| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 105/2020/0652/Э |
| Дугаар | 1330 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 1330
2020 10 13 2020/ДШМ/1330
Р.Г-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогч Б.Адарсүрэн,
шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ц.Гансүх,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1542 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Р.Гад холбогдох 1906069870696 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Р-ийн Г, 1955 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улаагчин суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;
Шүүгдэгч Р.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сингапур Монгол” дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Адарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Алаг адуун овгийн Рэнсмаагийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Гыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000, 200.000, 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Р.Гаас 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Адарсүрэнд олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь, шүүгдэгч хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна. ...” гэжээ.
Хохирогч гэх Б.Адарсүрэнд хууль сануулж авсан мэдүүлгүүд хоорондоо зөрдөг, мөн шүүгдэгч, гэрчийн мэдүүлэгтэй тохирдоггүй.
Хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эргэлзээгүй байсан бол хэрэг учралыг нүдээр харсан цорын ганц гэрч болох А.Ганхуяг хэлэх байсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэснийг Б.Адарсүрэн зөрчсөн. Мөн хохирогч Б.Адарсүрэнгийн мэдүүлгийг нотолсон бичгийн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй тул дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Хэргийн 27 дугаар хуудсанд шүүгдэгч Р.Гад шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл байдаг. Үүн дээр Р.Г “би санаатай биш, цочсондоо л цохисон шүү дээ” гэж үнэнээ хэлсэн.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр шинжээч эмч Т.Сэлэнгэ “хохирогчид учирсан гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж хэлсэн нь шүүгдэгчийн үгийг нотолж байгаа болно. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Г нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогч Б.Адарсүрэнгийн биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлдэг.
Шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Адарсүрэн “тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбар байхгүй” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Сэлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13805 дугаартай дүгнэлтээр Р.Г нь Б.Адарсүрэнгийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Тухайн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулж дүгнэлт гаргуулсан. Мөн хэрэгт шаардлагатай гэрчийн мэдүүлэг байгаа учир Р.Г нь бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сингапур Монгол” дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Адарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Адарсүрэнгийн “...би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Сингапур Монгол” дунд сургуулийн цагдаагаар өглөө 7 цагаас үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 7 цаг 40 минутын үед 59-04 УНП улсын дугаартай “Тоёота хайс” загварын микро автобус сурагчдыг авчираад сургуулийн замын эсрэг талд буулгах гэсэн. Би тухайн машины жолоочид замын нөгөө талаас буюу сургуулийн талаас хоёр гараараа даллаж “наанаа буулгахаа боль, тойроод сургуулийн талдаа ирж хүүхдээ буулга” гэж дохио зангаа өгч орилсон. Гэтэл жолооч хүүхдүүдээ буулгаад шууд зам хөндлөн дагуулаад алхсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ, айлын хүүхдүүдийг эрсдэлд оруулаад намайг ч эрсдэлд оруулаад, өөрийгөө ч эрсдэлд оруулаад, зам мөстсөн машин зогсохгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгээд маргаан болоод тэр ах буцаад машин руугаа явсан. Би очоод “ингэж хүн доромжлохгүй шүү, сургууль руу оръё” гээд захнаас нь татах гэсэн чинь тэр ах “өө чи намайг цохилоо” гээд эргэж хараад миний нүүр лүү 3-4 удаа цохьсон. ...” /хх 15-17/,
гэрч Л.Балжиннямын “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Адарсүрэн нь сургуулийн өглөөний цагдаа хийж байсан. Тэгээд Б.Адарсүрэн нь над руу гар утаснаасаа залгаад “би сургуулийн хүүхэд зөөдөг автобусны жолоочид зодуулчихлаа” гэж хэлж байсан. Тэгэхээр нь сургуулийн урд талын зам дээр яваад очиход автобусны жолооч Р.Г нь машин дотроо суусан байдалтай, Б.Адарсүрэн нь машины гадна талд хэрүүл маргаан болж байсан. Тухайн үед харахад Б.Адарсүрэнгийн хөмсөгний дээд талд улайж хавдсан байсан. ...” /хх 22/,
гэрч А.Ганхуягийн “...Би 2019 оны 11 дугээр сарын 13-ны өдрөөс ажиллаад 14-ний өдөр 9 цагт буусан. Өглөө 7 цаг 30 минутаас 9 цаг хүртэл сургуулийн цагдаа ажилладаг. Зарим сургуулийн микро автобусны жолооч нар зам тойроод хүүхдүүдийг сургуулийн урд буулгадаг, зарим нь сургуулийн эсрэг талд зогсож байгаад сургуулийн цагдаад дамжуулан сургууль руу оруулдаг байсан. Тухайн өдөр нэг микро автобусны жолооч сургуулийн замын урд талд ирж хүүхдүүдийг ганцаараа зам хөндлөн гаргасан. Тэгэхэд сургуулийн цагдаа нь очиж явган хүний гарцгүй газраар хүүхдүүд гаргалаа гэж сургууль талдаа гараад маргалдаж байсан. Хоёулаа маргалдаад зам гарах үедээ жолоочийн толгойн дагз руу нэг удаа цохьсон. Тэгээд нэг харахад жолооч машиндаа суусан, гадна талд нь сургуулийн цагдаа маргалдаж удаан зогсож байсан. ...” /хх 23/,
шүүгдэгч Р.Гын яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 8 цагийн үед сургуулийн замын эсрэг талд явган хүний гарцгүй газар хүүхдүүдийг буулгасан. Тухайн үед сургуулийн цагдаа хийж байсан залуу “хүний хүүхдүүд машинд дайруулчихвал яах юм” гэхээр нь “чи одоо яасан билэггүй, муу амтай юм бэ?, тийм юм гэж юу байхав дээ” гэж хэлээд тэр залуутай маргалдсан. Би буцаад автобус руугаа явж байгаад зурвас хэсэгт зогсож байхад тэр залуу араас гүйж ирээд миний дагз хавьцаа нэг удаа цохихоор нь би эргэж хараад нэг цохьсон. ...” /хх 32/ гэх мэдүүлгүүд,
“...Б.Адарсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13805 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-12/, хохирлын баримт /хх 45/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Р.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Гын хохирогч Б.Адарсүрэнгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учрлуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан “....Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь;
Шүүгдэгч Р.Г нь хохирогч Б.Адарсүрэнгийн нүүрэн тус газар нь цохьсон талаар мэдүүлсэн бөгөөд түүний уг мэдүүлэг нь хохирогч, гэрч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, Р.Гын үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Адарсүрэн, гэрч А.Ганхуяг нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй байх бөгөөд хохирогч Б.Адарсүрэнгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Р.Гын цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эдгээр мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийн “...Б.Адарсүрэнгийн хувьд тархи доргисон өдрөө үзүүлсэн байна, тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг няцааж үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй болно.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1542 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ