Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2022/01115

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороо, “0” хотхон, 0 гудамжны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух РД:РЮ00000000, Т овогт Ч-н Б

 

Хариуцагч 0 дүүрэг, 0 дугаар хороо, “0” хотхон, 0 гудамжны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух РД:РЕ00000000, Б овогт С-ийн И

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

           

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд иргэний хэргийг  шийдвэрлэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч С.Ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна. 

 

Нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2000 онд С.Итой танилцаж гэр бүл болоход хүү Б.Т 3 настай, хүү И.А 2004 онд төрсөн.

Бид хамт амьдарсан цагаас хойш нөхөр маань амьдралын зорилгогүй, үүрэг хариуцлагагүй, байнга архи ууж, хэл амаар доромжлон, хий хоосон гүтгэж, хардах, хөөх зэрэг зан авирыг гаргаж, гэр орноо нураан, эд хогшлоо эвдэж хэмхлэх болсон.

Эдгээр он жилүүдэд С.И ажил хийгээгүй тул аргагүйн эрхэнд бага хүүгээ 7 сартайд нь ажилдаа орж, амьдралынхаа төлөө ганцаараа зүтгэх болсон.

Ингээд 2007 оны сүүлээр Улаанбаатар хотод нүүж ирээд Улсын 3 дугаар төвд эмнэлэгт би мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

Иймээс цаашид амьдрахад боломжгүй болсон тул И.А-г миний асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.

Мөн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.

 

           Хариуцагч С.И шүүхэд гаргасан тайлбартаа:

Ч.Бын нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Бид 2000 онд танилцаад, 2004 онд хүү И.А төрсөн.

Хамтын амьдралын хугацаанд хэрэлдэж маргалдах, эд зүйлсээ эмхлэх явдал гардаг байсан ч гар хүрч зодож байгаагүй.

Миний бие 2018 онд БНСУ-д ажиллаад 2021 оны 12 дугаар сард Монголд ирээд уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзаж архи дарс уун, оройтож ирснээс маргаан үүссэн ч эрүүлжүүлэгдсэн тохиолдол надад байхгүй.

Иймээс 20 гаруй жил амьдарсан амьдралаа сүйтгэх хүсэлгүй бөгөөд цаашид Ч.Бтай  хамт амьдрах хугацаа олгож өгнө үү, гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт:

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 0 дүүргийн 0 дугаар хорооны “Мөнх увдис” өрхийн эрүүл мэндийн төвийн Тодорхойлолт,Техник технологийн дээд сургуулийн Тодорхойлолт, И.А-ийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Бүртгэлийн 00 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхий гэрчилгээ

 

Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхний хуулбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ“ хариуцагч архи их ууж, ааш зан нь хэцүү болж амьдрахад төвөгтэй болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна” гэж тайлбарлав.

 

Хариуцагч С.И “цаашид хамт амьдрах хүсэлтэй байна” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч С.Ид 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минутанд зарлагдсан шүүх хуралдааныг товыг түүний 0000-0000 дугаартай гар утас руу шүүгчийн туслах залгаж мэдэгдэхэд “ За ойлголоо” гэх хариуг өгсөн боловч тухайн өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх талуудын эрх тэгш байдал, мэтгэлцэх боломжийг олгож 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ00000/00000 дугаартай Шүүгчийн захирамжаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдааныг хийхээр хойшлуулж, хариуцагчийн 0000-0000 дугаарын гар утас руу шүүгчийн туслах 2022 оны 03 дугаар сарын 24, 28-ны өдрүүдэд залган шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “За ойлголоо” гэсэн хариуг өгч, тухайн өдрийн шүүх хуралдаан эхлэх цаг хугацаанд хариуцагч ирээгүй тул шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцагчийг ирж байгаа эсэхийг лавлан асуухад “очиж явна гэж яриад ирээгүй учраас дахин түүний гар утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байна” гэсэн хариуг өгч, шүүх хуралдаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд иргэний хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Зохигчид 2000 онд танилцаж, 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү И.А төрсөн болох нь талуудын тайлбар, И.А-ийн цахим үнэмлэхний хуулбар, 0028135 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

 

Талууд цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна. 

 

          Нэхэмжлэгчийн хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч маргаагүй тул хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү И.А-г эхийнхэн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.   

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

          115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт С-ийн И, Т овогт Ч-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

        

          2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2004 оны 12 дугаар сарын 07-ны төрсөн хүү И.А-г эх Ч.Бын асрамжид үлдээсүгэй.

         

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Ч.Б дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага Хөвсгөл аймгийн Бүртгэлийн хэлтэст шийдвэрийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Ундармаад даалгасугай.

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

         6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.    

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА