Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2022/0025

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “М А Х Ү Н Х” ТББ,

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшүүлэх эрхийг дуусгавар болгох тухай” А/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 307 дугаар тогтоолтой холбогдуулан маргаан бүхий эзэмшил газрын байршлыг өөрчилж, өөр газраар сольж олгох шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус газрын байршлыг сольж, адил чанарын өөр газар олгохдоо нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“МАХҮНХ” ТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч хийгээд хариуцагчийн хооронд байгуулсан 04167-2021/00407 дугаартай "Иргэн, хуулийн этгээдэд газар ззэмшүүлэх гэрээ"-ний 6.3-т Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна" гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 7 дугаар сарын 22-ны 07/649 дугаартай албан бичгээр маргаан бүхий газрыг Монгол Улсын газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" 307 дугаар тогтоолын хавсралтад заасан газартай бүрэн давхцалтай болох нь мэдэгдсэн. Улсын тусгай хэрэгцээнд авах болсон шалтгаан нөхцөл нь манай байгууллагаас үл хамаарах бөгөөд маргаан бүхий захиргааны актад тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үндэслэлийг заагаагүй байдаг.

"МАХҮНХ" ТББ-д газар эзэмшүүлэх захирамж, эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаас хойш буюу 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн орон сууцны хороолол барихаар төлөвлөж, тухайн газартаа үйл ажиллагаа явуулахаар төсөл хөтөлбөрүүд хэлэлцээрийн түвшинд явж байсан. Тодруулбал, "Эрдэнэдрийлинг" ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр "Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ", "Измнэг" ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Орон сууцны хорооллын зураг төсөл (эскиз) боловсруулах гэрээ" байгуулж ажилласан. Улмаар С сумын Засаг дарга нь Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахдаа Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэг, Талуудын хооронд байгуулсан "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-ний 6.3-т тус тус зааснаар холбогдох шийдвэр гаргаж, гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Маргаан бүхий газрыг 1 жил хүрэхгүй хугацаанд эзэмшүүлсний дараа улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримталж ажиллагаагүйн улмаас хохирол учирсан буюу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг тухай бүр төлснийг харгалзан үзээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

С сумын Засаг дарга нь маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан тохиолдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар манай байгууллагатай 26.98 га газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлээгүй адил чанарын өөр газраар солих шийдвэр гаргаж, гэрээ байгуулах ёстой байсан. Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан газрыг өөр газраар солих шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илэрхий хөндсөн байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8 дахь заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/36 дугаартай захирамжийг хүчингүй болгож, эзэмшил газрын байршлыг өөрчлөн өөр газраар сольж олгох шийдвэр гаргаж, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "МАХҮНХ" ТББ-ын 27 га газрын байршлыг сольж, адил чанарын адил хэмжээтэй өөр газар олгохыг Төв аймгийн С сумын Засаг даргад даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирамж хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот захирамжаар манай байгууллага 27 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан. Үүнээс хойш 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 26,98 болгож, 0,02 га.гаар багасгаж, худалдаа үйлчилгээний төв цогцолбор газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон байдаг. Үүнээс хойш 7 сарын дараа маргаан бүхий захиргааны акт гарсан. Сонсох ажиллагааг захиргааны зүгээс хийхдээ Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Өнөөдөр сонин дээр сонсох ажиллагааны зарыг тавьсан байдаг. Ингэж сонсох ажиллагааны зарыг тавихдаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар захирамжийг тавьж сонсох ажиллагааны зарыг явуулсан. Шийдвэр гаргах субъект буюу захиргааны актыг гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, Газрын тухай хуульд заасан эрхтэй субъект нь Төв аймгийн С сумын Засаг даргаас сонсох ажиллагааны зарыг тавиагүй байна гэж үзэж байна. Мөн манай зүйгээс газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн. Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэг дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Газрын төлбөрийн 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын төлөлтийг төлсөн баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан өнгөрсөн 2 жилийн хугацаанд буюу Ковид-19 цар тахлын байдалтай холбоотойгоор хатуу хөл хорио, бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал зэргийг 2 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын зүгээс авсан. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Засаг дарга болон С сумын Засаг даргаас тодорхой хэмжээний захирамж гаргаж, хол хорионы хязгаарлалт тогтоосон. Төв аймгийн Онцгой комиссоос энэ талаар баримтыг хэрэгт авсан байгаа. Иймд үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах болно гэж үзэж байна. Дээрээс нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.3е болон 6.4-т зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийснээс хойш 2 жилийн дотор гэдгийг хуанлын 2 жилийн дотор гэж ойлгож байна. Газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш гэдэг нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тоологдоно гэж үзэж байна. Энэ үед газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт дээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.3 дахь хэсгүүдийг үндэслэж захирамжилсан байдаг. Эдгээр нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах буюу өөрөө сөрөг нөлөөл үзүүлдэг захиргааны актыг үгүйсгэж байна. Гэхдээ 48.2.3 дахь хэсгийг заасан нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актаа цуцалж байна гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар 5 жилийн хугацаа өнгөрсөн байгаад байна. Хариуцагч байгууллага иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дүгнээгүй атлаа шийдвэр гаргасан нь хууль бус байна. Тодруулбал газрыг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 1 жил хүрэхгүй хугацаанд эзэмшүүлснийхээ дараа улсын тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр цуцлах гэж байна. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-г үндэслэсэн нь хууль бус, үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.  Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлая. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07/649 дугаартай албан бичгээр маргаан бүхий газар нь улсын тусгай хэрэгцээнд авсан газартай бүрэн давхцаж байгаа талаар нотлох баримтыг ирүүлсэн. Үүний хүрээнд бид бүхэн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр хариуцагч нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээний 6.3-т тус тус зааснаар шийдвэр гаргаж, гэрээ байгуулах үүрэгтэй талаар заасан. Энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд газрын байршлыг өөр газраар солих шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй энэ талаар зөвшилцөж боломжит газрыг нэхэмжлэгч талд олгох байдлаар гэрээ байгуулах ёстой байсан гэж үзэж, энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байна гэж байна. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн байдаг. Үүнийг юу гэж үзэж байна вэ гэхээр даалгах нэхэмжлэлийг гаргахдаа захиргааны хуулиар хүлээсэн үүргээ билүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, адил чанарын газар олгохдоо маргаан бүхий газрын хэмжээгээр улсын тусгай хэрэгцээнд аваагүй, түүнтэй хил залгаа байршилд маргаан бүхий газартай адил шинж чанартай буюу газар олгоход хариуцагч, нэхэмжлэгч нар нь харилцан зөвшилцөхийг хүсэж байгаа буюу даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Гол нь бид бүхний зүгээс хуульд заасан үндэслэл журмын дагуу газрыг эзэмшсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад газрыг цуцалсан нь хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Дээрээс нь улсын тусгай хэрэгцээнд авсан бол адил чанарын өөр газар олгохыг Төв аймгийн С сумын Засаг даргад даалгахыг шүүхээс хүсэж байна. Газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн эсэх талаар асуудал дээр 2017-2019 оны төлбөрийг хэдэн онд төлсөн талаар баримт хэрэгт авагдсан байгаа. 2020, 2021 оны төлбөрийн хувьд захиргааны байгууллагаас нэхэмжлэх үүсгээд нэхэмжлэлийн дагуу төлдөг. Тэр нэхэмжлэхийг бид нар хүлээж байсан. Нэхэмжлэх үүссэн эсэхийг бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Тийм учраас өмнө төлж байсан дансанд төлсөн. Мөн нэхэмжлэх хэзээ үүссэн талаарх баримт хэрэгт байхгүй. Сонсох ажиллагааны хувьд ажлын хэсэг байгуулсан гэж хэлж байна. Сонсох ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн гэж байна. Энэ мэдэгдсэн үеэс буюу гомдол гаргах хугацаа л мэдэгдэх ажиллагаан дээр яригдаж байгаа болохоос биш, энэ нь төлбөр төлөхөөс тусдаа асуудал гэж үзэж байна. Ямартай ч бид 2017-2021 оны бүх газрын төлбөрийг төлсөн. Худгийн зөвшөөрөл аваагүй гэрээ байгуулагдсан байна гэж хэлж байна. Гэрээг бид бүхэн 2021 оны 12 дугаар сард байгуулж явж байгаад хүйтний улирал таарч байсан учир 3, 4 сараас худгийн өрөмдлөгийн ажлаа эхлээд Засаг даргаас зөвшөөрөл авна гэж бодож байсан боловч 2 дугаар сараас газар эзэмших эрхийг цуцалсан байсан. 2017-2019 оны хооронд барилга байгуулах боломжтой байсан гэж хэлж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалт бол дараалан 2 жил ашиглаагүй гэж байдаг. Сүүлийн 2 жилийг 2020, 2021 оныг ойлгоно гэдгийг нэмэлтээр тайлбарлаж байна. 14 хоног гэдгийг захирамж дээрээ тусгасан ч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 30 хоногийн дотор Төв аймгийн Засаг даргад хандсан. Хэрэв хугацаандаа гаргаагүй гэж үзэж байсан бол Төв аймгийн Засаг дарга хугацаандаа гомдол гаргаагүй байна гэж хариу өгөхөөс татгалзах ёстой байсан. Хариу өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Хэрэгт нэхэмжлэх үүсгэсэн үү? Хэзээ үүсгэсэн бэ? үүсгэсэн бол түүнийг гардуулж өгсөн үү гэх талаар баримт авагдаагүй. Ийм баримт байхгүй нь нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдлоо. Мөн тухайн шатны Засаг даргад 14 хоногийн дотор хандах ёстой байсан гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байна. Энэ нь дээд шатны Засаг дарга байхгүй бол 14 хоногийн дотор гомдол гаргах зохицуулалт байгаа. С сумын Засаг даргын дээд шатны захиргааны байгууллага Төв аймгийн Засаг дарга мөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэгэнт 27 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Гэхдээ 27 га газрын эзэмших эрхийг цуцалсан захирамж буюу 2022 оны А/36 захирамж нь хууль бус байсан ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэхгүй байсан гэдгийг хэлмээр байна. Нэмж хэлэхэд 2020 оны 06 дугаар сараас нэхэмжлэх үүсгэдэг болсон гэж байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээ шинэчлэн байгуулагдсан учир энэ хугацаагаар тасалбар болгон зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх ойлголт, хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн гэх баримт хэрэгт авагдсан байгаа. Төлбөрийн асуудлын хувьд бид төлбөрөө хугацаанд нь төлсөн гэж үзэж байна. 2017-2019 онуудын хувьд газар дээрээ юм хийх боломжтой байсан бол өмнөх гэрээгээ дүгнэх үедээ, дахин гэрээ байгуулах үедээ энэ талаар хэлж болох байсан. Энэ асуудлыг хариуцагч гаргах эрхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бидний хувьд тодорхой гэрээ байгуулсан, сорьцын шинжилгээ хийлгэсэн талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Хэрэв үнэхээр 2017-2019 онуудад огт ашиглаагүй байсан бол 05 дугаар сарын 27-ны өдөр цуцлах боломжтой байсан. Гэрээ сунгагдаад, дахин шинэчлэгдэн байгуулагдсан. Гол нь гэрээг сунгаж байгаа гэх ойлголтоор биш, гэрээг шинэчлэн найруулж байна гэх ойлголтоор явж байгаа гэдгийг хэлмээр байна. Маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан заалтуудыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаар захирамжийг хүчингүй болгож, эзэмшил газрын байршлыг өөрчлөн өөр газраар сольж олгох шийдвэр гарган, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын 26,98 га газрын байршлыг сольж адил чанарын, адил хэмжээтэй өөр газар олгохдоо нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөж олгохыг төв аймгийн С сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 тоот захирамжаар 3000320019 гэсэн гэрчилгээг Төв аймгийн С сумаас 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон байгаа. 2017-2019 он хүртэл нэхэмжлэгч огт газрын төлбөрөө хугацаанд нь төлж байгаагүй. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2017-2019 оны төлбөр болох 6 480 000 төгрөг төлсөн байгаа. 2020, 2021 оны газрын төлбөрийг мөн хугацаанд нь төлөөгүй, 2022 оны 02 дугаар сард төлсөн байдаг. Ингэхдээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэнээс хойш 2020, 2021 оны газрын төлбөрийг төлсөн байдаг. Ковид-19 цар тахал үргэлжилсэн 2 жилийг хасаад 2017-2019 он хүртэл нэхэмжлэгч тал газар дээрээ ямар нэг зүйл хийх боломжтой байсан. Шинэ нисэх онгоцны буудал хаана баригдах нь тодорхой болоод ажил нь эхлээд явж байсан. Тэр үе хүртэл буюу 2019 он хүртэл газар дээр огт юм хийж байгаагүй, 2021 онд ганцхан худгийг зөвшөөрөл авсан байдаг. Худгийн зөвшөөрөл авч гэрээ хийхдээ Төв аймгийн С сумын Тамгын газраас зөвшөөрөл авч байж худгийг зөвшөөрөлтэй гаргах ёстой байдаг. Гэтэл ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авалгүй гэрээ хийгдсэн байгаа. 2021 оны нэхэмжлэгчийн газрын гэрчилгээ нь А5 буюу жижиг гэрчилгээ байсан. Монгол улсын хэмжээнд А/4 гэрчилгээг олгохоор бүх аймаг, сумдад даалгасан. Үүний дагуу 2021 онд гэрчилгээ бичсэн. Ингэхдээ улсын тусгай хэрэгцээний газрын байршил нь тодорхойгүй байнга өөрчлөгдөж байсан. Байнга өөрчлөгдөж байгааг сануулаад танайх тусгай хэрэгцээнд ороогүй байгаа учир гэрчилгээг бичиг өглөө шүү гэж хэлээд гэрчилгээг нь бичсэн. 08 дугаар сарын 05-ны өдөр бид нар “Өнөөдөр” сонинд Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай ажлын хэсэг байгуулаад сонсох ажиллагааг “Өнөөдөр” сонинд зарлуулаад мэдэгдсэн байгаа. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар дээр сонсох ажиллагааг явуулсан. Үүнд нэхэмжлэгч тал огт ирж уулзаагүй. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г үндэслэж Засаг дарга захирамж гаргасан байгаа. Нэхэмжлэгч 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь огт төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Бид 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч талд мэдэгдэж, энэ захирамжийг танилцуулсан. Танилцуулснаас хойш 2020, 2021 оны газрын төлбөрөө төлсөн байгаа. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай талаас ийм баримт байхгүй. Гэхдээ нэхэмжлэгч газрын төлбөрөө нэр, регистрээр хийгээгүй, товч нэрээр хийсэн байсан. Бид огт төлбөр төлөөгүй гэж үзэж байсан боловч хэргийн материалтай танилцаад энийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд хамгийн гол нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалт хийхтэй холбогдуулан энэ газрыг Засгийн газар авсан болохоор бидэнд гаргах газар байхгүй, тийм болохоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г үндэслээд маргаан бүхий захирамжийг гаргасан байгаа. С сумын Засаг даргын 2022 оны 36 дугаартай захирамжид энэ захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бол мэдэгдсэнээс хойш буюу 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны Засаг даргад гомдол гаргах талаар дурдсан байдаг. Иймд гомдол гаргах хугацаа дууссаныг мэдэгдэж байгаа юм. Ямар нэгэн байгууллагад гомдол, өргөдөл өгвөл хариуг өгөх нь тодорхой. 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй болж байгаа юм. Яагаад гэвэл захирамж, шийдвэр нь Төв аймгийн С сумын Засаг даргаас гарсан болохоор С сумын сумын Засаг даргад гомдол гаргах эрхтэй гэж захирамж дээрээ дурдсан байна. Иймд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017-2019 оны хооронд танайх хашаа барих боломжтой байсан. 2020 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж нотлох баримтаас харагдаж байна. Мөн 2017-2019 оны төлбөрөө огт төлөөгүй байж байгаад 2020 онд төлчихсөн гэдэг нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл болж байна. 2021 онд гэрээ байгуулагдсан ба ингэхдээ гэрээний загвар өөрчлөгдсөн байгаа. Гэрээний загвар өөрчлөгдөөд газрын төлбөр нь байдаг байсан, яагаад байхаа больсон бэ гэдгийг танай дарга асууж байсан. Газрын нэхэмжлэх үүсгэгдсэн байгаа, та нэхэмжлэхийн дагуу газрын төлбөрөө төлөөрэй гэдгийг хэлж гэрээ байгуулсан. Бид газрын төлбөрийг харж байгаад гэрээ байгуулдаг. Үүнийг ч гэсэн харсан байгаа. Газрын гэрчилгээг шинэчлээд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр авсан газар нь шинэчилсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан. 2020 оны сүүлээр бүртгээд 2021 онд мэдээллийн сан үүссэн тул 2021 онд газрын нэхэмжлэх үүсэж байгаа. 2020 оны газрын нэхэмжлэх үүсэх боломжгүй. Огт мэдэгдээгүй биш энэ талаар мэдэгдсэн байгаа. Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хийгдсэн ажлын хэсэг байгуулагдаад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар чинь газрын даамлын дээд байгууллага байгаа. Тийм учраас Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр энэ ажил зохион байгуулагдсан байгаа. Энэ нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улс орон даяар мэдэгдсэн. Үүнийг сониноос гадна бүх телевиз радиогоор зарласан. Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалттай холбогдуулан хангалттай мэдэгдсэн гэж үзэж байна. Ингэж мэдэгдсэнээс хойш танайх огт ирж уулзаагүй. Ингээд манайх захирамж шийдвэрээ гаргасан. Түүнээс хойш 14 хоногийн хугацаанд танайд өгсөн ба түүнд гомдол ирээгүй. 2017-2019 онд танайх юм хийсэн бол хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой байсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МАХҮНХ” ТББ нь Газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшүүлэх эрхийг дуусгавар болгох тухай” А/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 307 дугаар тогтоолтой холбогдуулан маргаан бүхий эзэмшил газрын байршлыг өөрчилж, өөр газраар сольж олгох шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус газрын байршлыг сольж, адил чанарын өөр газар олгохдоо нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөхийг хариуцагчид даалгахгэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2 тоот захирамжаар манай байгууллага 27 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан. Үүнээс хойш 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 26,98 га болгож, 0,02 га-гаар багасгаж, худалдаа үйлчилгээний төв цогцолборын газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон байдаг. Үүнээс хойш 7 сарын дараа маргаан бүхий захиргааны акт гарсан. ... Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэг дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Газрын төлбөрийн 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын төлөлтийг төлсөн баримтыг хавтаст хэрэгт өгсөн. ...2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.3е болон 6.4-т зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийснээс хойш 2 жилийн дотор гэдгийг хуанлийн 2 жилийн дотор гэж ойлгож байна. Газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш гэдэг нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тоологдоно гэж үзэж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч “...улсын хэмжээнд томоохон хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөртэй холбогдуулан Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 307 дугаар тогтоолоор тус газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан. ...2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр Улсын тусгай хэрэгцээний газрын хил заагт тус газар нь ороогүй байсан тул 000320019 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч талд тусгай хэрэгцээний хил зааг байнга өөрчлөгдөж байгааг сануулж хэвлэж өгсөн. Нэхэмжлэгч нь 5 жил дараалан газраа ашиглаагүй, газартаа үйл ажиллагаа явуулдаггүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул хүчингүй болгосон.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

1. “Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаартай захирамжийн[1] үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн “МАХҮНХ” ТББ-ын эзэмшлийн Төв аймгийн С сумын 4-р баг Хөшигтийн хөндийд байрлах нэгж талбарын 4109053219 дугаар бүхий 26.98 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч анх газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 2017, 2018, 2019 онуудын газрын төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бөөнд нь нөхөж төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар[2] нотлогдож байгаа боловч 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг[3] шинэчлэн байгуулж, гэрчилгээг[4] дахин олгосноос хойш газрын төлбөр төлөөгүй гэх хугацаа нь хангалттай дүгнэгдэх хугацаа болоогүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаар газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэх үндэслэл бүрдээгүй гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээг дахин олгосноос хойш маргаан бүхий Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаар захирамж нь 8 сарын дараа гарсан нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Мөн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулахдаа уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д “төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх”-өөр нэмэлт заалтаар тохиролцсон атлаа газрын төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байхад энэхүү алдангийн асуудал, гэрээний заалтыг огт тооцохгүйгээр хугацаа хэтэрсэн хэмээн үзэж, гэрээ хийснээс 8 сарын дараа захирамж гарган газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан мөртөө 8 сарын дараа буюу маргаан бүхий актаар газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хуулийн дээрх заалт нь газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх гэрээг хийснээс хойш тухайн гэрээгээр эзэмшиж буй газраа тус гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс доошгүй хугацаанд ашиглаагүй байхыг ойлгох тул энэ маргааны хувьд гэрээ хийгдсэнээс хойш 8 сарын хугацаанд уг хуулийн заалтыг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох нь хууль бус болж байна.

 

2. “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 307 дугаар тогтоолтой холбогдуулан маргаан бүхий эзэмшил газрын байршлыг өөрчилж, өөр газраар сольж олгох шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус газрын байршлыг сольж, адил чанарын өөр газар олгохдоо нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөхийг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

 

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж Засаг даргаас газар эзэмшүүлэх эрхийн харилцааг хуульчлан тус тус заажээ.

 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

 

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл аливаа этгээд газар эзэмших болон газрын байршил өөрчлөх зэрэг хүсэлт гаргаагүй байхад Засаг дарга тухайн асуудлыг дангаар шийдвэрлэх эрх бүхий этгээд биш. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “МАХҮНХ” ТББ нь газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байх үедээ энэ талаар хүсэлтээ С сумын Засаг даргад гаргаагүй атлаа маргаан бүхий акт гарсны дараа уг эзэмшил газрын байршлыг өөрчилж, өөр газраар сольж олгох шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулаагүй нь хариуцагчийн эс үйлдэхүй байна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн Газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байгаа этгээд буюу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй этгээд газрын байршлыг шилжүүлэх, өөрчлөх тухай Засаг даргад хүсэлтээ гаргаж, зөвшилцөх харилцаа бий болох боломжтой байсан боловч нэхэмжлэгч дээрхээр ямар нэгэн хүсэлт гаргаагүй байж хариуцагчийг маргаан бүхий эзэмшил газрын байршлыг өөрчилж, өөр газраар сольж олгох шийдвэр гаргахгүй, гэрээ байгуулахгүй, зөвшилцөхгүй эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд энэ удаа гаргасан хариуцагчийн эс үйлдэхүй байна гэж гаргасан нэхэмжлэлийн хувьд газар эзэмших эрх нь дуусгавар болсон үед хариуцагч сайн дураар уг асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй байгаа тул энэ шийдэхгүй байгаа гэх үйлдэл нь эс үйлдэхүй болж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас “Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 307 дугаар тогтоолтой холбогдуулан маргаан бүхий эзэмшил газрын байршлыг өөрчилж, өөр газраар сольж олгох шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус газрын байршлыг сольж, адил чанарын өөр газар олгохдоо нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөхийг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МАХҮНХ” ТББ-аас Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагыг хангаж, Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/36 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 307 дугаар тогтоолтой холбогдуулан маргаан бүхий эзэмшил газрын байршлыг өөрчилж, өөр газраар сольж олгох шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус газрын байршлыг сольж, адил чанарын өөр газар олгохдоо нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөхийг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЗОРИГТБААТАР

 

 

[1] 1хх-ийн 55 дугаар тал

[2] 1хх-ийн 17 дугаар тал

[3] 1хх-ийн 12-14 дүгээр тал

[4] 1хх-ийн 12 дугаар тал