Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2026/00150

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09152 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00488 дугаар магадлалтай,

“М” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдох

2,129,980,500 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын баримт падааныг үйлдэж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах, түрээсийн гэрээний үүргээ биелүүлж, нийт 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 3,571,704,180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ГХОХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 2,129,980,500 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын баримт падааныг үйлдэж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах, түрээсийн гэрээний үүргээ биелүүлж, нийт 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч “М” ГХОХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 3,571,704,180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09152 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан 2024.08.06-ны өдрийн 23/23 дугаартай “Вагон түрээсийн гэрээ”-ний үүргийг хэрэгжүүлж, гэрээний зүйл болох 50 ширхэг тавцант вагоныг нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хариуцагч “Х” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохиролд нийт 3,571,704,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ГХОХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нийт 2,129,980,500 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт, падаан үйлдэж нэхэмжлэгч байгууллагад олгохыг хариуцагч “Х” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “М” ГХОХХК нь нэхэмжлэлээс 100 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,609,320 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,018,080 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3,338,932 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10,878,052 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00488 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09152 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэн, 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан 2,129,980,500 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэж олгох, түрээсийн гэрээний үүрэгт 50 ширхэг тавцант вагоныг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “М” ГХОХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 3,571,704,180 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, “3,4,5,6,7” гэсэн дугаарлалтыг “2,3,4,5,6” гэж дугаарлан, 4 дэх заалтын “...болгож”, гэснийг “болгосугай.” гээд “хариуцагч Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10,878,052 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Магадлалын хянавал хэсгийн 5.2-т “... Энэ хэргийн тохиолдолд “Х” ХХК нь “М” ГХОХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж 50 ширхэг тавцант вагоныг шилжүүлэх харилцаа буюу түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч “С” ХХК нь “У” компанийн өмнө 7,667,884.53 юанийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх үүргийг “Х” ХХК шилжүүлэн авч гүйцэтгэж байгааг “М” ГХОХХК-д үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхгүй.” гэжээ.

“Х” ХХК нь “М” ГХОХХК-ийн өмнө түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боловч хариу төлбөрийг өмнө хэдий нь “У” компаниас “С” ХХК хүлээн авсан гэж үзнэ. Хариуцагчаас нэхэмжлэгчид үзүүлж буй түрээсийн үйлчилгээ нь “С” ХХК-иас “У” компанийн өмнө хүлээх үүргийг хэрэгжүүлж байгаа явдал юм. Нөгөө талаас “Х” ХХК нь “М” ГХОХХК-иас 50 ширхэг тавцант вагоны түрээсийн төлбөрийг хүлээн аваагүй тул нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэсгүй” гэж дүгнэсэн нь зөрчилтэй, ойлгомжгүй, үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайлбал

Давж заалдах шатны шүүх гэрээний үүргийн харилцааг НӨАТ-ын баримт олгох үүрэгтэй хольж хутгасан буюу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа хариуцагч нь нэхэмжлэгчид үйлчилгээ үзүүлээгүй, өөр компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлсэн гэсэн алдаатай, зөрчилтэй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч, түрээслэгч талуудын хооронд шууд эрх, үүргийн харилцаа, үр дагавар үүсдэг байхад давж заалдах шатны шүүх гэрээний талуудын хооронд энэхүү бодитой хэрэгжсэн, шууд харилцааг үгүйсгэж, нэхэмжлэгчийг хариуцагчид түрээсийн үйлчилгээ үзүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.  “С” ХХК, “У” компани, “Х” ХХК-ийн хооронд 2023.08.06-ны өдөр байгуулсан “2020.12.25-ны өдрийн улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээний эрх үүргийг шилжүүлэх тухай гэрээ”-ээр тухайн этгээдүүдийн хооронд үүссэн өр төлбөрийг шилжүүлэх харилцааг зохицуулсан бөгөөд уг гэрээнд “М” ХХК оролцоогүй, НӨАТ-тай холбоотой асуудал тухайн гэрээгээр зохицуулагдаагүй.

Харин тус гэрээний үндсэн дээр “Х” ХХК, “М” ГХОХХК, “У” компанийн хооронд 2023.08.06-ны өдөр 23/23 дугаартай “Вагон түрээсийн гэрээ” болон “Х” ХХК, “М” ГХОХХК-ийн хооронд мөн өдрийн ВАГ/23-01 дугаартай “Вагон түрээсийн гэрээ”-г тус тус байгуулж, НӨАТ-ын харилцааг зохицуулсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх “Ачаа тээвэрлэх гэрээ”, “Өр шилжүүлэх гэрээ”, “Түрээсийн гэрээ” гэсэн хууль зүйн хувьд бие даасан, өөр үр дагавар бүхий гэрээний харилцаануудыг нэгтгэх замаар “түрээсийн гэрээний үйлчилгээг нэхэмжлэгч аваагүй” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал хэрэгт авагдаагүй “С” ХХК нь “У” компанийн нүүрсийг автомашинаар /Өмнөговь аймгаас Говьсүмбэр аймгийн чиглэлд тээвэрлэх зэрэг/ ачаа тээвэрлэх гэрээ /1 дэх гэрээ/ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйгээс талууд тухайн гэрээг дуусгавар болгож, үлдэгдэл өр төлбөрийн тооцоо нийлж, түүнийг “Х” ХХК-д шилжүүлсэн /2 дахь гэрээ/, улмаар “Х” ХХК, “М” ГХОХХК, “У” компани /3 дахь гэрээ/ болон “Х” ХХК, “М” ГХОХХК-ийн хооронд “Вагон түрээсийн гэрээ”-үүд /4 дэх гэрээ/-ийг байгуулж, тэдгээрийн талууд болон төрөл агуулга өөрчлөгдсөн байхад сүүлийн гэрээгээр анхны гэрээний үүргийг хэрэгжүүлж байгаа мэтээр алдаатай, ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

4.2 Түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчээс хүлээн аваагүй тул НӨАТ-ын падааныг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь НӨАТ-ын баримтыг олгох үүрэг нь борлуулалт хийгдсэн тохиолдолд төлбөр төлсөн эсэхээс үл хамааран үүсдэг тул вагон түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүй нь НӨАТ-ын баримт шаардах эрхгүй гэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь 50 ширхэг тавцант вагоны түрээсийн төлбөрийг “У” компаниас болон өөр ямар нэг этгээдээс хүлээн аваагүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр хариуцагч нь хэнд ч НӨАТ-ын баримт гаргах үүрэггүй болж байгаа нь ойлгомжгүй, хууль бус болсон. Хариуцагч нь 50 ширхэг тавцант вагоныг нэхэмжлэгчид шилжүүлж, эзэмшүүлж, ашиглуулж түрээсийн харилцаа бодитойгоор хэрэгжүүлсэн тул тухайн үйлчилгээтэй холбоотой НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд гадаадын компанид тухайн баримтыг өгөх шаардлагагүй юм.

4.3 Магадлалын үндэслэх нь хэсгийн 6.3-т “Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “түрээсийн гэрээний үүрэгт 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах” шаардлага гаргасан боловч 2025.09.22-ны өдөр “100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хэрэгжүүлэх хүсэл зориг байгаа эсэхийг анхаараагүй байна. Талуудын хооронд байгуулсан 23/23 “Вагон түрээсийн гэрээ”-ний түрээсийн зүйл нь 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлэг бөгөөд 50 ширхэг тавцант вагоныг эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгахаар шаардах атал 100 ширхэг чингэлгийг гаргуулахаас татгалзсан нь гэрээнээс бүхэлд нь татгалзах үр дагаварыг үүсгэсэн гэж үзнэ. Учир нь талууд гэрээнд харилцан тохиролцож өөрчлөлт оруулахаас бусад тохиолдолд гэрээний нэг тал гэрээний зарим хэсгийг хэрэгжүүлж, үлдэх хэсгийг хэрэгжүүлэхгүй орхих нь гэрээний заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй. Иймээс нэхэмжлэгч уг үйлдлээрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т “Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.” гэж заасан үр дагаврыг бий болгосон гэж үзнэ” гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь “Вагон түрээсийн гэрээ”-ний зүйл болох 50 тавцант вагон, 100 ширхэг чингэлэг тусдаа бие даасан, салгаж болох хөрөнгүүд бөгөөд 100 ширхэг чингэлэг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзаж, 50 тавцант вагоныг шаардаж байгаа нь тухайн гэрээнээс бүхэлдээ татгалзах хүсэл зоригийн илэрхийлэл огт биш, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн процессийн шинжтэй үйл ажиллагаа байхад түүнийг гэрээний үүрэг зөрчсөн, гэрээнээс бүхэлд нь татгалзсан үйлдэл гэж дүгнэх ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэгчээс 100 ширхэг чингэлэг гаргуулах шаардлагаас татгалзах шалтгаан нь шүүхээс гарах шийдвэр бодитой хэрэгжих боломжгүй буюу тухайн чингэлгүүд нь хариуцагчид биет байдлаар байхгүй БНХАУ-ын Эрээн хотод талбай дээр байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон, уг чингэлгүүдтэй холбоотой эрүүгийн журмаар шалгаж, улмаар иргэний хэргийг бүхэлд нь түдгэлзүүлж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой.

Дээрх байдлаас шалтгаалж нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харилцааг гэрээний татгалзалтай адилтган нэхэмжлэгч “гэрээг бүхэлдээ хэрэгжүүлэх хүсэл зориггүй болсон”, материаллаг эрх зүйн харилцааг бүхэлд нь дуусгавар болгох үр дагавар үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь заалт нь үүрэг гүйцэтгэгчийн зөрчилтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхийн талаарх зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай шууд хамааралгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал талуудын байгуулсан 2023.08.06-ны өдрийн 23/23 дугаартай “Вагон түрээсийн гэрээ”-ний зүйл болох хөрөнгүүд болох 50 ширхэг тавцант вагон нь сарын түрээсийн төлбөр нь 450,000 юань, 100 ширхэг чингэлэг нь сарын түрээсийн төлбөр нь 70,800 юань бөгөөд тэдгээрийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, шилжүүлсэн акт, бодит гүйцэтгэл нь тусдаа, бие даасан хөрөнгүүд болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүрэг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа хуулийн дээрх заалт хэрэгжих үүргийн “нэгдмэл нэг цогц” байдал буюу үүрэг нь нэг зорилготой салшгүй холбоотой, нэг хэсэг нь зөрчигдвөл бүх зорилго алдагдах, үлдсэн хэсэг нь “ашиггүй болох” нөхцлүүд үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох 50 тавцант вагон, 100 ширхэг чингэлэг тусдаа салангид эд хөрөнгүүд бөгөөд 50 тавцант вагоныг дангаар ашиглах боломжтой тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-д заасан үндэслэл хангагдаагүй гэж үзнэ.

4.4 Магадлалын 6.4-т “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ... гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ГХОХХК нь гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон тул хариуцагч “Х” ХХК нь 100 ширхэг чингэлгээ нэхэмжлэгчээс шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн нь ойлгомжгүй, өмнөх дүгнэлттэйгээ зөрчилтэй болжээ.

Тухайлбал давж заалдах шатны шүүх нэг талаас нэхэмжлэгчийн 100 ширхэг чингэлгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг “гэрээнээс бүхэлдээ татгалзсан” гэж дүгнэсэн атлаа нөгөө талаас уг чингэлгүүд нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа гэж үзэн хариуцагчид тэдгээрийг буцаан шаардах эрх үүснэ гэж дүгнэсэн харилцан үгүйсгэсэн, логикийн зөрчилтэй байна. Нэхэмжлэгч 100 чингэлгийг өөртөө байгаа гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаагүй, харин тухайн хөрөнгө нь хариуцагчийн эзэмшилд бодитой байхгүй тул тухайн асуудлыг тодруулсны үндсэн дээр жич шийдвэрлэсэн нь зүйтэй юм.

4.5 Нэхэмжлэгч гэрээнээс бүхэлд нь татгалзсан хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзсэн гэрээг хэрэгжүүлэхийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ажиллагааны явцад тодорхой нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үлдсэн хэсгийг шаардсан хэвээр байхад хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын14-ний өдрийн 001/ШХТ2026/00620 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.  

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч “М” ГХОХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан дараах хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүнд:

​​​​​​​7.1 Вагоны түрээсийн төлбөр 2,129,980,500 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын баримт үйлдэж, нэхэмжлэгчид олгохыг даалгуулах,

​​​​​​​7.2 Түрээсийн гэрээний үүргээ биелүүлж, нийт 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгуулах.

​​​​​​​​​​​​​​8. Нэхэмжлэгч 2023 оны 08 сараас 2024.06.06-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт төлсөн 2,129,980,500 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “НӨАТ” гэх/-ын баримт үйлдэхийг даалгуулах тухай шаардлагын үндэслэлээ  дараах байдлаар тайлбарлаж байна:

  1.  

8.1 БНХАУ-ын "У” компани нь "С” ХХК-д авто машинаар тээвэр хийлгэхээр гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч түүнээс 7,667,884 юаньтай тэнцэх хэмжээний үйлчилгээг хүлээн аваагүй, “С” ХХК үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. “С” ХХК энэ үүргээ хариуцагч “Х” ХХК-д шилжүүлэхээр 2020.12.25-ны өдөр гэрээ байгуулсан ба энэ гэрээг “С” ХХК, "У” компани, “Х” ХХК нар байгуулсан.

​​​​​​​8.2 Хариуцагч “Х” ХХК энэ үүргийг гүйцэтгэх зорилгоор “У” компани болон түүний нэрлэн заасан компани болох нэхэмжлэгч “М” ХХК-тай 2023.08.06-ны өдрийн 23/23 дугаартай “Вагон түрээсийн гэрээ” нэртэй гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр “Х” ХХК нь 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгч “М” ГХОХХК-д түрээслүүлэх, 50 ширхэг тавцант вагоны 1 сарын түрээсийн төлбөрт 450,000 юань, 100 ширхэг чингэлгийн 1 сарын түрээсийн төлбөрт 70,800 юань, нийт 520,800 юанийг төлөх бөгөөд энэ дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтахаар тохиролцсон. Мөн гэрээгээр вагоны түрээсийн төлбөр 450,000 юаныг “У” компанид төлөх 7,667,884 юанийн өрөөс хасаж тооцож байх, гэрээ үндсэн төлбөр буюу 7,667,884 юанийг төлж дуусгах хүртэл хугацаанд хүчинтэй байхаар зохицуулсан.

​​​​​​​8.3 Хариуцагч “Х” ХХК нь 100 ширхэг чингэлгийн түрээсийн төлбөр болох 70,800 юаньд НӨАТ-ын баримтыг шивэн нэхэмжлэгч байгууллагад олгодог. Харин 50 ширхэг вагон түрээсэлж байгаатай холбоотой НӨАТ-ын баримтыг огт олгодоггүй бөгөөд шалтгаанаа ““У” компанид өгнө.” гэдэг.

​​​​​​​8.4 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д “өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах” гэж, 7.2.9-д “үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах” гэж заасан тул гэрээний 6.1-т зааснаар аль алинд нь НӨАТ-ын баримт олгох үүрэгтэй. Хариуцагч нь өр төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан ба төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч байгууллага вагоноо түрээслүүлж байгаа учраас үүнд тохирсон хэмжээний НӨАТ-ын баримтыг үйлдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган НӨАТ-ын падаан үйлдэнэ" гэж заасан.

​​​​​​​8.5 “Х” ХХК нь өөрийн өрийг хаах замаар түрээсийн орлого олж байгаа. Харин нэхэмжлэгч байгууллагын хувьд уг вагоныг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, тээвэр хийж орлого олж байгаа бөгөөд вагон түрээсийн төлбөр нь нэхэмжлэгч байгууллагын хамгийн гол өртөг, зардал болж харагдана. Гэтэл хариуцагч байгууллага НӨАТ-ын баримтыг үйлдэж өгөхгүй байгаагаас шалтгаалан нэхэмжлэгч байгууллага нь их хэмжээний өртгөө нотлох баримт байхгүй болсноор мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан эрхээ эдэлж чадахгүй байна.

9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүргээ биелүүлж, нийт 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагаа дараах үндэслэлээр дэмжиж байна. Үүнд:

9.1 Гэрээ цуцлах талаар анхааруулж, мэдэгдэл өгч байгаагүй. ... чингэлэг түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор шилжүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч 2024 оны 04, 05, 06 дугаар сарын төлбөрийг төлөөгүй нь гэрээний 7.1, 9.2.3-д заасан гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болсон гэж хариуцагч үзсэн. Гэрээ цуцлах үндэслэлийн талаар нэхэмжлэгч байгууллагатай өмнө нь ярилцаж зөвшилцөөгүй, ... 3 сарын төлбөр төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй.

​​​​​​​9.2 Гэрээг цуцлахаас өмнө “200,000,000 төгрөг төлбөл НӨАТ-ын баримтыг шивж өгье” гэсэн шаардлага тавьж байсан боловч сүүлдээ 300,000,000 төгрөг болж нэмэгдсэн. Энэ мэт байдлаар асуудал сунжирсан учраас нэхэмжлэгч байгууллага чингэлгийн түрээсийн 5 дугаар сарын төлбөрийг хойшлуулсан.

​​​​​​​9.3 “Х” ХХК-иас 2024.06.04-ний өдөр гэрээгээ цуцалж, вагон чингэлгийг буцаан татах тухай албан бичгийг ирүүлсэн нь үндэслэлгүй. 2024.06.05-ны өдөр төлбөр төлөх хугацаатай байхад тухайн хугацаанаас 1 өдрийн өмнө гэрээг цуцалсан. Мөн 04 дүгээр сарын төлбөр төлөгдсөн байхад төлөөгүй гэсэн нь худал.

​​​​​​​9.4 ... ачаа тээвэрлүүлж байгаа этгээдүүд төлбөрөө цаг тухайд нь төлөхгүй байх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулж төлөх тохиолдол байсан ... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан нэмэлт хугацаа тогтоогоогүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225 4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн, 225.4.2-т энэ хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал талууд гэрээнээс татгалзаж болохгүй талаар тодорхой заасан.

​​​​​​​9.5 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд 318.5-д зааснаар энэ түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-д “хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд 3 сарын турш хөлсөө төлөөгүй гэх зөрчил гаргаагүй, 3 сарын хугацаанаас өмнө мэдэгдэл өгөөгүй.

​​​​​​​9.6 Гэрээний 5.1-д “энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж вагоныг түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн үндсэн гэрээний төлбөр төлж дуусах хүртэл хугацаанд хүчинтэй байна” гэж заасан. Гэтэл үндсэн гэрээний төлбөр төлөгдөж дуусаагүй. Үндсэн гэрээний төлбөрөөс 4,500,000 юань төлсөн бөгөөд үүнийг хасаж тооцвол 3,167,884 юань төлөгдөөгүй. Хариуцагчийн тус үйлдлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

​​​​​​​9.7 Иргэний хуулийн 9.4.2, 225.1, 225.4.1, 225.4.2, 318.5, 288.2.3, 294.3 дахь заалтууд болон 23/23 тоот түрээсийн гэрээний 7.2.1, 7.2.5-д тус тус заасны дагуу “Х” ХХК түрээсийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй гэжээ.

10. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад 100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах гэсэн шаардлагаасаа татгалзсан байна.

11. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан:

​​​​​​​11.1 НӨАТ-ын падаан шивж олгуулах шаардлагын хувьд “С" ХХК-ийн “У” компанид төлөх нийт 7,667,884 юанийн төлбөрийг “Х” ХХК нь шилжүүлж авсан. Тус гэрээний 2.1-д ... 7,667,884 юанийн төлбөрийг өөрийн 50 ширхэг вагоныг түрээслүүлж төлөх, 2.2-т ... сар бүрийн түрээсийн төлбөрийг үндсэн өрөөс хасаж тооцохоор, мөн “У” компанитай гэрээ байгуулахаар, 2.3-д “У” компанийн нэрлэсэн компанитай гэрээ байгуулахаар тохирсон.

11.2 Тус тохиролцооны үндсэн дээр гэрээний үүргийг биелүүлэх үүднээс 2023.08.06-ны өдрийн 23/23 дугаар гэрээ байгуулсан. Тухайн эрх шилжүүлэх гэрээ нь үндсэн гэрээ гэдгийг тодорхой заасан. Тус гэрээнд “У" компани түрээсийн төлбөрийг төлөх буюу 70,800 юанийг сар бүрийн 05-ны өдөр шилжүүлнэ, Вагон түрээсийн гэрээний 450,000 юанийг сар бүр хасалт хийнэ, сар бүрийн 05-ны өдөр актаар хасалт хийсэн төлбөрөө баталгаажуулна гэж зохицуулсан. ... Хэдэн төгрөг хасагдаж байгаа нь ойлгомжгүй, тодорхой биш байсан бөгөөд үүнийг баталгаажуулаагүй учраас хасах эсэх нь ойлгомжгүй байсан. Хариуцагч байгууллагын зүгээс төлбөрөө баталгаажуулах талаар нэхэмжлэгч талтай уулзахад НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгч байгууллагад шивж өгсөн тохиолдолд баталгаажуулах талаар ярьсан учраас тохиролцолд хүрээгүй өнөөдрийг хүрсэн.

11.3 Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. “У" компани нь тухайн гэрээний төлбөр төлөгч болохыг заасан. Харин нэхэмжлэгч нь вагоныг ашиглаж байгаа компани ... төлбөрийн харилцаа нэхэмжлэгчтэй үүсээгүй учраас НӨАТ-ын төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид олгохгүй ... төлбөр нь “У” ХХК-иас манайд орсон. Нэхэмжлэгч НӨАТ-ын падаан авах бол нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид НӨАТ-ын падааныг шивбэл өр төлбөр төлсөн байдал нотлогдохгүй.

​​​​​​​11.4 Хариуцагчаас “У” ХХК-д тухайн үед нь НӨАТ-ын баримт олгож байсан боловч нэхэмжлэгч талаас маргаан үүсгэсэн ... хариуцагч ямар ч тохиолдолд НӨАТ-ын баримт шивэх үүргээ биелүүлэх бөгөөд эхний удаагийн төлөлтүүдэд баримт шивж байсан талаар тайлбарласан. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа, гадаад улсын компанид НӨАТ-ын баримт шивэхээр тухайн баримт байхгүй болдог гэх тайлбар нь үндэслэлгүй. ... Вагон түрээсийн гэрээний гол зорилго нь “У” компанид өр төлбөрөө төлөх зорилготой байгуулсан болохоос нэхэмжлэгчид түрээсэлсэн төлбөрөөс “У” компанийн төлбөрийг хасах талаар зохицуулалт байхгүй.

​​​​​​​11.5 Төмөр замын тухай хууль, Төмөр замаар ачаа тээвэрлэх журамд зааснаар хариуцагч вагоноо БНХАУ-д бүртгэлтэй “У” компанид түрээслүүлж өр, төлбөрийг суутгуулах гэхээр гадаад улсын хуулийн этгээд учраас уг вагоныг гадаад улсын хуулийн этгээдэд түрээслэх тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт тээвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хариуцагч нь нэхэмжлэгчийг сонгон авч гэрээ байгуулж, түрээсийн нөхцөлийг компаниар дамжуулан хэрэгжүүлэх болсон нь албан бичгээр тодорхой байна.

​​​​​​​11.6 Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж 2024.01.29-ний өдөр 24/6 дугаар албан бичгээр хүргүүлсэн, шаардлагыг удаа дараа тавьсан боловч зөрчлөө арилгаагүй тул вагон түрээсийн гэрээний 7.1.9, 9.2, 9.2.3-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар 2024.06.04-ний өдөр цуцалсан. Ингэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2.1, 9.3-д заасныг үндэслэж тус шийдвэрийг гаргасан. Учир нь нэхэмжлэгч болон “У” компаниас чингэлгийн мөнгийг сар бүрийн 05-ны өдрийн дотор хариуцагч байгууллагад төлөхөөр зохицуулсан. Харин вагоны түрээсийн төлбөр 450,000 юанийг сар бүр баталгаажуулах, хасаж тооцох төлбөрийн тухайд тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөрөө баталгаажуулах, түрээсийн төлбөрөө сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид 2024.06.04-ний өдөр хүргүүлсэн боловч төлбөрөө төлөхгүй, төлөх хугацааг удаа дараа хойшлуулж байсан.

​​​​​​​11.7 Нэхэмжлэгч тал төлбөрөө хугацаа хожимдуулж төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ үндсэн төлбөртэй харьцуулахад бага хэмжээний мөнгө учраас гэрээний ялимгүй зөрчил байсан гэх тайлбар гаргаж байна. ... түрээсийн төлбөрөө төлөх талаар нэхэмжлэгчид удаа дараа хандаж байсан боловч вагон түрээсийн төлбөрөө хасах тооцоог хийж өгөөгүй. Энэ нь гэрээний ноцтой зөрчил юм.

​​​​​​​11.8 Хариуцагч анх 2024 онд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл өгсөн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024.06.17-ны өдөр вагон, чингэлгийг өгөхийг шаардсан. Тухайн үед 2024 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийг хоцроосон ба 05, 06 дугаар сарын төлбөрийг төлөөгүй бөгөөд нийт 3 сарын төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй... Хариуцагчид вагон, чингэлгийг хүлээлгэж өгөх талаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүний дараа вагоныг дахин ачилтад оруулсан буюу нэгэнт гэрээ цуцлагдсан байхад вагоныг ашигласан учраас хариуцагч өөрийн өмчлөл, эзэмшлийн вагоныг татаж авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч байгууллагад чингэлгийг хүлээлгэж өгөөгүй. Чингэлэг, вагоныг гэрээний дагуу актаар хүлээлгэж өгөх ёстой байхад өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. Нэгэнт гэрээ цуцлагдсан учраас вагоныг нэхэмжлэгч талд буцааж өгөх боломжгүй.

​​​​​​​11.9 ...50 ширхэг тавцант вагоныг гэрээний дагуу буцааж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй. ... “У” компани болон хариуцагч нарын хооронд вагон түрээсийн харилцаа, өр төлбөр суутган тооцохтой холбоотой харилцаа үүссэн нь нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй. “Х” ХХК-иас “У” компани нь 2024 оны 18 тоот албан бичигт “вагон түрээсийн гэрээг үндсэн төлбөрийг төлж дуустал хэрэгжүүлэх, эсхүл үндсэн төлбөрийг манай компанид төлөхийг шаардаж байна” гээд өр, төлбөрийг шаарддаг. Гэтэл уг компанийн нэрийн өмнөөс вагон шилжүүлэхийг шаардаж байна. Вагон түрээсийн гэрээ нэхэмжлэгчтэй үүсээгүй. Нэхэмжлэгч нэг ч төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй байхад нэхэмжлэгч биш этгээд вагон түрээсийн гэрээний нөгөө тал мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

​​​​​​​11.10 Нэхэмжлэгч чингэлэг түрээслэх хамтын үйл ажиллагаанд хамтарч ажиллана гэснийг болон төлбөр шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй үйл баримтыг уг албан бичиг нотлох ач холбогдолтой. Тус үйл баримт нь гэрээний зорилгоор тодорхойлогдоно. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар “У” компани шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй.

​​​​​​​11.11 Үл ялих шалтгаанаар гэрээ цуцалсан нь үндэслэлгүй гэх тайлбар гаргасан нь иргэний эрх зүйн харилцаанд байхгүй. Ийнхүү гэрээний 9.1-д зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу гэрээг цуцалж, холбогдох журмаа хуулийн дагуу хэрэгжүүлж гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

12. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч “М” ГХОХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 3,571,704,180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

​​​​​​​12.1 Вагон түрээсийн гэрээний 5.2-т гэрээний үүрэгт зөрчил үүссэн нөхцөлд вагон эзэмшигч нь вагоныг үл маргах журмаар буцаан авах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь вагон түрээсийн гэрээг цуцалснаас хойш өөрийн эзэмшлийн 50 ширхэг тавцант вагоныг 2024.07.05-ны өдөр хүлээж авсан. Харин чингэлгийг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй.

​​​​​​​12.2 Уг 100 ширхэг чингэлгийг хариуцагч 2023.07.08-ны өдөр чингэлэг худалдах, худалдан авах гэрээний дагуу БНХАУ-ын “Э" компаниас нэг бүрийн үнэ 36,000 юань, нийт 3,600,000 юанийн үнээр зээлээр худалдаж авсан. Гэрээний дагуу 260,000 юанийг төлж, үлдэгдэл 3,240,000 юанийг одоог хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч нь “Э” компанид төлөх 3,240,000 юань буюу 1,817,244,000 төгрөг, алданги 1,620,000 юань буюу 817,759,800 төгрөг, нийт 4,860,000 юанийн төлбөр төлөх үүрэгтэй болсон. Гэрээг цуцалснаас хойш чингэлгийг буцаан хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэж нэхэмжилсэн.

​​​​​​​12.3 Мөн тухайн вагон чингэлгүүдийг “Т” ХХК-д түрээслүүлэхээр 2024.06.10-ны өдөр гэрээ байгуулсан ба гэрээнд чингэлгийн сар бүрийн түрээсийн төлбөр 40,000,000 төгрөг, вагоны түрээсийн төлбөр 200,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид 100 ширхэг чингэлгийг буцаан хүлээлгэж өгөөгүйгээс “Т” ХХК-д чингэлгийг сар бүр 40,000,000 төгрөгөөр түрээслүүлж орлого олох байсан боловч уг орлогыг олох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул хохиролд 612,000,000 төгрөг нэхэмжилсэн.

​​​​​​​12.4 Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөрийн үлдэгдэл 324,700,380 төгрөг нэхэмжилсэн.

​​​​​​​12.5 Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2,227.3, 227.5, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, вагон түрээсийн гэрээний 3.3, 6.2, 7.1.2, 7.1.3, 7.2.3, 8.1, 8.3, 8.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс вагон түрээсийн гэрээний үүрэг зөрчсөн, гэрээг цуцалсны улмаас учруулсан хохирол нийт 3,571,704,180 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж тайлбарласан.

13. Нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзсан байх ба татгалзсан үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

​​​​​​​13.1 Нэхэмжлэгч нь БНХАУ-ын "Э” компанитай байгуулсан чингэлэг худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш учир вагон, чингэлэг худалдаж авсан төлбөр, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

​​​​​​​13.2 Хариуцагч тайлбартаа дурдсан хохирол учирсан гэх нөхцөл байдал нь 23/23 дугаартай вагон түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн. ... гэрээг цуцалсны дараа өөрт байхгүй чингэлгийг бусад этгээдэд шилжүүлэхээр гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. “Х” ХХК нь чингэлгийг тээвэрлэх 50 ширхэг вагоныг татан авсан, талбайн төлбөрийг төлж чингэлгээ аваагүйгээс бусдад шилжүүлж чадаагүй үйлдэлдээ нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

​​​​​​​13.3 Хариуцагч нь хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсийг хохиролд тооцож шаардсан нь үндэслэлгүй. Аливаа хохирол бодитой байх ёстой бөгөөд буруутай этгээдийн үйлдэл үр дагавар нь шалтгаант холбоотой байх учиртай. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд байгуулсан 2024.08.06-ны өдрийн 23/23 дугаартай “Вагон түрээсийн гэрээ”-ний үүргийг хэрэгжүүлж, гэрээний зүйл болох 50 ширхэг тавцант вагоныг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх болон НӨАТ-ын төлбөрийн баримт, падаан үйлдэж нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж, чингэлэгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ:

​​​​​​​14.1 Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК нь “У” компанид 7,667,884.53 юань төлөх “С” ХХК-ийн үүргийг шилжүүлэн авсан.

​​​​​​​14.2 Нэхэмжлэгч “М” ГХОХХК, хариуцагч “Х” ХХК болон "У” компанийн хооронд 2023.08.06-ны өдөр байгуулсан Вагон түрээсийн гэрээ, мөн нэхэмжлэгч “М” ГХОХХК болон хариуцагч “Х” ХХК нарын хооронд байгуулсан Вагон түрээсийн гэрээний дагуу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

​​​​​​​14.3 Талуудын хооронд байгуулагдсан Вагон түрээслэх гэрээнд зааснаас үзэхэд нэхэмжлэгч “М” ГХОХХК, “У” компани нь гэрээний дагуу эрх шилжүүлэх үүргийн хувьд хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзнэ. Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид хоорондоо хэрэгжүүлэх эрх, үүргээ хуваарилаагүй, энэ талаар гэрээнд зааж тохиролцоогүй тул Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.2, 241.7-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг адил шаардах эрхтэй тул “Вагон түрээсийн гэрээ”-ний дагуу үүргийг гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь хариуцагчаас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

​​​​​​​14.4 Талуудын байгуулсан вагон түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг ашиглан орлого олж, харин хариуцагч нь түрээсийн төлбөрт тооцон өөрийн өр төлбөрийг эд хөрөнгө ашиглуулах хэлбэрээр барагдуулсан байна. Иймд уг үйл ажиллагаа нь НӨАТ-т ногдох орлогод хамаарна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1-д зааснаар бараа түрээслүүлэх үйлчилгээ нь борлуулалтад хамаарна. Иймд хариуцагч нь өөрийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг түрээслүүлж, 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 4,500,000 юань буюу Монгол банкны ханшаар тооцсон 2,129,980,500 төгрөгийн борлуулалтын орлого олсон гэж үзнэ. НӨАТтХ-ийн 14.3, ТЕХ-ийн 28.5, 29.1.1-д зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 2,129,980,500 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох НӨАТ-ын төлбөрийн баримт олгох үүрэгтэй байна.

​​​​​​​14.5 Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т зааснаар хариуцагчаас гэрээг цуцлах талаар 3 сарын өмнө мэдэгдсэн талаар баримтгүй. Хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээллүүдээр нэхэмжлэгч нь 100 ширхэг чингэлгийн түрээсийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлж төлсөн боловч хариуцагчийн 2024.06.04-ний өдрийн мэдэгдэлд дурдсанчлан 2024 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл тогтоогдоогүй. Харин 05 дугаар сарын төлбөрийг төлөөгүй, 06 дугаар сарын төлбөрийг төлөх хугацаа болоогүй байсан талаарх үйл баримт тогтоогдож байна.

​​​​​​​14.6 Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл тогтоогдоогүй, үндсэн төлбөрийг төлж дуусаагүй, гэрээг цуцлах журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас гэрээг бүхэлд нь цуцалсан нь үндэслэлгүй.

​​​​​​​14.7 Вагон түрээсийн гэрээнүүд байгуулагдахаас өмнө 2023.07.08-ны өдрийн “Чингэлэг худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан өөрийн өмчлөлийн 100 ширхэг чингэлгийн үнийг болон бусдын өмнө худалдах, худалдах авах гэрээний үүрэг, түүнийг зөрчсөний хариуцлага болох алдангийг хохиролд тооцон шаардах үндэслэлгүй. Талуудын байгуулсан гэрээнүүдийг нэг талын санаачилгаар цуцалсан нь түрээсийн гэрээнд заасан үндэслэл бүхий нөхцөл байдал үүсээгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 288 дугаар зүйлийн 288.3-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл тогтоогдоогүй, гэрээг цуцлах үндэслэлгүй байх тул 612,000,000 төгрөгийг шаардах үндэслэлгүй.” гэж дүгнэсэн. 

15. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд дараах үндэслэлийг дурджээ:

​​​​​​​15.1 Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч “Х” ХХК нь “М” ГХОХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж 50 ширхэг тавцант вагоныг шилжүүлэх харилцаа буюу түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч “С" ХХК нь “У” компанийн өмнө 7,667,884.53 юанийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх үүргийг “Х” ХХК шилжүүлэн авч гүйцэтгэж байгааг “М” ГХОХХК-д үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхгүй.

​​​​​​​15.2 Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боловч хариу төлбөрийг өмнө хэдий нь “У” компаниас “С” ХХК хүлээн авсан гэж үзнэ. Хариуцагчаас нэхэмжлэгчид үзүүлж буй түрээсийн үйлчилгээ нь “С” ХХК-иас “У” компанийн өмнө хүлээх үүргийг хэрэгжүүлж байгаа үйлдэл. Иймд “Х” ХХК нь “М” ГХОХХК-иас 50 ширхэг тавцант вагоны түрээсийн төлбөрийг хүлээн аваагүй тул нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэсгүй.

​​​​​​​15.3 Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийг талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хөлс төлөх үүргээ зөрчөөгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар дамжин мөн хуулийн 288.2.3-т зааснаар хариуцагч гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийг түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хэмжээний үүргийн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

​​​​​​​15.4 Нэхэмжлэгч нь 2025.09.22-ны өдөр 100 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хэрэгжүүлэх хүсэл зориг байгаа эсэхийг анхаараагүй байна. Талуудын хооронд байгуулсан Вагон түрээсийн гэрээ-ний түрээсийн зүйл нь 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлэг бөгөөд 50 ширхэг тавцант вагоныг эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгахаар шаардах атал 100 ширхэг чингэлгийг гаргуулахаас татгалзсан нь гэрээнээс бүхэлд нь татгалзсан үр дагаврыг үүсгэсэн гэж үзнэ. Талууд гэрээнд харилцан тохиролцож өөрчлөлт оруулахаас бусад тохиолдолд гэрээний нэг тал гэрээний зарим хэсгийг хэрэгжүүлж, үлдэх хэсгийг хэрэгжүүлэхгүй орхих нь гэрээ заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй. Иймээс нэхэмжлэгч уг үйлдлээрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т заасан үр дагаврыг бий болгосон гэж үзнэ. Уг үндэслэлээр түрээсийн гэрээний үүрэгт 50 ширхэг тавцант вагоныг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах шаардлага хангагдах үндэслэлгүй.

​​​​​​​15.5 Нэхэмжлэгч “М” ГХОХХК нь гэрээний үүрэг зөрчөөгүй тул хариуцагч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.

16. Анхан болон давж заалдах шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хийсэн зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлсон дүгнэлт, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан эсэх асуудлаарх хууль хэрэглээ зөрүүтэй байх ба энэ нь  хэргийн шийдэлд нөлөөлсөн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүллээ.

17. Хоёр шатны шүүх зохигчийн маргааны зүйлийг зөв тодорхойлжээ. Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгохтой холбоотой үүргээ биелүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн хүрээнд БНХАУ-ын хуулийн этгээд “У” компанийн Монгол Улсын хуулийн этгээд “С” ХХК-иас 7,667,884.53 юанийн өр төлбөр шаардах болон бусад дагалдах шаардах эрх нэхэмжлэгч “М” ГХОХХК-д шилжиж ирсэн эсэх асуудал голлох маргааны зүйл болсон байна.

Энэ асуудлаар дүгнэлт өгөхийн тулд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүнд оролцож буй этгээдийн эрх, үүргийг зөв тодорхойлох, шаардах эрх шилжсэн эсэхийг тогтоох нь зүйтэй.

Анхан шатны шүүх өр төлбөр шаардах эрх шилжсэн эсэх талаар дүгнээгүй, харин үүрэгт олон этгээд оролцох эрх зүйн харилцаа үүссэн буюу түрээсийн гэрээний үүргийн нэг талд “У” компани, “М” ГХОХХК хамтран оролцсон нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заасан харилцаа гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх үндсэн эрх зүйн харилцаа “У” компани болон “С” ХХК-ийн хооронд үүссэн тул “Х” ХХК-иас “М” ГХОХХК түрээсийн үйлчилгээ хүлээн авсан гэж үзэхгүй гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасныг хангах үндэслэлтэй. Учир нь давж заалдах шатны шүүх “У” компани болон “С” ХХК-ийн хооронд үндсэн харилцаа үүссэн гэж үзэхдээ “Х” ХХК-иас “М” ГХОХХК-ийн хооронд бодитой өрнөсөн эрх зүйн харилцааг хэрхэн тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байх ба энэ нь хуулийн этгээд эрх зүйн харилцаанд бие даан оролцох, үүнээс үүдэн бий болох хариуцлагаа өөрөө хүлээх зарчмыг анхааралгүй өнгөрсөн гэж үзнэ

Ийнхүү бие даасан хуулийн этгээдийн хооронд бодит харилцаа үүссэн, өрнөсөн нөхцөл байдалд эрх зүйн тодорхойлолт өгөөгүй нь тухайн харилцаанаас үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр байна.

18. “У” компани “С” ХХК-аас авах 7,667,884.53 юанийн авлага шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн нэрлэн заасан этгээдэд үйлчилгээ үзүүлэхийг “С” ХХК-д зөвшөөрсөн байх ба “С” ХХК энэ нөхцлийг хүлээн авсан нь хуулиар зөвшөөрөгдсөн механизм болно. Улмаар дээрх тохиролцооны хүрээнд “С” ХХК, эсхүл түүнээс энэ үүргийг шилжүүлэн авсан этгээд / “Х” ХХК/-ээс түрээсийн үйлчилгээ хүлээн авах эрхийг “М” ГХОХХК эдлэсэн байна. Тус компани энэ эрхийг олж авсныхаа төлөө “У” компанийн өмнө тухайлсан тохиролцоо хийсэн эсэх нь тэдгээрийн хоорондын арилжааны харилцаа болно. Хэрэгт авагдсан материалын хүрээнд “У” компани болон “М” ГХОХХК нь эх, охин, хараат, эсхүл бизнесийн бусад харилцаатай эсэхээс үл хамааран бие даасан хуулийн этгээд байх бөгөөд түрээсийн үйлчилгээг “У” компанийн нэрийн өмнөөс хүлээн авч төлөөллийн зарчмаар ажиллаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийг 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг түрээслэх харилцаанд түрээсийн үйлчилгээг шаардах эрх бүхий этгээдээр оролцсон гэж үзнэ.

19. Хариуцагч “Х ХХК болон “У” компани, нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн хооронд 2023.08.06-ны өдөр байгуулсан Вагон түрээсийн гэрээний дагуу түрээсийн үйлчилгээг хүлээн авах эрхийг “М” ГХОХХК-д олгож, түүний “Х” ХХК-д төлбөл зохих түрээсийн төлбөрийг “У” компанийн авлагаас хасаж тооцож байхаар талууд тохирчээ.

20. Зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу “У” компанийн бусдаас авах авлагын хэмжээнд түрээсийн үйлчилгээг хүлээн авахыг түрээслүүлэгчээс шаардах эрхийг “М” ГХОХХК эдлэж байх ба “У” компани нь “М” ГХОХХК-ийн төлбөл зохих түрээсийн төлбөрийг төлөх, ингэхдээ өөрийн “Х” ХХК-иас 7,667,884.53 юань шаардах эрхээсээ суутгах замаар тооцохоор тохирсон байна.

21. Ийнхүү авлага ба өглөгийг харилцан тооцох замаар төлж буй дүр зураг нь төлбөрийг төлөх, түүнд холбогдох татварыг тооцох, НӨАТ-ыг суутган тооцох хуулийн зохицуулалт хэрэгжихэд аливаа саад болох учиргүй. Энэ агуулгаар хариуцагч маргахдаа түрээслэгч нь “М” ГХОХХК, төлбөр төлөгч нь “У” компани болох тул НӨАТ-ын баримтыг гагцхүү төлбөр бодитой шилжүүлсэн этгээдэд хандан үйлдэнэ гэж тайлбарлаж байна. Гэвч тэрээр авлагаас суутгагдах дүн болох 2,129,980,500 юанын түрээсийн төлбөрийн дүнд “У” компанид хандан НӨАТ-ын баримт үйлдэж байсан эсэх, төлбөр төлөгч нь гадаадын хуулийн этгээд болох тул өөрөө НӨАТ төлж байсан эсэх нь баримтаар тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар тайлбарлаж, тодруулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх боловч хариуцагч энэ асуудлыг хэрэгт хамааралгүй гэж үзэн нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн түрээсийн үйлчилгээг төлж байсан “У” компани өөрт нь хандан НӨАТ-ын баримт үйлдэх шаардлагагүйг дурдаж түүний төлсөн төлбөрийн хэмжээнд түрээсийн үйлчилгээ хүлээн авч байгаа “М” ГХОХХК-д хандан НӨАТ-ын баримт үйлдэхийг “Х” ХХК-д зөвшөөрч, энэ талаар хүсэл зоригоо тодорхой илэрхийлж байснаас үзвэл түрээсийн төлбөрийн төлөгдсөн дүнгийн хэмжээнд шаардах эрхээ “М” ГХОХХК-д шилжүүлсэн гэж үзнэ. Ийнхүү шаардах эрхээ шилжүүлэхэд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй.

22. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ” гэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж татварын тайланг санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж тус тус заасны дагуу хариуцагч “Х” ХХК нь нийт түрээсийн төлбөр 2,129,980,500 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох НӨАТ-ын төлбөрийн баримт олгох, илгээх үүрэгтэй байна.

23. Энэ үндэслэлээр хариуцагч “Х” ХХК-иас НӨАТ-ын баримт үйлдэн, түүнд олгохыг шаардах эрх нэхэмжлэгч “М” ГХОХХК-д үүссэн гэж үзэн, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

Харин анхан шатны шүүх энэ шийдлийг гаргахдаа төлбөр төлөгч “У” компани, түрээслэгч “М” ГХОХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж дүгнэсэн нь оновчгүй болсон. Учир нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2-т “Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ.” гэж заасан. Хэдийгээр түрээсийн гэрээний түрээслэгч талын үүргийг хоёр этгээд хуваан хэрэгжүүлэхээр заасан байх боловч эдгээр нь харилцан бие биенийхээ эрх, үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө шууд хэрэгжүүлэхээр гэрээнд заагаагүй, үүргийг тодорхой хувааж авсан, үүргийн зүйл үл хуваагдах бус, хуваагдах шинжтэй байх тул хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд ямар харилцаа үүссэнийг тогтоогоогүй, хуулийн этгээдийн бие даасан шинжийг үл хайхарсан, төлөөллийн агуулгаар алдаатай дүгнэлт хийсэн байх тул тус шүүхийн дүгнэлт, шийдэл буруу болжээ.

24. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “давж заалдах шатны шүүх “Ачаа тээвэрлэх гэрээ”, “Өр шилжүүлэх гэрээ”, “Түрээсийн гэрээ” гэсэн хууль зүйн хувьд бие даасан, өөр үр дагавар бүхий гэрээний харилцаануудыг нэгтгэх замаар дүгнэсэн нь үндэслэлгүй” талаарх гомдлыг хангах нь зүйтэй байна.

25. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж, түрээсийн үйлчилгээг үргэлжлүүлэн авах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагаас 100 ширхэг чингэлэгт холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг түрээсийн гэрээнээс бүхэлд нь татгалзсанд тооцож хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан байна. Тус гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон.

Учир нь зохигчийн хооронд үүссэн түрээсийн зүйл болох 50 ширхэг тавцант вагон, 100 ширхэг чингэлгийн үйл ажиллагаанд ашиглагдах бодит харилцан хамаарлын талаарх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийхдээ иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хүсэл зоригийн чөлөөт байдал, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг ноцтой зөрчсөн байна.      

Аливаа эд хөрөнгө гол ба дагалдах, үндсэн ба энгийн бүрдэл хэсэг, иж бүрдэл ба цогц эд юмс, хуваагдах ба үл хуваагдах гэх мэтээр ангилагдах боловч хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцээнээс түрээсийн зүйл нь салшгүй, иж бүрдэл шинжтэй, нэг нь нөгөөгүйгээр хэрэглэгдэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ийнхүү тогтоогдсон ч энэ нь үүргийн мөн чанарт нөлөөлөх эсэх нь тодорхой биш байна. Талууд зарим маргааны зүйлийн шинж, чанарыг обьектив байдлаар хүлээн зөвшөөрч үнэ цэнэ, хэрэгцээ шаардлагаа тодорхойлон өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар маргах өргөн боломжтой. Энэ нь талууд өмчлөх эрхээ бие даан хэрэгжүүлэх, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх зарчимд нийцнэ.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн байна.

26. Давж заалдах шатны шүүх хариуцагч түрээсийн гэрээг цуцлах эрхгүй буюу үүргийн ялимгүй зөрчил үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзсэн боловч дээр дурдсан 100 ширхэг чингэлгийг гаргуулахаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг 50 ширхэг вагоныг гаргуулах шаардлагатай холбон тайлбарлаж, гэрээнээс татгалзсан явдал гэж үзэн 50 ширхэг вагоныг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байна. Гомдлыг хангах үндэслэлтэй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

27. Хариуцагч “Х” ХХК-иас түрээслэгч “М” ГХОХХК нь вагон түрээслэх гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, зөрчлийг арилгуулахаар мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хууль зүйн үндэслэлтэй, гэрээг цуцалснаас хохирол учирсан гэж үзэн нийт 3,571,704,180 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт, шийдэл хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т зааснаар хариуцагчаас гэрээг цуцлах талаар 3 сарын өмнө мэдэгдсэн талаар баримтгүй. Хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээллүүдээр нэхэмжлэгч нь 100 ширхэг чингэлгийн түрээсийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлж төлсөн боловч хариуцагчийн 2024.06.04-ний өдрийн мэдэгдэлд дурдсанчлан 2024 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл тогтоогдоогүй. Харин 05 дугаар сарын төлбөрийг төлөөгүй, 06 дугаар сарын төлбөрийг төлөх хугацаа болоогүй байсан талаарх үйл баримт тогтоогдож байна. Гэвч 05 дугаар сарын төлбөрийг хугацаа хоцроож төлсөн нь үүргийн ялимгүй зөрчилд хамаарахын зэрэгцээ 06 дугаар сарын төлбөрийг төлөх хугацаа болоогүй байхад үүргийн зөрчил гаргасан үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн.

Эдгээр нөхцөл байдал нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болохгүй, үндсэн төлбөрийг төлж дуусаагүй, гэрээг цуцлах журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн  225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас гэрээг бүхэлд нь цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

28. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00488 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.16-ны өдөр 7,610,520 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Н.БАЯРМАА

                    ШҮҮГЧИД                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                        Б.УНДРАХ

                                                                                        Д.ЦОЛМОН