| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03382/и |
| Дугаар | 102/ШШ2022/00400 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/00400
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч:...
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт Э....ос 65,625,000 /жаран таван сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулах тухай Б....гийн үндсэн нэхэмжлэл,
2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Э...., Б.... нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай хариуцагч Э....ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б....,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю....,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие Э....д Турк явах боллоо мөнгө зээлээч гэхээр нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдүүлсэн. Мөн оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах караокегаа тохижуулах гэсэн юм нэмээд мөнгө зээлээч гэхээр нь 20,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Тухайн үед бид хоёр харилцан тохиролцож аман гэрээгээр 5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай мөнгөө өгсөн. Гэтэл ярилцаж тохиролцсоныхоо дагуу зээлийн гэрээний хүүгээ өгөхгүй байхаар нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Э.... бид хоёр уулзаж ярилцаад 2019 оны 3 дугаар сар болон 8 дугаар сард өгсөн мөнгөө нийлүүлж тооцоод, түүний төлсөн мөнгийг хасаж тооцон үлдэгдэл 35,000,000 төгрөгөнд зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Э.... зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй намайг хохироож байна. Хариуцагчаас үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 1,750,000 төгрөгийг 5 сараар тооцож 8,750,000 төгрөг, зээлийн гэрээний 2.5-д зааснаар 0,5 хувийн алданги тооцохоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алданги 21,875,000 төгрөг, нийт 65,625,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Энэ хугацаанд надтай уулзан тохиролцох боломжтой байсан боловч нэг ч удаа надтай уулзаагүй, эргэн төлөлт хийгээгүй. Миний хувьд уг мөнгө насаараа цуглуулж олсон их мөнгө, бүрэн бүтэн авмаар байна. Энэ мөнгөөр өөр зүйл хийх боломжтой байсан. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Энэ гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлийг баримтлан, стандартын дагуу хийсэн. Үндсэн зээл, хугацаа, хүү, алдангийг тооцон зээл олгосон огноог сүүлийн буюу 8 дугаар сарын 17-ны өдрөөс тооцож, 5 сарын хугацаатай буюу 2020 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаатайгаар талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу байгуулсан. Зээлийн хүүг хүсэлт гарган багасгах асуудал байж болно. Ковид-19 гарсан нөхцөл байдлын улмаас ажил төрөлгүй, орлогогүй болсон байх байдлыг үгүйсгэхгүй. Зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой үндэслэлийг нотлох хэрэгт авагдсан ямар баримт байна вэ? Ийм баримт байхгүй байна...гэв.
2.Хариуцагч Э.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг нотлох баримтаар гарагж өгчээ. Гэвч зарим нэг зөрчил байна. Зээлийн гэрээн дээр зээл олгосон хугацааг 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэжээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр, 8 дугаар сарын 07-ны өдөр гэсэн хоёр өөр он сар өдөр бичигджээ. Хороондын хамаарал харагдахгүй байна. Хамтран ажиллана гэж тохиролцож өгсөн мөнгөө зээл болгож, хүү алданги оруулж нөхөн хийсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалттай зөрчилдөж байна. Бид Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заагдсанаар хамтран ажиллахаар болсон ба хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй буюу тухайн хөрөнгөөр хийгдсэн засвар тохижилтын ажил бусад зүйлээс шалтгаалан Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заагдсанаар тохиролцоогоо цуцлах үед зээл болгон халхавчилсан хэлцэл хийгдсэн. Б.... өөрийгөө цагдаагийн хурандаа гэж хэлдэг байсан ба тухайн үед түүний найз нотариатч дээр очиж надаар гарын үсэг зуруулсан. Үүнийг нотариат гэрчилнэ. Би айгаад гарын үсэг зурсан. Сүүлд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад манайд ирж намайг зодчихоод өөрийгөө зодуулсан болгож намайг эрүүгийн шүүхээр шийтгүүлсэн. Иймд ямар нэгэн хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй.
Уг мөнгийг хамтран ажиллах зорилгоор ямар нэг хүү, гэрээгүйгээр шилжүүлсэн боловч сүүлдээ үүнийгээ зээл гэх болсон. Караоке нээх зөвшөөрлийн асуудал дээр бүх будилаан, маргаан үүссэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтарч ашигтай байдлаар тооцоо хийсэн байдаг. Яагаад ийм маргаан гарсан бэ гэхээр караокены эрх авах ажиллагаа нь өөрөө өндөр авлигал хээл хахуулийн шинжтэй тул эрхээ авч чадахгүй байдалд орсон. Нэгэнт караокены асуудал үүссэн тул тухайн хамтарч ажиллах асуудлыг хүүтэй зээл болгон өөрчилсөн. Бүх учраа ярьж хэлэхэд Б.... өрийн таньдаг нотариат дээр очин зээлийн гэрээг дарамтлан, хүү өндөртэйгөөр буюу 5 хувийн хүүтэйгээр хийсэн. Ингээд дараа нэхэмжлэгч мөнгөө авна гэж хариуцагчийн гэрт ирэн дарамталсан байдаг. Хүүг багасгах зохицуулалт байдаг, түүнийг шүүх шийддэг. Гэхдээ хүүг багасгах хүсэлтийг хэзээ гаргах талаар хуулийн зохицуулалт байдаггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүү багасгах хүсэлт гаргаж болно гэдгийг нотлох баримт гаргуулах зэргээс өөр гэж үзэн шүүхэд гаргах тайлбартаа хэлнэ гэж ойлгосон. Иймд зээлийн хүүг 2 хувь болгуулах хүсэлтэй байна. 2 хувь нь өөрөө банк бус санхүүгийн байгууллагын гаргаж буй дундаж хүү юм. Ердийн зээл хэзээ ч 5 хувь байдаггүй. Иймд 5 хувийн хүүг зөвшөөрөхгүй, хүүг 2 хувьд таарах буюу 3,000,000 төгрөг орчим болгон шийдүүлэх сонирхолтой. Нэгэнт 35,000,000 төгрөг авсан тул 2 хувийн хүүтэйгээр тооцон 3,000,000 төгрөгийн хүүг буюу 38,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Нэгэнт хүний мөнгийг авсан тул нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүү буюу 2 хувийн хүүг зөвшөөрч байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын хүү 1-ээс 1.5 хувь болсон байгаа. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь анхнаасаа гэрээ байгуулаагүй...гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:
Э.... миний бие Б....тай хамтран бизнес хийхээр ярилцаж байсан бөгөөд Сүнжин гранд зочид буудлын караоке баарыг түрээслэхээр болж хамт очиж караоке баарыг үзэж танилцаж байсан. Тус караокед Э...., Б.... бид нар хөрөнгө оруулаад бүрэн тохижуулсан байгаа бөгөөд дэлхийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаагаа эхэлж чадаагүй байгаа. Нэгэнт караоке баарны тохижилтод оруулсан мөнгөө түрээслэгч талаас гаргуулахаар хөөцөлдөж байгаа болно. Засвар тохижилтын зардлыг түрээслэгч талаас буцаан авангуут Б....гийн 35,000,000 төгрөгийг буцаан төлөх болно. Харин 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний тухайд тэрээр караоке баарны тохижилтын үйл ажиллагаа удааширч байгааг мэдээд намайг дарамталж үг хэлээр доромжлоод байсан тул аргагүйн эрхэнд зээлийн гэрээ байгуулсан. Мөн намайг удаа дараа дээрэлхэж, өөрийгөө зодуулсан мэт гомдол гаргаж, намайг шийтгүүлж байсан маш түрэмгий хүн болно. Хүч хэрэглэх, дарамтлах хэлбэрээр хийгдсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 60 дугаар зүйлд тодорхой заасан юм байна. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заагдсанаар Э...., Б.... нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоож, зээлийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
Энэ гэрээг дөнгөж байгуулаад удаагүй байж сарын дараа мөнгөө нэхэн хэрүүл зодоон хийн маш хурдан хугацаанд шийтгэх тогтоол гарсан. Үнэхээр зээлийн гэрээ хуулийн дагуу хийгдсэн байсан бол уг зээлийн гэрээг дуусахыг хүлээх ёстой байсан. Зээлийн гэрээг цуцлаад шүүхэд хандах эрх нэхэмжлэгчид нээлттэй байсан. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Гэрээ хүсэл зоригийн дагуу байгуулагдсан бол гэрээгээ хүндэтгэж, гэрээний хугацааны дагуу хүүгээ төл гэж шаардах ёстой. Гэтэл 12 дугаар сарын 19-ний өдөр болоогүй байхад бүх мөнгөө авна гэж гэрч очин хэрүүл зодоон хийсэн явдал тухайн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэдгийг тодорхой харуулж байна. Цаг хугацааны хувьд буюу эхлээд 20,000,000 төгрөг өгчхөөд түүнийгээ аваагүй байж ахин 20,000,000 төгрөг өгч байгаа нь хөрөнгө оруулалт хийж байсан гэдгийг харуулж байна. Зээл байсан бол эхний мөнгөө өгөөгүй байхад ахин мөнгө өгөхгүй...гэв.
4.Нэхэмжлэгч Б.... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Э...., Б.... нарын хооронд ямар нэгэн хамтран ажиллах гэрээ хэлцэл хийгдээгүй. Энэ тухай Э.... сайн мэднэ. Харин караоке ажиллуулах гэсэн юм, тохижуулах шаардлагатай тул мөнгө хэрэгтэй байна зээлээч, дахиад зээлээч гэж хэлээд мөнгө зээлсэн. Тиймээс надад хариуцагчтай хамтран ажиллах болон хамтран бизнес хийх ямар ч шаардлагагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Э...., Б.... нар нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан юм. Би хөгшин, Э.... надаас залуу, өндөр биерхүү байхад би албадан нотариат руу аваачин гэрээ байгуулахгүй шүү дээ. Мэдээж хүнд мөнгө зээлэх гэж байгаа учир уг мөнгөөр юу хийх гэж байгааг нь сонирхсон. Надад караоке нээнэ гэж ярьж байсан. Түүнийгээ надтай хамтарч хийнэ гэж бодсон нь эндүүрэл. Нэхэмжлэгч талаас тухайн мөнгийг зээл гэх утгаар шилжүүлсэн байдаг. Мөнгийг хамтран ажиллахаар өгсөн байсан бол тусдаа гүйлгээний утгаар данс руу нь шилжүүлэх байсан. Хариуцагч зээлийг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол өнөөдөр тухайн мөнгийг яагаад зээл гэж шилжүүлсэн талаар яригдах байсан. Хэрэв зээл биш байсан бол 2019 оны 11 дүгээр сарын 19-ний 20,000,000 төгрөгийг зээлээгүй байхад зээл гэх утгаар шилжүүллээ, хамтран ажиллах гэрээний мөнгө гэх утгаар шилжүүл, зээл гэх утгаар шилжүүлсэн чин буруу гэх зүйлийг хэлэх эрх хариуцагчид нээлттэй байсан. Хүн яагаад ч мөнгө өгөхгүй гэлээ яагаад хүн нэгэндээ итгэж мөнгө зээлж болохгүй гэж? Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 60 дугаар зүйлийн 60.1-т заагдсан тухайн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхэд өгсөн тайлбараар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
5.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор:2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000 төгрөг, 19,980,000 төгрөгөөр зээл гэх гүйлгээний утгатайгаар ... данс руу шилжүүлсэн Б....гийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга /хх-7/, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Зээл гэх гүйлгээний утгатайгаар ... данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн Б....гийн Төрийн банк дахь депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-8/, Э....ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/... тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9-10/, ... зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.
6.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор: Э....д Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-20-22/-ыг нотлох баримтаар гаргасан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч Б....гийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Э....ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Э....д 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлж, хариуцагчтай зээлийн үлдэгдлийг харилцан тооцсоноор төлсөн 5,000,000 төгрөгийг хасан 35,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 35,000,000 төгрөг, 5 сарын хугацааны зээлийн хүү 8,750,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс алданги тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй хэмжээгээр буюу 21,875,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ бус харин хамтран ажиллах гэрээ байгуулсан, хүлээн авсан 35,000,000 төгрөгийн үлдэгдлийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин зээлийн гэрээг бичгээр хийсэн ч хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилготой, мөн нэхэмжлэгчийн дарамт шахалтанд орсны улмаас гэрээг байгуулсан ба зээлийн гэрээний хүүг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын жишиг хүүгийн хэмжээ болох 2 хувиар тооцон зээлийн хүүд 3,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээг багасгуулах хүсэлт гаргана...гэж тайлбарлан маргаж байна.
4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан хамтарч караоке ажиллуулахаар тохирон тохижуулсан боловч Коронавируст цар тахлын улмаас ажиллах боломжгүй болж, улмаар нэхэмжлэгчийн дарамт шахалтын улмаас мөнгө зээлж аваагүй боловч Зээлийн гэрээ байгуулсан учир Э...., Б.... нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, мөн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б....тай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэх агуулгаар тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...Э....той хамтарч ажиллаагүй, хариуцагч өөрөө караоке ажиллуулах, тохижуулах зорилгоор зээл хүссэний дагуу мөнгө зээлдүүлсэн бөгөөд хариуцагчийг дарамталж гэрээ байгуулсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй, түүнийг дарамтлаагүй тул Зээлийн гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ... гэж тайлбарлан няцааж байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, нэхэмжлэгч Б....гийн банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтуудаар талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч Э....д зээлдүүлэгч Б....гаас 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл зээлдүүлж, 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцон, зээлдэгч зээлийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги хоногийн 0,5 хувиар тооцож зээлдүүлэгчид өгөхөөр тусгасан үйл баримт тогтоогджээ.
7.Талуудын маргааны зүйл нь дээрх Зээлийн гэрээ бодитоор хийгдсэн эсэх, талуудын хооронд зээлийн, эсхүл хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхтэй эсэх, Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх зэргийг өөр өөрийн үндэслэл заан маргаж, харин нэхэмжлэгчээс хариуцагчид 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнийг хариуцагч хүлээн авсан, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хариуцагч хүлээж буй талаар маргаагүй байна.
8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд уг төрлийн гэрээг бичгээр буюу амаар байгуулна.
9.Нэхэмжлэгч Б.... 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр, мөн оны 8 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Э....ын данс руу шилжүүлсэн, үүнийг хариуцагч хүлээн авсан талаар зохигчид маргаагүй боловч уг мөнгийг нэхэмжлэгч зээлдүүлсэн гэж, харин хариуцагч хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө гэж тайлбарлан маргаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд Б....гаас дээрх мөнгийг Э....д шилжүүлэхдээ зээл гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсний зэрэгцээ бичгээр зээлийн гэрээг байгуулахдаа өмнө зээлдүүлсэн мөнгийг нэгтгэн тооцож, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар тооцохоор гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар өмнөх үүргээ өөр үүргээр сольсон буюу тусдаа зээлдүүлсэн мөнгийг нэгтгэн дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
10.Хариуцагчийн зүгээс дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг буюу хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б....гийн дарамт шахалтанд орж байгуулсан учир хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн.
Гэвч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, хамтран ажиллах гэрээг халхавчлах ямар санаа зорилго байсан гэдэг нь тодорхой бус ойлгомжгүй байхын зэрэгцээ хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ үндэслэлийг дурдаагүй, хоорондын өр авлагын маргааны асуудлаас Б....гийн биед халдсан гэх үйл баримтыг дурдсан /хх-21 арын хуудас/ байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн шүүхэд гаргасан Э...., Б.... нар хамтран ажилласан болохыг тогтоолгох, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
11.Хариуцагчаас үндсэн зээл 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг гэрээний дагуу сарын 5 хувийн зээлийн хүүгийн хэмжээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч Э....ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон учир нийтэд илэрхий үйл баримт болох арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 2 хувиар тогтоолгохыг хүсэж, зээлийн хүүд 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтээ баримтаар нотлоогүйн зэрэгцээ арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 2 хувь байхаар нийтэд илэрхий үйл баримт тогтоогдоогүй учир түүний хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Иймд маргаан бүхий зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүг тохирохдоо бичгээр гэрээ байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, хариуцагч гэрээний дагуу зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрт 8,750,000 төгрөг шаардсаныг хангах нь зүйтэй.
12.Хариуцагч Э.... зээлийн төлбөрт 35,000,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү 8,750,000 төгрөг төлөлгүйгээр, шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээнэ.
Хууль болон гэрээнд зааснаар алданги тооцвол алдангийн хэмжээ нийт гүйцэтгээгүй үүрэг 43,750,000 төгрөгөөс хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцон 21,875,000 төгрөгийг зээлийн үлдэгдэлд нэмж, нийт 65,625,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
13.Шүүх Б....гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э....ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 486,075 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 486,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э....ос 65,625,000 /жаран таван сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б....д олгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э...., Б.... нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Э...., Б.... нар хамтран ажилласан болохыг тогтоолгох тухай хариуцагч Э....ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн улсын щ тэмдэгтийн хураамжид төлсөн 486,075 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 486,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА