| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0195/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/214 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, Өмнөговь аймагт уурхайд аж ахуйн ажилтан, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар баг ********** гэх газарт оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны ** дүгээр сарын **-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт **********н ********** /РД:********** /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь *** оны ** дугар сарын **-ний орой 18 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***-**** тоотод гэртээ хохирогч ********* зодож биед нь зүүн чихний дэлбэн, ар хөхлөг хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:.. Тухайн үед миний хром гутал алга болсон байсан. Тэгээд манай хашаагаар нэвт гардаг байсан болохоор та миний гутлыг авсан уу? гэж асуусан. Тэгээд манайд орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би та гар гээд түлхсэн чинь шкафны үзүүрийг зүүн чихээрээ мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 200000 төгрөг төлсөн. Уулзаж уучлалт гуйсан гэв.
Хохирогч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багт айлын найранд орчихоод бага зэрэг архи уучихаад гэр лүүгээ ирсэн. Тэгээд манай гудамжны үзүүрийн өвгөнтэй гадаа юм яриад сууж байсан чинь манай хойд талын хашааны залуу хашаанаасаа гарч ирээд намайг та гэрт байсан хромон гутал хулгай хийлээ гээд байхаар нь ах нь аваагүй гэж хэлээд зогсож байсан чинь манай хүү ирээд тухайн асуудлыг салгаад би гэр лүүгээ орсон. Би **** оны ** дугаар сарын **-ний өдөр би тэр гутлыг чинь аваагүй гэж хэлэх санаатай гэрт нь ортол ********** гэх залуу гэртээ ганцаараа бэлэн гоймон идээд сууж байсан. Тэгээд чи одоо хүнийг тэгж хэллээ. Нэр төрийг минь сэргээж өг гэж хэлсэн чинь бэлэн гоймон идэж байсан сэрээгээрээ миний зүүн талын чих рүү хатгасан. Миний чихнээс цус гараад байхаар нь би гэр лүүгээ ирсэн чинь манай эхнэр, охин хоёр зах орчихоод гэртээ ирээд цагдаад дуудлага өгөөд эмнэлэг ороод зүүн чихэндээ 5 оёдол тавиулсан. ********** миний зүүн талын чих рүү сэрээгээр нэг удаа хатгаснаас болж миний зүүн талын чихний дэлдэн хэсэгт 4 ширхэг нүх гарч шарх үүссэн. Миний зүүн талын чих хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Одоогоор зүүн чих хавдсан бага зэрэг хөндүүртэй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны ** дугаар сарын **-ний өдөр гэртээ байж байхдаа зах орох гээд ээжийн хамт явахдаа өөрийн аав **********г хүүхдүүдээ харуулаад гэртээ үлдээгээд ээжтэй зах орчихоод гэр лүүгээ явж байтал манай охин утсаар залгаад өвөөг хажуу айлын хүн зодчихлоо чихнээс нь цус гараад байна гэж хэлсэн. Намайг гэртээ ирэх үед хашаан дотор манай аавын зүүн чихнээс нь цус гараад цусаа гоожуулаад байж байсан. Цус нь тогтохгүй байхаар нь хажуугийн айл руу нь орсон чинь гэр нь цоожтой байсан. Хамар хашааны хүн болох аавыг зодсон гэх айлд хэлсэн чинь тоохгүй байсан. Цагдаад дуудлага өгөхгүй юу гээд байхаар нь цагдаад дуудлага өгчихөөд эмнэлэг авч явж үзүүлээд чихэнд нь 5 оёдол тавиулсан. Зүүн талын чихнээс нь цус гарсан байсан. Өөр биед нь ил харагдах шарх сорив байгаагүй. Би тэр хүнийг танихгүй хамар хашаанд байдаг учраас харж байсан. Нэрийг нь мэдэхгүй байна. 40 орчим насны намхан туранхай бор залуу байдаг. Манай аав хэлэхдээ баруун талын хашааны айлын хүн сэрээгээр зүүн талын чихийг хатгасан гэж хэлсэн. Манай зүүн талын айлын хашаанд болсон гэсэн. Манай аавыг 2 хоногийн өмнө гэрт байсан гутал авсан гээд айлын хашааны үүдэнд барьж авсан гэж байсан. Аав тэр гутлыг нь аваагүй гэж хэлэхээр гэрт нь орсон гэж байсан. Би гэрт нь хэн хэн байсныг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаартай:... *********н биед зүүн чихний дэлбэн ар хөхлөг хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
Шүүгдэгч *********н хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуудас/,
Хохирогч *********н шүүхэд ирүүлсэн:... Гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,
2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 19-р хуудас/,
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ********** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь **** оны ** дугар сарын **-ний орой 18 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***-**** тоотод гэртээ хохирогч ********* зодож биед нь зүүн чихний дэлбэн, ар хөхлөг хэсэгт шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Иймд шүүгдэгч **********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь **** оны ** дугар сарын **-ний орой 18 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 7 дугаар багийн ***-**** тоотод гэртээ хохирогч ********* зодож биед нь зүүн чихний дэлбэн, ар хөхлөг хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********** нь **** оны ** дугар сарын **-ний орой 18 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***-**** тоотод гэртээ хохирогч ********* зодож биед нь зүүн чихний дэлбэн, ар хөхлөг хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *********н **** оны ** дугаар сарын ***-ны өдөр манай гудамжны үзүүрийн өвгөнтэй гадаа юм яриад сууж байсан чинь манай хойд талын хашааны залуу хашаанаасаа гарч ирээд намайг та гэрт байсан хромон гутал хулгай хийлээ гээд байсан. **** оны ** дугаар сарын **-ний өдөр би тэр гутлыг чинь аваагүй гэж хэлэх санаатай гэрт нь ортол ********** гэх залуу гэртээ ганцаараа бэлэн гоймон идээд сууж байсан. Тэгээд чи одоо хүнийг тэгж хэллээ. Нэр төрийг минь сэргээж өг гэж хэлсэн чинь бэлэн гоймон идэж байсан сэрээгээрээ миний зүүн талын чих рүү хатгасан. Чихэндээ 5 оёдол тавиулсан. ********** миний зүүн талын чих рүү сэрээгээр нэг удаа хатгаснаас болж миний зүүн талын чихний дэлдэн хэсэгт 4 ширхэг нүх гарч шарх үүссэн. Миний зүүн талын чих хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч *********н 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байхдаа зах орох гээд ээжийн хамт явахдаа өөрийн аав **********г хүүхдүүдээ харуулаад гэртээ үлдээгээд ээжтэй зах орчихоод гэр лүүгээ явж байтал манай охин утсаар залгаад өвөөг хажуу айлын хүн зодчихлоо чихнээс нь цус гараад байна гэж хэлсэн. Намайг гэртээ ирэх үед хашаан дотор манай аавын зүүн чихнээс нь цус гараад цусаа гоожуулаад байж байсан. Цус нь тогтохгүй байхаар нь хажуугийн айл руу нь орсон чинь гэр нь цоожтой байсан. Ххамар хашааны хүн болох аавыг зодсон гэх айлд хэлсэн чинь тоохгүй байсан. Цагдаад дуудлага өгөхгүй юу гээд байхаар нь цагдаад дуудлага өгчихөөд эмнэлэг авч явж үзүүлээд чихэнд нь 5 оёдол тавиулсан. Зүүн талын чихнээс нь цус гарсан байсан. Өөр биед нь ил харагдах шарх сорив байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, шүүгдэгч *********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч *********н шүүхэд ирүүлсэн надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 647 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *********н надад гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *********н **** оны ** дугар сарын **-ний орой 18 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***-**** тоотод гэртээ хохирогч ********* зодож биед нь зүүн чихний дэлбэн, ар хөхлөг хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт **********н **********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *********н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч *********н биед зүүн чихний дэлбэн ар хөхлөг хэсэгт шарх гэмтэл учирсан.
Шүүгдэгч ********** нь хохирогч **********-д хохиролд 200000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч **********-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч **********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Өмнөговь аймагт ажил хийдэг, тогтмол цалин хөлс олдог зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн.
Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ********** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *********д мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 200000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********н **********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.**********д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 200000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ