| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/04307/и |
| Дугаар | 102/ШШ2022/00458 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2022/00458
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ө аймаг, “Н” сум, 0 дүгээр баг, Цгудамжны 0 тоотод оршин суух РД:УС00000000, Ө овогт Н-н Ц
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, А гудамжны 0 дүгээр байрны подвалд байрлах "Ш" ХХК-д нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч "Ш" ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Н.Ц нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цахим зарын дагуу "Ш" ХХК-д ажилд орсон. Нэг гаралтын цалин 50.000 төгрөг, хоолны мөнгөнд 5.000 төгрөг өгч, 24 цаг гарч, 48 цаг амарна гэж хэлж байсан.
Мөн цалинг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд өгдөг гэж хэлсэн тул би 15-ны өдрийн өмнөх өдөр харуулын дарга руу дансны дугаараа явуулсан чинь цалингийн хэрүүл хийлээ, сар бүрийн 20, дараа сарын 05-ны өдөр цалин өгдөг гэж хэлсэн.
Дараа өдөр нь харуулын дарга цалингийн маргаан хийдэг хүнийг манайх ажиллуулахгүй гэж хэлээд намайг ажлаас халж, 4 гарааны 220.000 төгрөгийг өгсөн. Анх ажилд ороход миний иргэний үнэмлэхийг барьцаалж авсан бөгөөд би ажлаас гарахдаа иргэний үнэмлэхээ авсан.
Хэрэв би зөрчил гаргасан бол миний 4 гарааны 220.000 төгрөгийг "Ш" ХХК өгөхгүй байсан. Би ажилгүй байх хугацаандаа нийт 28 удаагийн гаралт хийх ёстой байсан тул уг хугацааны цалинг гаргуулах, ажилдаа эгүүлэн орох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Намайг ажлаас халахдаа миний цалинг 100 хувь бүтэн өгсөн, би ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй. Олон удаа шүүх хуралдаан хойшилсон нь надаас шалтгаалаагүй.
Би эвлэрэх боломжгүй тул шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлттэй байна, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Ш" ХХК харуул хамгаалалтын албанд Н.Ц 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 4 удаагийн гаралт хийж ажилласан.
Н.Цийг ажлаас халсан шалтгаан цалингийн хэрүүл хийсэн, уг гарч буй объектын хүмүүс ажлын байран дээр унтаж байна гэх гомдол санал ирүүлсэн учраас гарсан гарааны цалинг олгож, ажлаас нь халсан.
2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр н.Б дарга Н.Цт ажлаас халсан тушаалыг танилцуулаагүй буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ерөнхий захирлын надад даалгасан Н.Цийг ажилд эгүүлэн авах тухай тушаалыг би ажлын 5 өдөрт мэдэгдээгүй нь миний буруу байсан. Тэгээд манай захирал надаас Н.Цийг ажилд эгүүлэн авсан талаар мэдэгдсэн үү? гэхэд би мэдэгдээгүй байсан тул захирал миний дэргэд Н.Цтой утсаар яриад таныг ажилд чинь буцаан авъя гэж хэлэхэд Н.Ц шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ, ирвэл өөрсдөө ир, би хаана гэж очих бэ? дээ гэж хэлсэн. Хэрэв тухайн үед утсаар ярихад ажилдаа ирсэн бол ажилгүй байсан хугацааны цалинг олгоход бид татгалзах зүйлгүй байсан.
Гэтэл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэж ажилгүй байсан хугацааны цалингаа нэмэгдүүлж байна. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид, би болон манай захирал удаа дараа ажилд нь эгүүлэн авахаар утсаар мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороонд байрлалтай “Т” объект дээр үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд уг объект 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манай компанитай хамтран ажилласан ба уг хугацаанд байнга бидэнд гомдол гаргасан. Уг газарт нийт 3 хүн ээлжээр ажилласан.
Хоёр нь залуу хүн, нэг нь Н.Ц байсан. 2 залуу нь утсаар оролдоод хаалгаа нээхгүй, хөгшин хүн грашны хаалга онгорхой орхиж унтсан гэх мэт гомдлуудыг удаа дараа гаргасан.
Ажлын дэвтэр дээр н.Б дарга үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн зөрчил дутагдлыг бичдэг. н.Б даргаас Н.Ц ямар зөрчил дутагдал гарсныг асуухад намайг шөнө очиход унтаж байсан энэ талаар би ажлын дэвтэр дээр тэмдэглэсэн гэж хэлсэн.
Иймд би Н.Цийн ажиллаж байсан объект дээр очиж дэвтэр авах гэсэн боловч харуулын өрөөг цэвэрлэсэн, дэвтэр байхгүй болсон байсан. Энэ талаарх баримтыг нотлох баримтаар шүүхэд өгөх гэсэн боловч алга болсон байна. Гэрээг цуцалсан шалтгааныг “Т” СӨХ-ны дарга бидэнд бичгээр гаргаж өгсөн. Н.Цийн гарч байсан объект дээр ээлжээр гарч байсан гурван хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж хулгай орсон, оршин суугчдын гомдол тасардаггүй гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуульд хүнийг ажлаас халахаас хойш 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Бид ажилд нь буцаан авч, цалинд 605.000 төгрөгийг өгөх боломжтой.
Мөн ажлын байрны хариуцлага алдаагүй бол миний цалинг бүтнээр нь өгөхгүй байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Манай удирдлагууд зөрчил гаргасан тохиолдолд цалингийн 5-50 хувийн арга хэмжээ авдаг байсан боловч “Ковид-19” вирусийн хүнд нөхцөлөөс шалтгаалж ажилчдын ар гэр, санхүүгийн байдлаас шалтгаалж арга хэмжээ аваагүй.
Харин ажил дээрээ архи уух, ажлын байрны шаардлага хангаагүй бол ажлаас нь халах харин ажлын байран дээр унтсан шалтгаанаар битгий арга хэмжээ ав, ажилчдыг унтах боломжоор хангаж амраа гэх үүргийг удирдлагуудаас үүрэг болгосон тул бид арга хэмжээ авахгүй, ажилсан хугацааны цалинг нь бүтэн олгосон.
Би 2021 оны 03 дугаар сард ажил орсон бөгөөд уг өдрөөс одоог хүртэл нэг ч удаа зөрчил, дутагдал гаргасан гэж арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн ажилтан болоогүй байсан.
Учир нь:
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр н.Бдарга Н.Цтой уулзаад Хан-Уулийн 0 дүгээр хороонд байрлах объектод ажилдуулахдаа иргэний үнэмлэхийг нь авч, “Хөдөлмөрийн гэрээ” байгуулах гэсэн боловч Н.Ц шаардагдах баримтуудаа авчирч өгөөгүй байдаг.
Дараагийн удаа баримтуудаа авчраарай гэж хэлсэн боловч ажлаас чөлөөлөгдөх хүртлээ баримт авчирч өгөөгүй. Манай компанийн ажилтнаар ажиллаж байсан гэж хэлэхэд хэцүү юм.
Бид хүнийг ажилд авахдаа нас заагаагүй, нэг ч болтугай хүнийг ажлын байртай болгоё, тэтгэврийн настай ажилгүй хүмүүс олон байдаг учир нас харгалзахгүй ажилд авдаг.
Манай байгууллагад 50-60 насны 10-20 гаруй хүн ажилладаг. Харин Н.Цийг ажлын байраар хангаад эвлэрэх санал тавьсан боловч эвлэрэх саналыг хүлээн авахгүй байгаа харамсалтай байна, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ямар ч бичиг баримтыг бүрдүүлэхгүйгээр харуулын ахлах н.Б-ийн танил шугамаар ажилд орсон.
Дараа нь н.Б даргатай цалингийн хэрүүл хийж ажлаас гарсан. Анх Н.Цийг ажилд авахдаа насыг бодоод ажилд авсан боловч уг ажиллаж байсан объектоос өдөр болгон залгаад манай дээр хулгай гараад байна, цас цэвэрлэхгүй байна гэх гомдол маш их ирсэн.
Гэвч бид Н.Цийг бодоод бүтэн цалинг нь олгосон.
Н.Цод ажилд авсан тушаалыг мэдэгдсэн боловч ирж уулзаагүй, мэдэгдээгүй гэж хэлж байна. Энэ хүн хувийн компаниудаас хоног хожоод шүүхэд өгдөг. Ажил хийхгүй байж байгаад цалин авах арга, сэдэлтэй хүн харагдаад байна. Бид хоёр ойролцоо насны тэтгэврийн хөгшид. Залуучууд биднийг дэмжээд тэтгэвэр дээр нь хэдэн цаас нэмэр болго гээд авч байгаа. Түүнээс биднийг тоох байгууллага байхгүй.
Ийм боломжийг өгч байхад эвлэрэхгүй шүүхээр шийдүүлнэ гэж байгааг ойлгохгүй байна.
Санаагаа хэлж байна өдрийн 70.000 төгрөгөөр цалингаа бодуулбал их мөнгө олж авна гэж хэлж байсан сурагтай.
Бид тийм цалин өгдөггүй, авдаггүй. Бидний зүгээс Н.Ц-оос болж маш их хохирол амсаж байна. Хамтарч ажиллаж байсан СӨХ гэрээгээ цуцалсан.
Бидний үеийн хүмүүс социализмийн үеийн хүмүүжилтэй учраас бичиг баримтыг бүрдүүлж өгөх тал дээр маш хариуцлагатай байдаг.
Гэтэл өөрт байгаа баримтаа өгөхгүй байгаа шүү дээ, гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн цахим үнэмлэхний хуулбар, Н.Цийн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй лавлагаа, хамгаалалтад гарсан тэмдэглэл
Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл, “Б” СӨХ-ны 2021 оны 12 дугаар сарын 31-ний 14 дугаартай Албан бичиг, “Хөлсөөр ажиллах гэрээ”, Н.Цийн ажилд орохыг хүсэгчийн анкет, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаартай "Ш" ХХК-ийн ажлаас чөлөөлөх тушаал, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай ажилд эгүүлэн авах тухай тушаал зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Намайг шударга бусаар ажлаас халсан”
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, М.Б нар “ Бид нар ажилд нь эгүүлэн авсан. Тодорхой хугацааны цалин өгөөд ажиллуулж болж байна. Ажлын байдлаас болоод ажилд авах тушаалыг гардуулж өгч чадаагүй, гэхдээ объект дээр ажиллахдаа зөрчил гаргасны улмаас хамтран ажиллаж байсан СӨХ гэрээгээ цуцалсан. Энэ асуудлаар бид тусдаа шүүхэд хандана” гэж татгалзлаа тайлбарлаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Хариуцагч "Ш" ХХК 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Н.Цийг хамгаалагчаар 24 цаг ажиллаад 48 цаг амраах хамгаалагчийн ажилд авч, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 гарааны цалин 220.000 төгрөгийг түүний эзэмшлийн “Хаан” банкны 00000000 дугаартай дансанд шилжүүлсэн талаар зохигчид маргахгүй байна.
Тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгчийг "Ш" ХХК-тай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж байгаа “Т” СӨХ-ны гаргасан гомдлын дагуу ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч байгууллага “нэхэмжлэгч өөрт хамааралтай холбогдох баримтуудыг өгөөгүйн улмаас “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж амжаагүй” гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан иргэнтэй ”Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй ба ажил олгогч хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлээгүйд ажилтан буруугүй бөгөөд хэрвээ ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсан бол тухайн ажилтны эрх зүйн байдал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтантай нэгэн адил байдаг тул нэхэмжлэгчийг “Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу ажилласан байна гэж үзлээ.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “шүүхэд гаргаж өгөх “Хөдөлмөрийн гэрээ” байхгүй байна. Бид ажлаас чөлөөлсөн боловч эргээд нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалаа шүүхэд өгч, нэхэмжлэгчид утсаар мэдэгдэн, хүргүүлж амжаагүй алдаа гаргасан. Харин Н.Ц намайг ажилд авсан гэж хэлээгүй гээд байгааг гайхаж байна. Иймээс ажилд эгүүлэн авах шаардлагыг зөвшөөрч, цалинд олгох мөнгийг бүрэн өгөх боломжгүй” гэх тайлбарыг гарган маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарсан тушаал шийдвэрээ мэдэгдсэн, зөрчил гаргасан үйлдлийг нотлох баримтуудаар үгүйсгэж, няцааж чадахгүй байна.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтанд гэрээг цуцлах мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдээгүй, нэхэмжлэгч ямар зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн олговрыг олгох нь зүйтэй.
Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”, зохигчдын зөвшөөрсөн тайлбараар нэг удаагийн гарааны цалин, хоолны мөнгө нийлээд 55.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тооцоход сард 10 хоног гараанд гарч нийт 28 /хоног/ х 55.000 төгрөг /нэг өдрийн цалин/=1.540.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тушаалыг хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 1.540.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 39.590 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Цийг "Ш" ХХК-ийн хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 1.540.000 төгрөгийг, хариуцагч "Ш" ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Н.Цт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39.590 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
|
|