Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00265

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар      

           Нэхэмжлэгч С дүүрэг, 0 дугаар хороо, “Н” хотхоны 00 дугаар байрны 00 тоотод байрлах РД:000000, "В" ХХК-ийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ЧР00000000, Х овогт Т-н А-т холбогдох 257.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А-н эзгүйд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-н хүсэлтээр хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч "В" ХХК, хариуцагч Т.А-т холбогдуулан 257.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

         

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгч "В" ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"В" ХХК Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А-оос 257.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Т.А “О” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани 0000 оны 00 дугаар  сарын 00-ний өдөр тухай үеийн Эрчим хүчний яамтай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Б аймгийн Б, Ш сумын 35 киловаттын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх болсон.

Өөрөөр хэлбэл уг тендерт шалгаран Эрчим хүчний яамтай гэрээ байгуулж, "В" ХХК туслан гүйцэтгэгчээр оролцож, гэрээ байгуулсан.

Гэтэл 2012 оны 06 дугаар сард "О" ХХК тендерийн баталгаа болон тендерийн гүйцэтгэлийн баталгаанд байршуулах мөнгө байхгүй гэж хэлсэн тул 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр "В" ХХК-иас "О" ХХК-ийн өмнөөс тендерийн баталгаанд 43.000.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 214.000.000 төгрөгийг шилжүүлж байршуулсан.

Тухайн мөнгийг шилжүүлсэн нь хавтас хэрэгт буй санхүүгийн баримт, тухайн компаниудын мөнгө авч байсан нь үнэн гэх тодорхойлолтуудаар нотлогдоно.

Үүний дараа Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Тушаал”-аар "О" ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, нэхэмжлэгч "В" ХХК-тай үндсэн гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан.

Энэ талаар Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнуудын цагдаагийн байгууллагад гаргасан тодорхойлолт, гэрээ цуцалсан шийдвэрүүд хавтас хэрэгт авагдсан бөгөөд "О" ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шалтгаан тус компани "В" ХХК-иар ажлаа гүйцэтгүүлээд төрөөс орж ирсэн ажлын санхүүжилтийг өөр зүйлд зарцуулсан эсвэл өөрсдийнх нь банкинд орж ирсэн мөнгийг өмнөх өр төлбөрт суутгасан гэх мэт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гэрээг цуцалж, манай байгууллагатай дахин гэрээ байгуулсан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн.

Ингээд "О" ХХК-иас тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 257.000.000 төгрөгийг авах гэтэл 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр "О" ХХК-ийн захирал Т.А  хувьдаа завшсан байсан.

"О" ХХК мөнгө байршуулах банкуудтай тендерийн гүйцэтгэлийн баталгааг 1 жилийн хугацаатай байгуулсан байсан ба энэ мөнгийг ажил хийж дууссаны дараа буюу баталгаат хугацаа өнгөрсний дараа авах ёстой байсан.

Гэтэл хариуцагч 2013 онд уг мөнгийг авч хэрэглэсэн тул энэ асуудлаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилан мэхлэх гэмт хэргийг шалгуулахаар хандаж 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б дүүргийн Прокурорын газраас 00000000 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг нээж шалгасан.   

Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад Т.А дээрх мөнгийг хувьдаа завшсан үйлдэл нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол гарсан. 

Мөн “О" ХХК дампуурах хүсэлтээ шүүхэд гаргаж, саяхан Дээд шүүхийн Тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тогтоол гарсныг хариуцагч тал хэлж байсан.

Бид нэгэнт эрх бүхий хуулийн байгууллагад хандахад тус компанийг дампуурах хүсэлтээ шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа мэдээллийг өгсөн учраас дээрх мөнгийг өөрийн данс болон зээлийн барьцаандаа төлж тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ганц этгээд Т.А учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэж үзэж байна.

Мөн хариуцагч тендер болон гүйцэтгэлийн баталгааны мөнгийг байршуулсан болон уг мөнгийг зээлэндээ төлж, өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авснаа зөвшөөрч маргахгүй байгаа тул Т.А-оос 257.000.000 төгрөгийг гаргуулж, "В" ХХК-д олгож өгнө үү, гэжээ. 

           

         Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

            Хариуцагч Т.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

"О" ХХК-ийн захирал Т.А-той "В" ХХК-ийн захирал н.Х болон түүний нөхөр н.Б нар ирж уулзсан.

Уулзах болсон шалтгаан Б аймгийн Б, Ш сумын 35 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга ашиглалтын ажил гүйцэтгэх тендерт "О" ХХК-ийг ороод өгөөч, манай "В" ХХК гүйцэтгэгчээр оролцоно гэх саналыг тавьсан.

Үүний дагуу "О" ХХК тендерт орж ялалт байгуулсан.

2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр "В" ХХК тендерийн баталгаа болгож 43.000.000 төгрөгийг "О" ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Уг мөнгийг "О" ХХК тендерийн баталгаа байршуулах дансанд шилжүүлж, гэрээ байгуулснаас хойш буюу 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр "О" ХХК-ийн дансаар 43.000.000 төгрөг буцаж орж ирэхэд банк зээлийн төлбөрт татаж аваад, энэ мөнгийг "В" ХХК-д эргүүлэн төлж чадаагүйгээ зөвшөөрч байна. Төлөх ёстой мөнгө. Энэ талаарх дансны хуулга хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Мөн гүйцэтгэлийн баталгаа болгож 214.000.000 төгрөгийг "В" ХХК, "О" ХХК-иуд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр "О" ХХК-ийн дансанд 1 жилийн хугацаатай байршуулсан талаар талуудын аль аль нь мэдэж байсан.

2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 214.000.000 төгрөгийг "В" ХХК-иас "О" ХХК-ийн данс руу шилжүүлсэн баталгаа 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байсан.

Энэ талаар "В" ХХК мэдэж байсан бөгөөд "О" ХХК, "В" ХХК-иудын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, "О" ХХК, Эрчим хүчний яамны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацааг бататгасан.

Энэхүү гэрээний үндсэн дээр "О" ХХК, "В" ХХК ажлыг хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч "О" ХХК-ийг төрийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсны үндсэн дээр гэрээг цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа боловч ийм зүйл болоогүй.

Мөнгө идсэн гэх асуудлыг төрийн байгууллага цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан ба "О" ХХК, Т.А уг мөнгийг хууль бусаар захиран зарцуулаагүй нь тогтоогдсон.

Баталгааны хугацаа 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Эрчим хүчний яамнаас "О" ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан.

Энэ хугацаанд "В" ХХК, "О" ХХК-ийн хоорондын гэрээний харилцаа үргэлжилж, баталгаанд байршуулсан мөнгийг захиран зарцуулсан, тооцоо нийлсэн харилцаа байсан.

Т.А уг мөнгийг аваад захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй.

 Дансны хуулгыг харвал баталгааны хуудас "О" ХХК-ийн дансанд орсон, "О" ХХК-ийн дансаар “касс таталт” гэх утгатайгаар Т.Аийн дансанд шилжсэн.

Т.А "О" ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, компанийн гүйцэтгэх удирдлага, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй.

Компанийн захирлын хувийн данс руу мөнгө орж байгаа нь компанийн үйл ажиллагаанаас тусдаа гэх ойлголт биш юм.

Т.Аийн дансанд мөнгө орсон өдөр 70.000.000 төгрөгийг "В" ХХК-ийн захирал Б.Б-н данс руу шилжүүлсэн.

Тухайн үед компанийн захирлууд хоорондоо ярилцаж, тохиролцоод тооцоо нийлсэн байдаг.

Нэхэмжлэгч дээрх мөнгийг хувьдаа завшсан, эрүүгийн хэргийг хаасан тогтоолоор тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч уг тогтоол хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хаасан.

Түүнээс Т.А мөнгийг хувьдаа авч завшиж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайг тогтоосон зүйлгүй.

Хэрэв эрүүгийн журмаар уг хэрэг шалгагдаад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол энэхүү иргэний хэрэг үндэслэлгүйгээр хөрөнгөжих бус гэм хорын асуудал яригдах байсан.

“Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг нь гэрээний харилцаа байхгүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй байх ёстой.

Гэтэл "О" ХХК, "В" ХХК-иудын хооронд байгуулагдсан Б аймгийн Б, Ш сумын 35 киловатт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барилга угсралтын “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 43.000.000 төгрөг болон 214.000.000 төгрөг нийт 257.000.000 төгрөгийг "О" ХХК-ийн хооронд шилжсэн.

Үүнээс үзэхэд Т.А-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт:

           

Нэхэмжлэгч "В" ХХК:

"В" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Х дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 00/000 дугаартай Албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00/000 дугаартай Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн “Гэмт хэргийн талаарх мэдээлэл шалгуулах тухай” "В" ХХК-ийн өргөдөл, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000000 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” Прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Д.Х-н 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэжигтэн Т.А-оос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэжигтэн Б.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Гэрч Т.Х-с авсан тэмдэглэл, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэрч Б.Б-с авсан тэмдэглэл, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “О” ХХК-иас "В" ХХК-д “Тендерийн баталгаанд зориулсан 43.000.000 төгрөгийг “Хаан” банкинд байршуулсан үнэн болно” гэсэн Тодорхойлолт, "В" ХХК-иас “Хаан” банкинд байршуулсан 43.000.000 төгрөгийг шилжүүлсэн хуулга, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаартай “О” ХХК-иас “Худалдаа хөгжлийн” банкинд баталгааны 214.011.000 төгрөгийг манай байгууллагын 00000000 дугаартай данснаас гаргуулж өгнө үү” гэсэн “Баталгаа гаргуулах тухай” Албан бичиг, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 00/000/000/000 дугаартай “Худалдаа хөгжлийн” банкны “Гүйцэтгэлийн баталгаа”, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0/000 дугаартай Эрчим хүчний яамнаас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Б-д хандсан Албан бичиг, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 00 дугаартай Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын “ Гэрээ цуцлах тухай” Тушаал, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0/000 дугаартай Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн төвийн Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газарт “Санхүүжилтийн тухай” Албан тоот, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 000/00 дугаартай Б дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн “Худалдаа хөгжлийн” банкинд хандсан “тус банкинд байршуулсан баталгааны 214.000.000 төгрөг хэрхэн буцаагдсан талаарх баримтыг гаргуулах тухай” Албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Худалдаа хөгжлийн” банкнаас Б дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст “баталгааны 214.000.000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “О” ХХК-ийн дансанд шилжүүлсэн тухай” Албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0/00 дугаартай “Худалдаа хөгжлийн” банкны Албан бичиг, 2012 оны “О” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн” банкны 00000000 дугаартай дансанд шилжүүлсэн баталгааны 214.011.000 төгрөгийн дансны хуулга, “О” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн” банкны 000000 дугаартай дансанд шилжин орсон баталгааны 214.011.000 төгрөгийг 200.000.000 төгрөгийг Т.А өөрийн “Худалдаа хөгжлийн” банкны 00000000 дугаартай дансанд шилжүүлэн авсан депозит дансны хуулга, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр "В" ХХК-ийн өмгөөлөгч Ж.Т-н Б0 дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан Хүсэлт, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 000 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Монгол улсын Ерөнхий прокурорын 0/000 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” Прокурорын тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 00/00/0000000 дугаартай Т.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 000/ШЗ000/00000 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 00/0000 дугаартай нэхэмжлэгч "В" ХХК-иас П.Б олгосон “Итгэмжлэл”.

 

          Хариуцагч Т.А:

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу тайлбар”, хариуцагч Т.А-оос 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр О.А-д олгосон “Итгэмжлэл”, хариуцагч Т.А-ийн өмгөөлөгч Ц.А-тай байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, “О” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “О” ХХК-ийн дүрэм, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 00/00 дугаартай “О” ХХК, Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 00/00 дугаартай Б аймгийн Б, Ш сумын 35 кваттын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, 2012 оны “О” ХХК, "В" ХХК-ийн Б аймгийн Б, Ш сумын 35 кваттын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, хариуцагч Т.А-ийн “Худалдаа хөгжлийн” банкны дансны хуулга, “О” ХХК-ийн “Хаан”, “Худалдаа хөгжлийн” банкны дансны хуулга, Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0000 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

      

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

   Нэхэмжлэгч, хариуцагчийг тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны мөнгийг өөрийн эзэмшлийн дансаараа дамжуулан ашиглаад буцаан төлөөгүй ба тус компанийг дампууруулахаар шүүхэд хүсэлт гаргаж хандсан байгаа тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардах эрхээ тодорхойлж байна.

 

   Хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, нэхэмжлэгчийг залилан мэхэлсэн зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

    

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

             

            Анх “О” ХХК, Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 00/00 дугаартай Б аймгийн Б, Ш сумын 35 кваттын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд нийт ажлын дүн 4.280.209.146 төгрөг, улсын төсвөөс 2012 онд 1.649.000.000 төгрөг, 2013 онд 2.631.209.146 төгрөгийн санхүүжилт олгохоор, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажлаа эхэлж, 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар гэрээг байгуулжээ.

 

          Харин 2012 онд, сар, өдөр бичигдээгүй гэрээг нэхэмжлэгч "В" ХХК, “О” ХХК-тай Б аймгийн Б, Ш сумын 35 кваттын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний 1 дүгээр заалтаар тендерт шалгарсан “О” ХХК-ийн нэр дээрх тендерт тавигдах шаардлагад нийцүүлэн ажлыг өөрсдийн санхүүжилтээр хийж гүйцэтгэх, гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөс байршуулсан 214.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг үндэслэн төрөөс тендерийн гүйцэтгэлээр олгох санхүүжилтийг 100 хувь захиран зарцуулах, 4.280.209.146 төгрөгийг өртөгтэй ажлыг 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эхлэн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусгаж, төлбөрийн нөхцөлийг захиалагч, гүйцэтгэгчид ажилд шаардлагатай материалыг бэлтгэж, газар шорооны ажлыг эхлүүлсэн тохиолдолд 2012 онд 1.649.000.000 төгрөг, үлдсэн санхүүжилтийг 2013 онд шилжүүлэн өгөхөөр, харилцан тохиролцсон нотлох баримтаар тогтоогдож байна.

 

           Түүнчлэн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 00 дугаартай “Гэрээг цуцлах тухай” тушаалаар “О” ХХК, Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 00/00 дугаартай Б аймгийн Б, Ш сумын 35 кваттын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг, гэрээний дагуу хийсэн ажлыг газар дээр үзэн, хүлээн авах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, уг ажлыг "В" ХХК-иар гэрээг байгуулан ажиллахыг “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГазарт даалган, гэрээг цуцалсантай холбогдуулан шугам, дэд станцын барилга угсралтын ажил, төлөвлөсөн хугацаанд дуусгаагүйгээс үүдэн гарах нэмэлт зардал, хохирол, дуусгахад гарах зардлуудыг “О” ХХК-иас зохих хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэн учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг даалгаж цуцалжээ.

 

           Дээрх ажлын санхүүжилт 380.000.000 төгрөгийг 2013 онд “О” ХХК-ийн дансанд улсын төсвөөс шилжүүлсэн боловч зориулалтаар ашиглагдаагүй, “О” ХХК-ийн зээлийн төлбөрт суутгагдсан нь Эрчим хүчний хөгжлийн төвийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0/000 дугаартай “Санхүүжилтийн тухай” албан бичгээр нотлогдож, гэрээний тендерийн баталгаанд нэхэмжлэгч 43.000.000 төгрөгийг “Хаан”, гүйцэтгэлийн баталгаанд 214.011.000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн” банкинд байршуулж, гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргахгүй байна.

 

           Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "В" ХХК, “О” ХХК-тай гэрээний ажлын туслан гүйцэтгэхээр оролцож түүний нэрийн өмнөөс гэрээний үүргээ биелүүлэн тендер болон гүйцэтгэлийн баталгаанд 257.011.000 төгрөгийг байршуулж, энэ талаар талуудын хэн аль нь болсон үйл баримтад маргахгүй байгаа тул хариуцагч  баталгааны мөнгийг төлөх үүрэгтэй байна. Учир нь:

 

           Дээрх баталгааны мөнгөнөөс 200.000.000 төгрөгийг “О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхий бүхий этгээд Т.А өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн” банкны 00000000 дугаартай дансандаа 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “гүйлгээний утга” хэсэгт “О” ХХК-иас кассын таталт гэх нэршлээр бичилт хийж шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

           Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь  хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

 

          Иймээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад, Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно мөн хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч баталгааны мөнгийг төлжээ.

 

         Тодруулбал мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан “баталгаа” гэдэг нь нэг талын үүрэг хүлээсэн хэлцэл бөгөөд хариуцагч хэлцлийг зөрчин тухайн нөхцөл байдлыг мэдсэн атлаа үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй түүнд мэдэгдэхгүйгээр, өөрийн эзэмшлийн дансаараа 200.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, буцаан төлөхгүй бусдын эрх ашгийг хохироосон байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж шүүх дүгнэн мөн хариуцагч Т.Аоос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-д 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг эдлэхийг зөвшөөрсөн “Итгэмжлэл” олгосныг үндэслэн,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тендерийн баталгаанд төлсөн 43.000.000 төгрөгийг “О” ХХК-ийн дансанд шилжүүлснийг банк зээлийн төлбөрт суутган авсан үнэн. "В" ХХК-д эргүүлж төлж чадаагүйгээ зөвшөөрч байна ” гэх тайлбарыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас 243.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 14.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн төлөөлөгч, Т.А өөрийн дансаараа авсан 200.000.000 төгрөгийн 70.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбарыг гарган маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, хариуцагчийн “Худалдаа хөгжлийн” банкны дансны хуулгаар 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 200.000.000 төгрөг шилжин орж ирээд мөн өдрөө “Б.Б-д материалын үнэ 70.000.000 төгрөг” гэж шилжүүлсэн гүйлгээний утгатай баримтад тулгуурлаж, нэхэмжлэгчид тендерийн баталгааны мөнгөнөөс 70.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй нотлогдохгүй байна гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.442.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 243.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.372.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-оос 243.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "В" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.442.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.372.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.АРИУНАА