Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00273

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч Б дүүрэг, 00 дугаар хороолол, 00 дугаар хороо, Н гудамжны 000 дугаар байрны 00 тоотод оршин суух РД:ЧЕ00000000, Т овогт Ч-н Б-ийн нэхэмжлэлтэй

           

Хариуцагч Б дүүрэг, 00 дугаар хороо, Э гудамж, өөрийн байранд байрлах “Д” ТӨХК-д холбогдох 2.534.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад               

           

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан

Нэхэмжлэгч Ч.Б-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч "Д" ТӨХК-д холбогдуулан 2.534.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

         

           Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие  "Д" ТӨХК-д  машинчаар тасралтгүй 33 жил ажиллаад "Д" ТӨХК-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/000 дугаартай “Тушаал”-аар өндөр насны тэтгэвэрт гарсан.

          Гэтэл "Д" ТӨХК, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 25.344.400 төгрөгийг олгосноос хувь хүний орлогын албан татварын 10 хувь 2.534.400 төгрөгийг тооцон авч, миний “Хаан” банкны данс руу шилжүүлсэн байдаг.

          Иймээс үндэслэлгүй суутган авсан 2.534.400 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

           Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

          

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгч Ч.Б "Д" ТӨХК-д 33 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/000 дугаартай “Тушаал”-аар “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж, ажлаас чөлөөлсөн.

           Манай байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 25.344.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг тооцон авч, Монголын татварын албаны дансанд шилжүүлсэн.

           Иймээс тэтгэмжээс суутгасан мөнгө өнөөдөр Дулааны 4 дүгээр цахилгаан станцын дансанд байхгүй учраас Б дүүргийн Татварын хэлтсээс буцаан авах үндэслэлтэй байна.

          Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт:

           

Нэхэмжлэгч Ч.Б:

Ч.Бийн 0000000 дугаартай “Хаан” банкны депозит дансны хуулга, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0/000 дугаартай "Д" ТӨХК-ийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох” Захирлын тушаал

 

Хариуцагч "Д" ТӨХК:

"Д" ТӨХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0/0 дугаартай Ч.Б-д олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хариу тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0/0 дугаартай "Д" ТӨХК-ийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох” Захирлын тушаал, Монголын татварын албаны Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

       

           Нэхэмжлэгч Ч.Б нэг удаагийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгосон мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүйгээр хувь хүний орлогын албан татвар 10 хувь 2.534.400 төгрөгийг суутган авсан нь хууль зөрчсөн гэж шаардах эрхээ тодорхойлж байна.

 

   Хариуцагч татварын хэлтсээс мөнгийг нэхэмжлэх эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         

           Нэхэмжлэгч Ч.Б "Д" ТӨХК-д вагон хөмрөгчийн машинчаар ажилд орж, тасралтгүй 33 жил ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдөн, өндөр насны тэтгэвэрт гарсан талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х “нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад байгууллагаас олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 25.344.000 төгрөгийн үнийн дүнгээс 10 хувийг суутган авсныг зөвшөөрөхгүй”, 

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б “манай байгууллага хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон мөнгөн тэтгэмж 25.344.000 төгрөгнөөс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг суутгаад татварын албанд шилжүүлсэн тул татварын хэлтсээс нэхэмжлэн авах эрхтэй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцэж байна.

 

           Ажил олгогч "Д" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0/0 дугаартай “Тушаал”-аар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Ч.Б-ийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж, Эрчим хүчний салбарт ажилласан 33 жилд ногдох 25.344.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохыг санхүү бүртгэлийн хэлтэст зөвшөөрч, ажил хүлээлцэхийг даалган шийдвэрлэж, дээрх тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын 10 хувь болох 2.534.400 төгрөгийг суутган авсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

           Иймээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан  байх бөгөөд уг тэтгэмж хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгддөг болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож, хариуцагч нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс суутгал авсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.501 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 55.501 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,

116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Д" ТӨХК-иас 2.534.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.501 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 55.501 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА