Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч /хохирогч/ Б.Мөнхтуул,

шүүгдэгч /хохирогч/ Р.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гүндээ овогт Батжаргалын Мөнхтуул, Хошууд овогт Рагчаагийн Ганбаатар нарт холбогдох эрүүгийн 201726030553  дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 7-16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гүндээ овогт Батжаргалын Мөнхтуул /РД:ФД89052815/,

2.Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүннү Молл” худалдааны төвд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 1б хэсэг 23б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хошууд овогт Рагчаагийн Ганбаатар /РД:УХ96011757/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Мөнхтуул нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсэг 2б-23 тоотод иргэн Р.Ганбаатартай “танай найзууд манай 2 найзыг зодсон байна” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж харилцан бие биендээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Р.Ганбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсэг 2б-23б тоотод иргэн Б.Мөнхтуултай “танай найзууд манай 2 найзыг зодсон байна” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж харилцан бие биендээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Мөнхтуул: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Р.Ганбаатар: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Мөнхтуулын: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр найз Маншир, Улаанаа нарын хамт Хан-Уул дүүргийн Шувуун фабрик руу Отгонбаяр гэдэг айлд очиж цалингийн үлдэгдлээ авах гээд очсон юм. Тэгээд Отгонбаяр захиралын байрны үүдэнд очоод машинаасаа буухад 20-23 насны 2 танихгүй залуу машины хойгуур явж өнгөрөхдөө “хаанахын сэг вэ” гэж хэлэхээр нь би тэр хоёр залууд  “чи муу юуг нь гайхаад байгаа юм бэ” гээд очиход Улаанаа намайг болиулсан. Тэгээд Отгонбаяр захиралынх руу орсон. Отгонбаяр захиралынд ороход эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгээд би Отгонбаяр захирал миний дүү хоёулаа гараад уулзъя гэж хэлсэн. Тэгээд би Отгонбаяр захиралтай байрнаас гарахад миний машины хажууд орцны үүдэнд 7-8 залуу зогсож байсан. Тэгтэл дээгүүрээ нүцгэн залууд Отгонбаяр захиралынх руу орохоос өмнө муудалцсан хоёр залуу энэ залуу мөн байна” гэж хэлж намайг заахад тэр дээгүүрээ нүцгэн залуу миний нүүр лүү нэг удаа цохихоор нь би тэр залууг нүүр лүү нь хоёр удаа цохиход Отгонбаяр захирал зүгээр бай гээд миний гэдэс рүү 2 удаа цохьсон. Тэгээд би олон залуучууд намайг бүлэглэж зодох гэж байна гэж бодоод машины жолоочийн суудал доороос иш нь хугарсан заазуурыг аваад нүцгэн  залуугийн араас нь хөөсөн. Тэгэхэд нүцгэн залуу эргэж хараад миний нүүр лүү цохиж зодсон. Тэгээд би тэр үед манарсан. Манай найз Маншир цагдаа дуудсан гэж дараа нь надад хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь эмнэлэгт сэрсэн. Тэр үед тэр нүцгэн залууд цохиулаад манараад ухаан алдсан. Би тухайн үед машин жолоодож байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би заазуураа машиныхаа жолоочийн суудлын доод хэсгээс авсан. Уг заазуурыг би 120 дугаар цэргийн ангид байдаг ээжийндээ орчихоод гараад ирэх хооронд машин асахгүй болохоор нь буцаж ороод түлээ хагалдаг тал иштэй төмөр заазуурыг аваад копудаа онгойлгосон юм. Тэгээд Шувуун дээр очоод ахиад асахгүй байх юм болов уу гэж бодоод заазуураа жолоочийн суудлын доод хэсэгт хийгээд аваад явсан. Заазуур одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тэр үед л алга болсон байх гэж бодож байна. Намайг тэр нүцгэн байсан залуу зодсон. Би тэр залууг айлгая гэж бодоод заазуураа бариад хөөсөн. Тэгээд би тэр залууг яг зүссэн эсэхээ санахгүй байгаа юм. Намайг цохиод авахаар нь би газарт унахдаа нөгөө залуугаас зуураад хамтдаа унасан. Тэгээд хамтдаа босож ирээд хамт явж байсан залуучууд нь салаад аваад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,

Хохирогч Р.Ганбаатарын: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 20 дугаар байрны дунд байх саадан дотор найз охин болон найз Бямбацогтын хамт сууж байсан. Тэгтэл манай найз Бямбацогтын гар утас нь дуугараад утсаар ярьж байгаад цаашаа яваад өгсөн. Тэгээд би 5 минутын дараа найз охинтойгоо хамт араас нь очиход 20 байрны урд хэдэн хүмүүс муудалцаад манай найз Бямбацогтын дуу гараад орилолдоод байхаар нь очиход 2 эмэгтэй, 1 эрэгтэй, болон манай найз Бямбацогт нь 2 дүүгийн хамт тухайн хүмүүстэй муудалцаад зогсож байсан. Тэгээд би дундуур нь ороод болсон асуудлын талаар асуухад тухайн 2 эмэгтэй надад “танай найзууд чинь манай найзыг зодоод байна гэж хэлэхээр нь би найзынхаа 2 дүүгээс юу болсон талаар асуухад “...энэ ах, эгч нар бид нарыг дээрэлхээд байсан юм гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал тухайн байрны орцноос нэг эрэгтэй хүн гартаа чулуу барьж гарч ирээд, ямар нэгэн юм хэлж орилоод, барьсан чулуугаа над руу шидэхээр нь би доошоо сууж бултаад тухайн эрэгтэй дээр очоод чи яаж байгаа юм бэ гэж та нарыг эвлэрүүлэх гэж байхад гэж хэлэхэд яадаг юм гэж хэлээд миний цамцнаас заамдаж авсан. Тэгээд тэр эрэгтэй миний нүүр, уруул руу 2 удаа цохихоор нь би зөрүүлээд 2, 3 удаа цохисон. Тэгсэн чинь тухайн байрнаас нөгөө танихгүй залуугийн ах, эгч нар гарч ирээд салгасан. Тэгсэн араас нөгөө залуу хүрч ирээд намайг заамдаад авахаар нь би нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэр үед тэр залуу гартаа заазуур барьчихсан байхаар нь би тэгээд нөгөө залуугийн заазуурыг нь хаяуулах гэж барьж аваад газар унагаасан. Тэгээд босоод ирэхэд нь би нөгөө залууг нүүр лүү нь нэг удаа цохиход ухаан алдаж унасан. Тэгээд миний зүүн далны хэсэгт нойтон оргихоор нь тэмтэрч үзэхэд цус болсон байсан. Тэгээд би Шувууны эмнэлэгт очиж эмчид үзүүлэхэд зүүн далны хэсэгт зүсэгдсэн байсан. Тэр залуутай газар унахдаа заазуурт нь зүссэн байх гэж бодож байна. Би тэр залуугийн нүүр лүү 5-6 удаа цохисон. Тэр залуутай хамт явж байсан найзууд нь манай дүү нартай маргалдаад байсан болохоор би өмөөрөөд тэр залуутай зодолдсон. Тэр залуу ч гэсэн буруугаар ойлгоод хамт явж байсан найз нарыгаа өмөөрөөд надтай зодолдсон. Тэр үед тэр залуу бид хоёр л хоорондоо зодолдсон. Өөр хүмүүс бид хоёрыг салгах гээд хамт зогсож байсан юм. Бид нарыг өөрийг нь бүлэглээд зодчих болов уу гэж бодсондоо заазуур барьж ирсэн гэж бодож байна. Тэрнээс биш намайг заазуурдах гэж ирээгүй байх гэж бодож байна. Надад ямар ч гомдол санал байхгүй. Би надтай маргалдаж зодолдсон Мөнхтуул гэдэг залуутай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад ямар ч гомдол санал байхгүй.  Надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Эр хүний хооронд маргалдах зүйл байдаг болохоор уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

Гэрч М.Манширын: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Мөнхтуул над руу яриад хамтдаа Шувуу руу явчихаад ирэх үү, гэж хэлэхээр нь тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд Шувуу руу явах замдаа Алтангэрэлийг ажлаас нь аваад явсан. Тэгээд бид 3 Шувуу руу явсан. Шувуу руу явж байх замдаа 2.5 литрийн 3 пиво авсан. Тэр пивоноос Алтангэрэл бид хоёр уугаад явсан. Харин Мөнхтуул машин барьж явсан учраас уугаагүй. Тэгээд Мөнхтуул 120 дугаар цэргийн ангийн нийтийн байранд ээж рүү ороодохьё гэж хэлээд гэр лүү орсон. Тэгээд Мөнхтуулын машин нь асахгүй байхаар нь Мөнхтуул тал иштэй заазуур авч гарч ирээд машиныхаа копудыг онгойлгосон. Тэгээд машинаа асаагаад цаашаа Шувуу руу явсан. Тэгээд Мөнхтуул ахынхаа байрны гадаа очоод орцны үүдний урд талд машинаа тавьсан. Тэгээд Алтангэрэл бид хоёрыг машиндаа сууж байх үед Мөнхтуул машины гадаа хоёр залуутай хэрэлдээд зогсож байхаар нь би Алтангэрэлийг машинаас буугаад салга гээд буулгасан. Тэгээд 5 минутын дараа салчихлаа гээд хүрээд ирсэн. Тэгээд Алтангэрэл 00-руу яваад өгөх хооронд би машиндаа сууж байсан юм. Тэгээд машины цонхоор харахад Мөнхтуул газар унагачихсан дээгүүрээ нүцгэн залуутай газар зодолдож байсан. Наад талд нь 7-8 залуу хараад зогсож байсан. Тэгээд би машинаасаа гараад хөөе болиоч гэж хэлэхэд нэг танихгүй залуу хүрч ирээд чи муу юу юм бэ гээд миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд би газар ойчоод босож ирээд цагдаа дуудсан. Тэр үед шөнийн 23 цаг өнгөрч байсан. Нэлээн орой байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим нэг болсон зүйл явдыг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа ирээд Шувууны эмнэлэг рүү Мөнхтуулыг аваад явсан. Мөнхтуул тухайн үед ухаан алдсан байсан. Тэр үед яг юу болоод ийм зүйл болсныг сайн анзаарч хараагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан болхоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

           Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

 

      -2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

      -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №5181 дүгнэлт /хх-ийн 46 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчийн №5197 дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81, 83 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн  78, 79 дүгээр хуудас/,

Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80, 82 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Мөнхтуул, Р.Ганбаатар нар нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсэг 2б-23 тоотын орчим  “танай найзууд манай 2 найзыг зодсон байна” гэх шалтгаанаар хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан бие биендээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхтуулын мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуудас/, хохирогч Р.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/, гэрч М.Манширын мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

      -2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №5181 дүгнэлт:

  1. Р.Ганбаатарын биед зүүн даланд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 46 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчийн №5197 дүгнэлт:

  1. Б.Мөнхтуулын биед тархи доргилт, субарахнойдальд цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

       Иймд шүүгдэгч Р.Ганбаатар, Б.Мөнхтуул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч /хохирогч/ Р.Ганбаатар, Б.Мөнхтуул нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хоорондоо эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

           

 Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүгдэгч /хохирогч/ Р.Ганбаатар, Б.Мөнхтуул нар нь харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэсэн учир шүүх үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Мөнхтуул, Р.Ганбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.