| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2020/02529 |
| Дугаар | 102/ШШ2022/00532 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/00532
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хорооллын 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:УС00000000, Н овогт Б-н О
Хариуцагч Б дүүрэг, 0 дүгээр хороо, Х гудамж, өөрийн байранд байрлах Э ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 68.151.114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О-н өмгөөлөгч В.Г
Иргэдийн төлөөлөгч Ц.Ш
Цахимаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч Т.А, О.О, С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О, хариуцагч "Э" ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 68.151.114 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Нэхэмжлэгч Б.О 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрөлт хэвийн, эрүүл саруул охин М.Нг төрүүлсэн.
Ийнхүү төрснөөс хойш охин хийлгэх ёстой вакцинаа цаг тухайд нь хийлгэж 4 сар хүртлээ 4 сартай хүүхэд ямар өсөлт, хөгжилтэй байдаг, ямар хариу үйлдэл үзүүлдэг тэр бүхнийг хийдэг хэвийн өсөлт бойжилттой байсан.
Ингээд 2009 оны 05 дугаар сарын эхээр миний охин бусад хүүхдүүдийн адил ханиад хүрч С дүүргийн эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад Э рүү шилжин хэвтэн эмчлүүлсэн.
2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 45 миунтанд тус эмнэлгийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Б.О миний охины баруун эгэмний доорх венийн судсанд сельденгирийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарыг хийхдээ уушгийг хатгаснаар уушгийг гэмтээж, улмаар хяналтгүй орхисноос мөн эмнэлэгт амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмч ажилтай С.О тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байхдаа миний охины баруун эгэмэнд гуурс тавьсныг хяналтгүй орхиж, 8 цагийн дараа үзлэг хийхэд мэс ажилбарын хүндрэл гарч, улмаар тухайн шөнө охины зүрх нийтдээ нэг цаг гаруй хугацаанд зогссоноос болж тархины цусан хангамж байхгүй болж тархины 80 хувь гэмтсэн байсан.
Үүнээс болж М.Н охины тархи хэсэгчлэн үхжиж орчны ямар ч харьцаагүй болсон бөгөөд унтдаггүй, байнгын таталт өгдөг, шээж баах, идэж уух рефлексгүй болж, ямар ч эмчилгээгүй гэсэн хатуу үгийг сонссон.
Энэ үйл явдал болсноос ээж, эх, эгч нарынхаа тусламж дэмжлэгээр амьдарч байна.
Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсны дагуу тэдний гэм буруутай үйлдлийг шалгаад Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шийтгэх тогтоолоор эмч Б.О, С.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож М.Н охинд учирсан гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хандан нэхэмжлэхийг дурдаж шийдвэрлэсэн.
Өнөөдөр М.Н охин 13 нас 1 сартай 158 сантиметр өндөр, 35 килограмм жинтэй, бие нь өсөөд том болоод байгаа ч оюун ухааны хувьд 4 сартай эрүүл байх үеийнхээрээ зогссон хэвээрээ байна.
Мөн М.Н охины одоогийн бодит байдал леннокса-кастогийн хам шинж, тоник постураль таталт, атоник таталт, абсанс уналт, 3 дугаар зэргийн эмгэгтэй гэсэн хүнд оноштой, байнгын таталттай эмчилгээ байхгүй ууж, идэх, баах, шээх бүх л хэрэгцээндээ 100 хувь бусдаас хоёроос гурван хүний тусламж авч, байнгын асаргаанд байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э-с хүүхэд асрагчийн цалин 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний байдлаар нийт 35.100.000 төгрөг, памперсны үнэ 11.260.864 төгрөг, олох ёстой байсан орлого 16.920.000 төгрөг, тусгай хэрэгцээт нэмэлт хоол 527.850 төгрөг, охиныг хүмүүжүүлэх гэж цэцэрлэгт явуулж байсан цэцэрлэгийн нэг сарын төлбөр 200.000 төгрөг, “С” эмнэлгийн шинжилгээний төлбөр 112.400 төгрөг, “А” эмнэлгийн тархины оношилгооны төлбөр 80.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, тэргэнцрийн үнэ 1.950.000 төгрөг, нийт 68.151.114 төгрөгийг нэхэмжилж байна.
Энэ 2 хүний амьдрал маш хэцүү, хүнд байдалтай амьдарч байгаа хэдий ч сэтгэл санааны хохирол юмуу, өөр нэмэгдүүлж хариуцагчаас нэг ч зүйл шаардаагүй. гарсан бодит зардлаа нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэм хор учруулсантай маргахгүй зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд хариуцагчаас маргаж байна.
Нийт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс өмгөөлөгчийн хөлс, олох ёстой орлогыг зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Нэхэмжлэгч нийгмийн даатгал төлсөн баримтыг эрх бүхий байгууллага гаргаж өгсөн мөн өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэлгүй гэж үзэж энэ хоёр мөнгөн дүнг төлөх боломжгүй. Бусад зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй, гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой зүйлийг татгалзаж, дэмжихгүй байна.
Нэгдүгээрт: Хэргийн материалд “Хөлсөөр ажиллах гэрээ” авагдсан. Энэ гэрээг шинжлэн судалсан. Хамгийн сүүлд байгуулсан гэрээ 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б.О, З.П нарын хооронд байгуулагдсан байна.
Энэ гэрээний 3 дугаар зүйлд хөлслөгчийн эрх, үүргийг заасан байгаа бөгөөд хөлслөгчийн эрх үүрэг дотор хөлслөгч хөлсөөр ажиллаж байгаа хүндээ тусалж, охиноо хамтран асарна гэдэг үүрэг байхгүй.
Яагаад үүнийг ярьж байгаа бэ? гэхээр нэхэмжлэгчээс олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн. Олох ёстой байсан орлогыг “би охиноо том болсон учраас хамт асарсан. Тийм учраас би энэ хугацаанд орлого олох боломжгүй байсан” гэдэг.
Хөлслөгчийн хувьд хөлслүүлэгчид хамтран охиноо асрах үүрэг хүлээгээгүй.
Гэрч нарын мэдүүлгээс харахад “ажил хийж байгаагүй” гэж хэлж байсан болохоос биш “надтай хамтарч байнга асардаг “ гэж ярьсан хүн байхгүй.
Хоёрдугаарт: Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2018 оноос хойшхи асуудал яригдаж байгаа. 2018 оноос 2021 оны 11 дүгээр сар хүртэл нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Энэ юу гэсэн үг бэ? гэхээр хууль ёсоор хөдөлмөр эрхлээд, тэндээсээ тохирсон нийгмийн даатгалын шимтгэлийг төрд төлсөн байна гэсэн үг.
Энэ баримт “би ажил хийж чадахгүй байсан юм, орлого олж чадахгүй байсан юм” гэж ярьж бичиж байгааг үгүйсгэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас ч олох ёстой байсан орлогоо, төрөөс ч ажил хийгээд олсон орлогоо авч нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар хуулийн дагуу төлж, үүгээр ажил хийж байсан нь нотлогдож байна.
Хоёр талаас зэрэг авах боломж байхгүй. Үнэхээр ажил хийж байгаагүй, олох ёстой байсан орлогоо алдсан хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт гарч ирэх ёсгүй. Эсвэл аж ахуй нэгжтэй иргэний журмаар гэрээ хийгээд ашиг орлого олж байсан бол тэрүүгээр нотлогдоно. Энэ баримтаар орлого олж байсан, орлогоо алдсан биш, орлого олж байсан нь нотлогдож байна.
Өмнөх шатны буюу 2-3 жилийн өмнө шийдсэн баримтууд, шүүхийн шийдвэр байдаг. Тэр нь туйлын үнэн шийдвэр биш. Эцсийн шийдвэр биш. Тэрийг дагах ёстой ч юм биш.
Хуулийн дагуу шударгаар хэлэлцэх юм бол нэхэмжлэгч Б.О гэдэг хүн үнэхээр орлогоо алдсан хүн үү? орлого байсан хүн үү? гэдэг нь энэ баримтаар тодорхой орлого олж байсан нь нотлогдож байна.
Тэгэхээр олох ёстой байсан орлого 16.920.000 төгрөгийг хууль бусаар нэхэмжилж байна. Энэ бол үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага.
Дараагийн асуудал өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өнөөдөр оролцож байгаа төлөөлөгч бол Б.Отэй “Өмгөөллийн гэрээ” байгуулаагүй баримт энэ хэрэгт байхгүй.
Нотлох баримтаар шинжлэн судлуулсан баримт 3 жилийн хугацаатай олгогдсон “Итгэмжлэл”-ийн үндсэн дээр төлөөлж хөлс аваад, үйлчилгээ үзүүлж байгаа бол өмгөөлөгч биш.
Иймээс олох ёстой байсан орлого дээр өмгөөлөгчийн хөлс 2.000.00 төгрөгийг нэмэхээр 18.920.000 төгрөгийг дээрх нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож өгнө үү, гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ц.Ш шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
Нэгэнт гэм буруутай учраас нэхэмжилсэн мөнгийг төлөх ёстой гэж үзэж байна, гэжээ.
Нэхэмжлэгчээс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч Б.Оээс Т.А олгосон “Итгэмжлэл”, 0000 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар, “Хаан” банкны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Орлогын мэдүүлэг, “Хаан” банкны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Тодорхойлолт”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 407 дугаартай Нийслэлийн Б дүүргийн эрүүгийн шүүхийн Шийтгэх тогтоол, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ0000/00000 дугаартай Шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000/ХТ0000/00000 дугаартай Тогтоол, гэрэл зураг, Хүний их эмч Г.Э-н “Тодорхойлолт”, “А” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Орлогын ордер”, “А” эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Тархины цахилгаан бичлэг, С дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дугаартай “Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай”, Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн шинжээчийн багийн дүгнэлт, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “С” эмнэлгийн эмчилгээний төлбөр төлсөн баримт, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хавсралт 1, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Гэрээний хавсралт, “Хаан”, “Худалдаа хөгжлийн” банкны Мөнгөн шилжүүлгийн баримт, 1 хавтас хэргийн 77-80 хуудас, “Хаан” банкны Мөнгөн шилжүүлэг, 1 хавтас хэргийн 81-86 хуудас, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Иргэдэд үйлчлэх автомат машины Лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт Иргэний үнэмлэхийн лавлагаа, “Хаан” банкны Мөнгөн шилжүүлэг, 1 хавтас хэргийн 89-97 хуудас, “Хаан”, “Төрийн”, “Голомт” банкны шилжүүлгийн баримт, 1 хавтас хэргийн 98-103 хуудас, “Хаан” банкны Мөнгөн шилжүүлэг, 1 хавтас хэргийн 104-107 хуудас, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хавсралт 1, “Хаан” банкны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, “Хаан” банкны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Орлогын мэдүүлэг, Мөнгөн шилжүүлэг, Нэмэлт хоолны баримтууд, 1 хавтас хэргийн 115-135 хуудас, Хүүхдийн живхний баримтууд, 1 хавтас хэргийн 136-176 хуудас, “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”, Хүүхдийн живхний баримтууд, 3 хавтас хэргийн 49-57 хуудас, “Хаан” банкны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Тодорхойлолт, “Хаан” банкны 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Депозит дансны хуулга, “Хаан” банкны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, “Хаан” банкны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”, гэрэл зураг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зарлагын баримт, “Хаан” банкны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Хүүхдийн живхний баримтууд, 3 хавтас хэргийн 105-109 хуудас, Мөнгөн шилжүүлэг, “Хаан” банкны 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, “Хаан” банкны 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хүүхдийн живхний баримтууд, 3 хавтаст хэргийн 113-116 хуудас,
Хариуцагчаас 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хариуцагч "Э"өөс Ч.Д-д олгосон “Итгэмжлэл”, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Э"ийн их эмч Б овогтой О-н цалингаас авсан суутгал, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Э"ийн их эмч ажилтай С овогтой О-ын цалингаас авсан суутгал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 102/ШШ0000/00000 дугаартай Шүүгчийн захирамж, Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаартай “Ажил томилох тухай” Тушаал, Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаартай тушаалын хавсралт, Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0/00 дугаартай “Тушаал”, Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0/0 дугаартай “Тушаал”-ын нэгдүгээр хавсралт, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хариуцагч "Э"өөс Б.Ц-д олгосон “Итгэмжлэл”, Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0/0 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал, Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 000 дугаартай “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүрэм, бүтцийг батлах тухай” Тушаал, Н.Г-н нэрэмжит Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүрэм
Хариуцагчийн хүсэлтээр:
Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 0/0000 дугаартай “Хариу хүргүүлэх тухай”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Албан бичиг, Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0/0000 дугаартай “Хариу хүргүүлэх тухай”, Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 000 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон хавсралтууд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх “Тодорхойлолт”-ыг шүүхэд гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А “М.Н охины тархи хэсэгчлэн үхжиж орчны ямар ч харьцаагүй, унтдаггүй, байнгын таталт өгдөг, хүндрэх, идэж уух рефлексгүй, ямар ч эмчилгээгүй болж, бие нь өсөөд, оюун ухааны хувьд 4 сартай хүүхдийнхэнтэй адил зогссон, леннокса-кастогийн хам шинж, тоник постураль таталт, атоник таталт, абсанс уналт, 3 дугаар зэргийн эмгэгтэй гэсэн хүнд оноштой, бусдын асаргаанд байна” гэх тайлбарыг гарган шаардах эрхээ тодорхойлж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ “хүүхдийн онош, биеийн эрүүл мэндийн байдалтай маргахгүй. Гарсан зардлаас өмгөөлөгчийн хөлс, олох ёстой орлогод нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй. Бусад гарсан зардлыг төлнө” гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгоод Б.О, З.С нарыг тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялыг хэлтрүүлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.
Тиймээс их эмч Б.О, З.С нарын гэм буруутай үйлдлээс М.Нгийн биед хүнд гэмтэл учирч, байнгын асрамжид байх шаардлага болсон нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний 161 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.А, О.О, С.Ч нарын “М.Н тархины хүчилтөрөгчийн дутагдлаас үүссэн, тархины олдмол саажил /ДЦП/, тархины эмгэгшил, 4 мөчдийн чангарсан саа, ойгүйдэл, хэлгүйдэл, уналт таталтын хам шинж бүхий өвчтэй байна. Тархинд эргэшгүй өөрчлөлт гарсан тул эдгэрч хэвийн байдалд орохгүй. Хүүхэд мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор эмийн болон нөхөн сэргээх бүх төрлийн эмчилгээг хийлгэх шаардлагатай ” гэж дүгнэсэн “Шинжээчийн дүгнэлт”, гэрч М.Х, Б.Э, З.П нарын “М.Н өөрөө хоол ундаа идэх чадваргүй, чимээ гаргахад татдаг, байнга асаргаа хэрэгтэй байдаг” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асаргаа, оношлогоонд гарсан зардал төлөхийг зөвшөөрч, өмгөөлөлийн хөлс, олох ёстой орлогод нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрч байгаа зардлуудыг гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзлээ.
Харин зөвшөөрөхгүй маргаж байгаа буюу өмгөөлөлийн хөлс, олох ёстой орлого нийт 18.920.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх дүгнэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;”,
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийгмийн даатгал нь иргэн цаашид "даатгуулагч" гэх болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн” 4 дэх хэсэгт “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг;”, 5 дахь хэсэгт “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг;”
16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”,
17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх;” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн бичгийн баримтаар ажил олгогч “C ” ХХК, ажил олгогчийн код 0000000, даатгуулагч РД:УС0000, Б овогтой О-н 2011-2014 онуудын, ажил олгогч “Б” ХХК, ажил олгогчийн код 000000, 2015-2017 онуудын, ажил олгогч “Мө” ХХК, ажил олгогчийн код 0000000, 2017-2021 оны 11 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг тухайн онуудад ажил эрхэлж байсан байна гэж үзээд мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох…” гэж заасны дагуу нэхэмжлэгч өмгөөлөгч авах эрхтэй боловч хавтас хэрэгт Т.А-тэй, нэхэмжлэгч “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан баримт авагдаагүй мөн энэ эрхээ хэрэгжүүлсэний дагуу гарсан зардалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул олох ёстой орлого, өмгөөллийн хөлс нийт 18.920.000 төгрөгийг хангахаас татгалзаж, хүүхэд асрагчийн ажлын хөлс, хүүхдийн живх, тусгайлан хэрэгцээт нэмэлт хоолны үнэ, цэцэрлэгт нэг сар явуулсан болон шинжилгээ, оношлогооны төлбөр, тэргэнцэрийн үнэ нийт 49.231.114 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгч Ц.Ш-ийн “нэгэнт гэм буруутай учраас нэхэмжилсэн мөнгийг төлөх ёстой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 49.231.114 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 404.016 төгрөгийг гаргуулан, улсын орлогод олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Э"өөс гэм хорын хохиролд 49.231.114 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 18.920.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 404.016 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
М.МӨНХТӨР