Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэчулуун,

шүүгдэгч Т.Туул, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

хохирогч С.Доржсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тогоохүүгийн Туулд холбогдох эрүүгийн 201626031633 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 16-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 145 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4,  211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тогоохүүгийн Туул /РД:ЧС70051618/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т.Туул нь хохирогч С.Доржсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 16-24 тоот болох өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжний зүүн ар хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Туул: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хохирогч С.Доржсүрэн: 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би архи уусан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө дотор муу бие засахаар гэрээсээ 07 цаг өнгөрч байхад гарсан. Хөрш Алтангэрэлтэй тааралдаад ах нь архи уугаад шартсан байна шар тайлаад өг гэж хэлэхэд  манай гэрт ороод ир гэхээр нь Алтангэрэлийн гэрт орж бид хоёр 1 шил 0.5 грамм архи хувааж уусан. Бид 2  архиа хувааж уучихаад би Туулын гэрт орсон. Тухайн үед би маш их согтсон байсан. Тэгээд Туулын гэрээс гарах гэхэд миний араас Туул хутгалсан. Надад гомдол санал байхгүй. Хавтаст хэрэгт эмчилгээний 474.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Эмчилгээний 474.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч С.Доржсүрэнгийн: “...Би тэр өглөө гэрээсээ 07 цаг өнгөрч байхад гарсан. Би гэрээсээ гараад хөрш буюу Алтангэрэлийнд орсон. Алтангэрэлийн гэрт ороход тэрээр гэртээ ганцаараа байсан. Бид 2 тэдний гэрт 1 шил 0.5-ын архи хувааж уусан. Бид 2 тухайн архиа хувааж уучихаад би Туулынд орсон. Туулынд ороход тэдний гэрт Туул, Энхцэцэг хүүхдийнхээ хамт байсан. Туулынд байж байгаад би гарах гэтэл Туул араас зүүн дал руу хутгалсан. Тэгээд би тэдний гэрт маш их цус алдсан. Намайг яагаад хутгалсныг би мэдэхгүй байна. Би тэднийхээс гарах гэтэл араас дал хэсэг рүү хутгалчихсан юм. Би тэдний гэрт орчихоод удаагүй. Тэдний гэрт архи уусан зүйл байхгүй. Тэгээд Туул намайг хутгалчихаад гэртээ миний цээжийг цагаан өнгийн бентээр ороож өгсөн. Тэгтэл удалгүй манай хүү Дамдиндорж орж ирж намайг авсан. Би Туулынд хутга авч ороогүй. Тухайн хутга нь манай хутга биш юм. Туулынд байхад түүнтэй хутга булаацалдан ноцолдсон асуудал огт болоогүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч О.Пүрэвхүүгийн: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр гэртээ уучихсан орж ирсэн. Тэгээд тэр шөнөдөө манай нөхөр гэртээ хоносон. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед намайг унтаж байхад манай нөхөр гадуур хувцасаа өмсөөд гарсан. Тэр үед манай гэрт манай хүүхдүүд Бүүвэйбаатар, Билэгдэмбэрэл, Отгонжаргал, Дамдиндорж нар байсан. Манай хүүхдүүд Бүүвэйбаатар, Билэгдэмбэрэл нар нь 07 цаг 30 минутын үед хичээлдээ явсан. Гэрт Дамдиндорж, Отгонжаргал 2 унтаад үлдсэн. Би 07 цаг 40 минутын үед ажилдаа гарсан. Намайг ажил дээрээ байж байхад 09 цаг өнгөрч байхад манай бага охин Отгонжаргал манай ажил дээр гүйж ирсэн. Тэрээр надад Туулын авгай хаалга нүдээд “Аавыгаа ав, аав чинь өөрийгөө хутгалсан, хутга нь гуталных нь түрийнд байгаа” гэж хэлсэн байсан. Тэгээд Дамдиндорж ах аавыг гэртээ оруулж ирсэн чинь аав ар далан дээрээ хутгалуулчихсан, цагаан даавуугаар боочихсон тэрнээс нь цус гараад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гэрт иртэл манай нөхрийн ар талд дал хэсгээс цус гараад байсан. Манай нөхрийн ухаан санаа нь эрүүл байсан. Би нөхрөөс юу болсныг асуухад Туул хутгалчихлаа гэж хэлсэн. Тэр үед гэрт Отгонжаргал, Дамдиндорж нар байсан. Тэгэхээр нь би том охин Буяннэмэхийг утсаар дуудан хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгтэл удалгүй манай том охин Буяннэмэх ирж түргэн тусламж дуудсан. Тэр үед манай гэрийн хөлдөөгчин дээр хар иштэй урт цагаан хутга байсан. Би бодохдоо тэр хутгаар манай нөхрийг хутгалж гэж бодсон. ...Манай нөхөр гадуур хувцасаа өмсөөд гарсан. Манай нөхөр хааяа нэг өглөөгүүр гардаг юм. Би нөхрийгөө хаачих гэж байгаа юм гэхэд “бие засъя” гээд гарчихаад орж ирээгүй. Би дараа нь нөхрөөсөө юу болсныг асуухад “би 17 дугаартай айлд буюу Аптангэрэлийнд /хэлгүйгийнд/ орж архи уусан. Тэгээд Туулынд ортол Туул эхнэртэйгээ их согтуу байсан. Намайг тэднийд ороод гарах гэсэн чинь араас хутгалсан, намайг гэрээс нь гаръя гэхэд цээжийг чинь боогоод өгье гэсэн” гэж хэлсэн. ...Манай нөхрийн зүүн далны доороос нь цус гарч байсан. Биеийн байдал нь өөрийн гэсэн ухаантай байсан. ...Туулаас 100 грамм архи байна уу гэсэн чинь байхгүй гэснээ хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч П.Дамдиндоржийн: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой аав гэртээ архи уучихсан орж ирсэн. Тэгээд маргааш өглөө нь унтаж байхад гараад явчихсан байсан. Би 08 цаг өнгөрч сэрэхэд аав гэрээс гараад явчихсан байсан. Гэрт дүү Отгонжаргал бид 2 л байсан өөр хүн байгаагүй. Ээж өглөө ажилдаа явсан байсан. Тэгээд би 09 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд гэрээс гарах гэж байтал хажуу талын айлын эхнэр буюу Туул ахын эхнэр нь гэрт орж ирээд аавыгаа ав, өөрийгөө хутгалсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу талын Туул ахынд ортол Туул ахынд аав согтуу, мөн Туул ах эхнэрийн хамт бүгд согтуу байсан. Туул ахынд ороход Туул ах эхнэрийн хамт “аав чинь өөрийгөө хутгалсан” гээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг согтуудаа согтуурхаж байна гэж бодоод аавыгаа гэрээс нь авч гаран гэрт орж ирээд аавын гадуур хувцсыг нь тайлтал аавын далыг нь 2-3 марлаар боочихсон ар далнаас нь цус гарч байсан. Би дүү Отгонжаргалыг ээжийн ажил руу очоод ээжийг дуудаад ир гээд явуулсан. Тэр хооронд би гэрт аавыг харж байсан. Аавын зүүн гуталных нь түрийнд цагаан өнгийн урт хутга байсан. Би тэр хутгыг нь аавын гуталнаас гарган хөргөгчин дээр тавьсан. Тэгтэл гаднаас ээж орж ирсэн. Би тэр үед ажилтай байсан болохоор  яараад яваад өгсөн. ...Тэр гурав гурвуулаа л согтуу байсан. Намайг ороход гурван талаас тэр гурав юм яриад, хэлж ярьж байгаа нь ойлгогдохгүй байсан. ...Аавын гутлын түрийнд байсан хутгыг хөргөгчин дээр гаргаж тавихад хутганы үзүүр хэсэг нь цус мэт улаан зүйл болсон байсан...”  гэх мэдүүлэг / хх-ийн 34, 132 дугаар хуудас /,

 

Гэрч В.Алтангэрэлийн: “...Би яг тухайн асуудал болох үед хамт байгаагүй. Гэхдээ би байрны оршин суугчдаас Туул нь Доржсүрэнг нь хутгалсан гэж сонссон юм. ...Уг хутга нь манай хутга биш юм. Уг хутгыг өмнө нь харж байгаагүй. Хэний хутга вэ гэдгийг би мэдэхгүй байна. Т.Туул, С.Доржсүрэн нар нь өмнө нь зодолдож байгаагүй байх. Тэр хоёр хоорондоо хэр таарамжтай харьцаатай байдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ Туул, Доржсүрэн нар нь бие биенээ муулаад байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас /

 

Гэрч С.Адийшаагийн: “...2016 оны 11 дүгээр сарын 23- ны өглөө ээлж хүлээж авсны дараа “Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 16-24 тоотод хүн хутгалуулсан байна” гэх дуудлаганд бүрэлдэхүүний хамт очсон. Дуудлагаар Нэхмэлийн 16-24 тоотод очиход гэрт нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Тухайн гэрт ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй. Гэхдээ шалан дээр бүдэг бүдэг цусны дуслууд байсан. Тухайн тоотод байсан хоёр хүнээс юу болсныг асуухад тухайн эрэгтэй Доржсүрэн ах гэртээ байгаа гээд гэрийг нь зааж өгсөн. Хутгалуулсан хүний гэр гэх 18 тоотод ороход хутгалуулсан гэх эрэгтэй орон дээр хэвтэж байсан. Тухайн эрэгтэй орон дээрээ хажуу тийш харж хэвтсэн дээгүүрээ хувцасгүй байсан. Тэр эрэгтэйн зүүн дал орчмоос нь цус гарч байсан. Тухайн гэрт тэр айлын хөргөгчин дээр нь цагаан өнгийн оруулгатай иштэй урт хутга байсан. Тэр үед хутгалуулсан хохирогч Доржсүрэн намайг хутгалсан хутга энэ байна гэж тухайн урт, цагаан оруулгатай хөргөгчин дээр байсан хутгыг зааж өгсөн. Тухайн хутганд үзлэг хийхэд ямар нэгэн цус мэт зүйлээр бохирлогдоогүй цэвэрхэн байсан. Мөн тэр гэрт байсан хүмүүс тухайн хутгыг манай хутга биш байна гэж хэлсэн. Тиймээс тухайн хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан. Хэрэг болсон гэх газар буюу 18-24 тоотод хэргийн газрын үзлэгийг хийсэн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 133 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Туулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Т.Туулын: “...2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө намайг эхнэр, хүүхдийн хамт гэртээ байж байхад өглөө 09 цагийн үед Доржсүрэн нь манай гэрт их хэмжээний согтолттой орж ирсэн. Тэрээр манай гэрт орж ирэхдээ гартаа том цагаан хутга барьчихсан байсан. Тэрээр Доржсүрэн нь “манай хүүхдүүд намайг алах гээд байна” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би Доржсүрэнгийн “гартаа барьсан байсан хутгаа өгчихөө та согтуу байж хутгаар яах гээд байгаа юм” гэхэд гартаа барьсан байсан хутгаа өгөхгүй байсан. Тэгээд би Доржсүрэнгийн хутгыг нь авах гээд түүнтэй гэрт ноцолдсон юм. Би түүнийг ор луу түлхэн баруун гарыг нь ард нь гаргаж байгаад хутгыг нь авах гэтэл өөрөө хутгаа авахгүй байсан. Тэгтэл Доржсүрэн гараа татчихсан. Тэр үед хутга Доржсүрэнгийн нуруу нь зүсэгдсэн. Би Доржсүрэнгийн гарт байсан хутгыг нь авчихаад түүний зүсэгдсэн нуруунд нь уушигны улаан эм түрхэж өгсөн. Доржсүрэн нь хутгаа авъя гээд надаас хутгаа аваад гутлынхаа түрий рүү хийсэн. Тэгээд Доржсүрэн нь өөрөө манай гэрээс алхаж гараад гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 62 дугаар хуудас /

 

 Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-15 дугаар хуудас/,

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

2016 оны 12 дугаар сарын 13-ны Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/,

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хохирлын тооцоо хийсэн баримт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хохирлын тооцоо хийсэн баримт /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16047 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №782 дугаартай дүгнэлт  /хх-ийн 53 дугаар хуудас/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн №1441 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,  

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 65 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/,

-1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-98 дугаар хуудас/,

1995 оны 08 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 305 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

-2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 206 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-105 дугаар/,

-2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 122-123 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Т.Туул нь хохирогч С.Доржсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 16-24 тоот болох өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжний зүүн ар хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

        хохирогч С.Доржсүрэнгийн “...Туулынд байж байгаад би гарах гэтэл Туул араас зүүн дал руу хутгалсан. Тэгээд би тэдний гэрт маш их цус алдсан. Намайг яагаад хутгалсныг би мэдэхгүй байна. Би тэднийхээс гарах гэтэл араас дал хэсэг рүү хутгалчихсан юм. Би тэдний гэрт орчихоод удаагүй. Тэдний гэрт архи уусан зүйл байхгүй. Тэгээд Туул намайг хутгалчихаад гэртээ миний цээжийг цагаан өнгийн бентээр ороож өгсөн.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 28 дугаар хуудас/,

           гэрч О.Пүрэвхүүгийн “...Тэгээд Дамдиндорж ах аавыг гэртээ оруулж ирсэн чинь “аав ар далан дээрээ хутгалуулчихсан, цагаан даавуугаар боочихсон тэрнээс нь цус гараад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гэрт иртэл манай нөхрийн ар талд дал хэсгээс цус гараад байсан. Манай нөхрийн ухаан санаа нь эрүүл байсан. Би нөхрөөс юу болсныг асуухад Туул хутгалчихлаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 32-33 дугаар хуудас/,

          гэрч П.Дамдиндоржийн “...Туул ахынд ороход Туул ах эхнэрийн хамт “аав чинь өөрийгөө хутгалсан” гээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг согтуудаа согтуурхаж байна гэж бодоод аавыгаа гэрээс нь авч гаран гэрт орж ирээд аавын гадуур хувцсыг нь тайлтал аавын далыг нь 2-3 марлаар боочихсон ар далнаас нь цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 34, 132 дугаар хуудас /,

          Шинжээч Б.Ундармаагийн: “...Үхэх аюултай буюу амь насанд аюултай учраас Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дал орчим нь хурц иртэй, хурц үзүүртэй, зүйлээр цохих, дүрэх, хатгах үед үүснэ. Өөртөө уг хатгалтыг үүсгэх боломжгүй юм. С.Доржсүрэнийн биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушигны  дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт, цээжний зүүн хэсгийн арьсан доорх хий хуралдалт бүхий гэмтэл учраас зүүн дал орчим хурц үзүүртэй зүйлээр цохих, хатгах, дүрэх үед л үүснэ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16047 дугаартай  шинжээчийн дүгнэлтэнд:

  1. С.Доржсүрэнгийн биед цээжний зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт, цээжний зүүн хэсгийн арьсан доорх хий хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №782 дугаартай дүгнэлтэнд “шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд зүсэгдэлт гарсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн №1441 дугаартай дүгнэлтэнд “шинжилгээнд ирүүлсэн шоотой ягаан өнгийн срочкон цамц, судалтай хөх өнгийн пиджак, хар өнгийн хантааз дээр цус илэрсэн. Шоотой ягаан өнгийн срочкон цамц, хар өнгийн хантаазан дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 57 дугаар хуудас/  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

          Шүүгдэгч Т.Туулын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Т.Туулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

 

   Шүүгдэгч Т.Туул нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж,  хянан харгалзсан бөгөөд тэнсэж хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгч Т.Туулд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт “Т.Туулд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүний үйлдэлд “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” зүйл байхгүй байна, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Т.Туулыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял хариуцлага хүлээлгэх, ингэхдээ тухай зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү” хэмээн санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх, дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

 

            Хохирол төлбөрийн хувьд

         Шүүгдэгч Т.Туулаас эмчилгээний зардал 474.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Доржсүрэнд олгох нь зүйтэй байна. 

        Хохирогч С.Доржсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Туулыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 103 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.

 

 Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй болно.