| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 129/2024/00587/И |
| Дугаар | 001/хт2026/00175 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 001/хт2026/00175
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 301/ШШ2025/00571 дүгээр шийдвэртэй,
Архангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 211/МА2026/00002 дугаар магадлалтай,
2013.12.28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, Архангай аймгийн ***, Гэгээн өргөө цогцолбор 34 айлын орон сууцны 44 м.кв талбайтай, 106 тоот, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Г, Ц.М, хариуцагч нарын өмгөөлөгч К.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь хариуцагч Г.Х, Д.Б нарт холбогдуулан 2013.12.28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж Архангай аймгийн *** тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 301/ШШ2025/00571 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлтэй, Г.Х, Д.Б нарт холбогдох 2013.12.28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, Архангай аймгийн *** тоот, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,450 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
3. Архангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 211/МА2026/00002 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 301/ШШ2025/00571 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,550 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалттай нийцэхгүй байна.
4.1. Давж заалдах шатны шүүхийн 2026 оны 00002 дугаартай магадлалд “....Г.Х гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний эрх зүйн харилцаанд оролцогчийг тодорхойлохдоо Я.Г Ц.М болон Г.Х нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, харин Д.Б-тэй гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх агуулгаар дүгнэж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг тодорхойлохдоо тухайн гэрээний хүчин хүчин төгөлдөр байдлын талаар хуульд заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг бий болгож байгаа.
Тодруулбал ... хавтаст хэрэгт авагдсан, маргааны үйл баримт болох Я.Г болон Г.Х-тай байгуулсан гэх “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ”-нээс үзвэл гэрээ байгуулагдсан цаг хугацаа нь 2013.12.28-ны өдрийг заадаг. Харин гэрээг нотариатын баталсан цаг хугацаа нь 2014.12.02-ны өдрийн цаг хугацааг заадаг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг гэрээ байгуулах үед зөрчигдсөн. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гэрээ хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагыг тавьдаг бөгөөд гэрээ байгуулах цаг хугацаа буюу 2013.12.28-ны өдөр гэрээг нотариатаар батлуулаагүй болох нь гэрээнээс тодорхой харагддаг. Харин тухайн гэрээг жилийн дараа буюу 2014.12.02-ны өдөр батлуулсан гэдэг нь гэрээгээр нотлогддог. Гэтэл анхан болон давж заалдах шатын шүүх тухайн гэрээ нь байгуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн байдалд огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. 2013 онд байгуулагдсан гэрээ нотариатаар батлагдаагүй нь хуульд заасан үндэслэлийг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл...” нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийг шүүх анхаарч үзээгүй. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.5-д “...Мөн зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ...” гэж тайлбарласан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд талуудын хооронд байгуулсан гэх гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдаагүй, хууль зөрчсөн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас үзэж байна.
4.2. Нэхэмжлэгч Ц.М миний зүгээс “... Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулах үед Г.Х гэх хүн байгаагүй, Г.Х гэх нэрийг би өөрийн гараар бичсэн гэж...” шүүхэд удаа дараа тайлбарладаг. Гэтэл энэ бүх нөхцөл байдалд шүүх үнэлэлт, дүгнэлтийг өгөөгүй. ... Талуудын хооронд байгуулсан гэх гэрээнд Г.Х өөрөө биечлэн гэрээ байгуулах үед гарын үсэг зурсан уу эсхүл нэхэмжлэгч Ц.М би өөрөө Г.Х гэж бичсэн үү, энэ нь хэргийн гол нотлох баримт болох байсан бөгөөд энэ талаар хүсэлтээ илэрхийлээд тайлбарлаад байхад шүүх анхаарч үзэлгүй дээрх хуулийн дагуу гарын үсгийг шинжлүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг бий болгож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “...Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно...” гэж заасан. Нэхэмжлэгч Ц.М миний бие 2025 оны 06 дугаар сард хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тодорхой хүсэлтүүдийг гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч 2025.06.27-ны өдөр 301/Ш32025/01896 дугаартай захирамжийг гаргасан. Уг захирамжийн 7 дахь хэсэгт “...106 тоот орон сууцыг худалдаж авсан төлбөрийг хэзээ, хэрхэн төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах...” талаар хүсэлтийг гаргасан нь дээрх шүүгчийн захирамжаар нотлогддог. Гэтэл хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн авсан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ огт тусгаагүй. Энэ нь хуулиар тогтоосон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг шүүх гаргасан. Тодруулбал шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн хариуцагч талаас хэргийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гол нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргуулахаар хүссэн байхад нотлох баримт гаргуулах хүсэлтийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь ноцтой зөрчил бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимтай нийцэхгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн нотлох баримт нь маргааны эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг орхигдуулж, шийдвэрлээгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч Л.Б-ийн хаяг нь Архангай аймаг *** 2-р баг 34-р байрны 105 тоотод оршин суух гэж тэмдэглэгдсэн. Тодруулбал Д.Б нь анхнаасаа 105 болон 106 тоотыг надтай ярилцаж тохиролцсон, төлбөрийг миний дансаар хийж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх “...Я.Г, Ц.М хариуцагч Д.Б нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэж үйл баримтаас зөрж, нотлох баримтгүйгээр дүгнэсэн. Надтай гэрээ байгуулсан Г.Х нь хэрэв надтай гэрээ байгуулсан бол яагаад тухайн хаягт Г.Х биш Д.Б бүртгэгдэж, 106 тоотод дэлгүүр ажиллуулж байгаа юм бэ. Энэ бодит бус шүүхийн дүгнэлт гэж нэхэмжлэгч талаас үзэж байна.
4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах-худалдан авах гэрээг хууль тогтоогчийн зүгээс хуульчилсан. Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... зааснаар худалдан авагч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх талаар хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй нь нотлох баримтаар тогтоогддог. Харин хариуцагч талаас шүүх хуралдаанд төлбөрийг төлсөн гэж маргадаг болохоос төлбөрийг ямар аргаар хэрхэн төлсөн гэдэг талаар огт тайлбарладаггүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрэв Г.Х-ын гэрээний үүргийг Д.Б биелүүлж байгаа буюу Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа талаар тодруулаагүй. Энэ хоорондоо ямар шалтгаант холбоогоор холбогдсон талаарх нотлох баримтгүй. Г.Х гэх нэрээр гэрээ байгуулсан боловч бодит үйлдлээр Д.Б нь мөнгөн төлбөрийг шилжүүлж байгаа энэ үйлдэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар 2013.12.28-ны өдрийн “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ” нь Л.Б-ийн бодит үйлдлээр хэрэгжиж, тухайн 105 тоотод өөрөө амьдарч, 106 тоотод дэлгүүр ажиллуулж байгаа нь Г.Х-тай нэхэмжлэгч нарыг гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, бодит үйлдлээр Д.Б-тэй оролцсон гэдэг нь нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй. Мөн тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн шаардлага хангагдаагүй ба эрх зүйн үндэслэлтэй байх зарчимтай нийцэхгүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж хүсэлтийг огт шийдвэрлээгүй, гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан эсэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн дээрх анхан шатны шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.06.11-ний өдрийн 001/ШХТ2026/00740 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь хариуцагч Г.Х, Д.Б нарт холбогдуулан “2013.12.28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, Архангай аймгийн ***, Гэгээн өргөө цогцолбор 34 айлын орон сууцны 44 м.кв талбайтай, 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Д.Б нь Архангай аймгийн ***аар ажиллаж байхдаа Архангай аймгийн - дахь орон сууцны “*** тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө 60,720,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авахдаа Г.Х гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авчхаад мөнгийг өгөхгүй хохироож байна. Бидний зүгээс орон сууцны нийт үнэ болох 60,720,000 төгрөгийг удаа дараа шаардсан. ...Тухайн үед хариуцагчийн гуйснаар түүнд итгээд улсын бүртгэлийн газарт хандан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэдэг бичиг өгөөд байрны гэрчилгээг Г.Х-ын нэр дээр гаргуулсан. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Г.Х, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Хариуцагч Г.Х нь 2013.12.28-ны өдөр захиалагч талын төлөөлөгч Ц.М-тэй “Орон сууцны барилгыг захиалгаар барих” гэрээ байгуулан “*** тоот орон сууцыг 60,720,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан тул байрыг буцаан өгөх боломжгүй. ... Түүнчлэн маргааны зүйл болсон уг орон сууцыг нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Х-тай гэрээ байгуулан худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал хариуцагч Л.Б-д хамааралгүй. ...Хэрэгт 105 дугаар байрны үнэ төлөгдсөн үү, эсхүл 106 дугаар байрын үнэ төлөгдсөн үү гэдэг талаар ямар нэгэн баримт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас уг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “... Хэрэгт авагдсан 2013.12.28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнд талууд гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болохоор гэрээний 7.1-д зааж, иргэн Я.Гийг төлөөлж Ц.М, захиалагч Г.Х нар гарын үсэг зурж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ... Гэрээнд заасан төлбөр 60,720,000 төгрөгийг хариуцагч Г.Х төлөөгүй, төлбөр төлсөн талаарх тодорхойлолтыг хариуцагч Л.Б-ийн гуйснаар бичиж өгсөн гэдэг тайлбараа нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй, мөн хариуцагч Г.Х-ын “төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нар нотлох баримтаар няцаагаагүй болно.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадаагүй, хэрэгт цугларсан баримтуудаар ... нэхэмжлэгч Я.Г, Ц.М болон хариуцагч Д.Б нарын хооронд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ...нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан гэж тайлбарласан боловч хариуцагч Г.Х нь гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй.” гэж дүгнэжээ.
11. Хоёр шатны шүүх адил шийдэл гаргасан боловч “... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаагүй, ... худалдах, худалдах худалдан авах гэрээний үнэ төлөөгүй нөхцөл байдлыг анхаараагүй ...” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.
12. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.
12.1. Нэхэмжлэгч талаас 2022.05.07-ны өдөр анхан шатны шүүхэд хэд хэдэн хүсэлт гаргасны дотор “...нэхэмжлэгч Ц.М хариуцагч Д.Б нар захидлаар харилцаж байсан үйл баримтыг нэхэмжлэгч Ц.М-гийн гар утсанд үзлэг хийх байдлаар тогтоолгох...” агуулга бүхий хүсэлт байсныг анхан шатны шүүх “... хүний эмзэг мэдээлэлтэй холбогдсон баримт байх тул нэхэмжлэгч Ц.М-гийн гар утсанд үзлэг хийх шаардлагагүй. ...” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан байна.
Шүүх хүсэлтийн дагуу үзлэг хийгээгүй атлаа уг баримтыг үнэлж “... нэхэмжлэгч нараас гаргасан зурвас нь хуульд заасан арга хэрэгслээр хэрэгт авагдаагүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй ...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.
12.2. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.11, 4.1.12-т зааснаар захидал харилцааны мэдээлэл нь “хүний эмзэг мэдээлэл”, 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хувь хүний нууцад хамаарах боловч мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т зааснаар мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээллийг ашиглаж болох бөгөөд нэхэмжлэгч өөрийнхөө утсанд бусадтай харилцсан захидалд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байгааг анхаараагүй.
13. Зохигч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөгдсөн эсэх тухай маргаж, энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон талаар нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд энэ үйл баримт эргэлзээгүй тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй гэж үзнэ.
Талууд Архангай аймгийн *** дахь “*** байрны 105, 106 гэсэн хоёр орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцсон, хариуцагчийг 105 дугаартай орон сууцны үнийг төлсөн гэж, 106 дугаартайг төлөөгүй гэсэн байх ба зохигч уг төлбөрийн асуудлыг ялгаатай байдлаар тайлбарлаж, зөрүүтэй баримт хэрэгт авагдсан байгааг шүүх тодруулаагүй байна.
14. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудас хэрэгт хавсаргасан шийдвэрт байхгүй, шийдвэр бүрэн эхээрээ авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.
15. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 301/ШШ2025/00571 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 211/МА2026/00002 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Я.Г-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.23-ны өдөр төлсөн 461,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД