Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00564

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороо, “0” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ХД00000000, Х овогт Д-ийн Ө-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Б дүүрэг, 00 дугаар хороо, “0” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ЧМ00000000, Б овогт Б-ийн А

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан

Хариуцагч Б.А-ийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Б.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.    

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

            Миний бие 1995 онд Б.Атай танилцаж, 1996 оноос хамтран амьдарсан. Бид 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, 000 дугаартай гэрчилгээ авсан.

Бидний дундаас 0000 ны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүү А.Л, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин А.Н, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин А.Х нар төрсөн.

Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи их уудаг болсны улмаас байнгын дарамт, хүчирхийлэл дор амьдарч байна.

Бид эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй.

Цаашид миний бие Б.Атай хамт амьдрах боломжгүй учраас бидний гэрлэлтийг цуцалж, охин А.Х-ыг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Мөн миний бие дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна, гэжээ.  

           

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.   

 

            Хэрэгт цугларсан нотлох баримт:

           

            Нэхэмжлэгч цахим иргэний үнэмлэхний хуулбар, 000 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Э” цогцолбор сургуулийн сургалтын менежер Ч.Аюурзанын “Тодорхойлолт, 000000 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар, 000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

Хариуцагч хариу тайлбар, цахим иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:  

      

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Б.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлтийг гаргаж байна.     

 

Хариуцагч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч маргахгүй байна.

 

           Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

             

           Зохигчид 1995 онд танилцаж, Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 0000 ны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүү А.Л, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин А.Н, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин А.Х нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 000 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Э” цогцолбор сургуулийн сургалтын менежер Ч.А-ын “Тодорхойлолт, 0000 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар, 00000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл” зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.         

     

           Иймээс талууд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.  

 

           Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар хүүхдүүд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг талуудад үүсэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг Б.А-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин А.Х-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.       

 

          Нэхэмжлэгчийн хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч маргаагүй, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар охин А.Х-ыг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг дурдах нь зүйтэй байна.

 

           Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй. 

 

Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар “Хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар” тогтоодог болохыг дурдах нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн        

          115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Б-ийн А, Х овогт Д-ийн Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.   

        

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин А.Х-ыг эх Д.Ө-ийн асрамжид үлдээсүгэй.

 

           3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин А.Х-ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Б.А-аас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.      

 

          4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Ааас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 

 

  5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Өт даалгасугай.

 

          6.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

          8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Ундармаад даалгасугай.

       

          9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

          10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

          11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.АРИУНАА