| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 307/2025/00570/И |
| Дугаар | 001/ХТ2026/00168 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2026/00168
М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2026/00415 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 209/МА2026/00022 дугаар магадлалтай
“Д” ХХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Т, хариуцагчийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М- нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2026/00415 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.12.24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М-ыг “Д” ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 93,267,903 төгрөгийг, 2024 оны үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М-т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч “Д” ХХК-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, мөн 624,289 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 209/МА2026/00022 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2026/00415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 108 дугаар зүйлийн 108.1-д тус тус заасныг баримтлан “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэгч М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч М-т олгосугай” гэж, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 804,815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1.Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь бодитой үнэлээгүйн улмаас хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
4.1.1.Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, ТУЗ-ийн тогтоолыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “8. Хэрэгт авагдсан “Д” ХХК-ийн дүрмийн 2.1.3-т “Компанийн төрийн өмчлөлийн хувьцаа эзэмшигч нь “Э” ХХК байна. Засгийн газрын 2023.03.29-ний өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Э” ХХК-ийн дүрмийн 3.2.7.4-т нэгдлийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасан, “Энэ талаар анхан шатны шүүхээс “Э” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс “Д” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах эрх бүхий этгээд байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх Д-ийн хувьцаа эзэмшигчийн 2023.09.22-ны өдрийн 01/03 дугаар тогтоол, “Э” ХХК-ийн ТУЗ-ийн 2024.11.06-ны өдрийн 82 дугаар тогтоол, Дийн 2024.11.18-ны өдрийн А/377 дугаар тушаалыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Тухайлбал,
Давж заалдах шатны шүүх “...“Э” ХХК-ийн ТУЗ-ийн 2024.11.06-ны өдрийн 82 дугаар тогтоолыг үнэлэхдээ “Э” ХХК-ийн дүрмийг үндэслэн дүрмийн 3.2.7.4-т “Э” ХХК-ийн ТУЗ нь нэгдлийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасан байх тул эрх бүхий этгээд байна” гэж дүгнэжээ. Ингэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 60-66 дугаар талд авагдсан нотлох баримтыг үндэслэжээ.
Хавтаст хэрэгт “Э” ХХК-ийн дүрэм огт авагдаагүй, тийм дүрэм байхгүй. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 60-66 дугаар талд Д-ийн дүрэм байх бөгөөд Д-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Д-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага Д-ийн Төлөөлан удирдах зөвлөл байхаар журамлажээ. Тиймээс давж заалдах шатны шүүх нь Д-ийн дүрмээр “Э” ХХК-ийн ТУЗ нь Д-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг байгаа мэтээр тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна.
Дийн хувьцаа эзэмшигч нь “Э” ХХК байх бөгөөд хувьцаа эзэмшигчийн хурлыг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Давж заалдах шатны шүүх “Хэрэгт авагдсан “Д” ХХК-ийн дүрмийн 2.1.3-т “Компанийн төрийн өмчлөлийн хувьцаа эзэмшигч нь “Э” ХХК байна” гэж зөв дүгнэсэн атлаа Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэн хэрэгжүүлээд байгаа талаар бодитой, тал бүрээс нь үнэлээгүй байна. Дийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023.09.22-ны өдрийн 01/03 дугаар тогтоолыг үндэслэн Дийн гүйцэтгэх захирал бүтэц зохион байгуулалт, орон тоог баталсан болно.
Дийн Хувьцаа эзэмшигчийн эрхийг “Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Н /2023.04.27-ны өдрийн 01/02 тогтоол/, түүний эзгүйд “Э” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын дарга Б.Батбаяр /2023.09.22-ны 01/03 тогтоол/ гаргасан болох нь Хувьцаа эзэмшигчийн тогтоолоор нотлогдож байна.
Хэдийгээр хавтаст хэрэгт байхгүй боловч “Э” ХХК-ийн дүрмийн 3.5.4 дахь хэсэгт “Компани нь өөрийн хувь эзэмшлийг харгалзан охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлд өөрийн төлөөлөгчийг томилох, төлөөлөгчийн баримтлах удирдамжийг мөрдүүлэх эрхтэй байна.”, 3.5.5 дахь хэсэгт “Компанийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай компани бол тухайн компанид төлөөлөн удирдах зөвлөлтэй байх эсэхийг компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч шийдвэрлэнэ” гэж заасан байна.
“Д” ХХК-ийн дүрмийн 3.2.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 3.2.5.15 дахь хэсэгт “Компанийн зохион байгуулалтын бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох” гэжээ.
Компанийн тухай хуулийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Э” ХХК, “Э” ХХК-ийг төлөөлөх эрх нь “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал байна.
“Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.11.18-ны өдрийн А/377 дугаар тушаалын Тушаах хэсгийн 2 дахь хэсэгт “Энэ тушаал батлагдсантай холбогдуулан 2023 оны А/314, A/341, 2024 оны A/14, A/41, A/126, A/149, A/220, A/320, A/323, A/342 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд хувьцаа эзэмшигчийн 1 тогтоолыг баримтлан 11 удаа (дээрх тушаал өөрөө ороод) компанийн орон тоо, нэршлийг баталсан байна.
Эрх зүйн хэм хэмжээг нэг удаагийн, тодорхой хугацаанд үйлчлэх, байнгын гэж ангилдаг бөгөөд Дийн хувьцаа эзэмшигчийн 2023.09.22-ны өдрийн тогтоол нь байнгын шинжтэй хэм хэмжээнд хамаарахгүй, мөн тодорхой хугацаа заагаагүй тул тодорхой хугацаанд үйлчлэх хэм хэмжээ гэж үзэх боломжгүй бөгөөд нэг удаагийн шинжтэй хэм хэмжээ байгаа болно. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч нь бүтэц, зохион байгуулалт болон орон тооны дээд хязгаарыг баталсантай холбогдуулан гүйцэтгэх удирдлагад эрх олгожээ.
Компанийн тухай хуулийн 62.2.8 дахь хэсэгт “гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах” гэж заасан байх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ батлагдсан эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх захиралд тодорхой бүрэн эрхийг олгож болохоор хуульчилжээ. Иргэний хуулийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно”, 64.2.5 дахь хэсэгт “итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах”, 64.5 дахь хэсэгт “Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.” гэж заасан байна.
Гэтэл “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг эрх зүйн хэм хэмжээний үйлчлэх хугацаа талаас нь бодитой хараагүй байна.
4.1.2.Орон тоо бодитой хасагдаагүй, хоёр албан тушаалыг нэгтгэн нэг болгосон үйл баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “10. Харин анхан шатны шүүхээс компанийн шинэ бүтцэд хуучин байсан хэлтсийн дарга гэх удирдах албан тушаалын ажлын байрны гүйцэтгэх үндсэн чиг үүрэг огт байхгүй болоогүй, чиг үүрэг нь өөр ажлын байрны чиг үүрэгт нэгтгэгдэж хадгалагдсан хэвээр байгаа, орон тооны хязгаар 1550 буюу хуучин байсантай адил тогтоогдсон зэргээр ажлын байр хасагдсан биш орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарах тул хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах, үнэлгээ хийх ажиллагаа хийгдээгүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх ойлголтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна.”, “10.3 ...хэрэгт авагдсан эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын болон санхүүгийн удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, мөн ахлах эдийн засагч, эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд ажлын байрны зорилго нь компанийг эдийн засгийн үр нөлөөтэй, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Санхүү удирдлагын даргын ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн ажиллаж байсан эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын чиг үүрэгт хамаарах зарим ажлуудыг нарийвчлан өргөжүүлж тусгасан байдал нь ажлын байр хасагдаагүй гэх үндэслэл болохгүй.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “7.3 гэвч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт болон бүтэц өөрчлөгдсөнөөр батлагдсан Санхүү удирдлагын газрын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын үндсэн чиг үүрэг, ажлын байрны зорилго нь санхүү удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн ажлын байрны үндсэн зорилго, чиг үүрэг байгууллагад шаардлагагүй, хэрэгцээгүй болох, байгууллага бүтцээ шинэчлэн зохион байгуулж, тодорхой нэгж эсвэл албан тушаалыг бүтэцдээ огт үлдээхгүй байх гэх мэт тохиолдлыг ажлын байр хасагдсан гэх үндэслэлд хамааруулж ойлгодог. Гэтэл хариуцагч компанийн шинэ бүтцээр санхүү, эдийн засгийн хэлтэс гэж байхгүй болж, оронд нь төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс гэж өөрчлөгдөн байгуулагдсан ч хуучин бүтцэд байсан хэлтсийн дарга гэх удирдах албан тушаалын ажлын байрны үндсэн чиг үүрэгт нэгтгэгдэж хадгалагдсан хэвээр байна. Тодруулбал, компанийн эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлөвийг тодорхойлж, түүнд тохирох оновчтой шийдвэр гаргах, байгууллагын соёл, бүтээмж чанарыг хэрэгжүүлэх, цалингийн сүлжээ, зэрэг дэв тодорхойлох, бизнес төлөвлөлтийг хэрэгжүүлэх гэх мэтчилэн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажил, ажлын байрны гол үндсэн чиг үүргүүдийг шинээр батлагдсан санхүү удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод илүү нарийвчлан дэлгэрүүлж тусгасан гэж үзэхээр байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн Санхүү удирдлагын газрын даргын албан тушаал өмнө нь байсан гэх шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг үндэслэн магадлалыг гаргажээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолт, мөн шинэ бүтцийн дагуу шинээр баталсан, боловсруулсан Санхүү удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, түүний батлагдсан огноо буюу 2024.12.16-ны өдөр батлагдсаныг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Нөгөө талаар талууд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эдийн засгийн төлөвлөлт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалыг Санхүү Удирдлагын газрын даргын албан тушаалтай нэгтгэн, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан үйл баримттай огт маргадаггүй. Хариуцагч талаас ч дээрх байдлаар давж заалдах гомдлоо гаргасан, шүүх хуралдаанд тайлбарлахдаа мөн агуулгаар тайлбарладаг болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт “Ажлын байр хасагдах” гэх ойлголт нь өмнөх хуулийн орон тоо хасагдах гэх ойлголтоос өөр агуулгаар батлагдсан болно. Ажлын байр гэдэг нь ажил үүргийг хэлэх бөгөөд ажил үүргийн хувьд 2 албан тушаалыг нэгтгэн 1 ажлын байрыг бий болгосон болно. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3.2 дахь хэсэгт зааснаар Санхүү удирдлагын газрын ажил үүргийг шинэчлэн баталжээ.
Хоёр албан тушаалыг нэгтгэн нэг албан тушаал болгон өөрчлөн байгуулж буй тохиолдолд тухайн албан тушаалуудад ажиллаж байгаа ажилтнуудын ажлын гүйцэтгэл, бүтээмж, албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг үнэлэх, тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлж, сонгон шалгаруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго агуулга, Дийн хувьцаа эзэмшигчийн тогтоол шийдвэрт илүү нийцнэ. Гэтэл шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч О-ийн мэдүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат: “М- даргын хэрэгжүүлж байсан чиг үүрэг хэрхэн хаана хуваарилагдсан бэ? гэхэд” гэрч М.Одонтунгалаг: “Д ХХК-ийн санхүүгийн удирдлагын газрын даргад чиг үүрэг нь шилжсэн гэв”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц “ажил үүргүүдийг хэрхэн хуваарилсан бэ?” гэхэд гэрч О “Ажил үүрэг нь бүхэлдээ санхүүгийн удирдлагын газрын даргад хуваарилагдсан” гэж хариулсан гэрчийн мэдүүлгийг үндэслээгүй байгаа болно.
Дийн дарга албан тушаалд ажиллаж буй этгээд нь тухайн компанид шинээр ажилд орсон ажилтан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарласан тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхэд хариуцагч даргалагчийн асуултанд мөн адил утга агуулгаар тайлбарласан болно.
Хууль хэрэглээний зөрүүтэй байдлын хувьд Ажлын байр хасагдах ойлголт болон орон тоо цөөрүүлэх ойлголтуудад дээрх 2 албан тушаалыг нэгтгэн 1 ажлын байр бий болгон өөрчлөн найруулсан (Хоёр ажил үүргийг нэгтгэсэн) нь хамаарах эсэх, аль үндэслэлд хамаарах нь зөрүүтэй байдлаар хэрэглэгджээ. Нөгөө талаар ингэж нэгтгэхдээ шинэ орж буй ажилтан, нэхэмжлэгчийн ажилласан хугацаа болон хүний нөөцийн бодлого шийдвэр, хууль ёсны ашиг сонирхолын хүрээнд шийдвэрлээгүй нь дээрх байдлаар зөрүүг үүсгэж байна.
“Д” ХХК-ийн хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хэрхэн зохицуулсан талаарх баримтыг анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд хариуцагчийн төлөөлөгчдөөс ямар учраас Хөдөлмөрийн дотоод журмаа өгөөгүй вэ? гэсэн асуултад маргаанд хамаарахгүй, бүтцийн өөрчлөлттэй холбоотой маргаан байх тул өгөх шаардлагагүй гэж хариулсан болно. Мөн нөгөө талаар өмнөх бүтэц зохион байгуулалт, өмнөх орон тоо баталсан тушаалыг та бүхэн өгөх, ажлын байр 1550 байж байгаад 1550-аар батлагдахдаа ажлын байр хасагдсан гэдгийг нотлох ёстой биш үү? гэсэн асуултад шаардлагагүй гэх байдлаар хариулсан болно. Өөрөөр хэлбэл, Хувьцаа эзэмшигч 1550 орон тооны дээд хязгаарыг батлахад, гүйцэтгэх захирал 11 удаа өөрчлөхдөө хэрхэн өөрчлөгдсөн, мөн хамгийн сүүлд 1550 орон тоотой байхаар баталсан үйл баримтаас үзвэл бүтээмжийг нэмэгдүүлэх, орон тоог хасах замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх хувьцаа эзэмшигчийн зорилгыг хэрэгжүүлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийн дарга гэх албан тушаалыг Санхүү удирдлагын газартай нэгтгэсэн, бусад бүх хэлтэс нь хэлтсийн даргатай байхад зөвхөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийн даргын албан тушаалыг нэгтгэсэн зэрэг үйл баримт нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нотлогдсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй.
Нөгөө талаар зохигчийн гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
4.2.Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай.
4.2.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг, ажлын байр хасагдах, орон тоо цөөрүүлэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Талуудын маргааны зүйл нь хоёр албан тушаалыг нэгтгэн нэг албан тушаал болгон өөрчлөн найруулж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан. Дээрх үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах эсэх, аль үндэслэлд нь хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, Ажлын байр хасагдах гэх ойлголтоор тушаал шийдвэр гарсан байх бөгөөд ажлын байрны чиг үүрэг нь Санхүү удирдлагын газрын даргын чиг үүрэгтэй нэгтгэсэн гэдэгт талууд маргадаггүй. Харин дээрх ойлголтыг анхан шатны шүүх нь орон тоо цөөрүүлсэн гэх ойлголтод хамааруулж, давж заалдах шатны шүүх ажлын байр хасагдсан гэх ойлголтод хамааруулжээ. Хоёр ажил үүргийг нэгтгэн, нэг ажлын байр бий болгосон нь орон тоо цөөрүүлэх ойлголтод хамааруулж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа. Учир нь хариуцагчийн ажлын байр хасах болсон үндэслэл нь чиг үүргийн давхардал буюу адил чиг үүргийг 2 өөр ажлын байранд гүйцэтгэж буй тул гэдэг агуулгаар тайлбарладаг болно.
Орон тоо цөөрүүлж буй тохиолдолд аль ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар тодорхой үнэлгээ хийсэн байх шаардлагатай. Энэ нь хөдөлмөр эрхлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх хөдөлмөрийн эрх зүйн суурь зарчим болно. Цаашлаад шинэ удирдлага ирж, бүтэц орон тоог дээрх байдлаар шинэчлэх замаар өөрийн хүмүүсээ ажилд авдаг шударга бус үйлдэл нь хөдөлмөрийн эрх зүйн шударга бус үйлдлийг хориглох зарчимд нийцэхгүй. Иймдээ ч нэхэмжлэгч нь шинээр хүн аваад, өөрийх нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа үйл баримтад гомдон нэхэмжлэл гаргасныг анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна.
4.2.2.Нэхэмжлэгч тэтгэмж хүссэн, ажил санал болгосон нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч нь орон тооны цомхотголын мэдэгдлийн дараа хамтын гэрээнд заасан 1-ээс дээш сарын тэтгэмж хүссэн нь шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч нь 2024.04.25-ны өдөр хамтын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн бүрэлдэхүүнд ажил олгогчийг төлөөлөн оролцсон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24.2 дахь хэсэгт заасан “Хамтын хэлэлцээнд оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультан, ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээнд оролцсонтой нь холбогдуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, цалин хөлсийг нь бууруулах, хэлэлцээний явцад болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар татан буугдсан болон энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглоно.” гэж заасан баталгааг эдлэх эрхтэй.
Нөгөө талаар хамтын гэрээнд оролцсон ажилтны хувьд хуучин хамтын гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан тохиолдолд 1 сарын тэтгэмж олгоно гэсэн заалтыг 2024.04.25-ны өдрийн өөрчлөлтөөр 1-ээс дээш сарын тэтгэмж олгохоор зохицуулсныг мэдэх ажилтны хувьд хамтын гэрээнд заасан тэтгэмжийг шаардах эрхтэй.
Харин нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тухайн бүтцийн ажил, албан тушаал, өөрийнх нь ажлын чиг үүрэг нэгтгэгдсэн, ажил үүрэг нь бодитой байхгүй болоогүй, ажлын байр бодитой хасагдаагүй, шинэ ажилтан авсныг мэдсэн явдал нь түүнийг нэхэмжлэл гаргахад хүргэсэн нь шүүхэд мэдүүлэх эрхээ 30 хоногийн дотор хөдөлмөрийн тухай хуулийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргахад саад болохгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтыг буруу тодорхойлж, шүүхэд мэдүүлэх эрхгүй, тэтгэмж авсан нь талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл мэтээр тайлбарлажээ.
Мөн нөгөө талаар ажил олгогч нь ажилтанд ажил санал болгосон гэх үйл баримтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь, нэхэмжлэгчид санал болгосон ажлын байр нь ажил, албан тушаалын хувьд 4 шатлал доогуур, адил чанарын албан тушаал биш болохыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Адил чанарын албан тушаал гэдэг нь цалин хөлсний хувьд тухайн албан тушаалын хамгийн ойр шатлалын эсхүл цалин хөлсний хувьд 1 шатлалыг ойр гэж үзэх үндэслэл болохоос бус 4 шатлал (дэв) буурах ойлголт хамаарахгүй юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.05.26-ны өдрийн 001/ШХТ2026/00707 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч М- нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлий нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ: “...Би 2023.03.10-ны өдрөөс “Д” ХХК-д эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сард компанийн бүтцэд өөрчлөлт орж эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс нь санхүү, эдийн засгийн хэлтэс болж өөрчлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2024.12.24-ний өдөр Б/1386 дугаар тушаал гаргаж, бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр хасагдсан гэх бодит бус үндэслэлээр намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ажиллаж байсан ажлын байр бодитой хасагдаагүй тул “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.12.24-ний өдрийн Б/1386 дугаартай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн ажиллаж байсан бол авах ёстой байсан 2024 оны жилийн эцсийн үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа: “...эрх бүхий этгээдийн шийдвэрээр компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлд нийцсэн, тушаал хууль ёсны дагуу гарсан. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө буюу 2024.11.20-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд тэрээр өөр ажлын байранд шилжин ажиллах саналаас татгалзсан. Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ажил олгогчоос олгосон 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ нэмэгдүүлж, 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлт гаргаж, түүнийг нь олгож шийдвэрлэсэн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Компанийн дотоод журмын дагуу ажлын байр хасагдсан ажилтанд үр дүнгийн нэмэгдэл цалин олгодоггүй тул нэхэмжилсэн 5,961,000 төгрөгийг олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү…” гэж тайлбарласан.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...хариуцагч компанийн шинэ бүтцээр санхүү, эдийн засгийн хэлтэс гэж байхгүй болж, оронд нь төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс гэж өөрчлөгдөн байгуулагдсан ч хуучин бүтцэд байсан “хэлтсийн дарга” гэх удирдах албан тушаалын ажлын байрны гүйцэтгэх үндсэн чиг үүрэг шинэ бүтцэд огт байхгүй болоогүй, чиг үүрэг нь өөр ажлын байрны чиг үүрэгт нэгтгэгдэж хадгалагдсан хэвээр байна. ...Нөгөө талаар, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхдөө хэлтсийн нэршлийг л өөрчилсөн, хариуцагч талаас тайлбарласанчлан өмнө нь орон тооны дээд хязгаар 1,550 байсан бөгөөд шинэ бүтцээр орон тооны дээд хязгаарыг мөн л 1,550 гэж тогтоосон, бүх хэлтэст хэлтсийн даргын орон тоо байхад зөвхөн төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэст даргын орон тоог хассан, тухайн ажлын байрыг зайлшгүй хасах болсон тодорхой бодит, нөхцөл, шалтгаан тогтоогдоогүй. Хариуцагч талаас чиг үүргийн давхардлыг арилгаж, оновчтой зохион байгуулалтыг хийсэн гэх боловч ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгаж, бусад ажлын байрны чиг үүрэгт нэгтгэж байгаа нь ажлын байр хасагдсан гэх үндэслэлд хамаарахгүй, харин орон тоо цөөрсөн, тухайн орон тоон дээр үнэлгээ хийгээгүй гэх нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар үндэслэл бүхий байна. ...Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр бодитоор хасагдаагүй...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: “...“Э” ХХК-ийн ТУЗ-ийн 2024.11.06-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор “Д” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид даалгасан бөгөөд “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.11.18-ны өдрийн тушаалаар компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршил шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийг Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс болгож 4 орон тоотой байхаар тогтоожээ. ...Анхан шатны шүүхээс ...ажлын байр хасагдсан биш орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарах тул хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах, үнэлгээ хийх ажиллагаа хийгдээгүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх ойлголтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна. ...Хэрэгт авагдсан эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын болон санхүүгийн удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, мөн ахлах эдийн засагч, эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд ажлын байрны зорилго нь компанийг эдийн засгийн үр нөлөөтэй, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Санхүүгийн удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн ажиллаж байсан эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын чиг үүрэгт хамаарах зарим ажлуудыг нарийвчлан өргөжүүлж тусгасан байдал нь ажлын байр хасагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөө талаас хариуцагч байгууллагад одоо ажиллаж байгаа Санхүүгийн удирдлагын газар гэсэн нэгж хуучин бүтцэд ч байсан бөгөөд тус газарт харьяалагдах хэлтсийн даргын чиг үүргийг газрын дарга хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг хасагдсан ажлын байрны зарим чиг үүрэг байна гэж үзэж орон тоо цөөрүүлсэн гэх ойлголтод хамааруулах үндэслэлгүй юм. Мөн Санхүүгийн удирдлагын газрын болон хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлагууд, ажлын туршлага, томилох журам, гүйцэтгэх ажлын хүрээ, албан тушаалын шатлалын хувьд өөр байна. ...дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байна, ...үр дүнгийн нэмэгдэл цалин олгох үндэслэлгүй...” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9.Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
11.Нэхэмжлэгч М- ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа: “...эрхэлж байсан ажлын байр бодитоор байхгүй болсон буюу шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын чиг үүргийн 80 хувь нь Санхүү удирдлагын газрын даргын гүйцэтгэх чиг үүрэгт нэгтгэгдэж орон тоо цөөрсөн байхад ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй, ...хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгөөгүй...” гэсэн үндэслэл заасан,
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...ажил үүргийн давхардлыг арилгаж, орон тооны хэмнэлт гаргаж, оновчтой хөдөлмөрийн зохион байгуулалт хийхээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр компанийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан, ...хуулийн үүрэгггүй ч гэсэн нэхэмжлэгчид боломжийн ажлын байрыг санал болгоход татгалзсан, ...хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ.
12.Хэрэгт цугларсан баримтаар “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.11.18-ны өдрийн А/377 тоот тушаалаар Компанийн нэгжүүдийн орон тоо, ажил, мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршил шинэчлэн баталсан, компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн орон тооны дээд хязгаарыг нэгдүгээр хавсралтаар, нэгжүүдийн ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршил, орон тоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсан ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан санхүү, эдийн засгийн хэлтсийг төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс гэж нэрлэн, хэлтсийн даргын орон тоо хасагдсан, улмаар Гүйцэтгэх захирлын 2024.12.24-ний өдрийн Б/1386 тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар М-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт тогтоогджээ.
13.Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлын байр хасагдсан гэсэн үндэслэл заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэжээ.
Ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлийг анхан шатны шүүх орон тоо цөөрсөн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх ажлын байр хасагдсан гэжээ.
14.Нэхэмжлэгч компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршлийг шинэчлэн баталсан ажил олгогчийн тушаалд гомдол гаргаагүй тул тушаал хүчин төгөлдөр байна.
Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн ажилаж байсан санхүү, эдийн засгийн хэлтсийн нэршилийг төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс гэж өөрчилж, хэлтсийн даргын орон тоог хассан үйл баримт тогтоогджээ.
Иймд ажлын байр хасагдсан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсаныг хэлбэрийн хувьд ийнхүү дүгнэхээр байх боловч хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн ажлын байрыг хасах болсон бодит хэрэгцээ шаардлага, үндэслэл, дээрх ажлын байр хасагдснаар бүтэц орон тоо, нэршилийн өөрчлөлт хийсэн ажил олгогчийн зорилго биелэгдсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч үүнийг баримтаар нотлоогүй байна.
15.Ажлын байрыг хасах үндэслэл нь аж ахуйн нэгж, байгууллагын дүрэмд тодорхойлсон үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй, тийм ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргах явдлыг ойлгож болно. Мөн тодорхой орон тооны ажлын ачааллыг үзэхэд энэ нь нэг орон тооны ачааллыг бүрдүүлэх бололцоогүй бол уг орон тоог хасаж болох юм.
Нэхэмжлэгчийн ажлын байрны хувьд түүний ажлын чиг үүрэг аж ахуйн нэгжид шаардлагагүй болсон гэж үзэх боломжгүй, түүний ажил үүргийн 70 хувийг санхүү удирдлагын газрын даргад шилжүүлж, үлдэх хэсгийг бусад ажилчдад хуваарилсан байдал нь ажилтны ажлын байрыг хасах зайлшгүй шаардлага байсан гэдгийг нотлохгүй, нөгөө талаас энэ ажлын байр нь нэг орон тооны ачааллыг бүрдүүлэх бололцоогүй байсан гэх үндэслэлд ч хамаарахгүй байх тул ажлын байр хасагдах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэх боломжгүй байна.
16.Хэрэгт авагдсан баримтаар компаний бүтэц, орон тооны зохион байгуулалт, нэршлийг өөрчилснөөр аж ахуйн нэгжид ямар үр дагавар гарсан, орон тоо хасагдснаар ажилчдын цалин хэдэн хувиар нэмэгдсэн зэрэг үр дүнгийн талаар хариуцагч тайлбар гаргаагүй.
Хариуцагч нь орон тооны дээд хязгаарыг 1,550 гэж баталсан боловч бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээс өмнө болон хийсний дараа орон тоо энэ дээд хязгаарт хүрээгүй, өөрчлөлт хийхээс өмнө 1,490 байсан бол өөрчлөлт хийсний дараа 1,496 болж нэмэгдсэн, нэхэмжлэгчээс өөр ажилтны ажлын байр хасагдсан эсэх нь тодорхойгүй, түүнчлэн бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн хамаарах захиргааны нэгжид 90 ажилтан ажиллаж байгаад өөрчлөлт хийсний дараа 92 ажилтан ажилласан болох нь 2025 оны ажлын гүйцэтгэлийн тайлангаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн ажлын байр нь хэлбэрийн хувьд хасагдсан шинжийг агуулж байгаа гэж үзэхээр боловч агуулгын хувьд, хууль зүйн талаасаа ажлын байр хасагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Ажил хөдөлмөр эрхэлж амьжиргааны үүсвэрээ хангаж буй хэн боловч хөдөлмөр эрхлэлтэд бусадтай адил тэгш боломжоор хангагдах учиртай.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэн, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй гэж дүгнэв.
17.Анхан шатны шүүх өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн тогтоосон байна, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч М- 2024 оны ажлын жилд бүтэн ажилласан байх тул тэрээр 2024 оны үр дүнгийн нэмэгдэл цалин авах эрхтэй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
18.Ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал нь түүнийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байгаа тул нэхэмжлэлийг хангасан тохиолдолд ажил олгогчийн гаргасан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон байх тул хяналтын шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах боломжтой гэж үзлээ.
Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт орууж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 209/МА2026/00022 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2026/00415 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг тус тус баримтлан М-ыг “Д ХХК”-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 93,267,903 төгрөг, 2024 оны үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг тус тус хариуцагч “Д” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч М-т олгосугай.” гэж, 2 дахь заалтын “...эрүүл мэндийн” гэсний дараа “даатгалын” гэж нэмж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 724,294.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-н гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД