Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/2022/00229

 

2022 оны 00 сарын00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ..

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 1.Үндэслэлгүй их мөнгө нэхэмжилдэг, ус дулааны хангамжийг хаадаг, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, орц гарцыг хааж өмчлөх, эзэмших эрхийг зөрчдөг хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох,

2.Ус, дулааны хангамжийг нээх, бохирын шугамыг нээх, цонх хааж тавьсан чингэлэгийг зайлуулах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны ... дугаар шүүхийн тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцаар ... ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагчид даалгаж, эрх зөрчихөөс өмнөх байдалд сэргээх,

3.Цаашид ... ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, нэхэмжлэгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэл;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1.2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны харуул хамгаалалт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, харуулын пост халаалтын зардалд нийт 84,674,000 /наян дөрвөн сая зургаан зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах,

2.Цаашид харуул хамгаалалтын нийт төлбөрийн 25 хувь буюу 1 постны төлбөр төлж байхыг даалгах,

3.Цаашид харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөрийн 25 хувийг төлж байхыг даалгах,

4.6 прожекторын сар бүрийн төлбөрийн 50 хувийг төлж байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э...., М...., Ё....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан, хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох; ус, дулааны хангамжийг нээх, бохирын шугамыг нээх, цонх хааж тавьсан чингэлэгийг зайлуулах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны ... дугаар шүүхийн тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцаар ... ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгаж, эрх зөрчихөөс өмнөх байдалд сэргээх, цаашид ... ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, ... ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгах зэрэг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... ХХК нь ... сарын 19-ний өдрийн ... дугаар, мөн өдрийн ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн .. дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай ... талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчилдөг юм. Мөн эдгээр үл хөдлөх хөрөнгүүд орших газрыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар, мөн өдрийн ... дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус эзэмшиж байна.

Энэхүү хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь ... ХХК-ийн эзэмшлийн барилга байгууламжтай зэрэгцээ нэг хашаанд оршиж байрладаг бөгөөд хариуцагч болон манай компани руу орох орц, гарц нь нийтийн эзэмшилд хамаардаг. Нийтийн эзэмшлийн талбайн өөрт ноогдох хэсгийн арчилгаа, цэвэрлэгээ, гэрэлтүүлгийг манай компани өөрийн хөрөнгөөр хариуцан ажилладаг. Гэтэл ... ХХК-ийн зүгээс удаа дараа манай компанийн хуулиар олгосон эрхэнд халдаж, ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй атлаа үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилж, улмаар манай компанийн эзэмшлийн машинууд, манай компанид ирж үйлчилгээ авдаг харилцагч, үйлчлүүлэгчдийг оруулахгүй буцаах зэрэг хууль бус үйлдэл гаргах болсон. Үүгээр зогсохгүй төвийн дулааны шугамыг хариуцагч нь өөрийн эзэмшлийн газраар дайрч өнгөрдөг гэх үндэслэлээр манай компанид ирэх ус, дулаан хангамжийг таслаж, мөн манай оффисын цонхыг таглаж, нар салхийг хааж том чингэлэг тулгаж тавьсан байдаг.

1970 онд хийгдсэн зургаас үзэхэд ... ХХК-ийн эзэмшлийн объектоос улсын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бохир татуургын шугамууд объектын дотоод сүлжээнээс гадагш 20 орчим метр яваад .... гэсэн улсын хөрөнгөөр бий болсон худгаар дамжиж, бохир татуургыг одоогоор улсын мэдэлд байдаг төв магистраль шугамд нийлж байгаа. Энэ шугамын бохирыг соруулах үүрэг хүлээсэн ... ХХК-тай манай компани байгуулсан гэрээний дагуу сар бүрийн төлбөр тооцоо хийж, бохирын асуудлаа шийдсээр ирсэн боловч ... ХХК-иас дахин хууль бус үйлдэл гаргасны улмаас шугамын бохирыг соруулах боломжгүй болж, бохир нь шугамнаас давж урссан байдалтай байна.

... ХХК нь ийм хууль бус дарамт шахалтаа урьдчилан анхааруулалгүй гэнэт тулгадаг бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилсээр байгаа. Үүнээс үүдэн манай компани эд хөрөнгө, компанийн ажилчид эрүүл мэндээрээ ихээхэн хохирсоор байна. Дахин хэзээ ямар дарамт шахалт үзүүлж, ямар мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжлэх бол гэсэн айдастай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 151 дүгээр зүйлийн 151.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилдэг, ус дулааны хангамжийг хаадаг, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, компанийн орц гарцыг хааж ... ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, эрхийг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх буюу хариуцагчид ус дулааны хангамжийг нээх, бохирын шугамыг нээх, цонх хааж тавьсан чингэлэгийг зайлуулах, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шүүхийн тогтоолд ... ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эзэмшлийн газар гаргаж, орц гарцын асуудлыг шийдвэрлэх гэсний дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайн орц гарцаар ... ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, цаашид ... ХХК-ийг өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн байдлаар ... ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, ... ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгахыг шаардаж байна...гэжээ.

2.Хариуцагч ... ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1.2012 онд ... ХХК-ийн хүсэлтийн дагуу ... нь манай объектын төв хаалганаас ... ХХК-ийн /одоогоор ... ХХК-ийн/ хаалга хүртэлх замыг дундын буюу нийтийн эзэмшлийн зам талбай болгосон. Гэтэл манай компани өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд энэ дундын зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, бордьюр будах, солих, замын нөхөөс хийх гэх мэт замын урсгал засвар, арчилгаа болон орчныг гэрэлтүүлэх зэргийг өөрийн зардлаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хариуцан хийж байна.

Манай компани 24 цагийн 5 пост бүхий 3 ээлжийн нийт 15 хамгаалагчтай гэрээт хамгаалалтын үйлчилгээг авч, нийт байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хариуцуулан ажиллуулж байна. Нэхэмжлэгчийн байр манай байгууламжийн дунд хэсэгт байрладаг давуу талаа ашиглан өнөөдрийг хүртэл өөрсдийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтын асуудалд санаа зовохгүй, харуул хамгаалалтын үйлчилгээний ямар ч зардал гаргахгүйгээр үнэ бүхий эд зүйлс, бараа материалаа байрандаа хадгалж, амар тайван ажиллаж байна.

Объектын төв хаалга болох харуулын 1 дүгээр постод манай компани өөрийн зардлаар гүйдэг хаалга, автомат хаалга тавьсан ба нэхэмжлэгчийн ажилчид, үйлчлүүлэгчид, харилцагчид нэвтрэх, гарах болгонд 24 цагийн 3 ээлжийн хамгаалагчид асууж лавлаж, хаалгыг нээж хааж үйлчилгээ үзүүлж байна. Хэрэв нэхэмжлэгчийн байр манай байгууламжийн дунд биш аль нэг өөр газар байрладаг байсан бол оршин тогтнож үйл ажиллагаа явуулахын тулд харуул, манаач ажиллуулж, орчноо гэрэлтүүлж, хашаа хаалт барьж, зам талбай, хашаа хайсаа цэвэрлэж, шаардлагатай бүх зардлыг өөрсдөөсөө гаргах нь гарцаагүй билээ. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон, сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй.

2.2.Манай компани Нийслэлийн засаг даргын 20.. оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж ....  хаягт нэгж талбарын ... дугаар бүхий... газрыг эзэмшиж байна. Энэ газрыг ... ХК хувьчлан авсан цагаас хойш буюу 17 жилийн туршид газрын төлбөрийг төлж, зохих ёсны дагуу эзэмшиж байна. Нэхэмжлэгчийн чөлөөлөхийг шаардаж буй газар нь манай эзэмшил газар юм.

2.3.Ус, дулаан, бохирын шугамыг нээх шаардлагын тухайд: Манай компани 1970 оны хуучин барилга байгууламжийг хувьчлан авсан ба шугам сүлжээг шинэчлэх, шинэ шугам татах зэрэгт олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгчийн одоогоор эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийг хувьчлан авсан ... ХХК нь 15 жилийн турш өөрсдийн барилгын дэд бүтцийн асуудалд ямар ч хөрөнгө оруулалт хийж сайжруулаагүй байтал үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ... ХХК нь манай компанийн хувийн өмч болох шугам сүлжээнд холбогдохыг шаардаж, бидний хувийн өмч хөрөнгө рүү халдах эрх байхгүй. Дэд бүтцэд холбогдоогүй агуулах, усан сангийн насосын станцын байрыг нэхэмжлэгч эм хангамжийн агуулахын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгааг бид ойлгож байгаа ч энэ нөхцлийг биднээс шаардах эрхгүй юм. Бидний зүгээс нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг хаасан зүйл байхгүй...гэжээ.

3.Хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэгч ... ХХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны харуул хамгаалалт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, харуулын пост халаалтын зардалд нийт 84,674,000 /наян дөрвөн сая зургаан зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах, цаашид харуул хамгаалалтын зардлын 25 хувь, прожекторын төлбөрийн 50 хувийг төлж байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

3.1.Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д Газар эзэмшигч нь хөрш залгаа газрын хилийн зааг тогтоосон байгууламжийг барих, эсхүл өмнө баригдсан байгууламжийг сэргээх, засварлахад оролцохыг хөрш газар эзэмшигчдээс шаардах эрхтэй бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол холбогдох зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 140 дүгээр зүйлийн 140.2-т Хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна, Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийнэ гэж тус тус заасан байна.

3.2.Манай компани нь харуул хамгаалалтын компаниас гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ авч, 24 цагийн 4-5 пост бүхий 3 ээлжийн нийт 12-15 хамгаалагчийг ажиллуулж нийт байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангахын зэрэгцээ нийт объектыг камержуулж, 32 ширхэг иж бүрэн өдөр шөнийн камер суурилуулсан. Тиймээс гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 постын сар бүрийн төлбөр 1,980,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцон 71,280,000 төгрөг гаргуулах;

3.3....наас 2012 онд манай объектын төв хаалганаас ... ХХК-ийн хаалга хүртэлх замыг дундын буюу нийтийн эзэмшлийн зам талбай болгож, энэ талбайд манай компани өөрийн зардлаар бетонон зам тавьж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зам талбайг хог хаягдал, цас мөсгүй байлгах 4 улирлын өдөр тутмын цэвэрлэгээ болон зам, гүйдэг хаалга, хашаа, хашлага, хайс, бордюрыг бүрэн бүтэн байлгах буюу будах, солих, нөхөөс хийх, засварлах гэх мэт зам талбайн урсгал засвар, арчилгааг дангаар хариуцан хийж байна. Иймд дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 30 хувийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тооцон 5,550,000 төгрөг гаргуулах,

3.4.Орчны аюулгүй болон бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор 30 прожектор суурилуулж, шөнийн цагаар нийт объектыг гэрэлтүүлдгээс 6 прожектор нь төв хаалганаас ... ХХК-ийн байр хүртэлх зам талбайг гэрэлтүүлж байна. Иймд эдгээр 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувь 50,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 24 сарын төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах, /2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлбөрийг улс чөлөөлж байгаа учир шаардахгүй/;

3.5.Нэг пост буюу харуулын байрны халаалтын /зөвхөн хүйтний улиралд/ сар бүрийн төлбөр 234,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын 1,170,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 8 сарын 1,872,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын 702,000 төгрөг, нийт 3,744,000 төгрөг гаргуулах;

3.6.Манай компани объектын төв хаалганд өөрийн зардлаар гүйдэг хаалга, автомат хаалтыг суурилуулсан ба эдгээрийг шинэчлэх, засварлах, сэлбэг солих зэргийг өөрсдийн зардлаар хийдэг. Өмнөх хаалгыг шинэчилсэн төлбөрөөс төлөлөхийг ... ХХК-иас шаардаж байгаагүй. Харин 2020 оны 12 дугаар сард автомат хаалт эвдэрсэн. Шинэ чиптэй автомат хаалтыг 5,800,000 төгрөгөөр суурилуулж ашиглалтанд оруулсан ба үүний 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 84,674,000 төгрөгийг ... ХХК-иас шаардаж байна.

3.7.Цаашид гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний нийт төлбөрийн 25 хувь буюу 1 постын /3 хамгаалагчийн/ төлбөр төлөхийг ... ХХК-д даалгах;

3.8.Цаашид гэрээт харуул хамгаалалтын харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөрийн 25 хувь /хүйтний улиралд/ төлөхийг ... ХХК-д даалгах;

3.9.Цаашид 1 дүгээр пост болох төв хаалганаас ... ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг төлөхийг нэхэмжлэгчид даалгах зэрэг шаардлагуудыг гаргаж байна...гэжээ.

4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

4.1.Хариуцагч нь дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайд орох, гарах газрыг хааж хаалт суурилуулан, дураараа тавьсан хаалтныхаа тал төлбөрийг нэхэмжлэгчээс нэхэмжилж, мөн өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан зардлаа нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ямар нэг аман болон бичгийн тохиролцоо байхгүй атлаа гэнэт ийм юм хийсэн, ингэж арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан гээд хүссэн үнийн дүнгээ тавиад, хүссэн хувь тогтоож мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй.

4.2.Зэрэгцэн оршиж буй талуудын эзэмшлийн талбайг харьцуулвал ... ХХК нь нийт 62,580 м.кв талбайг, ... ХХК нь түүнээс 68 дахин бага хэмжээтэй буюу 924 м.кв талбайг эзэлдэг. Ийм байхад нийт ашиглагддаг 4 харуулын постны 25 хувийг буюу 1 постны төлбөрийг бүхэлд нь, гэрэлтүүлгийн 50 хувь, урсгал зардлын 30 хувь, хаалтны 50 хувийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна...гэжээ.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны ... дугаар албан бичиг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгын кадастрын зураг /1-р хх-14, 15/, мөн хэлтсийн 3/1733 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах насосны станцын зориулалттай барилгын кадастрын зураг /1-р хх-16, 17/, Баянгол дүүргийн ... хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Тээвэрчид гудамж, ..болон ... тоот хаягт байршилтай ... болон ...талбайтай, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд /хх-18, 19/, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... ХХК-д олгогдсон ... болон ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд /1-р хх-20, 21/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ №01107-.., №.. /1-р хх 22-28/, ...ТӨХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12/263 дугаар ... ХХК-д хэрэгцээний халуун ус холбуулахад дулааны техникийн нөхцөл авах шаардлагтай болохыг мэдэгдсэн албан бичиг /1-р хх-29/, ... ХХК-ийн иргэн Д....тай 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №1 тоот дотор халаалтын систем угсрах Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх 30-32/, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ... ХХК-тай байгуулсан бохир усны шугам баталж, засвар үйлчлигээ гүйцэтгэх Ажил үйлчилгээний гэрээний хуулбар /1-р хх 33-34/, ... ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан №36/19 тоот Хийн халаалтын тоног төхөөрөмж болон шингэрүүлсэн шатдаг хий худалдах, худалдан авах болон техникийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /1-р хх-35-39/, ... ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19/39 тоот н....т мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг /1-р хх-40-41/, ... ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхүүд, тус компанийн Санхүүгийн албаны сар бүрийн зардлын тооцоолол /1-р хх 42-47/, ... ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20/126 тоот хаалга өргөтгөсөн төлбөрийн тухай албан бичиг, түүнд хариу өгсөн ... ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/09/03 тоот албан бичиг /1-р хх-48-49/, ... ХХК-иас ... ХХК-д санал хүргүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/230 тоот, мөн 12 дугаар сарын 12-ны өдрийн 20/235 тоот ... ХХК-ийн албан бичгийн хариу /1-р хх-51-52/, фото зургууд /1-р хх-56-59, 95-98, 220-224/, ... ХХК-ийн .... ХХК-иас ...-4 бүтээгдэхүүн худалдан авсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 381 тоот Худалдах, худалдан авах гэрээ, Бохир ус цэвэрлэх станцын угсралт, суурилуулалт, холболтын гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, шилжүүлгийн баримт /1-р хх-236-239/, ... ХХК-д хандан Үйл ажиллагаагаа хэвийн явуулах саад учруулахгүй байхыг хүсэх тухай 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 46 тоот албан бичиг /2-р хх-130-131/, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас /2-р хх-194-195/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

6.Хариуцагчаас тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг, мөн нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоол, Эвлэрлийн гэрээ /1-р хх-74-78/, ... ХХК-ийн н....т мэдэгдэл хүргүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 19/39 тоот албан бичиг /1-р хх-79-80/, ... ХХК-ийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот албан бичиг /1-р хх-81-82/, ... ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн .. тоот мэдэгдлийн хариу /1-р хх-83-84/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн... дугаар шийдвэр (... ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... ХХК-д холбогдох, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэрэг), уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .. дугаар захирамж, .. дугаар гүйцэтгэх хуудас /1-р хх-85-88/, фото зураг /1-р хх-89-94, 146-150, 215/, ... ХХК-ийн Юү эс би ХХК-иас пост автоматжуулалт Худалдах, худалдан авах .. тоот гэрээний хуулбар /1-р хх-106-108/, ... ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээний хуулбар, харуул хамгаалалтын төлбөр төлсөн баримтуудын хуулбар /1-р хх-109-113, 114-126/, ... ХХК-ийн санхүүгийн гаргасан 1 дүгээр харуулын постын байрны нэг сарын халаагуурын тооцоо, дундын замын гэрэлтүүлгүүдийн 1 сарын цахилгааны төлбөрийн тооцоолол, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ арчилгааны баримтын жагсаалт /1-р хх-127-129, 2-р хх-145/, Дундын зам талбайн цэвэрлэгээний хөлс төлсөн ... ХХК-ийн кассын зарлагын ордерууд эх хувиар, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд /1-р хх-130-145, 2-р хх-146-147/, ... ХХК-иас ... ХХК-д хүргэсэн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ...оот Гэрээ байгуулах саналын хариу албан бичгийн хуулбар /1-р хх-151-152/, ... ХХК-иас ...т хүсэлт гаргасан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2... тоот албан бичиг, мөн ... ХХК-д Объектын харуул хамгаалалтын тухай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20/130 тоот албан бичиг /1-р хх-161-162/, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэдээллийн сангаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан Кадастрын зураг /1-р хх-163/, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ... ХХК-ийн объект болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж ажиллах удирдамж /1-р хх-164-166/, ... ХХК-иас ... ХХК-ийн удирдлагад гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 131 тоот хүсэлт, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 57 тоот гомдол /1-р хх-167-168/, ... ХХК-иас ...нд 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 12/34 тоот ... ХХК-ийн тухай албан бичиг /1-р хх-169/, ... ХХК-ийн ... ХХК-д 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 12/98 тоот шаардлага, 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 12/32 тоот шаардлага, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ... ХХК-ийн тухай хандсан 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/36 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-170-172/, Өмчийн харилцааны газрын 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 7/171 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-173/, Баянгол дүүргийн шүүхийн Д...., Б.... нараас 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /1-р хх-174-177/, ... ХК, ... ХХК нарын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 35-д байрлах ... ХК-ийн барилга, байгууламж, газар, хашаа болон инженерийн шугам сүлжээ, түүний бүрдэл хэсгийг хүлээлцсэн акт /1-р хх-178-179/, ... ХХК-ийн бусадтай байгуулсан Түрээсийн гэрээнүүдийн хуулбар /1-р хх-180-195/, ... ХХК-ийн ... ХХК-д хандан Цэвэр усны шугаманд холбогдохыг хүсэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/17 тоот албан бичиг, уг бичгийн хариу 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн .... тоот албан бичиг /1-р хх-196-197/, ... ХХК-иас ... ХХК-д шаардлага хүргүүлэх тухай 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 91 тоот албан бичиг /1-р хх-198/, түрээслэгч нараас ... ХХК болон ... ХХК-д автомашин нэвтрэх тухай болон харуул хамгаалалттай холбоотой албан бичгүүдийн хуулбар /1-р хх-199-214/, ... ХХК-д хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн даалгаврууд /2-р хх-148-162/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн....дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянгол дүүргийн .. хороо, .. гудамжинд орших ... ХХК, ... ХХК-ийн дундын эзэмшлийн талбайн батлагдсан зураг, талбайн хувийн хэргийг гаргуулахаар шийдвэрлэж, захирамжийн дагуу Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн засаг даргын 2015 оны ... дугаар захирамжийн ... ХХК, 2019 оны .. дугаар захирамжийн ... ХХК-д холбогдох газар баталгаажилтын хувийн хэргийг хуулбарлаж, нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн /2-р хх-24-124/,

мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан дүрс бичлэгүүдэд шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн байна. /1-р хх-218, 225-226, 228-231/,

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1... дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу маргаан бүхий Баянгол дүүргийн .. дүгээр хороо, .. ..гудамж, ...тоот хаягт үзлэг хийхээр шийдвэрлэж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохигч талуудыг байлцуулан шүүхийн журмаар үзлэг хийх ажиллагаа явуулан, үзлэгийг фото зургаар бэхжүүлсэн. /1-р хх-243, 2-р хх-1-23/,

8.Хариуцагчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ..дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч талын маргаан бүхий Баянгол дүүргийн .. хороо, .., ..тоот хаягт үзлэг хийхээр шийдвэрлэж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохигч талуудыг байлцуулан шүүхийн журмаар үзлэг хийх ажиллагаа явуулан, үзлэгийг фото зургаар бэхжүүлсэн. /1-р хх-243, 2-р хх-1-23/,

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1..дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 185 тоот тогтоолын дагуу ...Г...., С....нарт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ... ХХК-ийн эзэмшлийн газрын баруун талд орших ЦТП-ны хажууд 1000 м.кв газар эзэмшүүлэх гэж заасан, тус газар хаана байрлаж байгаа талаарх кадастрын зургийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, захирамжийн дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг нотлох баримтаар ирүүлсэн. /2-р хх-173-174, 178-180/

9.Хариуцагч талын хүсэлтээр шүүх 1 дүгээр хавтаст хэргийн материалаас хэргийн 53-55 дугаар хуудаст авагдсан, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан шугам сүлжээний зураг /нэхэмжлэлийн хавсралтад тодорхойлсноор/ гэх баримтуудыг нотолгоооны ач холбогдолгүй, маргааны зүйлд хамааралтай эсэх, ямар байгууламжид хамаарч байгаа нь тодохойгүй, хаяг нэршил тодорхой бус зэрэг үндэслэлээр, шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар захирамжаар хассан. /2-р хх-134-135/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар иргэний эрхийг хамгаална гэж, мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.2 дахь хэсэгт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчдөд даалгах замаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэж тус тус заасны дагуу дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1.Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газарт саадгүй хүрж чадахгүй буюу ... ХХК болон ... ХХК нарын ашигладаг нийтийн эзэмшлийн зам талбайгаар чөлөөтэй орж гарахад хариуцагчийн зүгээс саад учруулан, орц гарцыг хааж, гэрээ хэлцэл хийлгүйгээр үндэслэлгүй их хэмжээний төлбөр нэхэмжилж байгаа хууль бус үйлдлийг зогсоох, эрх зөрчихөөс өмнөх байдалд сэргээн нэхэмжлэгчийг орц гарцаар чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагчид даалгах;

2.2.Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Эрчим хүч, дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэж заасны дагуу бохирын шугам, ус дулааны шугам төрийн өмч учир хариуцагч дур мэдэн ... ХХК-ийн бохирын шугам болон ус дулааны хангамжийг хаах эрхгүй тул уг эрх зөрчиж буй үйлдлийг таслан зогсоож, ус дулааны хангамж болон бохирын шугамыг нээхийг хариуцагчид даалгах;

2.3.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн оффисын цонхыг таглаж, нар салхи хаан том чингэлэг тулгаж тавьснаар үзэгдэх орчин хязгаарлагдаж, үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, цонх хааж тавьсан чингэлэгийг зайлуулахыг хариуцагчид даалгах;

2.4.Цаашид ... ХХК-ийг өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн байдлаар ... ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, ... ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг хариуцагчид даалгах зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1....наас 2012 онд ... ХХК-ийн төв хаалганаас ... ХХК-ийн эзэмшиж буй газар буюу үл хөдлөх эд хөрөнгийн хаалга хүртэлх замыг дундын буюу нийтийн эзэмшлийн зам талбай болгосон бөгөөд хариуцагч уг дундын зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, арчилгаа болон орчныг гэрэлтүүлэх зэрэг ажлыг өөрсдийн зардлаар хариуцан хийж ирсэн. Хэдийгээр уг зам талбай нь нийтийн эзэмшлийнх мөн боловч мухар зам учир дундын эзэмшлийнх гэж үзэн, арчилгаа хийж байгаа учир нэхэмжлэгч гарч буй зардлыг хуваалцах үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон, сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрийн байр руу чөлөөтэй нэвтэрч орж гарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хариуцагчийн зүгээс харуул хамгаалалтын үйлчилгээ, хашаа хаалт болон дундын замын өдөр тутмын цэвэрлэгээ, арчилгаа болон урсгал засвар, гэрэлтүүлгийн зардал зэргээс тодорхой хувийг төлөлцөхийг шаарддаг;

3.2.... ХХК нь 24 цагийн 5 пост бүхий 3 ээлжийн нийт 15 хамгаалагчтай гэрээт хамгаалалтын үйлчилгээг авч, нийт байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хариуцуулан ажиллуулдаг. Нэхэмжлэгчийн байр хариуцагчийн байгууламжийн дунд хэсэгт байрладгийн давуу талаа ашиглан өөрсдийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтын асуудалд санаа зовохгүй, харуул хамгаалалтын үйлчилгээний ямар ч зардал гаргахгүйгээр үнэ бүхий эд зүйлс, бараа материалаа байрандаа хадгалж амар тайван ажиллаж байгаа.

3.3.Нэхэмжлэгч өөрсдийн эзэмшиж буй газрын хэмжээ, барилга байшин, шугам сүлжээ зэрэг эд хөрөнгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь зүйд нийцэх бөгөөд зэргэлдээ оршин буй байгууллагуудын хувьчилж авсан барилга байшин, газар, шугам сүлжээ зэрэг өмч хөрөнгө рүү халдах хууль эрх зүйн үндэс байхгүй. Дэд бүтэцтэй холбогдоогүй агуулах, усан сангийн насосын станцын байрыг нэхэмжлэгч эм хангамжийн агуулахын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгааг ойлгож байгаа ч энэ нөхцлийг биднээс шаардах эрхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг хаасан зүйл байхгүй. Хэдийгээр ус дулаан, бохирын шугам төрийн өмч боловч хуульд заасны дагуу Техникийн нөхцөл-өөр холбоно.

3.4.Чингэлэг тавьсан газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, тухайн газар нь хариуцагчийн эзэмшлийн газар бөгөөд нэхэмжлэгчийн цонхыг хааж, үзэгдэх орчинг хязгаарлаагүй. Нэхэмжлэгчийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд хариуцагчийн зүгээс саад болсон хууль бус үйл ажиллагаа явуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт Газар эзэмшигч нь хөрш залгаа газрын хилийн зааг тогтоосон байгууламжийг барих, эсхүл өмнө баригдсан байгууламжийг сэргээх, засварлахад оролцохыг хөрш газар эзэмшигчээс шаардах эрхтэй бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол холбогдох зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, мөн хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт Хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийнэ гэж тус тус заасны дагуу дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

4.1.2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны харуул хамгаалалт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, харуулын пост халаалтын зардалд нийт 84,674,000 төгрөг шаардаж байна.

А/ Төв хаалганд байрладаг харуулын постод 24 цагийн 3 ээлжийн хамгаалагчид объект руу орох гарах хяналт тавьж, бүрэн бүтэн байдлыг хангахын зэрэгцээ ... ХХК-ийн ажилчид, үйлчлүүлэгчид, харилцагчид нэвтрэх, гарах болгонд хаалгыг нээж, хааж үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс нэг харуулын постын сар бүрийн үйлчилгээний төлбөр 1,980,000 төгрөгийг 36 сараар тооцон, нийт 71,280,000 төгрөг;

Б/ Нэг харуулын постын хүйтний улиралд гарсан халаалтын сар бүрийн төлбөр 234,000 төгрөгийг 16 сараар тооцон нийт 3,744,000 төгрөг;

В/ Харуулын постоос ... ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувь болох 50,000 төгрөгийг 24 сараар тооцон, нийт 1,200,000 төгрөг;

Г/ Дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсийг 30 хувиар тооцож 5,550,000 төгрөг;

Д/2020 оны 12 дугаар сард автомат хаалт эвдэрч, шинэ чиптэй автомат хаалтыг 5,800,000 төгрөгөөр суурилуулж ашиглалтанд оруулсан. Энэ талаар нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдэж уг автомат хаалтын 50 хувийг төлөхийг хүссэн ч ямар ч төлбөр төлөөгүй атлаа хаалтыг ашиглаж байгаа. Тиймээс нэгдүгээр постын автомат хаалтын төлбөрийн 50 хувь болох 2,900,000 төгрөгийг шаардсан;

4.2.Цаашид харуул хамгаалалтын нийт төлбөрийн 25 хувь буюу нэг постын 3 хамгаалагчийн зардал, төлбөр төлөхийг нэхэмжлэгчид даалгах;

4.3.Цаашид харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөрийн 25 хувийг төлөхийг нэхэмжлэгчид даалгах;

4.4.Цаашид 6 прожекторын сар бүрийн төлбөрийн 50 хувийг төлөхийг нэхэмжлэгчид даалгах;

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

5.1.... ХХК-ийн нэрлэсэн нэгдүгээр постоос ... ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хүртэлх зам нь нийтийн эзэмшилд хамаардаг ба энэ талаар ... ХХК маргадаггүй. Тиймээс нийтийн эзэмшлийн талбайг ашиглах эрх нэхэмжлэгч, хариуцагч нарт адил тэнцүү байна. Нэхэмжлэгчийн газар, объект руу орж гарах цорын ганц Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор баталгаажсан нийтийн эзэмшлийн талбайгаар дамжиж хүссэн цагтаа өөрийн эзэмшил, өмчлөлийн газар, объект руу орж гарч байх эрхтэй. Гэтэл хариуцагч дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайд орох, гарах гарцыг хааж хаалт суурилуулан, дураараа тавьсан хаалтныхаа тал төлбөрийг ... ХХК-иас нэхэмжилж, өөрийн зээмшил өмчлөлийн хөрөнгийг арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан зардлаа нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

5.2.Аман болон бичгийн тохиролцоо байхгүй атлаа гэнэт ийм юм хийсэн, ингэж арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан гээд хүссэн үнийн дүнгээ тавиад, хүссэн хувь тогтоож мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй.

5.3.... ХХК-ийн зүгээс өнгөрсөн хугацаанд удаа дараа гэрэлтүүлэг, замын ашиглалтын зардлыг тооцон гэрээ хийх саналыг ... ХХК-д хүргүүлж байсан боловч ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй талаар хариу хэлээгүй учир Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3-т зааснаар өөрийн эзэмшил, ашиглалтад байгйаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх үүргийнхээ дагуу өөрт хамаарах хэсгийн цас мөс арилгах зэрэг бүхий л арчилгааг тухай бүрт нь өөрийн хөрөнгөөр хариуцан хийсээр ирсэн. Мөн гадаа байрладаг хүчин чадал өндөртэй шөнийн цагаар гэрэл мэдэрч өөрөө асдаг гэрэлтүүлэг суурилуулж зардлаа хариуцсаар ирсэн.

5.4.Зэрэгцэн оршиж буй талуудын эзэмшлийн талбайг харьцуулвал ... ХХК нь нийт 62,580 м.кв талбайг, ... ХХК нь түүнээс 68 дахин бага хэмжээтэй буюу 924 м.кв талбайг эзэмшдэг байхад нийт ашиглагддаг 4 постныхоо 25 хувийг буюу 1 дүгээр постны төлбөрийг бүхэлд нь, мөн гэрэлтүүлгийн 50 хувь, урсгал зардлын 30 хувь, автомат хаалтны 50 хувийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

5.5.Талууд харуулын постын төлбөр, харуулын байрны халаалт, гэрэлтүүлгийн төлбөрийг ямар байдлаар яаж хариуцах талаар өнөөдрийг хүртэл тохиролцоогүй буюу талуудын аль алинд нь үүрэг үүсээгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн №... болон №... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээр нэхэмжлэгч ... ХХК нь Баянгол дүүргийн .. хороо, ..гудамж, ... тоот хаягт байршилтай ... талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн тус тус хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж буй газрын эзэмшигч болох нь №..., №... тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №01107-2019/00985 тоот гэрээнүүдээр тус тус нотлогдож байна.

Мөн зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт болох Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/6615 албан бичгээр ирүүлсэн баримтуудаас №... дугаартай 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн .. дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр ... ХХК нь Баянгол дүүргийн.. хороо, .. гудамж ..тоот хаягт байршилтай, .. м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянгол дүүргийн .. дүгээр хороо,.. хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай ...м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдсон.

Зохигч талуудын эзэмшиж буй газар, үл хөдлөх эд хөрөнгүүд хөрш зэргэлдээ байрлалтай болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан кадастрын зургуудаар болон шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд тэдний дундаа ашигладаг буюу ... ХХК-ийн эзэмшлийн газрын төв хаалганаас ... ХХК-ийн эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хаалга хүртэлх зам, талбайг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар тогтоолд заасны дагуу ...наас нийтийн эзэмшлийн зам талбай болгосон байна.

Нэхэмжлэгч ... ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д....тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дотор халаалтын системийн угсралтын ажил хийлгэж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ... ХХК-тай Ажил үйлчилгээний гэрээ байгуулан, бохир усны шугам харъяаллын зааг баталж, засвар үйлчилгээг гүйцэтгүүлэн, ... ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 36/19 тоот Хийн халаалтын тоног төхөөрөмж болон шингэрүүлсэн хий худалдах, худалдан авах болон техникийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хийн халаалтын тоног төхөөрөмж, шингэрүүлсэн шатдаг хий, тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, засварын буюу сэлбэг, эд анги солих, шинэ тоног төхөөрөмж суурилуулах үйлчилгээ авч, ус дулаан хангамжийн асуудлаа шийдвэрлэсэн ба .... ХХК-тай Бохир ус цэвэрлэх станцын угсралт, суурилуулалт, холболтын гэрээг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулан холболт хийлгэсэн болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан эдгээр гэрээнүүдээр тогтоогдож байна.

Хариуцагч ... ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Түрээсийн гэрээний дагуу бусдад түрээслүүлэн ашиглуулдаг ба нийт байгууламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хур секьюрити ХХК-тай Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ байгуулан, хамгаалалтын үйлчилгээний нэг сарын төлбөрийг нэг хамгаалагчийн 600,000 төгрөг, нийт 12 хамгаалагчийн 7,200,000 төгрөгийн төлбөртэй, төлбөрийг тогтмол төлдөг болох нь тухайн гэрээ болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон.

Дундын замын цэвэрлэгээ, арчилгааг хариуцагч нь хувь хүмүүсээр тогтмол хийлгэж төлбөрийг төлдөг болох нь тус компанийн ... сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны Кассын зарлагын ордерууд болон Мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх130-145, 2-р хх-146, 147/

Түүнчлэн, хариуцагч ... ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №025 тоот Худалдах, худалдан авах гэрээг Юү эс би ХХК-тай байгуулж, тус компаниас 7,800,000 төгрөгийн үнэ бүхий автомат хаалт худалдан авч, энэ талаар нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдсэн талаар зохигчид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар зохигчид хөрш залгаа оршдог, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газарт очихдоо хариуцагчийн байрлуулсан харуулын пост, автомат хаалтаар нэвтрэх шаардлагатай болдог, уг пост болон хаалтаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газар хүртэл нийтийн эдэлбэр газар буюу зам байрладаг, мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гадна буюу цонхны гадна талд тавигдсан чингэлэг хариуцагчийн эзэмшлийн газарт байрлагдсан, талууд дундаа ашиглаж буй нийтийн эдэлбэр газрын урсгал засвар, цэвэрлэгээ зэрэг ашиглалтыг хариуцагч тал хувь хүмүүст төлбөр төлж хийлгэдэг, харуул хамгаалалтыг хариуцагч тал гэрээний дагуу ажиллуулж, төлбөрийг төлдөг, нэхэмжлэгч өөрийн зардлаар бохир ус, ус дулаан хангамжийн асуудлаа шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Эдгээр үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, талууд Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд заасан хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч нар бөгөөд талуудын маргааны зүйл нь тэд хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх хуулиар тогтоосон үүргээ зөрчсөн эсэх, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх зөрчсөн үйлдэл гаргасан эсэх, тэдний эзэмшиж ашиглаж буй нийтийн эзэмшлийн зам талбайгаар хэрхэн зорчих, уг зам талбайн ашиглалт, арчилгаа цэвэрлэгээний зардлыг хэн хэрхэн хариуцах талаар харилцан өөр өөрийн үндэслэл гаргаж маргасан.

7.Харин зохигчид өөрсдийн өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшдэг газрын хэмжээ, байршлын талаар, хэн аль нь 1 дүгээр постоор буюу нэг орц гарцтай талаар, уг орж гардаг нэг зам нь нийтийн эзэмшлийн талбай мөн эсэх, харуул хамгаалалт ажилладаг, нийтийн эзэмшлийн зам, талбайд цэвэрлэгээ хийгддэг талаар болон чингэлэг тавьсан газар нь хариуцагч ... ХХК-ийн эзэмшлийн газар мөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, эдгээр үйл баримтын талаар маргаагүй байна.

8.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар хөршийн эрхийн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгөд очихын тулд зөвхөн хойд талын орц, гарцаар орох боломжтой ба энэхүү хаалтнаас ... ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө хүртэл нийтийн эзэмшлийн зам явсан, уг замын эхлэл хэсэгт хариуцагчийн хамтарч ажилладаг харуул хамгаалалтын пост болон автомат хаалт байрладаг байна.

Нэхэмжлэгч тухайн зорчих зам нийтийн эзэмшлийнх учир орц, гарцаар саадгүй, чөлөөтэй нэвтрэх эрхтэй тул ийнхүү саад учруулж буй хариуцагчийн үйлдлийг зогсоож, чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгахаар шаардсан.

Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, ...хэдий тухайн зам нийтийн эзэмшлийн зам талбай боловч уг замыг арчилж, асфальт тавин засварласан, байнгын цэвэрлэгээ хийлгэж, харуул хамгаалалтаар аюулгүй байдлыг хангадаг учир нэхэмжлэгч гарч буй тогтмол зардлаас хуваалцах үүрэгтэй, уг зам нийтийн эзэмшлийнх боловч нийтэд ашиглах зориулалтгүй, мухар зам учир нэхэмжлэгч, хариуцагч нарын дундын эзэмшлийнх гэж үзнэ... хэмээн маргаж байна.

Зохигчид маргаан бүхий уг замыг нийтийн эзэмшлийнх гэдэгтэй маргахгүй бөгөөд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт зааснаар нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ. 5.2-т зааснаар ...нийтийн эдэлбэрийнхээс бусад газрыг Монгол улсын иргэнд өмчлүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2 дахь хэсэгт ...төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар ...нийтийн эдэлбэрийн газрыг нийтээр ашиглана гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт нийтийн эдэлбэр газарт ... зам, талбай ... хамаарна гэж хуульчилжээ.

Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт эзэмшил газар нь бусдын газраас хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэж заасан.

Маргаан бүхий талуудын эзэмшил газрын зүүн талд орших зам зохигчдын хэн алиных нь эзэмшлийнх биш бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар тогтоолын дагуу ... ХХК-ийн эзэмшил газраас гаргасан нийтийн эзэмшил газар гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч ... ХХК нь зохигчдын эвлэрэл баталсан дээрх захиргааны хэргийн оролцогч биш учир энэхүү шүүхийн тогтоолын дагуу ... ХХК-иас орц гарцын асуудал шийдвэрлэхийг биелүүлэх буюу уг тогтоолын дагуу орц гарц нээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй болно.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий уг газар нийтэд ашиглагддаггүй буюу харуулын автомат хаалт бүхий орцоос ... ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хүртэл үргэлжилж, үүнээс цааш зорчих боломжгүй, мухар зам болох нь зохигчдын тайлбар, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар авто зам гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламжийг хэлэх ба нэгэнт нийтээр зорчих хөдөлгөөнгүй, талуудын эзэмшил бүхий газартай залгаа байгаа, цаашид тодорхой зардал гаргаж хөршийн харилцаагаа үргэлжлүүлэх сонирхол зохигч хэн алинд нь байгаа бөгөөд өөрсдийн хөрөнгийг гадны халдлагаас хамгаалах адил ашиг сонирхолтой зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан маргаан бүхий нийтийн эзэмшлийн замыг хамтран ашиглаж, уг зам талбайг арчлах эрх үүргийг тэнцүү эдлэх эрхтэй байна гэж дүгнэн, Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 140 дүгээр зүйлийн 140.1, 140.2 дахь хэсэгт зааснаар хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглаж байгаа хашаа, бусад байгууламжийг ашиглаж, арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэгтэй тул Орц гарцаар чөлөөтэй нэвтрүүлэхийг ... ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох ус, дулааны хангамж хаасныг таслан зогсоож, нээхийг даалгах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анх өмчилж эхлэх үед ус, дулааны шугамд холбогдоогүй байсан буюу хариуцагч хаагаагүй талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан.

Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн ... цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч хөршийн газраар дамжин өнгөрөх, дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй.

Мөн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам шугам хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохирч нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг тохиролцон тогтоож чадаагүй бол шүүх шийдвэрлэхээр хуульчилсан. Талуудын хооронд ийм тохиролцоо хийгдээгүй, хөршүүд хоорондоо зөвшилцөх асуудал байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр талд нотлох баримтаар авагдсан ...ТӨХК-ийн албан бичигт дурдсанаар хэрэгцээний халуун ус холбуулахад дулааны техникийн нөхцөл авах шаардлагатай тухай, түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.7-д зааснаар хэрэглэгч хангагчаас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах саарал ус ашиглах техникийн нөхцөл авах үүрэгтэй, нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй учир хариуцагч ... ХХК-д ус, дулааны хангамжийг нээхийг даалгах үндэслэлгүй гэж дүгнэн, эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Оффисын цонх хааж чингэлэг байршуулсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, чингэлэгийг зайлуулах нэхэмжлэлийн тухайд:

Маргаан бүхий чингэлэг байрлуулсан газар хариуцагч ... ХХК-ийн эзэмшлийн газар гэдэгтэй зохигчид маргахгүй ба Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заажээ.

Хэрэв уг барилга байгууламж нь нөгөө талын өмчлөгч, эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал буулгах буюу зайлуулахыг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна. Гэвч нэхэмжлэгч ... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан чингэлэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан гэж үзэхээргүй буюу үзэгдэх орчин бүрэн хязгаарлагдаагүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

9.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Зохигчид Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт Хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасны дагуу дундаа ашиглаж буй зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний зардал болон зохигчид хэн аль нь нэвтэрч, зорчдог Нэгдүгээр харуулын постны автомат хаалтны төлбөр, уг нэгдүгээр постны харуул хамгаалалтын зардал зэргийг тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэг хүлээнэ.

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч ... ХХК-ийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчилж, эзэмшиж эхэлсэн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны харуул хамгаалалтын төлбөр, цэвэрлэгээ арчилгаа, урсгал засварын зардал, автомат хаалт эвдэрсний улмаас 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр автомат хаалт худалдаж авсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлага болох Нэгдүгээр постны сарын төлбөр 1,980,000 төгрөгийг 36 сараар тооцож 71,280,000 төгрөг шаардсаны 50 хувь буюу нэхэмжлэгчийн хариуцах 35,640,000 төгрөгийг ... ХХК-иас гаргуулан хариуцагч ... ХХК-д олгож, илүү шаардсан 35,640,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын 30 хувь болох 5,550,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай нэхэмжлэл ... ХХК-иас ажлын хөлс төлсөн баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт зааснаар уг шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Нэгдүгээр харуулын постын автомат хаалтын үнэ 5,800,000 төгрөгийн 50 хувь 2,900,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь мөн Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт нийцсэн тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ... ХХК-иас 44,090,000 төгрөг гаргуулан хариуцагч ... ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 40,584,000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар харуулын постны хүйтний улирлын халаалт, дундын эзэмшлийн зам талбайг гэрэлтүүлдэг 6 прожекторт гарсан зардал зэргийг баримтаар нотлоогүй, ... ХХК-ийн санхүүгийн буюу нягтлангийн гаргасан тооцоолол нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй, цахилгааны болон дулааны зардал төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар гаргаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн эдгээр шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх Иргэний хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх ба ирээдүйд болох, эсхүл хийх үйлдлийг шүүхээс зохигчид даалгах боломжгүй учир сөрөг нэхэмжлэлээс цаашид ... ХХК-ийг гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний нийт төлбөрийн 25 хувь буюу нэг постын 3 хамгаалагчийн төлбөр, мөн харуулын хамгаалалтын байрны халаалтын сар бүрийн төлбөрийн 25 хувийг болон Нэгдүгээр пост болох төв хаалганаас ... ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг төлөхийг нэхэмжлэгчид даалгах зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй байна.

10.Шүүх үндсэн нэхэмжлэлийн 5 шаардлагаас орц гарцаар нэхэмжлэгчийг чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хангаж, үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг төлсөн нь шүүхэд гаргасан 3 шаардлагын зардал төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар дутуу төлсөн хоёр шаардлагад төлвөл зохих 140,200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч ... ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу үндсэн нэхэмжлэлээс хангагдсан нэг шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч ... ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 44,090,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 378,400 төгрөгийг нэхэмжлэгч ... ХХК-иас гаргуулан хариуцагч ... ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,020,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний төвийн бүс, Тээвэрчид гудамж хаяг дахь орц гарцаар нэхэмжлэгч ... ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагч ... ХХК-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн бусад шаардлага: Ус, дулааны хангамжийг хаадаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, ус дулааны хангамжийг нээх, бохирын шугамыг нээхийг хариуцагчид даалгах; Цонх хааж чингэлэг тавьдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, чингэлэгийг зайлуулахыг хариуцагчид даалгах; Цаашид өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ... ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, ... ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг хариуцагчид даалгах зэрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-иас 44,090,000 /дөчин дөрвөн сая ерэн мянган/ төгрөг гаргуулан хариуцагч ... ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс илүү шаардсан 40,584,000 /дөчин сая таван зуун наян дөрвөн мянган/ төгрөг болон Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний нийт төлбөрийн 25 хувь буюу нэг постын гурван хамгаалагчийн төлбөр төлөхийг нэхэмжлэгчид даалгах; Гэрээт харуул хамгаалалтын харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөрийн 25 хувийг төлөхийг нэхэмжлэгчид даалгах; Нэгдүгээр пост болох төв хаалганаас ... ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг төлөхийг нэхэмжлэгчид даалгах зэрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,020,070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамид дутуу төлсөн 140,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, мөн нэхэмжлэгчээс 378,400 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА