ хийх цүнхгүй, хүүхэд харах, гэр цэвэрлэх гэх мэт ажил хийж өдрийг өнгөрөөдөг байна.

           Иймээс хичээл давтах боломжийг олгохгүй атлаа хүүхдийг алдаатай бичлээ гэж зодохын зэрэгцээ сэтгэл зүйн дарамтанд байлгадаг байдал байгаа тул охины асрамжийг өөрчилж, миний асрамжид үлдээж өгнө үү, гэжээ.

      

           Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Охин маань аавтайгаа хамт баймаар байна гэж шүүхэд тайлбар өгсөн байгаа тул хүсэлтийг бодоод нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

           Харин Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болоогүй зүйлсийн талаар худлаа бичсэн байна гэдгийг хэлье, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч Б.Ад холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрч маргахгүй байна.

 

           Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

    

           0 дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00000 дугаартай Шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ш.Э нарын гэрлэлтийг цуцлаж, 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.М-г эх Б.А-ын асрамжид үлдээн, эцэг Ш.Э-ээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.

 

           Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч, охин Э.М-г эцэг Ш.Э-ийн асрамжид өгөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, охин аавтайгаа амьдарч байгааг үгүйсгэж маргаагүй ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо ,ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх мөн талуудын тайлбар зэргийг харгалзан үзээд, охин Э.М-г эцгийнхээ хайр халамж, асрамж, хараа хяналтанд өсөж, хүмүүжих нь зүйтэй гэж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.М-г, эцэг Ш.Э-ийн асрамжид үлдээсүгэй.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА